Нийтийн албан тушаалтан буюу олны нэрлэж заншсанаар төрийн албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ гаргаж бүртгүүлдэг. Энэ жилийн тухайд нийтийн албан тушаалтнуудаас гадна УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигч олон хүн мэдүүлэг гаргах ёстой. Авлигатай тэмцэх газар (АТГ) бүтцийн өөрчлөлт хийж, өмнө нь Мөрдөн шалгах албанд ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан, ахлах комиссар Н.Дамдинсүрэнг Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн орлогч бөгөөд Хяналт, шалгалтын албаны даргаар томилоод буй. Түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Жил бүрийн хоёрдугаар сард албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаа улсын хэмжээнд явагддаг. Төрийн албан хаагчдын хэдэн хувь нь одоогоор ХАСХОМ-ээ гаргаад байна вэ?
-Авлигын эсрэг хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор ХАСХОМ-ээ мэдүүлэх үүргийг хуулиар хүлээсэн. Энэ сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд мэдүүлэг бүрдүүлэлтийн явц 61 хувьтай байна. Өнөө жилийн хувьд мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагааны явцад Монголын уламжлалт сар шинийн баяр давхцаж байгаа. Гэсэн ч мэдүүлэг гаргагч нар хуулийн хугацаанд амжиж мэдүүлгээ бүртгүүлэх ёстой. АТГ-аас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-аар дамжуулан мэдүүлэг гаргагч нарт заавар, зөвлөмж тасралтгүй өгч, ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна. Энэ жилийн хувьд 50 гаруй мянган албан тушаалтан мэдүүлгээ бүртгүүлэх нэрсийн жагсаалт урьдчилсан байдлаар гарсан. Тэдний мэдүүлгийг АТГ дангаараа бүртгэж, хүлээж авахгүй. Төрийн байгууллага бүрд мэдүүлгийг бүртгэх, хадгалах ЭБАТ-ууд ажиллаж, тухайн байгууллагын албан хаагч нараас мэдүүлгийг нь гаргуулан авч, холбогдох тайлан мэдээг АТГ-т ирүүлдэг хуулийн зохицуулалттай.
-Энэ жилийн бас нэг онцлог нь УИХ-ын сонгууль болно. Сонгуульд нэр дэвшигч нар ХАСХОМ-ээ бас гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Нэр дэвшигч нар мэдүүлгээ цаасаар өгөх үү, цахимаар бүртгүүлэх үү?
-Энэ оны онцлог бол яах аргагүй УИХ болон орон нутгийн сонгуулийн жил юм. Авлигын эсрэг хуульд зааснаар бүх шатны сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Нийтийн албан тушаалтнаас ялгаатай нь сонгуульд нэр дэвшигч зөвхөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргана. Нийтийн албан тушаалтнууд бол хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргадгаараа өөр л дөө. Маягтууд нь хүртэл хоорондоо ялгаатай юм. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь нэр дэвших үедээ ХОМ-ээ цахимаар гаргаж АТГ-т бүртгүүлнэ. 2020 оны сонгуулиас хойш УИХ-ын сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мэдүүлгийг цахимаар хүлээн авч байгаа.
Энэ жилийн сонгуулийн онцлог нь Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан томсгосон тойргоор явагдах бөгөөд манай газраас тухайн цаг хугацаанд Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч нэр дэвшигчдийн мэдүүлгийг бүртгэж, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулна.
-Албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг бүртгэж, хүлээн авахаас гадна танай хэлтэс өөр чиг үүрэг ч хэрэгжүүлдэг шүү дээ. Энэ талаараа мэдээлэл өгнө үү.
-Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний болон Хяналт шалгалтын гэсэн хоёр албатайгаар үйл ажиллагаа явуулдаг. Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба нь сургалт сурталчилгаа явуулах, урьдчилан сэргийлэх чиг үүргээс гадна судалгаа, дүн шинжилгээ хийх, цахим системийн бүртгэл хяналтын үйл ажиллагааг давхар хариуцдаг.
