Манай улс 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон билээ. Ази тивд анхдагч хэмээн тодотгодог уг хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дэргэд Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулаад буй. Тус хорооны даргаар ХЭҮК-ын гишүүн С.Дондов ажиллаж байна. Хорооны үйл ажиллагааных нь талаар түүнтэй ярилцлаа.
-Хүний эрх хамгаалагчийн хорооны ажиллах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Харин албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь саяхан. Хууль баталсан ч хэрэгжүүлэх үйл явц удааширсан шалтгаан нь юу байв?
-Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны дөрөвдүгээр сард баталж, долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр заасан юм. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд эл асуудлыг хариуцсан гишүүнийг томилж, хэлтэс, орон тооны бус хороо байгуулах ёстой байв.
2022 оны зургаадугаар сарын 2-нд ХЭҮК-ын хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг УИХ-аас томилсон. Мөн ХЭҮК-т Хүний эрх хамгаалагчийн хэлтэс байгуулсан юм. Уг хэлтэс нь дарга, референт, мэргэжилтэн, ажилтан гэсэн цомхон бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. ХЭҮК-ын хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг томилсон цагаас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг бодитойгоор хэрэгжүүлэх ажлууд эхэлсэн гэхэд болно. Тодруулбал, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн, эсэхийг дүгнэх чиг үүрэг бүхий, орон тооны бус хороо ажиллуулахаар тус хуульд заасан юм. Хорооны даргаар нь ХЭҮК-ын хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн ажилладаг. Гишүүдийн хувьд Монголын хуульчдын болон Монголын өмгөөлөгчдийн холбооноос тус бүр нэг хүн хороонд ажиллахаар хуульчилсан. Түүнчлэн дөрвөн гишүүнийг иргэний нийгмийн байгууллагуудаас сонгон шалгаруулж, комисс батламжлахаар заасан юм. Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд сонгогдсоноор үйл ажиллагаагаа албан ёсоор явуулах боломж бүрдсэн. Хорооны гишүүдийн ажиллах хугацаа нь гурван жил.
ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ ХАНГАДГААРАА СЭТГҮҮЛЧИД ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧИД ТООЦОГДДОГ
-Гишүүдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд багагүй хугацаа зарцуулсан. Нэрээ дэвшүүлсэн хүмүүс шалгуурт нийцэхгүй байсан нь үүнд нөлөөлсөн үү. Хорооны гишүүдээ танилцуулж болох уу?
-Хүний эрхийн чиглэлээр долоогоос доошгүй жил ажилласан туршлагатай, цаашид ч ажиллах сонирхолтой хүмүүс гишүүнд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Сонгон шалгаруулалт явуулахад бэрхшээл нэлээд учирсан нь үнэн. Нэрээ дэвшүүлсэн хүмүүс шаардлагыг бүрэн хангахгүй байх тохиолдол цөөнгүй гарсан юм. Тиймээс сонгон шалгаруулалт удааширч, 2022 оны зургаадугаар сараас өнгөрсөн жилийн гуравдугаар сар хүртэл үргэлжиллээ. Сонгон шалгаруулалтын журмыг хуульд нийцүүлэн боловсруулж, ХЭҮК-ын бүх гишүүний хурлаар баталсан. Ингээд ХЭҮК-ын даргын 2022 оны аравдугаар сарын 3-ны тушаалаар “Гүнж төв” ТББ-ын үүсгэн байгуулагч, зөвлөх Ч.Ундрах, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хүний эрх, хуулийн газрын дарга Ц.Отгонтунгалаг, Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч Х.Баасанжаргал, Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Л.Баасанжав нарыг хорооны гишүүнээр батламжилсан. Мөн 2023 оны гуравдугаар сарын 9-ний тушаалын дагуу “Төв тусгал” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Сундуй, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нар Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнээр ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үйлдвэрчний эвлэлийн, охид, эмэгтэйчүүдийн эрхийн, судалгаа шинжилгээний чиглэлээр мэргэшсэн экспертүүд хороонд ажиллахаар сонгогдсон. Зургаан гишүүн ийнхүү бүрдсэнээр өнгөрсөн оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүллээ.
-Хороо ажилласнаас хойш нэг жил болох гэж байна. Өнгөрсөнхугацаандхэдэнгомдолхүлээж авсан бэ. Тэдгээрийн хэдийг нь эрсдэлтэй гэж дүгнэсэн бол?
