БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш, худалдааны зөвлөх Кадир Жеряан, Улс төрийн зөвлөх Aли Саид Сэрдэнгэчти нар хоёрдугаар сарын 6-ны өдөр Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын сэтгүүлчидтэй уулзаж, дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Хоёр улс 1969 оны зургадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Туркийн тал 1996 оноос Улаанбаатарт ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаа бол Монгол Улсын ЭСЯ 1997 оноос Анкарад ажиллаж байна. Талууд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай улсууд юм.
-Та 2021 оны дөрөвдүгээр сард БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдон ирсэн. Монголын талаар танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Элчин сайдаар томилогдож ирэхээс өмнө Монгол орныг ихэд сонирхдог байсан. Туркийн ард түмэн Монголчуудад элэгтэй. Монгол нь ардчилсан нийгэм бүрдсэн, хурдтай хөгжиж буй улс. Хүн амын ихэнх нь залуус, тиймээс залуучуудын оролцоо өндөр. Онгон байгаль болон зарим эрдэс баялагийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орон. Мөн гадаад бодлого нь идэвхтэй учраас дэлхийн томоохон үйл ажиллагаанд оролцож, өөрийн дуу хоолойгоо хүргэж ирсэн өвөрмөц дүр төрхтэй улс юм. Монголчууд түүх соёл, ёс заншлаа дагаж мөрддөг. Би Монголд ирснээсээ хойш наадмын нээлтийг байнга үзэж байна. Ихэд сонирхол татдаг. Тиймээс Монголын тухай төсөөлж байсан төсөөлөл баяжиж, улам төгөлдөр болж байна.
-Турк Улс манай худалдааны томоохон түншийн нэг. Хоёр улсын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Турк-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж байна. Монгол Улсын импортолдог бараа, бүтээгдэхүүнийг Турк Улс үйлдвэрлэдэг. Тиймээс хоёр улсын хэрэгцээнд нийцсэн харилцааг хөгжүүлэх бүрэн боломжтой. Ингэхдээ би 3-4 хөгжлийн зам бий гэж харж байна. Нэгдүгээрт, Засгийн газар хоорондын худалдаа эдийн засгийн хамтарсан хороо эдийн засгийн зорилтуудыг тодорхойлдог. Тус хорооны хурал 2021 оны сүүлчээр Анкарад болсон бол 2024 онд Улаанбаатар хотноо 10-р хурлаа хийхээр төлөвлөж байна. Тус хурлаар эдийн засгийн чиглэлд авч хэрэгжүүлэх ажлуудыг салбар бүрээр тодорхойлдог юм. Хоёрдугаарт, Бизнесийн байгууллагуудын хоорондын харилцаа хамтын ажиллагаа. Тухайлбал, МҮХАҮТ болон Туркийн Гадаад эдийн засаг, худалдааны зөвлөлийн хамтын ажиллагааны хүрээнд 2024 онд бизнесийн зөвлөх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг форумаар хоёр улсын бизнес эрхлэгчдийг танилцуулж холбох юм. Гуравдугаарт, МҮХАҮТ болон Туркийн Танхим, биржүүдийн хооронд байгуулсан хамтын ажиллагаа. Аль аль талдаа худалдааны танхим байсан ч хараахан идэвхтэй ажиллахгүй байна. Үүнийг идэвхжүүлнэ. Дөрөвдүгээрт, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон зарласан. Энэ үеэр аялал жуулчлалын форум зохион байгуулах боломж нээлттэй.
-2023 оны Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн айлчлалын үеэр гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудал сөхөгдсөн. Ирэх жилүүдэд хоёр улсын гадаад худалдааны эргэлт хэрхэн нэмэгдэх төлөвтэй байна вэ?