Хяналт шалгалтын алба нь гурван төрлийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулдаг юм. Нэгдүгээрт, нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгана. Хоёрт, албан тушаалтны ХАСХОМ-ийг, гуравдугаарт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг. 2023 онд ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх хуулийн хугацаанд буюу 2023 оны хоёрдугаар сарын 15-ны дотор улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны нийт 124 байгууллагын 49 680 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх байв. Үүнээс хуулийн хугацаанд 49 678 буюу 99.99 хувь нь мэдүүлгээ гаргаж баталгаажуулсан. Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтаар илэрсэн 17 зөрчилд хариуцлага тооцуулж хэрэгжилтийг нь хангуулаад байна.
Нийт 585 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалт явуулж, Эрүүгийн хуульд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн болон авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 60 мэдүүлэг гаргагчийг нягтлан шалгуулахаар харьяалах нэгжид шилжүүлсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 71.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Дээрх мэдүүлгийн хяналт шалгалтын хүрээнд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасан үндэслэлээр 34 мэдүүлэг гаргагчид, мөн албан үүрэг гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгосон, хууль зөрчсөн талаарх тодорхой зөрчлийг тогтоон, улмаар зөрчил гаргасан 39 албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцуулж, 82 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, чиглэл хүргүүлэн, үр дүн, биелэлтийг нь тооцсон.
Мөн 16 331 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлэснээс 15 357 буюу 94 хувьд нь ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин 724 буюу 4.4 хувьд нь ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан байгаа. Ингэхдээ 22 буюу 0.1 хувьд нь илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаар хариу хүргүүлсэн бөгөөд 228 буюу 1.4 хувийг холбогдох хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан.
-Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ямар тохиолдолд хянан шалгадаг вэ. ХАСХОМ-ээ гаргаж байгаа 50 000 орчим албан хаагчийг бүгдийг нь хяналт шалгалтад хамруулж амждаг юм уу. Иргэдийн дунд төрийн албан хаагчдыг хүнд суртал, чирэгдэл гаргахаас гадна орлогоосоо давсан хэрэглээтэй, хөрөнгөжиж байгаа талаар сүүлийн үед нэлээд ярих болсон л доо.
-Маш зөв асуулт байна. АТГ нь хуульд заасан үндэслэлийн дагуу иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгадаг. Мэдээж 50 000 мэдүүлэг гаргагчийн ХОМ-ийг бүгдийг нь шалгах ямар ч боломж бололцоо байхгүй. Бид цаг хугацаа, боловсон хүчнийхээ боломжоос шалтгаалан жилд дунджаар 450-500 орчим мэдүүлэг гаргагчийн ХОМ-ийг нарийвчлан хянан шалгадаг. Энэ нь нийт мэдүүлэг гаргагчтай харьцуулахад маш бага тоо. Тухайн жилийн авлигын индекс, эрсдэлийн судалгаанд үндэслэн авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөмтгий байгууллага салбарыг сонгож шалгадаг л даа. Өөрөөр хэлбэл, хаана, аль салбарт санхүүгийн сахилга бат алдагдаж байна, түүн дотроо төрийн өмчит компаниуд тендер, худалдан авалт зэрэг нь авлига, мөнгө угаах зэрэгт өртөх өндөр эрсдэлтэй учраас төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл ажиллагаанд хамруулах ажлыг зохион байгуулж, нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх, хууль бус орлогын эх үүсвэрийг тодорхойлох, авлигын зөрчлийг таслан зогсоох, зөрчил гаргагчдад хариуцлага тооцуулах чиглэлээр ажиллаж ирсэн. Энэ нь хэдийгээр тодорхой үр дүнтэй боловч нөгөө талдаа “бай”-гаа илүү онох буюу зорилтот бүлэгтээ төдийлөн хүрэхгүй байна гэж тодорхойлж, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг илрүүлэхэд ахиц гаргахын тулд 2023 онд хяналт шалгалтыг арай өөр түвшинд гаргаж ажиллахаар зорьж, хэрэгжүүлсэн.
