Түүхийн эх сурвалжид Цагаан сарыг хэрхэн тэмдэглэж ирснийг бэлгэдэл талаас нь судалсан, “Их монгол хүний хүч” төрийн бус байгууллагын тэргүүн, хэл шинжлэлч М.Сайханбаяр манай сонинд хандсан юм. Сар шинийн баярыг түүхэн эх сурвалжид хэрхэн тэмдэглэсэн, түүнийг өнөө цагт яаж өөрчилчхөөд байгаа талаар тэрбээр уншигчдад тайлбарлахыг хүслээ. Түүнээс зарим зүйлийг тодруулав.
-Монголчууд Цагаан сарыг хэрхэн тэмдэглэж ирэв. Та энэ талаар танин мэдэхүйн мэдээлэл өгнө үү?
-Эртний армян, перс, орос, хятад хэлээрх эх сурвалжуудад Хүннүгийн үед “Цагаан сүүний сар хийдэг” гэж тэмдэглэдэг байсныг дурдсан нь бий. Түүхийн явцад хүмүүс орчуулга хийхдээ алдаа гаргаж, сүү гэдгийг нь хасах болжээ. Бас Цагаан сарыг намрын дунд сарын шинийн 15-нд буюу идээ, ундаа элбэг дэлгэр цагт хийдэг байж. Тодруулбал, Их Монгол Улсын буюу эзэн богд Чингис хааны үед намрын дунд сарын шинийн 15-нд “Цагаан идээний сар” гэж тэмдэглэдэг байжээ. Чингисийн удам угсааны их хаад болох Өгөдэй, Гүегийн үед бас л намрын дунд сарын шинийн 15-нд Цагаан сарыг тэмдэглэдэг байв. Тэгвэл өнөө үед Цагаан сар Манжийн дарлалын үед Монголд орж ирсэн, Төвөдийн шарын шашны “Төгсбуянт” зурлагыг баримтлан тэмдэглэж байна. Уг зурхайг гаргахдаа 30 хоногийг сард нь багтаахын тулд хүчээр оруулдаг. Заримдаа 1-2 хоног дутна, эсвэл илүү гарна. Ялангуяа судлаачид үүнийг оюутан, залуус, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тайлбарлах гэхээр хэлэх үг олддоггүй. Жишээ нь, өнгөрсөн жилийн Цагаан сараар шинийн 3 байгаагүй. Цаг тооны хувьд бид Хүннү гүрний, Их Монгол Улсын зурхайгаа хаяж, Төвөдийн шарын шашны тооллыг баримталж байна. Алдаатай зурхай ашиглаж байгаа гэж би үздэг. Улс орон бүр өөр өөрсдийн зурхайгаа баримтлах ёстой. Төвөд биднээс олон зүйлээр өөр. Тухайлбал, газар нутгийн хувьд хол, тогтоц байрлал, ёс заншил, уламжлалын хувьд ч ялгаатай.
-Сар шинийн баяраа хаврын тэргүүн сард тэмдэглэх нь буруу гэж та хэлээд байна уу?
-Цагаан сараар монголчууд “Даага далантай, бяруу булчинтай” гээд таван хошуу малын ерөөл хэлдэг. Өвлийн адаг сард мал төллөх нь байтугай хээлтэй, хээлгүй нь мэдэгддэггүй. Гүү унагалаагүй байхад даага гэж ерөөдөг. Ямар ч баяр, найр, хурим аман ерөөл буюу бэлгэдлийн үгээр баталгааждаг. Хавар төллөсөн мал зуны гурван сарыг өнгөрөөж, унага намрын дунд сарын шинийн 15-нд даага болсон үед л энэ ерөөлийг хэлэх ёстой. Хүн, мал, амьтан нэг нас нэмсний баяр шүү дээ. Тэгэхээр мал төллөөгүй байхад дээрх ерөөлийг хэлэх нь зохисгүй юм. Төр засаг Цагаан сарыг ийм цаг тооны бичгээр тэмдэглэнэ гэсэн бодлого баримталж, нэг чигт оруулахгүй байгаагаас зурхайчид жилийн жилд маргалддаг. Тэгэхээр зөв цаг тооны бичиг ашиглах нь зүйтэй.
-Монголчуудын цагаан сарын тавгийн идээ ямар бэлгэдэл агуулдаг вэ. Та ул боов өрөх ёсгүй гэдгийг дурдсан. Энэ нь ямар учиртай болохыг тайлбарлана уу?
-Түүхэн эх сурвалжид тэмдэглэснээр бол тавгийн идээ засахдаа ээзгийгээр суурь тавьж, дээр нь ааруул өрдөг байж. Дараа нь ааруулын шим нь гээд бяслаг тавина. Тэгээд бяслагийн шим нь өрөм гээд шар тос тавьдаг. Өнөөгийн бид идээний энэ бэлгэдлээ мартахад хүрсэн. Бүр угийн бичгээ ч устгалаа. Одоо сэргээх, эсэх нь тодорхойгүй байна шүү дээ. Монголчууд цагаан идээгээрээ ингэж тавгаа засдаг байж. Гэтэл одоо бараг хагас жил хэрэглэх гурилын нөөцөөрөө ул боов хийж байна. Монголчууд өмнө нь ийм их үр тариа тарьдаггүй, ховор байсан. Харин одоо Цагаан сарын дараа ул боовоо идэхгүй, хог мэт үзэж, хаядаг боллоо. Монголчууд хоол хүнсээ хаяхыг ихэд цээрлэж, “Амны хишгээ барна” гэж ярьдаг шүүдээ.
Цагаан сараар тавьдаг ууцны утга бэлгэдэл нь ч эргэлзээтэй. Монгол уламжлалаар бол хаан хүн цээж мах иднэ. Өндөр настай хүн зочилж ирэх, найр хурим, баяр ёслолд дал, дөрвөн өндөр чанаж, тавьдаг. Эртний түүхэн сурвалж бичигт тэмдэглэснээр ууцыг урвасан ноён, эсвэл лам хүн таллана. Өвөг дээдэстээ өвчүү тавина. Бэлгэдлээр бол Цагаан сараар цээж мах буюу дал, дөрвөн өндөр тавих ёстой. Сүвээний гурван хавиргаас хойшихыг бөгс мах гэж хэлдэг. “Монголын нууц товчоон”-нд “багалзуур ид” гэж өгүүлсэн байдаг шүү дээ. Хаад худ ураг болохдоо зөвхөн хонины хуйхалж чанасан толгой тавьж, нэгнээ хүндэлсэн гэж үздэг байж. Гэтэл манайхан өдгөө ууц буюу бөгс мах тавьж байна. Хоёрдугаарт, ууцанд гуяны мах тавьж байна. Тэгвэл “Хааны махыг хаан хүн иддэг. Гуяны махыг гуйлгачин иддэг” гэсэн эртний үг бий.
Бэлтгэсэн: Ж.Цацрал