-БНТУ-ийн Ерөнхийлөгч Рэжэп Таип Эрдоган 2013 онд Ерөнхий сайд байхдаа хоёр улсын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан. 2020 оны төгсгөлд дээрх зорилтдоо хүрсэн. Ингээд 2022 онд 110, 2023 онд 100 сая ам.долларын бараа эргэлт бий болсон. Мөн 2023 оны гуравдугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн айлчлалын үеэр гадаад худалдааны эргэлтийг 200 сая ам.долларт хүргэх шинэ зорилт тавьсан. Энэ хэмжээнд хүргэхийг зорьж байна. БНТУ Монгол руу тоног төхөөрөмж, бэлэн хүнс, эм-эмнэлгийн хэрэгсэл, тавилга, барилгын материал экспортолдог. Харин Монголоос Турк руу боловсруулсан арьс шир, самнасан ноолуур, ноос, хушны самар нийлүүлж байна.
-Хоёр орны өнөөгийн болон ирээдүйн харилцаа, хамтын ажиллагаа өрөгжиж байна. Тэр дундаа эдийн засгийн салбарт хэрхэн хамтран ажиллах вэ?
-Юуны өмнө улс төрийн харилцааг дурдахгүйгээр бусад салбарыг онцлох боломжгүй. Хоёр улсын улс төрийн харилцаа хэр бат бөх байхаас бусад салбарт харилцаа өргөжих эсэх нь хамаарна. Монгол Улс, Турк Улс хооронд 1969 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ жил 50 жилийн ой тохиож байна. Харилцан хоёр улс 1996 онд Улаанбаатар, 1997 онд Анкарад ЭСЯ байгуулсан. Энэ хугацаанд 100 гаруй хамтын ажиллагаа, гэрээнд гарын үсэг зуржээ. Монгол Улс Туркийг гуравдагч хөрш хэмээн үздэг бол Турк Улс Монголыг хамгийн ойрын анд нөхөд, ахан дүүсийн харилцаатай улс гэж үздэг. Бид Монголчуудын хамгийн эртний хөрш юм. Мөн Иж бүрэн түншлэлийн харилцаагаа Стратегийн түншлэлийн харилцаанд хүргэх чин эрмэлзлэлтэй байна. Хоёр улс бат бөх харилцаатай явж ирсэн учраас ийм суурьтай харилцаанд ямарч салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Бид бүхий л салбарт харилцаагаа өргөжүүлэх чин эрмэлзлэлтэй. Тэр дундаа эдийн засгийн салбарт албан болон дээд түвшний хүрээнд харилцах санал тавьсан. Эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд Монголын талаас худалдааны ямар салбар байгааг судалж үзээд эхний ээлжинд мах махан бүтээгдэхүүн, арьс ширний салбарт хамтран ажиллахаар болсон. Мэргэжлийн холбоодууд ч хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа. Энэ чиглэлд манай улс мэргэжил, туршлагаа хуваалцахад бэлэн байна. Тухайлбал, махны экспортод тавих стандарт бий. Энэхүү шаардлагыг биелүүлвэл махны экспортыг эрчимжүүлэх хүсэл надад байна. 2023 оны гуравдугаар сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 31 жилийн дараа Турк улсад айлчлал хийсэн. Энэ үеэр дөрвөн гэрээ зурагдсаны нэг нь Монгол Улсын махны экспортыг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбоотой гэрээ юм. Мөн эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, тэр дундаа орчин үеийн эрүүл мэндийн үйлчилгээг хямд үнээр түгээх боломж бий. Цаашлаад эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхайн салбарт Туркийн компаниуд орж ирэх сонирхолтой байна. Монгол Улсын Засгийн газар мега төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зам тээвэр, эрчим хүчний салбарт эхнээсээ тендер зарлагдсан байна. Энэ салбарт хамтран ажиллах боломж мөн нээлттэй.
-“Оюу толгой”-н баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг барьж буй “Энка констракшн” компани Туркийнх. Одоогийн байдлаар хэчнээн компани Монгол Улсад орж ирээд байна вэ?