-Жишээ нь, яаж ажилласан гэж?
-Хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтыг илүү үр дүнтэй болгохын тулд хиймэл оюун ухааны тусламжтайгаар эрсдэлийн үнэлгээ боловсруулах, олон улсын сайн туршлагуудад үндэслэн мэдүүлэг гаргагч нарын хөрөнгө, орлогын мэдүүлэгт хэсэгчилсэн болон түүхчилсэн байдлаар хяналт, шалгалтын явуулсан нь илүү үр дүнд хүрсэн. Энд ганцхан жишээ дурдъя л даа. Дэлхий дахин даяарчлагдсан өнөөгийн үед албан тушаалтан авсан хахуулиа оймсондоо нуух, түүнийг нь зөвхөн мэдүүлэг, тайлбараар нотлох гэж оролддог, эсхүл зөвхөн төрийн үйлчилгээний дотоодын бүртгэл, лавлагаагаар нотолж цуглуулдаг үе өнгөрөөд байгаа. Өнөө үед авлига, албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт явдал хам шинжтэй болсон. Тухайлбал, улс төрд нөлөө бүхий этгээд нь өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр гадаад улс, тэр дундаа татварын “диваажин” Гибралтар, Сейшел, Белиз, Виржини зэрэг арал улсад бүртгэлтэй компани, өндөр нууцлалтай банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан хөрөнгөө нуух болсон. Зарим нь илрүүлэхэд улам хүндрүүлж, VASP буюу гадаадын виртуал биржээр дамжуулах, (hot and cold wallet, mixer) миксер ашиглаж байна. Татварын “диваажин” гэгдэх газрууд ихэнхдээ хуулийн фирм, эсхүл өмнөөс нь хариуцагч этгээд буюу итгэл даагч(trust fund and service) зэргээр дамжуулсан байдаг. Тухайн орнуудын хууль нь манай эрх зүйн орчин, практикаас өөр. Дэлхийн санхүүгийн энэ мэт шинэ бүтээгдэхүүн, түүний өөрчлөлтүүдийг судлах, өөрсдийн ажлын шаардлагыг хангах үүднээс манай хэлтсээс алба хаагчдаа чадавхжуулж, бусад улс орны хуулийн дагуу мэдээлэл солилцож байгаа. Тухайлбал, 2022 онд виртуал хөрөнгийн зах зээлтэй холбоотойгоор 4000 гаруй мэдүүлэг гаргагч олон улсын болон дотоодын арилжаанд оролцсон талаарх мэдээлэл бүртгэгдсэн. Түүнээс зөвхөн тухайн арилжаанаас ашиг, орлого олсон гэх үндэслэл бүхий 200 гаруй мэдүүлэг гаргагчид хэсэгчилсэн хяналт шалгалт явуулсан. Үүнээс олон үр дүн гарсан байх жишээтэй. Мэдээж виртуал хөрөнгө, цахим мөнгө, крипто валют болон татварын хөнгөлөлттэй улс орнуудын талаар энд муу, сайн гэх агуулгыг дурдаагүйг онцолъё.
Нийслэлийн иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа замбараагүй баригдсан барилга, байгууламжуудыг ашиглалтад хүлээн авсан комиссын гишүүд, тушаал шийдвэр гаргах, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүрэг бүхий удирдах албан тушаалтнууд, тэдний болон хамаарал бүхий этгээдүүдийн мэдүүлсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон, эсэхэд сүүлийн 10 жилээр түүхчилсэн байдлаар хяналт шалгалт явуулж байна. Үүнээс бас л нэлээд олон тооны үндэслэлгүй хөрөнгөжсөн үл хөдлөх хөрөнгийн асуудал тогтоогдож, одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эдгээрийг хянан шалгасны үр дүн ингэж гарч байна.