-Нэлээд олон гомдол ирсэн. Тэдгээрээс хорооны гишүүд зайлшгүй дүгнэлт гаргах шаардлагатай нь дөрөв байлаа. Тухайлбал, сэтгүүлч, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, малчдын гаргасан гомдлын дагуу ажиллаж, дүгнэлт гаргасан. Түүнд тулгуурлаад ХЭҮК-ын хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн зөвлөмж, шаардлагуудыг холбогдох байгууллага, эрх бүхий хуулийн этгээдэд хүргүүллээ. Комиссын гишүүний гаргасан зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Тиймээс шаардлага, зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянадаг. Мөн хорооны гаргасан дүгнэлтүүд, ажилласан кэйсүүдийг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгаж байна.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудлаар Хүний эрх хамгаалагчийн хороо дүгнэлт гаргасан. Уг нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэг гомдол гаргасны дагуу бид ажилласан юм. Сэтгүүлч бол олон нийтийн мэдэх эрхийг хангадаг субъект. Хууль ёсны дагуу олж авсан мэдээллүүдээ олон нийтэд түгээж, иргэдийн мэдэх эрхийг хангадгаараа сэтгүүлчид хүний эрхийн хамгаалагчид тооцогддог. Хэрэв тухайн сэтгүүлч хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа, шүүхийн шатанд, эсвэл шүүхээр хэргийг нь эцэслэн шийдчихсэн бол үүнд ХЭҮК оролцохгүй байх хуультай. Тиймээс бид эрүүгийн хэрэг үүсгэчихсэн асуудлуудад хөндлөнгөөс оролцож, дүгнэлт гаргаагүй. Харин тухайн сэтгүүлчийг ямар хэрэгт шалгаж байгаа, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, эсэх, zarig.mn вэб сайтын хандалтыг яагаад бүхэлд нь хязгаарласан зэрэг асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл авсан юм. ЦЕГ-аас үүний хариуд Эрүүгийн хуулийн 13.14, 17.6-д заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн, эрх хэмжээнийхээ хүрээнд зайлшгүй тодруулах зүйл бий учраас таслан сэргийлэх арга хэмжээг хуулийн хүрээнд шүүхээс авсан, прокурорын тогтоолоор цахим хуудасны үйл ажиллагааг нээсэн гэх мэдээллийг бидэнд өгсөн.
Мөн хорооноос “Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь хуулийн дагуу болон нууцад хамааруулснаас бусад мэдээ, мэдээллийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор төрийн байгууллага, хуулийн этгээдээс хуульд заасан аргаар олж аван, хэвлэн нийтэлж, бусдад түгээсэн нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн. Түүнчлэн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-4-нд zarig.mn вэб сайт болон фэйсбүүк хуудсыг хаасан нь сэтгүүлчийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон нийтийн мэдэх эрхийг хангахад сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзлээ. Хууль зөрчсөн хэсгийг нь л хааж, шалгаж болно. Түүнээс биш бүхэлд нь хааж байгаа нь зөрчилтэй. Мөн шүүхээс гэм буруутай, эсэхийг нь тогтоогоогүй байхад нийгмийн сүлжээнд илт сөрөг мэдээллүүд олон гарсан нь сэтгүүлчийн сэтгэл зүй, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж дүгнэлээ. Үүнд хүний хувийн мэдээллүүд багтсан учраас бид бүхэлд нь олон нийтэд танилцуулах боломжгүй. Харин дүгнэлтийг сэтгүүлчид биечлэн хүлээлгэж өгсөн. Үүнийг хаана, хэрхэн ашиглах нь хувь хүний шийдэх хэрэг.
ИТГЭЛ ҮНЭМШИЛДЭЭ ТУЛГУУРЛАН ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭН ҮЙЛДЛИЙГ НЬ ХҮНДЭТГЭХ ЁСТОЙ
-Дээрх тохиолдлоос гадна ямар гомдлуудын дагуу дүгнэлт гаргасан бэ?
-Газар нутгийнхаа төлөө шударга тэмцэл өрнүүлсэн малчид үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ялгаварлан гадуурхагдсан гэх гомдол ирүүлсэн. Ер нь ийм тохиолдол түгээмэл байна. Тэдний шударга шүүмжлэлийг төрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ анхаарах шаардлагатай. Итгэл үнэмшилдээ тулгуурлан үзэл бодлоо илэрхийлсэн үйлдлийг нь хүндэтгэх ёстой гэсэн агуулгатай дүгнэлтийг хорооноос гаргалаа. Хоёрдугаарт, үйлдвэрчний эвлэлийн байгууллага хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл зарим ажил олгогч үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэсэн гомдол хүлээж авсан. Үүнд тулгуурлаад ажил олгогч нь үйлдвэрчний эвлэлд ямар нэгэн цензур тавих ёсгүй гэж дүгнэсэн юм. Мөн жагсаал, цуглаан хийх үедээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллалаа. Шударгаар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг үл ялих зүйлээр шалтаглан баривчлан хорих ёсгүй. Иргэдийн энэ эрхээ эдлэхэд нь ямар нэгэн хорио саад, хүндрэл бэрхшээл учруулахгүй байх шаардлагатай. Ийм соёлыг түгээх нь чухал ач холбогдолтой гэсэн агуулга бүхий дүгнэлтүүд гаргаж, гомдол гаргасан хүмүүст нь хүлээлгэн өгсөн. Зарим дүгнэлт дээр өдгөө ч ажиллаж байна. Гомдлын мөрөөр хийсэн үйл ажиллагаануудад тулгуурлаад төрийн холбогдох байгууллага болон хуулийн этгээдэд зөвлөмж, шаардлага хүргүүлж буй. Дүгнэлт бүрийг бүрэн эхээр нь олон нийтэд мэдээлдэггүй. Хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг зөвхөн өөрт нь л хүлээлгэж өгнө.
