“Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах ажил” гэх гоё нэр, зорилгоор халхавчлан нийслэлийн ЗДТГ-аас тендер зарлаж, шалгарсан компани нь нэг айлд 800 000 гаруй төгрөгөөр зуух нийлүүлэхээр болоод буй билээ. Тендерийг өчигдөр нээсэн бөгөөд “Экоресурс” гэх ганцхан компани оролцож, нийт 27.4 орчим тэрбум төгрөгөөр айлуудад зуух тараахыг санал болгосон байна. Энэ дүнгээр тооцож үзвэл тус компанийнхан нэг зуухыг 855 000 төгрөгөөр үнэлжээ.
Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх мэдээллээс үзвэл “Экоресурс” компанийг 2018 онд байгуулсан бөгөөд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш төрийн байгууллагуудаас зарласан зургаан тендерт оролцож, хоёрт нь шалгарчээ. Энэ удаагийн зуух нийлүүлэх ажлыг захиалагч тал буюу нийслэлийн ЗДТГ баталгаажуулбал “Экоресурс”-ийн амжилттай оролцсон гурав дахь тендер нь болох нь. Тус компанийн оролцсон тендерүүд нь бүгд агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, ялангуяа зуух нийлүүлэх ажил юм байна. Тэр дундаа зуух нийлүүлэх ажилд монопол болж яваа компани аж. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.1-т зааснаар бол захиалагч тал тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл, “Экоресурс” компанитай гэрээ байгуулж, гэр хорооллын айлуудад тараах, эсэхийг шийдэх хугацаа нь хууль ёсоор бол ажлын 15 хоног юм. Гэвч тендерийг нээхээс ч өмнө оролцогч нь тодорсон, зуухаа тараахад бэлэн гэх хардлага, шүүмжлэл олон нийтийн дунд гараад байгаа билээ.
“Халдаггүй, дүлий зуухыг хэрэглээд гаргаж хаясан иргэдтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо. Утаагүй, давхар шаталттай гэх зуухаа өмнө нь ч тараагаад иргэдийн шаардлагыг хангаагүй. Нэгт, халдаггүй. Хоёрт, дотогшоо угаар цохиж байгаа. Гуравт, 2-3 цаг тутамд гал түлүүлдэг. Дөрөвт, дулаанаа барьдаггүй гэх иргэдийн гомдол байна. Нийслэлийн удирдлага эдгээр асуудлыг үл тоож, уг зуухыг тараах гэж байгаа нь утаагаар далимдуулан шахаа хийх гэснийх бололтой” гэж “Хашаандаа сайхан амьдаръя” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Түмэнбаяр олон нийтийн сүлжээнд мэдээлжээ. Бас зарим хүн дээрх компанийн зуухыг өмнө нь Өмнөговь, Баянгол дүүрэгт туршаад амжилтгүй болсон нь батлагдсан талаар олон нийтэд мэдээлж, сэрэмжлүүлсэн байв.
Дээр дурдсанаар олны үг, шүүмжлэл оргүй зүйл биш бололтой. Тодруулбал, “Экоресурс” компанийнхан Баянгол дүүргийн гэр хорооллын айлуудад хоёр тэрбум төгрөгөөр нийт 2200 зуух нийлүүлэх тендерт өнгөрсөн наймдугаар сард шалгарчээ. Уг ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан санаачилсан бөгөөд зуухны санхүүжилтийг нь улсын төсвөөс гаргасан байна. Үүний дагуу өнгөрсөн намраас айлуудад зуух тараасан гэнэ. “Зуухны үр дүнг судлах ажил өдгөө үргэлжилж байгаа” гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа саяхан мэдээлжээ.
Мөн “Агаарын бохирдолгүй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын айлуудад утаагүй зуух нийлүүлэх ажлын тендерт ч “Экоресурс” компанийнхан шалгарсан аж. Үүний дагуу дээрх компанийнхан Даланзадгад сумын 2000 айлд зуух нийлүүлэх ажлыг өнгөрсөн онд 2.6 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн гэнэ. Энэ мөнгийг орон нутгийн төсвөөс нь гаргасан юм билээ. Тус аймагт тараасан зуухнууд “дүлий” учраас айлууд гаргаж хаяхад хүрснийг цөөнгүй иргэн нийгмийн сүлжээнд бичсэн байлаа.
Ийм зуухнуудаа шахах гэж буй “Экоресурс” компанийн захирал Ц.Мөнхбаатар нь улс төрд нөлөө бүхий хүнтэй хамааралтай этгээд гэх мэдээлэл ч цахим мэдээллийн хэрэгслүүдээр гарах болсон. Тэрбээр яг хэний хамаарал бүхий этгээд болохоороо зуух тараах бизнесийг бараг “өмчилж аваад” байна вэ, дээрх компани нь стандартын шаардлага үйлдвэртэй юү гэсэн цөөнгүй асуулт олон нийтэд байна. Тиймээс 32 000 зуух тараах тендерийн захиалагч нийслэлийн Худалдан авах газрынхнаас дээрх компанитай холбоотой мэдээлэл тодруулсан боловч хариулт өгөхийг хүссэнгүй.
М.Оч