-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь гэмт хэргийн шинжтэй болсон учраас үргэлжлүүлээд Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлдэг. Гэм буруутайг нь шүүх тогтоосон тохиолдолд хууль бусаар олж авсан хөрөнгө, орлогыг нь хэрхэн хурааж авдаг бол?
-Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн улс, орнуудын хууль тогтоомжид үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг гэмт хэрэгт тооцох, түүнтэй холбоотой хууль бус орлогыг шүүхийн шийдвэрээр хураах заалт байдаг. ФАТФ-ын шууд хэрэгжилтийн 2, 7, 8 дугаар заалтад ч энэ талаар маш тодорхой дурдсан. Манай улс ч өнгөрсөн онд авлигын хэрэгт оноох ял, шийтгэлийг нэмэгдүүлсэн. ФАТФ-ын шаардлага, зөвлөмжөөр бүх банк, банк бус санхүүгийн байгууллага, нотариат гэх мэт газар сэжигтэй гүйлгээний талаар мэдээлдэг болоод байгаа.
Мэдүүлэг гаргагчийн мэдүүлсэн хөрөнгө, орлогын эх үүсвэр нь үндэслэлгүй буюу худал болох нь тогтоогдсон тохиолдолд түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Уг хөрөнгө, орлого нь авлига, албан тушаалын гэмт хэргийн замаар бий болсон, цаашлаад мөнгө угаах хэргийн шинжтэй болж хувирах нь бий. Энэ нь юуг илэрхийлээд байна вэ гэхээр мэдүүлэг гаргагчийн мэдүүлсэн хөрөнгө, орлого нь үндэслэлгүйг илтгэж, цаанаа хууль бусаар буюу албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөртөө давуу байдал бий болгосны ул мөр шүү дээ. Энгийн нэг жишээ авахад, хувиараа таксины үйлчилгээ үзүүлж байгаа иргэнд үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн ойлголт байх уу. Яагаад ч байхгүй шүү дээ. Харин албан тушаалтанд бол байх магадлал өндөр. Төрийн албаны сонгон шалгаруулалтын будилаан, түр орлон гүйцэтгэгчээр томилох гэх зэргийн цаана нөгөө л эрх мэдэлд очих сэдэл нуугдаж байгаа гэхэд хилсдэхгүй. Төрийн өмчит компаниудын эрх бүхий албан тушаалтан нийтийн албанд ажиллаж байхдаа нэр бүхий компанид барилга, байгууламжийн чиглэлээр техникийн нөхцөл олгох шийдвэр гаргасан, улмаар тус компанийн барьсан орон сууцаас өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр цөөнгүйг зах зээлийнхээс хэт доогуур үнээр худалдан авч өмчлүүлсэн. Улмаар нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа буцаан татах байдлаар өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд хөрөнгөө төвлөрүүлсэн жишээ бий.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Г Британийн Лондон хотод үл хөдлөх хөрөнгө худалдан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн авлига, албан тушаалын гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Олон жилийн тур шид тасралтгүй явуулсан хууль бус үйл ажиллагааны үр дүнд бий болсон хэргийг 10 гаруй жилийн дараа манай албан хаагчид илрүүлсэн шүү дээ.
Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх, түүний гэм хорыг нэхэмжлэх асуудлыг Прокурорын байгууллагын тухай хуульд заасны дагуу прокурор төр, нийтийн эрх ашиг зөрчигдсөн хэрэг маргаанд оролцох байдлаар албан тушаалтнаас нэхэмжилж, хөрөнгийг улсын орлого болгосон жишээ нэлээд хэд бий. Тухайлбал, ЗТХЯ-ны газрын дарга асан О-д холбогдох хэрэг олон нийтэд тодорхой болсон шүү дээ. Түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ прокурорын байгууллагатай хамтран Авлигын эсрэг хуулийг үндэслэн шүүхэд хүсэлт гаргасны үр дүнд О-гийн үндэслэлгүйгээр хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох шийдвэр шүүх гаргасан. Энэ мэтээр үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгүүдийг гаргуулахаар шүүхэд хандсан, шийдвэрлүүлсэн тохиолдол цөөнгүй бий.
-Албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгахдаа татварын байгууллагатай мэдээлэл солилцдог юм билээ. Хэрхэн хамтарч ажилладаг юм бэ?
-Авлигатай тэмцэнэ гэдэг нь дан ганц АТГ-ын чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа биш. Авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд бүх шатны төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, эвслийн хүсэл эрмэлзэл, идэвх санаачилга чухал. УИХ-аар өнгөрсөн онд баталж, өдгөө хэрэгжүүлж буй Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго ч үүнд оршдог. Үүнтэй холбоотойгоор төрийн бүхий шатны байгууллагатай хамтран, мэдээ мэдээлэл гаргуулах зэргээр уялдаатай ажиллаж байна. Үүний нэг бол татварын байгууллага. Хууль бус, нуугдмал орлогыг илрүүлэх, татвараас зайлсхийсэн, авлига, ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэхэд тус байгууллагатай зайлшгүй хамтран ажиллах шаардлагатай болдог. Төрийн албан хаагчдын ХАСХОМ-тээ мэдүүлсэн орлого нь татвартай заавал уялдах ёстой. Хууль ёсны дагуу орлого олсон л бол татварт үнэн, зөв тайлангаа гаргаж өгсөн байх учиртай. 2023 онд хяналт шалгалтаар таван мэдүүлэг гаргагч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн татвар ногдуулах орлогоо үнэн, зөв тайлагнаагүй байж болзошгүй нь илэрсэн. Ингээд Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасныг үндэслэн тэдгээрийг татвар ногдуулах орлого, төлбөл зохих татвараа үнэн, зөв тайлагнасан эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа, үгүй, татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийлгүүлэхээр Татварын ерөнхий газарт шилжүүлсэн. Улмаар татварын байгууллагаас шалгалт хийж, нийт 8.4 тэрбум төгрөгийн татварын зөрчлийг илрүүлж, 637 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байна.
-Албан тушаалтнуудаас ХАСХОМ-ийг нь авах нэг хэрэг. Авсан ХАСХОМ-ээ олон нийтэд мэдээлэхэд хүний хувийн мэдээллийг задрууллаа гэж үзэх нь бий. Нэг хэсэг нь ХАСХОМ-ийг иргэд, олон нийтийн хяналтад байлгах ёстой гэдэг. Олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр ямар ажил хийв?
-Авлигын эсрэг хуульд заасны дагуу мэдүүлгийг хүлээж аваад тухайн жилийн хоёрдугаар улиралд багтаан АТГ-аас мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийг цахим хуудсанд нээлттэй байршуулдаг. Түүнийг нээлттэй, ил тод байршуулж, олон нийтэд мэдээлэх нь АТГ-аас албан тушаалтнуудын үйл ажиллагааг иргэдийн хяналтад өгч байгаа ажил юм. Иргэдийн хяналт, оролцоотойгоор авлига, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой чухал үйл ажиллагаа. Нөгөө талаас хөрөнгө, орлогоо мэдүүлэх нь нийтийн албан тушаалтны үүрэг хэдий ч өөрийгөө сахилга баттай, шударга ажиллаж байгаа гэдгийг олон нийтэд нээлттэй харуулах баталгаа нь болдог. Иргэд дан ганц ХОМ-ийг нь шалгуулахаар тус газарт хандахгүй, албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар гомдол, мэдээллийг ирүүлдэг. Олон нийтээс ирүүлсэн гомдлын тоо жил бүр нэмэгдсэн үзүүлэлтэй байгаа. 2023 онд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 1010 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 957-г нь хянан шийдвэрлэсэн гэсэн тоон үзүүлэлттэй байна. Гомдол, мэдээлэл өссөн шалтгаан нь иргэд, олон нийтийн зүгээс авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл сайжирч, хяналт оролцоо нэмэгдсэнээс шалтгаалсан. Засгийн газраас2023 оны хоёрдугаар сарын 8-ны 49 дүгээр тогтоолоороо2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааны хүрээнд иргэд, олон нийтийн зүгээс байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлийн талаарх мэдээл лийг Засгийн газрын 11-11 төв, АТГ-ын 110 дугаарын утас болон бусад хэлбэрээр гомдол, мэдээллийг ирүүлэх болсонтой холбоотой гэж хэлж болно.
