Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Уушги судлалын тасгийн эмч, анагаах ухааны магистр Б.Золзаяатай ярилцлаа. Манай улс агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг. Өөрөөр хэлбэл, бид бохирдол маш өндөртэй бүсэд амьдарч буй. Тиймээс агаарын бохирдол нь бидний амьсгалын замын эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлж, өвчлүүлж буйг түүнээс лавлалаа. Мөн хувь хүн бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах, цаашлаад утаанд хордсон уушгиа яаж эрүүлжүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл авахыг зорьсон юм.
-Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө учруулдаг вэ. Тухайлбал, уушгины ямар ямар өвчлөл үүсгэх эрсдэлтэй бол?
-Агаарт агуулагдах хүнд металлууд нь биднийг амьсгалах бүрд уушгины хийн солилцоо хийгдэх хэсэг буюу цулцангуудыг үрэвсүүлж, гэмтээж байдаг. Уушги нь бусад эрхтэнтэй харьцуулахад гадаад орчны нөлөөнд шууд өртдөгөөрөө онцлогтой. Тиймээс өөрийгөө байнга цэвэрлэж, хамгаалж байдаг өвөрмөц тогтолцоотой. Хүн ямар агаараар амьсгална, төдийчинээгээр эрүүл байж, эсвэл өвчилдөг гэсэн үг юм. Агаарын бохирдол, тэр дундаа олон төрлийн хортой хий, хүнд металлаар байнга амьсгалдаг тохиолдолд гуурсан хоолой, цулцангууд архаг байдлаар үрэвсэж, дархлааны тогтолцоо хямарч байдаг. Ийм байдал олон жил үргэлжилбэл гуурсан хоолойн салст бүрхүүл хөөж хавагнан, хана нь зузаарч, агаар дамжин өнгөрөх зай нарийсдаг. Ингэснээр хүн хангалттай хэмжээний агаараар амьсгалж чадахгүй, буцааж гаргаж чадахгүйд хүрдэг.
-Амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа талаар мэргэжилтнүүд хэлдэг. УГТЭ-ийн тусламж, үйлчилгээний статистикаас ийм тохиолдол ажиглагдаж байна уу?
-Өвчлөл ихсэж байгаа нь үнэн. Энэ нь агаарын бохирдол, тамхидалттай холбоотой. Өмнө хэлсэнчлэн хүний биеийн агаар дамжуулах замын дархлааны тогтолцоо хямарснаар халдварт өвчнүүдэд өртөх эрсдэл нэмэгддэг. ДЭМБ болон улс орон бүр өвчлөлийн нөхцөл байдлыг жил бүр судалж, мэдээлдэг. Манай улсад 20 хүртэлх насны эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааны хоёрдугаарт амьсгалын замын эрхтэн тогтолцооны өвчлөл бичигдэж байгаа. Осол гэмтлийн шалтгаанаар 20-40, халдварт бус архаг хууч өвчнүүдээр ахимаг насны хүмүүс илүүтэй нас барж байна.
-Улаанбаатар хотод амьдардаг хүүхдийн дархлаа орон нутагт оршин суудаг багачуудынхаас сул гэх юм билээ. Энэ үнэн үү?
-Эрүүл агаарт байж, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэн, идэвхтэй хөдөлгөөнтэй амьдрах нь хүний суурь дархлааны тогтолцоо хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Гэтэл дээрх хүчин зүйлүүд нь орон нутаг болон төв суурин газруудад оршин суудаг хүмүүсийн хувьд харилцан адилгүй байгаа.
Ялангуяа хүн амын нягтшил ихтэй Улаанбаатар хотод тоосжилт, агаарын бохирдол их. Үүнээс болж уушги, гуурсан хоолойн эмгэг, харшлын өвчин улам нэмэгдэх болсон.
-Уушгиа утаанаас хамгаалахын тулд амны хаалт зүүх, гэр, ажлын байрандаа агаар сэлгэх зэргийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Эдгээр нь хэр үр дүнтэй вэ?
