Манай улсын эцэг, эхчүүд охид, хөвгүүдээ өсгөн хүмүүжүүлэхдээ ялгаатай хандсан хэвээр байна. Түүнчлэн нийгэм дэх жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтад эмэгтэйчүүд л өртдөг мэт ойлгон эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг шоолж, элдэвлэсээр өнгөрөөдөг. Үүнээс улбаалан охид, хөвгүүдэд боловсрол, сэтгэл зүй, амьдралын чанарын асар том ялгаатай байдал үүсээд буй. Ийм байдлыг өөрчлөх зорилгоор“Лантуун дохио” ТББ 2021 оноос эхлэн “12 06 хөвгүүдийн хөтөлбөр”-ийг санаачлан, тогтмол хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн талаар“Лантуун дохио”-гийн ерөнхий менежер Б.Тамиртай ярилцлаа.
-Жендерт суурилсан төсөл, хөтөлбөр, чуулган олон болдог шүү дээ. Танай байгууллагын зүгээс яагаад зөвхөн хөвгүүдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов?
-“Ид шидийн орон” бол 2017 оноос хойш тасралтгүй үргэлжилж буй төсөл. Яг одоогийн байдлаар “Ид шидийн орон I, II” төвд давтагдаагүй тоогоор нийт 510 гаруй хүүхэд үйлчилгээ авч байна. Гэсэн ч хүүхдүүдэд өөрсдийн оролцооны сургалт, хөтөлбөр орхигдож буй тал анзаарагдсан юм. Хөтөлбөр юм чинь мэдээж тодорхой форматтай байх ёстой. Манай байгууллагын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, гүйцэтгэх захирал О.Ундраа нар охид сэргэлэн цовоо, сургалт, хөтөлбөрт хамрагдахдаа ч сайн, харин хөвгүүд олон зүйлээр хоцордог, орхигддог тухай анх ярилцсан. Хөвгүүдэд боловсрол, урлагаас илүү спорт гоё гэсэн бодол байдаг шүү дээ. Гэтэл олон ур чадвар нийлснээр сайн хүүгийн шинж бүрдэж, нэгэн цул болох юм. Тиймээс үүнийг бодит ажил болгоё гэсэн зорилго тавиад, Их Монгол Улс байгуулагдсан 1206 оноор төлөөлүүлэн хөтөлбөрөө нэрлэсэн. Бид 12 06 гэж ярьдаг юм.
Тухайн үед манай оффис багт 7-8 хүн ажилладаг байсан. Захирал бидэнд хөтөлбөрийн талаар танилцуулаад, модулийг боловсруулах даалгавар өгч байв. Гэхдээ бидний дунд боловсролын чиглэлээр мэргэшсэн хүн байгаагүй. Орчуулагч, эмч, хуульчид голдуу байсан. Хөвгүүдэд юу сонирхолтой, хэрэгтэй байж болох талаар ярилцаад үндсэн таван ухагдахуун дэвшүүлсэн. Нэгдүгээрт, эрүүл мэнд, үүн дотроо бэлгийн боловсрол, амны хөндийн эрүүл мэнд, электрон болон янжуур тамхины тухай гэх мэт. Манай захирал “Тэдэнд шиврээ хэрхэн арилгах тухай сургалт ормоор байна” гэж хошигнодог. Гэвч энэ нь инээдтэй мэт хэрнээ энгийн, наад захын ухагдахууныг хүүхдүүдэд хүргэх шаардлагатай гэсэн үг. Удаах нь “Мэдлэг бол миний бие хамгаалагч” нэртэй, манай байгууллагын үндсэн сургалт. Цахим сүлжээг зохистой ашиглах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх агуулгыг үүнд хамааруулж болно. Гуравдугаарт, хог ангилал. Дахин боловсруулах үйл явцын талаар хүүхдүүдэд онол, практик хослуулж заагаад ойлгохгүй байх нь бий. Тиймээс Цагаан даваа, Улаан чулуутын хогийн цэгт аваачаад, бид ямар орчинд амьдарч байна, үүнийг өөрчлөх боломж чамаас эхлэлтэй гэсэн бодлыг суулгадаг гэсэн үг. Дөрөвдүгээрт, сэтгэл зүй. Хөтөлбөрт 13 насныхныг хамруулах нь ярвигтай. Учир нь энэ насны хүүхдүүдийн сэтгэл зүй дотогшоо болж эхэлсэн байдаг. Тэд аливааг төвөгшөөнө, үл ойшооно, залхана. Хөтөлбөрийн дүү нартаа“ах зан” гаргах нь ч түгээмэл. Тиймээс тэр бүхнийг нэгтгэж, хамт олон болгох нь багш нарын хувьд том сорилт. Сургалтын явцад хэн ч сурах бичиг, гарын авлагаар хичээл заадаггүй. Үргэлж биеийн хэлэмж, оролцоо, тоглоомын аргыг ашигладаг. Амьдралын зам мөрийн турш олдог мэдлэгийг энгийнээр заах үед хүүхдүүд маш их баярлаж, хөөрдөг. Үүнд багш нар сэтгэл ханамжтай байдаг.
Сүүлийнх нь ялгаатай байдлын сургалт. Үүнд бид нэлээд хүч хөдөлмөр зарцуулдаг юм. Нэгнээ огт мэдэхгүй 25 хүүг цуглуул чих сан шүү дээ. Үүнд л тулгуурлаж ялгаатай байдлыг заах юм. Таван долоо хоногийн зөвхөн амралтын өдрүүдэд бид хамтдаа амьдарч, сургалтаа явуулдаг. Гадаад төрх яриад зогсохгүй үзэл бодлын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх ойлголт цаана нь байдаг. Зөв, буруугийн ойлголт өгөх биш, бүхнийг зөв гэж ойлгуулдаг нь уг сургалтын онцлог.
Энэ хооронд маш олон зөрчил гарна. Хөтөлбөрийн онцлог нь нэгнээ хэдэн настай ч байсан “Найз аа” гэж дууддаг юм. Эн тэнцүү найзын мэдрэмж авснаар хүүхдүүд сэтгэлээ саадгүй уудалдаг. Энэ аргыг боловсруулахдаа бид ямар нэгэн гадаад, дотоодын модуль орчуулаагүй. Зөвхөн туршлагадаа тулгуурласан юм. Энэхүү энгийн таван сургалт бол бидний үнэ цэн.
-Модуль боловсруулахдаа цэвэр туршлагад суурилсныг та хэллээ. Нарийвчилбал зөвхөн хөвгүүдтэй харилцах гэсэн үг үү?
-Яг тийм.
-Тэгвэл хөвгүүдтэй харилцахдаа баримтлах үндсэн арга барил юу байдаг юм бэ?
-Найзын түвшинд очих. Хөвгүүд юмсыг маш өргөн хүрээгээр хардаг юм билээ. Охид удирдуулах, чиглэл авах дуртай бол хөвгүүд удирдах дуртай. Хоёрдугаар долоо хоногоос Скаутын хөтөлбөр орж ирдэг. Зарчим, дэг журамтай байлгахаар хөвгүүд яг л цэрэг эрс шиг болдог. Түүндээ ч дуртай. Хөтөлбөр таван долоо хоног үргэлжилдэг. Долоо хоног тус бүр нь “Хүнлэг”, “Хүчирхэг”, “Хязгааргүй”, “Хөдөлмөрч”, “Хайрлагч” гэсэн нэртэй. “Хүнлэг”-ээр хөтөлбөрийн ерөнхий мэдээллийг өгдөг. “Хүчирхэг”-ийн үеэр цэргийн зохион байгуулалтад орно. “Хязгааргүй” нь Дэлхийн сансрын долоо хоногтой давхацдаг тул сансар, шинжлэх ухааны мэдлэг олгоно. “Хөдөлмөрч” долоо хоногт бид малчин айлд очдог л доо. “Дээлээ өмсөөд ирээрэй” гэсний дараа хөвгүүд маань иж бүрэн хувцсаа өмсөөд ирнэ. Хэрэв байхгүй бол заавал өмсөх шаардлагагүй ээ гэдэг. Бага байхад маань бидэнд өгсөн жижигхэн даалгавар ч дааж давшгүй мэт хүнд тусдаг шүү дээ.
Ярилцлагын хүрээнд би нэг зүйлийг залруулахыг хүсэж байна. “Ид шидийн орон”-ыг зорилтот, эмзэг бүлгийн хүүхдүүд эзэлдэг гэж ярьдаг. Гэтэлтэд зүгээр л хүүхэд байдаг. Хүүхдүүдийг ямар нэгэн давхаргад хамааруулах нь буруу. Тиймэрхүү яриа сонсоод хэрдхийдэг. Бидэнд маш тухгүй санагддаг.
-Хамгийн сүүлийн “Хайрлагч” долоо хоногт хүүхдүүд гэр бүлийн гишүүнтэйгээ цагийг хамт өнгөрүүлдэг нь маш сонирхолтой санагдсан.
-Хамгийн гоё долоо хоног. Хөтөлбөрөө дуусгахдаа хөвгүүд “Хүнлэг, хүчирхэг, хязгааргүй сэтгэдэг, хөдөлмөрч, хайраар дүүрэн хүү байхаа тангараглаж байна” гэдэг юм. Энэ нь таван долоо хоногийн нэрийг хэлээд буй мэт боловч, цаанаа маш том утгаагуулдаг. Гэр бүлийн дотны нэг хүнээ уриад, бүтэн өдөржин хамтдаа таван өртөөгөөр аялдаг. Нэгнээсээ огт асуудаггүй зүйлээ асууна, уйлна. Ээж, аавдаа захидал бичнэ. Хамтдаа бүтээл урлана. Ээж, аавууд ч хүүхдэдээ гарсан ахиц, дэвшлийг бидэнтэй хуваалцдаг.
Нэг гоё зүйл нь бид таван жилийн дараах өөртөө зориулж захидал бичдэг л дээ. Гэмтэхгүй хайрцагт захидлуудаа хийгээд, яг энэ бүрэлдэхүүнээрээ таван жилийн дараа уулзаж, хэн, юу болсноо хуваалцана шүү гэдэг юм.
-Ингэснээр эргэх холбоо бий болгож байна шүү дээ.
-Тийм. Ялангуяа хөвгүүдийн нөхөрлөл их онцгой. Хөтөлбөрийн эцэст амжилттай төгссөн гэх тэмдэг олгодог. Огт үнэлгээгүй бол хүүхдүүдийн идэвх суларна. Хөтөлбөр дуусахын өмнөх өдөр бид нэгнээ “Хамгийн хамгийн”-аар шалгаруулдаг юм. Хамгийн цовоо, хүнлэг, амьтанд хайртай гэх мэт. Монгол хэлний үгсийн сангаас тийм ч түгээмэл хэрэглэдэггүй үгс ашиглахаар содон байдаг болов уу.
-Хөтөлбөрийн үйл ажиллагаанд “Лантуун дохио”-гоос гадна бусад байгууллага хамтардаг. Цаашид илүү олон байгууллагатай хамтран ажиллах бодол бий юү?
-Хөтөлбөр маань бидний нэрэмжит боловч “Номын жор”, “ДүДү” шинжлэх ухааны музей, “Ид шидийн орон”, Монголын скаутын холбоо зэрэг газар шууд хамааралтай. Бусад байгууллага, орон нутгаас тус хөтөлбөрийг маань хэрэгжүүлье гэвэл бид модулиа өгөхөд бэлэн. Хамгийн гол нь үндсэн үүрэг, зорилгоос нь гажуудуулж болохгүй. Цаашид олон газарт хэрэгжүүлэх тусмаа л сайн. Сүүлийн хоёр жилийн хөтөлбөрийн санхүүжилтийг Австрали дахь “Лантуун дохио”-гоос шийдвэрлэсэн.
-Та уг хөтөлбөрийг эхэлсэн цагаас голлож ажилласан хүн шүү дээ. Түүнтэй холбож асуухад, манай нийгэмд эрчүүдэд их ачаа үүрүүлдэг, охидоо боловсролтой болгохыг илүүд үздэг, жинхэнэ сэтгэл хөдлөлөө нуухыг шаарддаг хандлага, хэвшмэл ойлголт түгээмэл байх шиг танд санагддаг уу?
-Магадгүй юм. Гэхдээ энд нийгмийн асуудал ярилгүйгээр хөтөлбөрөөс анзаарсан нэг зүйлээ хэлье. Би “Ид шидийн орон”-д тогтмол очдоггүй. Гэхдээ сургалтын менежерүүдээсээ “Хөвгүүдийн хөтөлбөрийнхөн ирдэг үү” гэж асуудаг юм. Тэгэхэд “Хоёр, гурваараа нийлчихсэн, нэгнээ анд аа гээд л явж байдаг” гэдэг. Хөвгүүд маш их асуудал гаргана шүү дээ. Ичмээр үйлдэл хийнэ, хагална, эвдэлнэ, муудалцана. Байх л зүйл. Энэ хөтөлбөрөөс хүүхдүүд нөхөрлөж сурдгийг анзаарсан. Хөтөлбөр эхэлснээс хойш таны хэлсэн дээрх асуудлыг бага боловч өөрчилж буй болов уу.
-Хөтөлбөрийг цаашид өргөн хүрээнд хэрэгжүүлэх үү?
-Дараагийн түвшинд хөгжүүлэх шаардлага дээсэн дөрөөн дээр гэдэг шиг л байна. Ахисан түвшний хөтөлбөртэй болох нь чухал. Хөвгүүдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлээд байхаар охидынх нь хэзээ эхлэх вэ гэж асуудаг. Харин бид энэ хөтөлбөрөө илүү шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлэх хүсэлтэй. Үүнд санхүүжилт болон модульд хамтран ажиллах боловсролын мэргэжилтэн хайж байгаа.