-Монгол Улсад Туркийн нөлөө бүхий хоёр компани орж ирээд байна. Үүний нэг нь “Энка констракшн” юм. “Рио Тинто” компанийн тендерт оролцож, шалгараад “Оюу толгой”-н баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг барьж байна. Энэ нь инженер, технологийн чиглэлд 2000 гаруй төслийг хийж гүйцэтгэсэн компани юм. Нөгөө нь Улаанбаатар хотын ундны усны хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн гүйцэтгэгчээр шалгаран, ажиллаж байна. 1000 гаруй төсөл хэрэгжүүлсэн туршлагатай “Мапа” компани юм. Туркийн урдаа барьдаг том компаниудын төлөөлөл Монголд орж ирээд байна.
-2024 онд хоёр улсын төрийн өндөр албан тушаалтнууд харилцан айлчлал хийх үү? Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНТУ-ийн Ерөнхийлөгч Рэжэп Таип Эрдоган биенээ айлчлал хийхийг урьсан байсан?
-Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд БНТУ-ын Ерөнхийлөч Рэжэп Таип Эрдоган, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харилцан биенээ айлчлал хийхийг урьсан. Тов нь хараахан гараагүй байна. Мөн Монголын талаас БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Нуман Куртулушт “Транс Алтай” тогтвортой хөгжлийн хуралд оролцох урилгыг илгээсэн. Одоогоор хариу ирээгүй байна. Дэлхийн эмэгтэй сайд нарын хурал ирэх наймдугаар сард Улаанбаатарт болно. Энэ хуралд БНТУ-ын Гэр бүл хариуцсан сайд Фатма Бэтулыг урьсан. Одоогоор бидэнд тус яамнаас хариу өгөөгүй байна. Харин БНТУ-ын Үндэсний их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд болон Батлан хамгаалахын сайд Яашар Гүлэр тус тус Монголд айлчилна. Мөн худалдаа, эдийн засгийн хамтарсан X уулзалт, ГХЯ хоорондын улс төрийн уулзалтууд Улаанбаатарт болно. Цэргийн салбарын XI уулзалт Анкарад болно. Монгол, Турк улсууд цэргийн сургуулилтад харилцан цэргүүдээ оролцуулдаг уламжлалтай. Үүний дагуу цэргийн сургуулилтууд болохоор урьдчилсан тов гарсан.
-Өнгөрсөн 12-р сард ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Ж.Энхбаяр БНТУ-д айлчилсан. Цаашид хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хэрхэн өргөжих вэ?
-Ажил хэрэгч айлчлал болсон. Энэ айлчлалаас зургаан сарын өмнө хоёр орны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хооронд гарын үсэг зурсан байсан. Тус хамтын ажиллагааны хүрээнд Туркийн Батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлийг сонирхож, танилцсан. Энэ чиглэлд хамтран ажиллана.
-Та ирээд багагүй хугацаанд ажиллажээ. 2021 оноос хойш хийж хэрэгжүүлсэн хамгийн чухал ажлаа нэрлэнэ үү?
-Би 2021 оны дөрөвдүгээр сард Элчин сайдаар томилогдож ирсэн. Энэ хугацаанд дараах ажлуудыг хийжээ. Иргэний нисэхийн байгууллагуудын харилцааг өргөжүүлж, шууд нислэгтэй болсон. Хоёр улсын гадаад худалдааны эргэлт хоёр нугарч өссөн байна. Мэргэн Тонюкукийн музейг байгуулах ажлыг эхлүүллээ. Зөвхөн хүүхэд, залууст бус цэрэг цагдаагийн байгууллагын хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад тэтгэлэг олгож эхэлсэн.