-Гомдол олон ирсэн ч дүгнэлт гаргах хэмжээнийх нь цөөн байжээ. Энэ нь олон нийт хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг төдийлөн ойлгоогүйтэй холбоотой юу?
-Тийм. Хүний эрхийн хамгаалагч гэж хэн болох, ямар үйл ажиллагаа явуулах ёстойг Хүний эрх хамгаалагчийн тунхаглал болон Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэлээд өргөн агуулгаар, тодорхой заасан байдаг. Тухайлбал, “Ганцаараа болон бусадтай нэгдэн, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хэн боловч хүний эрх хамгаалагч мөн” гэж. Ингэхдээ нэгдүгээрт, хуулийн хүрээнд, хоёрдугаарт, тайван замаар үйл ажиллагаа явуулах ёстой. Хэн нэгэнд хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, эсвэл гүтгэн доромжилсон, нэр хүндийг нь гутаасан байдлаар үйл ажиллагаа явуулахыг илт хориглосон. Ялангуяа эдгээр хориглосон заалтыг иргэд түлхүү ойлгоосой. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг соёлыг төлөвшүүлэхэд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль чухал хувь нэмэр оруулна гэж бодож байна.
Нөгөө талаар дүгнэлт гаргасан кэйс цөөн мэт харагдавч тэдгээрийн цаана өрнөдөг ажиллагаа асар их. Гомдлын мөрөөр ажиллахад талуудын байр суурийг сонсохоос эхлээд холбогдох баримт, мэдээллүүдэд анализ хийж, эрх зүйн дүгнэлт гаргах гэх мэтийн нарийн төвөгтэй ажиллагаа шаарддаг. Тэр хэрээр цаг их зарцуулж байна. Дүгнэлт гаргах үйл ажиллагааны хамгийн гол бүрэлдэхүүн нь эрсдэл, аюулын зэргийг үнэлэх юм. Эрсдэлийн үнэлгээгээр тухайн хүний өнөөгийн нөхцөл байдлыг тогтооно. Аюулын зэрэг үнэлэх аргачлалаар тухайн хүний амь, эрүүл мэндэд аюул учирсан уу, үгүй юү гэдгийг тодорхойлдог. Гомдол ирэхэд юуны өмнө анализ хийж, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн байж болзошгүй тохиолдолд хорооны 2-3 гишүүн асуудлыг нарийвчлан судална. Үүний дараа хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ гомдлыг хэлэлцээд, дүгнэлтээ хамтын шийдвэр болгон гаргадаг. Хорооны үйл ажиллагааны үндсэн процесс нь ийм.
Энэ нь манайд нэн шинэ ийм механизм тул суурийг нь зөв тавих, олон нийтэд сурталчлах нь чухал байгаа юм. Тийм учраас бид энэ жил Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг олон нийтэд хүртээмжтэй байдлаар, энгийн, ойлгомжтой хэлбэрээр таниулахад анхаарахаар төлөвлөсөн. Ялангуяа хүний эрх хамгаалагчийн бүрэлдэхүүнд багтдаг сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, хууль хяналтын байгууллагын ажилтнуудад өөр өөрсдийнх нь онцлогт тохирсон байдлаар ойлгуулсан сурталчилгаа явуулах зорилготой. Бас орон нутгуудад сурталчилгаа хийх зорилт тавиад байна.
ШИНЭ МЕХАНИЗМЫН СУУРИЙГ ЗӨВ ТАВИХ САН ГЭСЭН ЗОРИЛГООР Л АЖИЛЛАЖ БАЙНА
-Хүний эрх хамгаалагчийн хороо үйл ажиллагаа явуулахад мэдээж зардал гарна. Үүнтэй уялдуулаад хорооны төсөв хүрэлцдэг үү гэдгийг лавламаар байна.
