Улаанбаатарт ирэх дөрөвдүгээр сарын 22-29- нд дэлхийн бүжгийн урлагийн жинхэнэ одод чуулах онцгой сайхан үйл явдал болох нь. Тодруулбал, Монголын нэгэн нэрийн хуудас болсон балетчин У.Бат-Эрдэнийн нэрэмжит “World ballet and dance grand prix Mongolia” (Дэлхийн балет ба бүжгийн гран при) уралдааныг зохион байгуулна. 80 гаруй жилийн түүхтэй Пермийн балетын сургуулийг 1989 онд төгссөн, Москвагийн Их театрын прима буюу тэргүүн гоцлооч байсан тэрбээр Америкийн Нью-Йорк хотод балетын багшаар ажиллахын зэрэгцээ ЮНЕСКО-гийн харьяа “World ballet grand prix” олон улсын байгууллагын уран сайхны удирдагч юм.
Сонирхуулахад, дэлхийн хэмжээний балетын олон уралдааны шүүгчийн багт уригдан ажилладаг У.Бат-Эрдэнийн бага залуудаа санаачлан гүйцэтгэсэн хэд хэдэн сонгодог трюк буюу үсрэх, эргэх техникийг давтан хийсэн балетчин одоогоор гараагүй нь түүний ур чадварын илэрхийлэл буй за.
Монголд явуулах “World ballet and dance grand prix Mongolia” уралдааны бүртгэл албан ёсоор эхэлсэн бөгөөд wbgpmongolia@gmail.com хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Ташрамд дурдахад, У.Бат-Эрдэнэ энэ цаг мөчид Москвад болж буй балетын олон улсын уралдааны шүүгчээр ажиллаж байна. Түүнтэй цахимаар холбогдон ирэх дөрөвдүгээр сард Соёлын төв өргөөнд зохион байгуулах уралдааны талаар тодрууллаа.
-2017 оноос хойш уламжлал болсон “Дэлхийн балет ба бүжгийн гран при” уралдааныг Монголд анх зохион байгуулахдаа таны нэрэмжит болгосон нь гэнэтийн шийдвэр биш байх. Ер нь эл уралдааныг хэрхэн зохион байгуулдаг талаар товчхон танилцуулна уу.
-БНСУ-ын балетчин Бак Жэ Гыны санаачилсан уг уралдааныг жил бүр дэлхийн найман хотод тодруулбал, Верона, Сингапур, Москва, Нью-Йорк, Осло, Парис, Сөүл, Токиод зохион байгуулдаг. Эдгээр уралдаан бүрийн эхний гурван байрт шалгарсан бүжигчид оны эцсээр Москвад финалын тэмцээнд өрсөлдөж, шилдгийн шилдгийг шалгаруулдаг дүрэмтэй.
Уралдаан дан сонгодог чиглэлээр болдоггүй бөгөөд бүжгийн урлагийн олон төрлийг хөгжүүлэх, сурталчлах бас нэгэн зорилготой. Тиймээс балет, үндэсний болон контемпорари бүжиг гэсэн гурван төрөлд гоцлол, хос, хамтлагаар оролцох боломжтой. Балет, орчин үеийн төрлөөр насны хязгаартай. Үндэсний бүжгийн төрөл улс орнуудын онцлогтой холбоотой тул их өвөрмөц болдог. Монгол, Солонгос, Япон, Орос зэрэг улсын оролцогчид үндэсний уламжлалт бүжгээ толилуулдаг бол америкчуудын хувьд жазз, хип хоп, товшлуур зэргийг сонгосон байдаг.
Миний хувьд 2019 онд “World ballet grand prix” байгууллагын уран сайхны удирдагч болсон. Тэр цагаас эхлэн нэр хүндтэй эл уралдааныг Монголд зохион байгуулах хүсэлтэйгээ удирдлага, хамт олондоо илэрхийлж ирсэн юм. Тэгтэл “World ballet grand prix” байгууллагын ерөнхийлөгч нь “Хэрэв таны нэрэмжит болгохыг зөвшөөрвөл бид татгалзахгүй” гэж хэлсэн. Миний зорилго бол Монголын мэргэжлийн сургуулиудад гадаадын оюутан, сурагчдыг хамруулах, манайд ч мэргэжлийн өндөр түвшний сургалт, дэг жаяг бий гэдгийг олон улсын тавцанд илүү өргөн хүрээтэй сурталчлах. “World ballet and dance grand prix” уралдаанд дэлхийн нэр хүндтэй, мэргэжлийн олон сургуулийн удирдлага, багш нар өндөр ач холбогдол өгдөг учир нь ирээдүйн шилдгүүдийг тэндээс сонгон авах боломж юм. Оролцогчдын хувьд ч маш том хаалга нээгддэг. Нэг ёсондоо эл уралдааныг өндөр шалгууртай сонгон шалгаруулалт гэж болно.