-Иргэний нисэхийн байгууллагуудын харилцааг өргөжүүлж, шууд нислэгтэй болжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Хоёр улсын иргэний нисэхийн чиглэлд хамтын ажиллагааны гэрээг 2022 оны арванхоёрдугаар сард байгуулсан. Шууд нислэг нь аялал жуулчлал, бизнес эрхлэгчид хийгээд эдийн засгийн харилцааны чиглэлд чухал ач холбогдолтой. Тиймээс нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх олон удаагийн санал тавьсны дүнд Туркийн иргэний агаарын тээврээс өвлийн улиралд 3-4, зуны улиралд 7 өдөр нислэг хийх нөхцөл бүрдсэн. Өвлийн саруудад долоо хоногт 3 удаа нислэг хийж байна.
-Мөн тээврийн салбар дахь бэрхшээлийг арилгах, ачаа тээврийн карго нислэгийг эхлүүлэх тал дээр ахиц гарсан уу?
-Одоогийн байдлаар ихэнх каргог авто замаар тээвэрлэж байна. Тээврийн салбар дахь бэрхшээлийг арилгах чиглэлд ЗТХЯ-тай хамтын ажиллагааны хүрээнд ярилцаж байна. Ачаа тээврийн онгоц нисгэхийн тулд хоёр улсын нисэхийн байгууллагууд гэрээ байгуулах шаардлагатай. Одоогоор энэ чиглэлд ямар нэг ахиц гараагүй. Хоёр улсын авто тээврийн хамтарсан хороо ойрын үед хуралдаж, асуудлаа ярилцана.
-Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ өдрүүдэд үргэлжилж байна. Хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү?
-1990 оноос БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 1600 гаруй оюутан төгсжээ. 2023 онд 64 залуу тэтгэлэгт тэнцсэн. БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэгт бүхий л зардлыг багтаадаг. Тийз, сургалтын төлбөр, дотуур байр, эрүүл мэндийн иж бүрэн даатгал, сар бүр мөнгөн тэтгэмж ордог. Мөн Туркийн дээд боловсролын байгууллага, Монгол Улсын БШУЯ-тай хамтын ажиллагаатай. Түүнчлэн МУИС, Измир хот дахь Катиб Чэлэбигийн их сургуультай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд Түрэг судлалын тэнхимийн оюутнууд хоёрдугаар курсээс Турк руу нэг жилийн хугацаанд хэлний бэлтгэлд суралцдаг.
-Туркийн олон улсын хөгжлийн агентлаг буюу ТИКА 2004 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллага ямар чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлдэг вэ?
- Монгол Улсын нутаг дэвсгэрт түүхэн бичээс арвин бий. Эдгээрийг музейн түвшинд хадгалж, хамгаалах чиглэлд хамтран ажиллаж ирсэн. Тодруулбал, Архангай аймгийн Хашаат суман дахь Билгэ хааны музей, Мэргэн Тоньюкукийн бичээст зориулсан музейн руу авто зам барьж, музей байгуулах ажил ид өрнөж байна. ТИКА 2004 онд Улаанбаатарт оффисоо нээсэн. Үүнээс өмнө 1994 оноос хамтын ажиллагаатай явж ирсэн. Тус хугацаанд 850 гаруй төсөл хэрэгжүүлсэн байна. Хамгийн сүүлийн жишээг дурдвал, Мэргэн Тоньюкукийн бичээст зориулсан музей зун нээлтээ хийнэ. Монгол Улс нь түүхэн өвийн өлгий нутаг төдийгүй үлэг гүрвэлийн өвийг өөртөө агуулсан чулуун зэвсгийн үеэс эхлээд бүх төрлийн олдвор энд бий. Дэлхийд түүхэн үнэтэй өв монголд байгаа учраас түүхийг хамгаалахад хамтарч ажиллахад таатай байдаг. Түүнчлэн Туркийн нутаг дэвсгэрт түүхэн олдвор илрүүлэхээр Монгол эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж байна. Турк-Ираны хилийн зурвасын орчмоос Ил хааны үеийн олдворыг олсон. Энэ бол сүүлийн нэг жил хагасын хугацаанд ажилласан эрдэмтэн, судлаачдын үр дүн юм.