Цагдаагийн байгууллагын үе үеийн алба хаагчид ард иргэдийн амгалангийн манаанд зогсож, гарсан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох үүргээ ямар ч үед биелүүлсээр ирсэн. Тийм нэгэн хүний түүхийг энд өгүүлье. Түүнийг Буриадын Ганширэм гэнэ. Чөлөөнд байгаа цагдаагийн хошууч цолтой нэгэн. Олон “сайн эр” түүнд “чихдүүлж”, аавын хаалга татсан байдаг аж.
1958 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумд мэндэлсэн тэрбээр 1966-1974 онд сумынхаа дунд сургуульд суралцаж, Сэлэнгэд Ойн техник мэргэжлийн сургуулийг дүүргэн уулын тракторчны мэргэжил эзэмшсэн байна. Нутагтаа ажиллаж, амьдарч байгаад цэргийн насанд хүрч 1976-1979 онд зенит-пуужингийн гэгдэх Ардын армийн 028 дугаар ангид цэргийн алба хаахдаа дизельчин, цахилгаанчны мэргэжил эзэмшсэн гэнэ. Цэргээс халагдаад Нийгмийн аюулаас хамгаалах (НАХ) яамны Хөвсгөл аймаг дахь хэлтсийн Цагдан сэргийлэх ангид 1979 оны өвөл сэргийлэгчээр ажилд оржээ.
ОРГОДЛОО АЛДЧИХГҮЙН ТУЛД ӨВӨРТӨЛЖ УНТАЖ БАЙЖЭЭ
Энэ үеэс эхлэн оргодол, босуулуудын хойноос хөөцөлдөн, олон хоног, сараар уул хадаар явж, арайхийж барьж авсан гэмтнээ алдчихгүйн тулд өвөртөлж унтаж байсан тохиолдол ч Б.Ганширэмд бий. Ууланд олон сар, жилээр бүгж, усанд орохоо ч умартсан оргодлыг бариад алдчихгүйн тулд өвөртөлж унтсаныхаа “шагнал”-д бөөс халдсан удаатай. Энэ тухайгаа тэрбээр “Хөвсгөлд оргодол ихтэй, ууланд бүгчихдэг хүн цөөнгүй байлаа. Тэдний хойноос манай сэргийлэгч нар л хөөцөлдөнө. Биднийг удирдаж, ахалж явсан Барням гэж хүндэт чекист болсон хүнээс би их зүйл сурсан даа. Тэр үед “уулын” Төмөр, “нударга” Мягмаржав, цэргээс оргосон Доржханд зэрэг хүн Улаан-Уул, Баянзүрх, Арбулаг сумын нутагт тайгад бүгчихсэн байв. Тэдний нэг Доржхандыг олж барьчихаад замын айлд хоноглохдоо алдчихгүйн тулд өвөртөлж унтсан юм. Тэгтэл мань хүнээс бөөс халдаж сүйд болж билээ.
Бас “нударга” Мягмаржав гэдэг оргодлыг хайж, байгаа газрыг нь тогтоож ажиг, сэжиг авхуулахгүйн тулд машинаа хол үлдээгээд салтаагаа хүрсэн цасан дундуур арайхийж туулж очиход халуун нурмаа үлдээгээд явчихсан байсан. Малын хулгайн хэрэг удаа дараа үйлдсэн түүнийг баривчлахын тулд нисдэг тэрэг хүртэл очиж байсан юм. Гэвч тухайн үедээ баривчилж чадаагүй. Эхнэртэйгээ нийлж, баривчлахаар очсон сэргийлэхийнхний өөдөөс буудаж байгаад эмэгтэй нь амиа алдаж, Мягмаржав цааш зугтаад олдоогүй. Үүнээс хойш хэдэн сарын дараа Увс аймгаар дамжин хил гарах гэж байгаад баригдсан юм. Түүнийг Увсаас очиж авчраад байцааж байхдаа болсон явдлыг яриулахад “Төлөг тавьтал таагүй буугаад байхаар нь холдсоны дараа та нар ирсэн. Буудалцааны үеэр эхнэр амиа алдаад, морь ч үгүй, явган хоцорсон учраас Увсаас атгалд ирсэн тууварчидтай танилцан нийлж, хөл дүүжлэн Хөвсгөлөөс гарсан” гэж байлаа” хэмээн өгүүлсэн юм.