-Үр дүнтэй. Амны хаалт зүүх нь биднийг олон өвчнөөс хамгаална. Үүнийг хэрэглэснээр бид өөрсдийгөө амьсгалын замаар дамждаг халдварт өвчнүүдээс хамгаалж байгаа юм. Мөн өөрөө өвдсөн тохиолдолд бусдад халдвар тараахаас сэргийлнэ. Ярих, ханиалгах, найтаах үед шүлстэй хамт халдвар дамжиж тархдаг. Тиймээс ханиад, томуу, уушгины сүрьеэ зэрэг өвчний үед амны хаалт зүүх нь үр дүнтэй. Энгийн, нэг удаагийн хаалтыг ч энэ тохиолдолд зүүж болно. Тэгвэл тусгай хэрэгцээний буюу нарийн шүүлтүүртэй амны хаалтыг агаарын бохирдол ихтэй улиралд зүүх нь биднийг хорт хийнээс хамгаална.
-Дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд маш их хохирол учруулдаг гэдэг. Энэ нь гадаад орчноос ч илүү хортой гэдэг байх аа?
-Дотоод орчны агаарын бохирдол гэдэгт гэрийн тоос, хоол хийх явцад гарах хурц үнэр, хиншүү, түлэнхий, газ буюу хийн түлшийг хамааруулж болно. Эдгээр нь агаарт дэгдэж, түүгээр байнга амьсгалснаар хүний биеийн агаар дамжуулах зам болон хийн солилцоо хийдэг хэсгүүд үрэвсдэг. Үүнээс болж харшил, үрэвслийн олон төрлийн өвчлөл үүсэх эрсдэлтэй. Тухайлбал, ханиалгах, хоолой хорсох, цээж шуугих, нүднээс нулимс гарах зэрэг харшлын шинж тэмдэг илэрч болно.
-Агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах хамгийн үр дүнтэй аргыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Бид агаарын бохирдлыг өнөөдөр яриад, маргааш шийдэж чадахгүй нь бодит үнэн. Тиймээс хувь хүмүүс өөрсдийгөө боломжоороо хамгаалах шаардлага тулгарч байгаа юм. Үүний тулд агаарын бохирдол ихтэй үед аль болох хотоос гарч, ууланд алхах, салхилах хэрэгтэй. Мөн ханиад, томуу дэгдсэн үед амны хаалт зүүж, гараа тогтмол угаан, халдваргүйжүүлэх нь чухал. Түүнчлэн нус, цэрээ ил хаяхгүй байснаараа өөрийгөө төдийгүй бусдыг хамгаална. Ажил, амралтын цагаа зохицуулж, тэнцвэржүүлэх нь чухал. Усан спортоор хичээллэх, амьсгалын дасгал хийдэг байх нь өөрийгөө хамгаалах энгийн аргад бас тооцогддог.
-Танай тасагт хандсан иргэд голчлон ямар тусламж, үйлчилгээ авдаг бол?
-Өвчлөлийн бүтэц нь улирлын шинж чанартай байдаг. Агаарын бохирдол ихтэй саруудад ханиад, томуу, гуурсан хоолойн бөглөршил, хатгаа давамгайлдаг. Зуны улиралд амьсгалын замын өвчлөл харьцангуй багасаж, харшлын шалтгаант нь нэмэгддэг. Хавар, зуны улиралд ургамлын харшил ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор астма буюу багтраа өвчин сэдрэх нь элбэг.
-Амьсгалын замын өвчинд өртсөн иргэд Улаанбаатар хотод амьдрах нь эрсдэлийг улам нэмдэг болов уу. Ялангуяа өвлийн улиралд танай тасгийг зорих иргэдийн тоо нэмэгддэг үү?
-Хүн амын нягтшил их учраас автомашин болон дулааны цахилгаан станцуудаас гарах утаа жаахан багасна уу гэхээс биш, бүрэн арилахгүй. Тэр хэмжээгээр бидний амьсгалын замын эрхтэн тогтолцоонд үзүүлэх сөрөг нөлөө нь их, бага хэмжээгээр байсаар л буй гэсэн үг. Бид амьсгалын замын эмгэгүүдийг халдварын шалтгаантай болон амьдралын хэв маягтай холбоотой гэж ангилж үздэг юм. Агаарын бохирдол, хүйтэн сэрүүнтэй холбоотой аль аль эмгэгийн өвчлөл өвөл илт ихэсдэг. Ханиад, томуу ихсэхээр уушгины хатгаа, буглаа өвчний тохиолдол ч нэмэгдэнэ. Агаарын бохирдол, утаа нэмэгдэхээр гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушгины архаг бөглөрөлт өвчин сэдрэх нь ихэсдэг.