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт төрийн албан хаагчдад сануулга, сэрэмжлүүлэг болж чадах болов уу?
-Сүүлийн жилүүдэд авлига түүнтэй холбогдох бүхий л хууль, журмыг боловсронгуй болгож хүлээлгэх хариуцлага ч чангарч байна. Энэ тухай олон нийтэд, ялангуяа албан тушаалтанд, хувийн хэвшил, иргэдэд нэгдүгээрт мэдээлэл өгөх, хоёрдугаарт, хууль тогтоомжийг сануулж аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь гэмт үйлдэл гарсны дараа араас нь мөрдсөнөөс илүү үр дүнтэй байх болов уу.
Зөрчил гаргасан албан тушаалтанд нэг удаа хариуцлага тооцуулснаар авлига, ашиг сонирхлын зөрчил арилна гэж байхгүй. Хяналт, шалгалтыг хэрэгжүүлж байгаа бидний бас нэг гол зорилго бол албан тушаалтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад зөрчил үүсгэх нөхцөл байдлыг багасгах, хууль тогтоомжид заасан үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, гаргасан зөрчил дутагдлыг арилгахад оршиж байгаа.
Авлигатай тэмцэхэд улс төрийн хүсэл эрмэлзэл маш чухал. Засгийн газраас нийтийн албан тушаалтны үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, иргэд олон нийтийн хяналт, оролцоог сайжруулах чиглэлээр олон ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй. Түүнчлэн Авлигын эсрэг хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, удирдах албан тушаалтны хариуцлагыг чангатгах, зөрчил гаргасан тохиолдолд хуульд заасан зохих хариуцлагыг ногдуулж байх талаар тодорхой зохицуулалтыг оруулсан. Үүний нэг илрэл нь УИХ-аас 2023 оны долоодугаар сарын 7-нд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийн ХАСУМ-ийг АТГ-аар хянуулаагүй шууд томилсон тохиолдолд тухайн шийдвэрийг гаргасан эрх бүхий албан тушаалтан буюу байгууллагын удирдлагад нь хариуцлага тооцохоор тусгасан. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд тавигдах хориглолт, хязгаарлалт буюу УИХ-ын гишүүн болон төрийн өндөр зарим албан тушаалтны эхнэр, нөхөр хамтран амьдрагч, хүүхэд нь төрийн албаны удирдах албан тушаал, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газарт удирдах албан тушаал хашихыг хуулиар хориглосон байгаа.
-Авлигын хор хөнөөл яг хэзээ илэрдэг юм бэ. Урьдчилан сэргийлж, хянаж шалгаад байхад авлига оршсоор байгаа шүү дээ.
-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын нэг гишүүн ярьж байна лээ. “Ерөөсөө аливаа тулгамдаж байгаа асуудлыг шийдэх гэхээр эцэстээ бүх асуудал авлигатай холбогдоод байна” гэж. Энэ бол үнэний ортой зүйл. Зарим хүн “За яах вэ. Нэг албан тушаалтан авлига аваа л биз, үндэслэлгүй хөрөнгөжөө л биз” гэдэг. Үүний цаана нийтийн маш том эрх ашиг хөндөгддөг. Хор уршиг нь асар их, цар тахал шиг зүйл бол авлига. Хяналт шалгалтын үйл ажиллагаа нь авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд оршдог. Бидний эцсийн зорилго бол авлигатай тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтооход чиглэж байна.