Хөвсгөл аймгийн НАХЯ-ны хэлтэст сэргийлэгчээр ажиллаж байсан Б.Ганширэмийг 1987 онд Улаанбаатар хот руу шилжүүлж, тухайн үеийн Октябрийн районы Цагдан сэргийлэх хэлтэст томилжээ. Тэр үед I хорооллын 1, 2, 9, 11 дүгээр байр ашиглалтад орсон, “Цамбагарав” төвийн буурин дээр төмөр карказан дэлгүүр ажиллаж байсан гэнэ. Энэ үед хариуцсан нутаг дэвсгэрт нь хулгай, дээрэм их гардаг, түүнийх нь мөрөөр Б.Ганширэм уйгагүй мөрдөж, олон ч хэргийг илрүүлж байжээ. Тэрбээр эрүүгийн тоо бүртгэгч албан тушаалтай, ахлагч цолтой үүрэг гүйцэтгэж байв. 1990 он болоход Толгойтыг хариуцсан хэсгийн байцаагч болж дэвшин томилогдож, удалгүй тухайн үеийн БХЯ-ны дэргэд байсан офицер бэлтгэх сургуульд суралцсан аж. Үүнийгээ “Миний төгссөн сургууль бол энэ. Долоо хоногийн лхагва гарагт л ганцхан хичээллэнэ. Тэр өдрөө ажлаасаа чөлөөлөгдөөд хичээлдээ явдаг байв. Тэгэхэд хэсгийн дарга, хурандаа Ганжууржав маань “Чи өөрийнхөө төлөө сурч байгаа. Тиймээс орой ирж өдрийнхөө ажлыг хий” гэдэг шаардлага тавьдаг байв. Түүний зааснаар их зүйл сурсан даа. Одоогийн Толгойтын эцсийн буудал Октябрийн районы III хороо гэдэг байлаа. Тухайн орчимд хулгай, дээрмийн хэрэг маш их гарна. Сээгий шүүрнэ, халамцуу яваа хүмүүсийг дээрэмдэнэ. Манай нэг алба хаагчийг ажлын цагаар хариуцсан нутаг дэвсгэртээ эргүүлийн үүргээ гүйцэтгээгүйн улмаас дээрмийн хэрэг гарсан гээд дарга нар түүгээр хохирогчид төлбөр төлүүлж байсан удаатай. Нэг иргэн сээгий малгайгаа шүүрүүлж л дээ. Тэгээд гомдол гаргаад ирэхэд нь дарга нар ийм арга хэмжээ авсан юм билээ” хэмээв.
ХИЛИЙН ЗАСТАВЫН АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРГИЙН МӨРӨӨР АЖИЛЛАСАН НЬ
Ийнхүү Толгойтод хэсгийн байцаагчаар ажиллаж байтал 1992 онд цагдаагийн байгууллагад Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх тасаг шинээр байгуулж, Б.Ганширэмийг шилжүүлэн ахлах төлөөлөгчөөр томилсон байна. Тухайн үед хулгайч нар айлын малыг сууриар нь тууж, хотыг нь харлуулахад хүргэж байсан тохиолдол олон гардаг байж. Энэ болгоны мөрөөр тус тасгийнхан ажиллаж, орон нутагт гарсан хэргүүдийг илрүүлэх чиглэлээр хэсгийн төлөөлөгч нарт нь дэмжлэг үзүүлж иржээ. Нэгэн удаа 1995 оны хавар Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан малын хулгайн хэргүүдийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр зүүн гурван аймгийг зорьж, Сүхбаатарын Уулбаян сумд явж байтал иргэд “Цагаан зүсмийн азаргатай эзэнгүй адуу энэ хавьд байгаа” гэсэн мэдээлэл өгч. Тэрхэн зуур Б.Ганширэмийн толгойд “Налайх дүүргийн нутаг, Хоолтын даваа орчмоос 1994 оны арваннэгдүгээр сард алдагдсан адуу юм биш биз” гэсэн бодол зурсхийн орж ирэв. Иргэн Адилбиш 47 тооны адуугаа алдсан, содон шинж тэмдэг нь цагаан азаргатай тухай өргөдөл гаргаж, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнханд хандаж байжээ. Ингээд иргэдийн мэдээллийн мөрөөр байгаа газрыг нь олж шалгахад тухайн 47 тооны адууны цөөн хэд нь мөн болох нь батлагдав. Улмаар тухайн адууг Хоолтын даваанаас Г гэх этгээд дүүтэйгээ хамтарч туун, хол замд явахаа больсныг нь Хэнтий, Төв аймгийн нутагт үлдээсээр Уулбаянд өөрсдөө суурьшин амьдарч байсныг илрүүлжээ.