-ХЭҮК-ын төсвийг жилээс жилд тодорхой хэмжээгээр нэмж, хараат бус байдлыг нь хангахад төрөөс анхаарч байгаа. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зардлыг улсын төсвөөс гаргадаг шүү дээ. Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд орон тооны бус учраас ажилласан хугацаагаараа цагаа бүртгүүлээд, түүнийхээ дагуу урамшуулал авдаг. Хорооны гишүүд орон тооны бус ч өндөр хариуцлага хүлээж, сайн ажиллаж байгаа. Хүний эрхийн нарийн мэдрэмжтэй, туршлагатай, олон улсын гэрээ, конвенц, НҮБ-ын гэрээний хороодоос ирүүлсэн зөвлөмж, тусгай илтгэгчдийн дүгнэлт, дотоодын хууль тогтоомжуудыг сайн мэддэг хүмүүс сонгогдсон гэж үзэж байна.
-Хорооны бүтэц, зохион байгуулалтыг хуульд тусгачихсан. Тэгвэл өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд ажилласан практикаас харахад хуульд заасан бүтэц, бүрэлдэхүүн хангалттай байна уу. Эсвэл нэмэх, сайжруулах шаардлагатай юу?
-Бид нэг жил орчмын хугацаанд үйл ажиллагаа явуулсны үр дүнд хэрхэн ажиллах ёстой вэ гэдэг дүр зургаа ерөнхийдөө бий болгосон. Цаашид үүнийгээ сайжруулан, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарна. ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ажилтнууд болон хорооны гишүүдийн чадавхыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн илүү сайжруулах нь чухал. Дотоодын хууль тогтоомжуудаас гадна олон улсын стандартууд, бусад улс орны туршлагыг судлах гэх мэтээр өсөж хөгжихөд нь анхаарах шаардлагатай гэсэн үг. Шинэ механизм ажиллаж байгаа учраас мэдээж алдаа, оноо бий. Бид тэдгээрийг аль болохоор тэр даруйд нь засаж, сайжруулаад л явахыг зорьж байна.
-Сүүлийн үед сэтгүүлчийн мэдээлэл олж авах, олон нийтийн мэдэх эрх зөрчигдөх нь ихэслээ. Энэ талаар гомдол ирүүлж байна уу?
-Олон нийтийн мэдэх эрхийг хангах нь сэтгүүлчдийн нэн тэргүүний үүрэг. Хуулийн хүрээнд мэдээлэл олж авах, ёс зүйтэй ажиллах нь сэтгүүлчдийн нэн тэргүүнд анхаарах зүйлийн нэг гэж бодож байна. Сэтгүүлчид үзэл бодлоо илэрхийлэх эрхээ ямар нэгэн хорио саадгүй эдлэх нь чухал. Магадгүй хууль ёсны дагуу ажлаа хийх үедээ эрхээ зөрчүүлсэн бол ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хороонд гомдол гаргаж болно. Харин мэдээлэл олж авах явцдаа бусдыг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, хууран мэхэлсэн, гүтгэж доромжилсон бол хууль бус үйлдэл.
-УИХ-ын ээлжит сонгууль удахгүй болно. Үүнтэй холбоотойгоор“Би хүний эрх хамгаалагч” гэх хүний тоо олширч магадгүй юм. Бас бусдын нэр төрд халдах тохиолдлууд ч гарч мэднэ. Энэ үед хороо хэрхэн ажиллах вэ?
-Хүн бүр үгээ чөлөөтэй хэлж, шүүмжлэх эрхтэй. Гэхдээ илт худал мэдээлэл тарааж, бусдыг гүтгэж, доромжилж, эсвэл хүч хэрэглэн, айлган сүрдүүлж болохгүй. Бас хэн нэгэнд шүүмжлүүлчхээд “Миний нэр төрийг гутаалаа” гэж хандах нь зохимжгүй. Тэр хүн ажлаа хийж чадахгүй, үүргээ гүйцэтгэхгүй бол шүүмжилнэ шүү дээ. Мэдээж хэт туйлшраад, “Би хүний эрхийг хамгаалдаг” гээд бусдын буруу зөрүүг нь хүртэл үндэслэлгүйгээр хамгаалаад байж болохгүй. Хүний эрхийн мэдрэмж бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, хүний эрхийн нийтлэг соёлыг төлөвшүүлэх л юм. Энэ нь маш энгийн буюу бие биеэ хайрлаж хүндлэх, зөв санал, санаачилгуудыг дэмжиж, хамтран ажиллах явдал. Бид аливаа асуудалд хуулийг дээдэлж, үнэн бодит байдалд тулгуурлан ажиллах нь чухал. Хүний эрх хамгаалагчийн энэ шинэ механизмыг удирдаад эхлүүлсэн хүний хувьд аль болох суурийг нь зөв тавих сан гэсэн зорилгоор л ажиллаж байна даа.