-Уралдаанд оролцогчид тэтгэлэг, урилга хүлээн авах нь илүү чухал гэх юм билээ.
-Шагналын хувьд медалиас гадна дэлхийн нэр хүндтэй сургуульд тэтгэлэгтэй суралцах урилга гардуулдаг. Энэ бол юутай ч зүйрлэшгүй том үйл явдал. Хотуудын уралдаанаас шигшигдээд, Москвад өрсөлдөж түрүүлсэн нь тэтгэлгээр зогсохгүй том театруудад гоцлоочоор уригддаг. Өөрөөр хэлбэл, шууд дэлхийн тавцанд гарах боломж гэж болно.
-Таны нэрэмжит “World ballet and dance grand prix Mongolia” уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөлсөн, гарамгай уран бүтээлч Вячеслав Михайлович Гордеев багтжээ. Ер нь жил бүр хот болгоны уралдааныг тогтсон бүрэлдэхүүн бүхий шүүгчид дэнсэлдэг үү?
-Шүүгчдийн хувьд жил бүр өөр өөр хүн сонгогддог. 10 хүний бүрэлдэхүүнтэй багийн тав нь сонгодог бүжгийнх. Улаанбаатарт болох уралдаанд балетын домог болсон В.Гордеев тэргүүтэй шилдгүүд багтсанд олзуурхан бэлгэшээж, талархаж байгаа. Вячеслав Михайлович бол Их театрын уран сайхны удирдагч байсан, өдгөө ГИТИС-ийн ректор, гайхалтай багш, балетмейстер, удирдан чиглүүлэгч. Ийм мастераар үнэлүүлж, үгийг нь сонсож, хичээл заалгана гэдэг бол асар их хүндлэл, том боломж.
Энд нэг зүйл онцолъё, юу гэхээр энэ уралдаан бол миний бизнес биш, “World ballet grand prix” олон улсын байгууллагынхны саналын дагуу нэрэмжит болгосон төдий юм шүү. У.Бат-Эрдэнийн нэрэмжит гэхээр буруу, зөрүү ойлголт гарах вий гэсэн үүднээс хэлэхньзөвбиз. Ямартай ч ийм том уралдааныг эх оронд минь явуулах болсонд талархаж, энэ чиглэлээр Монголтой хамтран ажиллах боломж бүрэн гэдгийг харуулахыг хичээж байна. Зөвхөн уралдаан зохион байгуулаад л болчихгүй, монгол багш, мэргэжилтнүүдээ цаашид улам хөгжүүлэх, сургалтад хамруулах зэрэг давхар бодол, хүсэлтэй.
-“World ballet and dance grand prix” хүч сорих талбараас гадна гарамгай уран бүтээлчдээс номын дуу сонсох “шагналтай” гэсэн үү?
-Соёлын төв өргөөнд долоо хоног үргэлжлэх арга хэмжээний эхний гурван өдөр балетын уралдаантай. Энэ хугацаанд бусад төрлөөр оролцогчид дэлхийн шилдэг шүүгч, багш нарын мастер хичээлд хамрагдах юм. Энэ маягаар ээлжлээд сургалт явагдана. Жишээ нь, контемпорари төрөлд Филиппиний маш чадварлаг бүжигчин бүсгүй шүүгчээр ажиллахын зэрэгцээ хичээл заана. Уралдаанд оролцогчдын хувьд бүртгэл эхлээд удаагүй учраас тоо нь одоогоор тодорхойгүй байна. Бидний тооцоолсноор багадаа 7-8 орноос оролцох болов уу. БНСУ-д болсон уралдаанд би Монголоос 52 бүжигчнийг хамруулж чадсан. Тэгэхээр эх орондоо болох уралдаанд илүү олноор оролцоно гэж найдаж байгаа.
Ташрамд өгүүлэхэд, энэхүү уралдааныг Монголд хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тэр цагт Монголын мэргэжлийн урлагийн байгууллагынхан илүү өргөн хамрагдаж, харилцан суралцах, харилцаагаа тэлэх гэхчлэн олон сайхан боломж нээгдэх буй за.