1994-1995 онд Сэлэнгэ аймгийн харьяатай Тоочин гэх хүний толгойлсон мал хулгайлдаг бүлэг хэд хэдэн аймгийн нутагт гэмт хэрэг өдүүлж байж. Тэдний бүлэгт Төв аймгийн Атрын сангийн аж ахуйн гаралтай Т.Пүрэвдорж, Угтаалцайдамын Ж.Чулуунбат, Баянцогтын Д.Дарьсүрэн зэрэг 18 хүн багтаж, таван аймгийн нутгаас 52 удаагийн үйлдлээр адуу голдуу 650 бод хулгайлсан аж. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд нэг удаа арга хэмжээ зохион байгуулж, баривчлах үед тэд эсэргүүцэн буудалцаж, Тоочин нь хөлдөө сумны шарх аван саатуулагджээ. Харин Т.Пүрэвдорж, Д.Дарьсүрэн нар зугтаж чадсан гэнэ. Тэднийг хаана байгааг олж тогтоох ажиллагааг Б.Ганширэм гүйцэтгэж, Улаанбаатарт Хайлааст, Долоон буудалд орогнож буй тухай мэдээлэл авсан байна. Ингээд Хайлаастаас нэгийг нь баривчлахын тулд машинаа нэлээд хол орхиод сэмхэн гэрт нь ойртон, дайрч ороод хөнжлөөсөө босох, дэрэн доорх тайрмал калибраа авах завдал өгөлгүй саатуулсан гэнэ. Нөгөөх сэжигтнийг нь ч мөн ийм байдлаар баривчилсан бөгөөд тэд “Шөнө машин тоормослох чимээ гарсан ч нойрондоо дийлдэж унтаад баригдчихлаа” хэмээж байж.
Хил дамнасан малын хулгай Увс, Завхан аймгийн ОХУ-тай хиллэдэг хэсэгт их гарч, малчдыг барьцаалдаг, гэрийнх нь гадна хий буудаж, айлган сүрдүүлж байгаад дээрэмдээд явдаг үе байв. Хилийн тор, саад, зурвас гэж байхгүй тухайн бүсэд тувачууд ч, увсынхан ч дураараа дургиж, мал туудаг байж л дээ. Увс аймгийн улсын хил дагуух сумын малчид, иргэд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга С.Төмөр-Очир, ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн нарт хандан “Нутаг орондоо амьдарч чадахаа болилоо. Ирж тодорхой арга хэмжээ авч өгөөч” гэсэн утгатай өргөдөл гаргасан юм билээ. Үүний дагуу ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Сандаг-Очир (ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал)-оор удирдуулсан бүлэг “Торгон хил” нэртэй арга хэмжээ зохион байгуулахад Б.Ганширэм багтан ажиллажээ. Түүнд Зүүнговь сумын Тохой багийн зарим айлын үүдийг шөнийн цагаар гаднаас нь түгжээд хоттой малыг нь тууж явсан, хилийн застав нь бүх агтаа алдаад явгарчихсан үйлдлүүдийг шалгуулахаар хуваарилсан байна. Тэрбээр Зүүнговь сумын хэсгийн төлөөлөгч, ахмад Эрдэнээгийн хамтаар шалгалтын ажиллагааг эхлүүлэхэд хил орчмын ихэнх айл хот руу нүүж, нутаг нь эзэнгүй шахам болоод байжээ. Энэ үед хэсгийн төлөөлөгч, ахмад Эрдэнээ “Улсын хилийн ойролцоох айлуудыг орос гурил, ВТ янжуур, орос архи ихтэй байдаг гэж нутгийн гүнд амьдардаг айлууд ярьдаг юм” гэж. Энэ үг Б.Ганширэмд нэгийг бодогдуулж, сэртхийлгэсэн байна. Ингээд нарийвчлан шалгахад Зүүнговь сумын гурван иргэн хамтарч Тувагаас 90 гаруй үхэр хулгайлан авч ирж айлуудад тараан борлуулсныг тогтоожээ. Түүгээр ч зогсохгүй заримыг нь Улаанбаатар хот руу нүүсэн айлууд авч явсан нь тодорхой болсон байна. Шалгалтын үр дүнд Тува улсаас мал хулгайлсан 10, нутгийн чадал муутай иргэдийн малыг хулгайлан тувачуудад хилээр гаргаж өгсөн таван хэргийг илрүүлэв. Тэр үед хилийн тор, саад, зурвас байгаагүйг өмнө дурдсан. Ийм байдлыг хоёр талын хулгайч нар овжин ашиглаж, хил гэж тогтоосон горхины хоёр талаас малаа услахаар ирээд наймаагаа тохиролцчихоод явдаг. Шөнө нь гар чийдэнгийн гэрлээр дохио өгөлцөж байгаад тус тусынхаа талаас бараагаа гаргаж өгдгийг тогтоосон аж. Орос гурил, янжуур, архийг Увсын иргэд тэмээнд ачин авчирдгаа ч хүлээснээр тус аймаг дахь Цагдан хорих байр хил давуулан мал хулгайлсан хэргийн сэжигтэн, яллагдагчдаар дүүрч байсан гэнэ. Ийнхүү хамт очсон ажилтнуудаа манлайлан ажилласныг Увс аймгийн удирдлага үнэлэн Хүндэт жуух бичиг мөнгөн шагналаар шагнасан байна.
Орон нутагтаа ажиллаж, амьдарч байхдаа өсөх ирээдүйтэй залуу гэж дүгнэгдэж байсан Б.Ганширэм Улаанбаатарт шилжин томилогдож Октябрийн районы Цагдан сэргийлэх хэлтэс, Малын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байхдаа хамт олноо цаг ямагт хошуучлан ажиллаж, ахлах дэслэгч, ахмад цолоор хугацаанаас өмнө шагнуулжээ.
Тэрбээр зөвхөн малын хулгайн хэрэгтэй тэмцэж, илрүүлж байсан юм биш. Улсын, төрийн өмчит аж ахуйн нэгжийн хөрөнгө шамшигдуулсан нэг бус хэргийн халуун мөрөөр орж илрүүлж байв. Тухайлбал, ОХУ-аас цэргийн зориулалттай “УАЗ-469”-ийн эд ангийг авчирч угсардаг “Хэт” гэдэг компанийн ажилтнууд байгууллагаасаа машины эд анги тоносоор 3-4 автомашин босгож борлуулсан хэргийг илрүүлж хариуцлага тооцуулсан удаатай. Бас Гутлын үйлдвэр хувьчлагдах болж, эрх бүхий албан тушаалтнууд нь олон тооны гутал хулгайлан борлуулж, зараад өнөөгийнхний хэллэгээр мөнгөө угааж, машин, трактор болгочихсон байж. үнийг Б.Ганширэм илрүүлэн эд мөрийн баримт болох “Беларусь” тракторыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас хохиролд тооцуулахаар өөрөө явж битүүмжлэн Улаанбаатарт авчирсан гэнэ. Б.Ганширэмийн илрүүлсэн эрүүгийн хэргүүдээс цөөнийг нь энд дурдлаа. Уудалбал, 1990-2000 оны олны анхаарал татсан хэргүүдэд хэн хэрхэн холбогдож байсныг дурсах олон мэдээлэл түүний толгойд бий ажгуу.