Монголын нээлттэй нийгэм форумаас “Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдал” тайланг 2023 онд гаргажээ. Монгол Улс Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.1-д “Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх”, 12.1.5-д “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг санхүүжүүлэх” гэж заасан заалтуудыг тус тус үндэслэн хандивлагч орон, олон улсын байгууллагаас гадаад зээл авч байна.
Үндэсний аудитын газрын 2021 оны гүйцэтгэлийн аудитын тайланд дурдсанаар манай улс 1991-2020 онд 267 зээлийн гэрээ байгуулж, нийт 6,887.9 сая ам.доллар 19,706.1 тэрбум төгрөгийн гадаад зээл авч ашиглажээ. Тус зээлийн 35.7 хувийг АХБ, 20.3 хувийг БНХАУ, 15.3 хувийг ЯОУХАА, 8.8 хувийг ДБ, 19.9 хувийг бусад хандивлагч орноос авчээ.
Мөн 2018 онд 590.7, 2019 онд 610.2, 2020 онд 1,195.0 сая ам.долларын зээл авсан. Үүний 44.1 хувийн төсвийн дэмжлэг, 16.5 хувийг зам тээвэр, 7.2 хувийг эрчим хүч, 5.3 хувийг усан хангамж, хотын дэд бүтэц, 4.6 хувийг эрүүл мэнд, 2.5 хувийг боловсролын салбарт тус тус зарцуулжээ.