-Уушги өөрийгөө хоргүйжүүлдэг гэж та дурдсан шүү дээ. Үүний зэрэгцээ хувь хүн өөрөө уушгиа эрүүлжүүлж, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх боломж бий юү?
-Уушги өөрийгөө цэвэрлэж, хамгаалдаг өвөрмөц тогтолцоотой. Хундганцар эсээс нь шүүрэл ялгардаг нь гаднаас орж ирсэн нян, бактериудыг наалдуулах зориулалттай. Намираа эсүүд нь наалдсан гаднын биетийг гадагшлуулж байдаг. Энэ үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд өмнө хэлсэнчлэн цэвэр агаарт гарах, тамхи татахгүй байх, дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Эрүүл агаарт алхах, гүйх зэрэг нь уушгины дасгал болдог. Агаарын бохирдлоос болж уушгины өвчнүүд нэмэгдэнэ. Ингэхдээ өвчлөл хүндрэх, олон дахин сэдрэх эрсдэлийг бий болгодог.
-УГТЭ-ийн эмч нар хамтран агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх судалгааг тогтмол хийдэг гэж сонссон.
-Манай эмнэлэг жил бүр эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаа нэгтгэж, хурал зохион байгуулдаг юм. 2013 онд манай тасгийн эмч нар агаарын бохирдлыг үйлчлүүлэгчдийнхээ өвчлөлийн нөхцөл байдалтай холбож судалж байв. Тухайн үед агаарын бохирдол ихтэй саруудад уушгины өвчлөл илэрхий нэмэгдэж, эмчилгээний зардал нь ихсэж байгааг баталсан. Түүнээс хойш харьцуулсан судалгааг хараахан хийгээгүй байна.
-Агаарын бохирдолтой орчинд удаан амьдрах нь бидний эрүүл мэндэд урт хугацаандаа ямар нөлөө үзүүлэх вэ?
-Бид агаарын хийн хортой найрлагаар удаан хугацаанд амьсгалж байна. Ингэснээрээ архаг тамхичдаас ялгаагүй уушгитай болно. 30-40 болон түүнээс дээш жил тамхи татсан, амьсгаадах, ханиалгах шинж илэрч байгаа хүнд уушгины архаг бөглөрөлт гэсэн онош тавьдаг. Энэ өвчин нь гуурсан хоолойд бөглөрөл үүсгэж, уушги тэлэгдэн, яваандаа зүрхэнд нөлөөлж эхэлдэг. Утаа нь бидний амьдралын амин чухал эрхтэн болох уушги, зүрхний дутагдалд ороход нөлөөлж байна гэсэн үг.
-Бохирдолтой орчин нь урагт сөрөг нөлөө учруулж, дутуу төрөхөд хүргэдэг гэх нь бий. Түүнчлэн дөнгөж төрсөн хүүхдэд ч бохирдол нөлөөлж, өвчлөл үүсгэх байх?
-Агаарын найрлагад хорт хий их байх нь бидний дархлааны тогтолцоог гажуудуулдаг. Ураг өсөж хөгжих явцад дархлааны тогтолцоо хэвийн ажиллах ёстой. Ингэснээр ургийг бүрэн хөгжүүлж, элдэв гаж хөгжилгүй хүүхэд төрөх үндэс тавигддаг. Тиймээс утаанаас болж ургийн гажигтай, мөн хүчилтөрөгчийн дутагдалтай хүүхэд төрж болно.
-Утаатай тэмцэж байгаа улс орнуудын эрүүл мэндийн салбар иргэдээ амьсгалын замын өвчлөлөөс хамгаалах чиглэлээр голчлон ямар арга хэмжээ хэрэгжүүлдэг бол?
-Улс орны хэмжээнд агаарын бохирдлоо үр дүнтэй бууруулах арга хэмжээ авдаг байх. Хамгийн ойрын жишээ гэвэл 2000-аад оны үед БНХАУ агаарын бохирдлоо эрс бууруулж чадсан. Үүнээс гадна иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг. Иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийн тулд бага наснаас нь боловсролыг үр дүнтэй олгох нь чухал. Хамгийн энгийн жишээ нь тамхинаас татгалзах юм.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн