Узбекистан улсын Самарканд хотод болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурал (CMS COP14)-ын бөхөн хамгааллын салбар хуралдаанд бусад судлаач, албаны хүний хамт эх орноо төлөөлөн оролцоод ирсэн, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн экологич, МУИС-ийн экологийн хөтөлбөрийн магистрант Ч.Баярмаатай ярилцлаа. Тэрбээр уг олон улсын хурлын үеэр Бөхөн хамгаалах холбоо (Saiga conservation alliance)-ны нэрэмжит грантын эзэн болсон юм.
-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Олон улсын байгууллагын нэрэмжит грант хүртсэн судалгааны ажлынхаа зорилго, ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Баярлалаа. Би монгол бөхөн болон түүнтэй нэг бэлчээрт идээшилдэг малын идэш тэжээлийн бүрэлдэхүүн, давхцлыг тодорхойлох чиглэлээр судалгаа хийдэг. Монгол бөхөн бол мөстлөгийн үеийн төлөөлөл, манай орны унаган зүйл гөрөөс. Дэлхий дээр зөвхөн Монгол орны баруун хэсэгт, Их нууруудын хотгорын цөлжүү хээрийн экосистемд тархсан нэн ховор амьтан. Монгол бөхөнгийн тоо толгой олон хүчин зүйлийн нөлөөгөөр хорогддог. Тиймээс үр дүнтэй хамгаалахын тулд идэш тэжээлийн бүрэлдэхүүнийг нь тодорхойлох хэрэгцээ шаардлага судлаачид, биологичдын өмнө тулгараад буй. Амьтдын идэш тэжээлийн талаар нарийн мэдээлэлтэй болсноор бид тухайн бодгалийн экологийн суурь асуудлууд болох мэнд үлдэх, шилжилт хөдөлгөөн, зан төрх зэрэг олон зүйлийг ойлгоход чухал нөлөөтэй.
Мөн малын тоо толгойн хэт өсөлттэй холбоотойгоор зэрлэг амьтдад үзүүлж буй сөрөг нөлөө сүүлийн жилүүдэд хэмжээлшгүй их болчхоод байна. Үүнээс үүдэн идэш тэжээл хомсдох, бэлчээр нутаг давхцах, амьдрах орчин нь доройтох, халдварт өвчин тархах эрсдэл бий болсон. Тиймээс энэ ховор амьтны идэш тэжээл малынхтай хэр давхцаж байгааг тодорхойлох нь бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэхээс эхлээд бөхөн, мал хоорондын харилцааг ойлгоход чухал юм.
-Манайд өмнө нь энэ чиглэлээр дагнасан судалгаа хийж байсан болов уу. Таных юугаараа онцлог вэ?
-Бөхөнгийн идэш тэжээлийн бүрэлдэхүүнийг тодорхойлох судалгааны ажлуудыг Орос, Монголын судлаачид хийж байсан. Гэхдээ харьцангуй цөөн бодгалийг хамруулсан тул монгол бөхөнгийн популяцыг төлөөлж чадах хэмжээний бүрэн, шинжлэх ухааны үндэслэлтэй болоогүй юм. Ийм судалгааг өдий болтол хийгээгүй байсан.
Ургамлаар хооллодог амьтдын идэш тэжээлийн бүрэлдэхүүнийг тодорхойлох олон төрлийн аргыг судлаачид боловсруулсан байдаг. Тэдгээрээс хамгийн өндөр нарийвчлалтай буюу зүйлийн түвшин хүртэл тодорхойлох боломжтойд ДНА баркодинг болон микрохистологийн арга ордог. Тэр дундаа микрохистологийнх нь ургамлан идэшт амьтдын идэш тэжээлийн бүрэлдэхүүнийг тодорхойлох алтан стандартыг тогтоосон арга зүй гэж үнэлэгддэг юм. Сонгодог гэгдэх энэхүү аргыг судлаачид 1939 оноос хойш олон улсад хэрэглэж байна. Би судалгаандаа мөн энэ аргыг ашигласан. Лабораторийн ажил ихтэй, багагүй цаг хугацаа, мэргэжлийн нарийн ур чадвар шаарддаг судалгааны арга зүй тул зарим талаараа нэлээд төвөгтэй л дөө. Бидний хувьд энэ судалгааг хийхийн зэрэгцээ хээр болон цөлжүү хээрийн ургамлан идэшт амьтдын идэш тэжээлийн бүрэлдэхүүнийг тодорхойлоход ашиглах ургамлын түлхүүр бичиг бүхий өгүүллийг өөрсдийн ажиглалтад үндэслэн бичсэн. Өөрөөр хэлбэл, ургамлыг микро анатомийн шинж тэмдгээр хооронд нь хэрхэн ялгах вэ гэдэг түлхүүр бичгийг боловсруулж, олон улсын сэтгүүлд хэвлүүлэхэд бэлэн болгоод байна. Түлхүүр бичиг бүхий энэ өгүүлэл нь хээр, цөлжүү хээрийн бүх төрлийн ургамлан идэшт амьтны хоол тэжээлийн бүрэлдэхүүнийг тодорхойлох чиглэлээр судалгаа хийх сонирхолтой судлаачдад асар үнэ цэнтэй юм. Тэдний лабораторид өнгөрүүлэх цагийг хэмнэнэ гэсэн үг. Ялангуяа зэрлэг амьтдад үзүүлэх мал аж ахуйн сөрөг нөлөө асар ихтэй манайх шиг орны хувьд мал, амьтдын идэш тэжээлийн талаар нарийн мэдээлэлтэй болоход энэ өгүүлэл чухал ач холбогдолтой.
-Ургамлын түлхүүр бичиг гэж чухам юуг хэлдгийг дэлгэрүүлэхгүй юу?
-Ургамал идэшт амьтдын хоргол дотор задраагүй үлдсэн, хэдэн сая ургамлын микро хэлтэрхий байдаг. Тэр хэлтэрхийнүүдийг ямар ургамлынх вэ гэдгийг ялгахын тулд эхлээд тухайн бүс нутагт ургадаг бүх ургамлын микро анатомийн шинж тэмдгийг нь тодорхойлох шаардлагатай болно. Жишээ нь, хялганы эсийн бүтэц нь урт нарийн, эсийн хана нь долгионтой бол шарилжийн эсийн хана нь фаззла шиг байдаг. Энэ мэтчилэн бүх микро анатомийн шинж тэмдгийг нь тодорхойлсны дараа ялгадаснаас гарч ирсэн ургамлын жижиг микро хэлтэрхийнүүдийг хялганых, шарилжийнх гэхчлэн ялгадаг гэсэн үг. Монголд өмнө нь ийм арга зүйгээр нарийвчилсан судалгаа хийж байгаагүй болохоор ургамлыг микро анатомийн шинж тэмдгээр хооронд нь яаж ялгах вэ гэдэг түлхүүр бичиг байгаагүй юм. Бид судалгаагаа үргэлжлүүлэхийн тулд эхлээд үүнийг хийх шаардлагатай болсон. Хээр болон цөлжүү хээрийн экосистемд амьдардаг ургамлан идэшт амьтдын идэш тэжээлийг судлах сонирхолтой судлаачид цаашид бидний бичсэн, 120 ургамлын зүйлийг микро анатомийн шинж тэмдгээр нь ялгах түлхүүр бичгийг шууд ашиглах боломж бүрдэж буй юм. Энэ нь маш их цаг хугацааг хэмнэж, лабораторийн ажлыг нь хөнгөвчилнө.
-Судалгааны үр дүнд ямар үнэлэлт дүгнэлтэд хүрсэн бэ. Тухайлбал, үүгээр юуг тодорхой болгосон, цаашид юунд анхаарах шаардлагатай гэж үзэж буй бол?
-Монгол бөхөнгийн идэш тэжээлийн бүрэлдэхүүнд таана, хөмүүл, баглуур, шарилж, хялгана, орог тэсэг, хазаар өвс зэрэг ургамал чухал оролцоотой нь судалгаагаар илэрсэн. Эдгээрээс шарилж, халофит болон С4 фотосинтезийн хэлбэртэй ургамлын зүйлүүдийг мал, зэрлэг амьтан төдийлөн иддэггүй юм. Харин монгол бөхөнгийн идэш тэжээлийн бүрэлдэхүүнд чухал оролцоотой байгаа нь бидний анхаарлыг ихэд татаж буй. Бөхөн эдгээр ургамлын зүйлийг онцгойлон сонгож идээд байна уу. Эсвэл бэлчээрийн доройтлын нөлөөнөөс болоод аргагүйдээд, сонголтгүйгээр иддэг үү. Ер нь тэдний идэш тэжээл малынхтай хэр давхцаж байна вэ гэдгийг нарийвчлан тодорхойлохоор одоо ч лабораторидоо ажиллаж байна.
-Энэхүү грантыг хэнд, ямар шалгуураар олгодог талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?
-Бөхөн хамгаалах нийгэмлэг (SCA)-ээс бөхөн бүхий улсын судлаач, байгаль хамгаалагчид болон нутгийн иргэдэд зориулсан судалгаа, хамгааллын ажлыг хэрэгжүүлдэг хүмүүсийн дунд энэ мэт тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарладаг. Бөхөнгийн судалгаа, хамгаалалд чухал ач холбогдолтой гэж үзсэн төслүүдийг сонгож, энэхүү грантыг олгодог онцлогтой.
-Ийм шагнал хүртсэнээр таны хувьд ямар боломж, давуу тал бий болох вэ?
-Залуу судлаачид өөрийн сонирхож буй сэдвийн хүрээнд судалгаа хийх боломж манай орны хувьд хязгаарлагдмал байдаг. Харин энэ грантын ачаар сонирхсон сэдвийнхээ хүрээнд, ховор зүйлийн судалгаа хийх боломж бүрдсэн. Би эл сэдвээр магистрын дипломын ажлаа бичиж байгаа.
-Бөхөн хамгааллын салбар хуралдааны үеэр голчлон хөндсөн, анхаарал татсан зүйл нь юу байв?
-Бөхөнтэй улс бүрийг төлөөлөн оролцсон хүмүүс эл амьтны өнөөгийн нөхцөл байдал, тоо толгой, хэрэгжүүлж буй судалгаа, хамгааллын ажлынхаа талаар мэдээлэл хуваалцсан. Мөн цаашид энэ ажлыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр харилцан санал солилцож, туршлагаа хуваалцсан юм.
Хурлын үеэр хөндсөн халуун сэдвүүдийн нэг нь хууль бус агнуур, худалдаатай холбоотой байв. Бөхөнгийн эврийг Хятадын уламжлалт анагаах ухаанд эмийн зориулалтаар эртнээс ашиглаж ирсэн. Үүнтэй холбоотойгоор эл амьтныг хууль бусаар агнах, хил дамнан худалдах зөрчил олон улсад гарсаар, бүртгэгдсээр өнөөдрийг хүрсэн. Бөхөнг хууль бусаар агнах, эврийг нь хил давуулан худалдах зөрчлийг зогсоох чиглэлээр улс орны төлөөлөгчид байр сууриа илэрхийлж, санал солилцлоо. Монгол орны хувьд 2018 оноос хойш бөхөнгийн хууль бус агнууртай холбоотой зөрчил бүртгэгдээгүй. Гэхдээ эврийг нь ашиглах явдал бөхөнтэй нутгийн малчдын дунд байдаг талаар судлаачид онцолсон. Үүнийг дан ганц хулгайн антай холбож үзэх нь өрөөсгөл, ган, зуд, идэш тэжээлийн хомсдол, халдварт өвчний улмаас хорогдсон бөхөнгийнх байх магадлалтайг ч тайлбарласан.
-Дэлхийд үлдсэн хоёр төрлийн бөхөнгийн нэгийнх нь гол тархац нутаг болохын хувьд манай улс энэ хуралд голлох байр суурьтай оролцсон болов уу. Монголыг төлөөлөн оролцсон судлаач, мэргэжилтнүүд ямар асуудлуудыг энэ үеэр хөндөж, дэвшүүлсэн бэ?
-Бөхөн нь хууль эрх зүйн хүрээнд олон улсад төдийгүй Монгол орны хэмжээнд сайн хамгаалагдсан амьтан гэж хэлж болно. Гэвч ган, зуд, идэш тэжээлийн хомсдол, сүргийн гишүүдийн дунд эрчимтэй тархдаг халдварт өвчин зэргээс шалтгаалан тоо толгой нь маш хэлбэлзэлтэй байдаг. Тухайлбал, 2017 онд бог малын мялзан төст өвчний улмаас манай орны бөхөнгийн тоо 54.5 хувиар цөөрсөн. Дахин ийм эрсдэл тулгарах үед бөхөнгийн цөм популяц бүхэлдээ устах эрсдэлтэйг бид харж болохоор байна. Тиймээс түүхэн тархац нутгийнх нь хүрээнд сэргээн нутагшуулж хамгаалах хэрэгтэй. Энэ нь бөхөнг масс үхэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргуудын нэг гэж судлаачид үзэж буй. Хурлын үеэр монгол судлаачдын ярьсан чухал сэдвүүдийн нэг нь энэ байлаа.
-Та Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвд хэдийнээс ажиллаж байна вэ. Ер нь ямар чиглэлээр түлхүү судалгаа шинжилгээ хийдэг вэ?
-Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв нь Монгол орны байгаль, зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчныг судлах, хамгаалах чиглэлээр 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй төрийн бус, ашгийн бус байгууллага. Миний бие энэ төвд 2022 оноос хойш ажиллаж байна. Бид Хэнтий аймгийн Хурх, Хүйтэний байгалийн нөөц газрын ус, намгархаг газрын ургамлын бүлгэмдэлд уур амьсгалын өөрчлөлт, мал бэлчээрлэлт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж, хамгааллын зохистой ажлыг хэрэгжүүлэх зорилготой судалгаа хийдэг. Ус, намгархаг газар нь дэлхийн амин бүс гэж нэрлэгддэг бөгөөд биологийн олон янз байдлаар хамгийн баялаг систем юм. Гэвч сүүлийн 30-хан жилийн хугацаанд дэлхий дээрх нийт ус, намгархаг газрын 80 хувь нь доройтчихоод буй.
Хурх, Хүйтэний хөндийн ус, намгархаг газрын хувьд биологийн олон янз байдал, тэр тусмаа дэлхийн хэмжээнд ховордож буй олон зүйлийн усны шувуу, тогорууг идэш тэжээл, амьдрах орчноор хангадаг чухал газар юм. Тиймээс манай төв 2014 оноос хойш Хурх, Хүйтэний хөндийн ус, намгархаг газарт урт хугацааны экологийн мониторинг судалгаа хийж байгаа. Үндсэндээ ургамал, шавж, шувуу, хөрс, ус, уур амьсгал, цэвдэг, хүлэрт намаг зэрэг маш олон төрлөөр урт хугацааны мониторинг судалгаа хийж, олон залуу судлаачид салбартаа ажиллах, туршлага хуримтлуулах шинэ боломжуудыг бий болгож, нээж өгдөг юм.