Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа Б.Цогтбаатартай ярилцлаа. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасаг, УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга зэрэг мөрдөн шалгах чиглэлээр тасралтгүй 20 жил ажиллаад, 2019 оноос ДХИС-д ахлах багш, албаны дарга, өдгөө Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын тэнхимийн профессороор ажиллаж буй тэрбээр байгаль орчны олон хэргийг мөрдөн шалгаж байсан туршлагатай нэгэн юм.
-Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг бүтээл, илтгэл шалгаруулах, грант олгох төслийн уралдаанд амжилттай оролцсонд баяр хүргэе.
-Баярлалаа. ХЗДХ-ийн сайдын нэрэмжит шилдэг бүтээлийн төрөлд “Ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргийн нотолгоо” нэг сэдэвт бүтээлээрээ анх удаа өрсөлдөж, тусгай байрт шалгарсан юм. Урам хайрласан сайхан арга хэмжээ боллоо. Энэ бүтээлийнхээ эхэнд “Эцгийн хэлсэнчлэн “Бид эх орныхоо хилийг хамгаалснаар, газар нутаг амгалан оршиж байсан. Гэтэл өдгөө эх орон, газар шороог дотроос нь хамгаалах цаг иржээ” гэснийг эргэцүүллээ” хэмээн бичиж сэтгэл, зорилгоо илэрхийлсэн юм.
-Та Мөрдөн байцаах албанд Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийг анх байгуулахад энэ чиглэлээр ажилласан туршлагатай мөрдөгчдийн нэг. Энэ төрлийн гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр судалгаа хийж, одоо залуу мөрдөгчдөд туршлагаа хуваалцаж байгаа хүн. Байгаль орчны эсрэг гэмт хэрэг шалгахад ямар бэрхшээл тулгардаг вэ?
-УМБГ-ын дэргэд Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс анх 2011 оны долоодугаар сард байгуулагдсанаас хойш найман жил ажиллажээ. Үүнээс өмнө нь тус газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст байгаль орчны чиглэл хариуцан ажиллаж байсан болохоор тодорхой хэмжээний туршлага суусан байх. Гэхдээ хүрээлэн байгаа орчин гэдэг маш том ойлголт тул сурч мэдэх, ажиллах зүйл их бий. Миний хувьд 10 жил хийсэн судалгааныхаа үр дүнд тулгуурлан 2021 онд “Ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргийн нотлох ажиллагаа” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан юм. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг гэхээр л манайхан модны хулгай, амьтан хууль бусаар агнасан төдийхнөөр л ойлгож ирсэн. Гэтэл дэлхий нийтийн чиг хандлага уг асуудлыг томоохон хэмжээнд авч үздэг, өргөн хэмжээний ойлголт болсон нь олон зүйл дээр харагдаж байна. Энэ төрлийн гэмт хэргийг шалгаж тогтоох, хянах, шүүн хэлэлцэхэд ихээхэн сэтгэл, зүтгэл, мэдлэг шаарддаг. Гэтэл энэ нь хангалтгүй байгаа нь томоохон бэрхшээл дагуулсаар буй юм. Жишээ нь, иргэн Дорж, Дондог нар зодолдсон, биед нь гэмтэл учруулсан бол эрх ашгаа хамгаалахаар мөрдөгч, прокурор, шүүгчид тасралтгүй хүсэлт, гомдол гаргаад мөрдөн шалгах ажиллагаа идэвхтэй явагддаг. Гэтэл байгаль өөрөө гомдол, хүсэлт гаргадаггүй, “амьгүй” эрх зүйн оролцогч тул түүнийг төлөөлж эрх ашгийг нь хамгаалах төрийн субъектийн идэвхтэй, сэтгэлтэй, мэргэжлийн үйлдэл байхгүй л бол хөсөр хаягдаж байдаг гэмтэй. Нөгөө талаар хүрээлэн буй орчин, авлигын гэх мэт нийтийн эрх ашиг зөрчигдсөн хэргүүдэд прокурорт төрийн эрх ашгийг хамгаалах нэгж байгуулан хохирогчоор оролцож байх нь зүйтэй мэт санагддаг. Ялангуяа уул уурхай, албан тушаал, авлигын хэргүүдэд тухайн орон нутаг, байгууллагын албан тушаалтны дам болон шууд оролцоо гэмт хэргийн хамтран оролцогчийн түвшинд яригддаг. Тэдгээрийн шууд болон харьяанд ажиллаж байсан, эсхүл ажил үүргийн хувьд өөрөө хариуцдаг байсан байгаль орчны улсын байцаагч, байгаль орчин хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагч, байгууллагын нягтлан бодогч зэрэг хүмүүсийг хохирогчоор оролцуулах нь ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг, хараат байдлыг тооцоогүй үйлдэл гэдэг нь олон жилийн судалгаанаас харагдаж байна. Мөн байгаль орчны хэрэг мөрдөн шалгах гэдэг нь манайд олон зуун жил мөрдөн шалгах ажиллагаа явуулаад туршлага тогтсон хүний амь хөнөөсөн, хүчингийн, дээрмийн, хулгайн зэрэг гэмт хэрэг шалгахаас тэс өөр зүйл. Мөрдөлтийн үндсэн туршлага дээрээ байгаль орчны салбарын мэдлэг, хууль тогтоомж, эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй нягт харилцаатай ажиллаж байж “технологийн мөрдөлт”-ийн тусламжтай нотолж чаддаг сонгомол ажиллагаа юм.
-Ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэрэг гарахад орон нутгийн удирдах албан тушаалтнуудын оролцоо бас бий гэж хардаг. Та ч сая хэллээ. Гар аргаар алт олборлогч нарт ч, аж ахуйн нэгжийнхэнд ч ийм давуу байдлыг сум, орон нутгийн удирдлага олгосон тохиолдол хэр их гардаг бол?
-Одоо чинь 1990-ээд оных шиг шууд ухаад, дайраад, олон мянгаараа шаваад байх нь бага болсон. Ихэнх тохиолдолд зохион байгуулалттай, лиценз авсан талбайгаа хэтрүүлэн олборлолт хийдэг, нөхөн сэргээлт нэрийн дор орон нутгийн ИТХ-аас шийдвэр гаргуулж, гэрээ байгуулдаг зэргээр нэг л сайхан хууль тогтоомж дээдлэн байгаль эхээ нөхөн сэргээх гэж байгаа хүмүүс харагддаг. Гэтэл цаанаа ашиг олох атгаг санаа агуулж хууль, хүн хоёрыг хэрхэн яаж тойрч гарах вэ гэдэг асуултад л ухаанаа уралдуулж байна. Энэ явдалд нь орон нутгийн захиргаа татагдан орох нь их болсон. Мэдээж орон нутгийн захиргаа, хариуцсан мэргэжилтнүүд дотор зөв, шударга, сайн нь олон. Гэтэл зарим нь хэрэгт ашгийн төлөө оролцоод, арга саам хэрэглэх боломжийг нь хамтран бодолцож эхэлдэг бөгөөд үүнийгээ сум хөгжүүлэх сан, сум, аймгийн бүтээн байгуулалтад хандив авах зэргээр халхавчлан өөртөө ашиг хүртдэг. Судалгаагаар 2012-2017 онд орон нутгийн захиргаад алт олборлох нөхцөлийг дэмжсэн шийдвэр, гэрээ гэх мэт баримт бичгийг улсын хэмжээнд 94-ийг гаргасан байдаг.
-УМБГ-т ажиллаж байхдаа “Орхон гол”-ын, “Шинь шинь”-ийн гээд олны анхаарал татсан цөөнгүй ажлын хэсгийг ахлан мөрдөж, газар дээр нь очиж ажилласан байх аа.
-“Орхон гол”-ын гэх хэрэг 2011 оноос хойш олон жил үргэлжилсэн дээ. Уул уурхайн 38 компани олборлолт явуулж байсан Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Орхон голын эхийг бүрдүүлж буй Харгуйт, Шийрт, Яст, Өлзийттээл, Бодонт, Өлийн, Гүүт, Их тээлийн зэрэг голын ай сав, Улаан чулуут, Шийрт, Харгуйт, Дунд нүүр, Бодонт, Өлзийттээл зэрэг уулын ам дагуу 30 орчим км-ийн диаметрийн огтлолцол бүхий талбайд зургаан хоног үргэлжилсэн хэргийн газрын үзлэг хийж байв. Үзлэгийн тэмдэглэл, зураг нь гэхэд 250 орчим хуудас болж байлаа. Тухайн үеийн мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд, орон нутгийн цагдаа, уул уурхайн болон усны эрдэмтэд, шинжээч зэрэг олон хүн ажиллаж байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоож байсан юм. Энэ ажлын үр дүнд Орхон голын ус хэдэн жилдээ бохирдол нь арилж, цэвэршин урссан шүү дээ. Харин сүүлийн жилүүдэд мэр сэр бохирдсоор байгаа юм билээ. “Орхон гол”-ын гэх эхний хэргийг 2011 оноос шалгаж томоохон хоёр компанийг эрүүгийн хариуцлагад татаж, үүнээс салбарлаад уурхайн олборлолт явуулсан 36 жижиг аж ахуйн нэгж нийлсэн 56 яллагдагчийг шалгасан юм. Нэг томоохон аж ахуйн нэгжийн захирлын гэрт нотлох баримт байна гэх үндэслэлээр нэгжлэг хийхээр хяналтын прокуророор тогтоол батлуулан ажиллагаа хийж байх үед дээд шатны прокурор нь нэгжлэг явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргээс холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох утга бүхий хоёр ч тогтоол гаргаж байлаа. Орхон гол улаанаар эргэж, бохирдоод байсан тул үндсэн хэргийг нь хэрэгсэхгүй болгоогүй. Гэхдээ нэг томоохон холбогдогчийг нь хэрэгсэхгүй болгочхоор бусад жижиг аж ахуйн нэгжийг л шалгах зам үлдэж байлаа.
Дорнод аймгийн нутаг дахь Улааны холимог металлын ордтой холбоотой хэрэг мөрдөж байхад газрын гүн дэх малталт нэвтрэлтийг тогтоохоор хэргийн газрын үзлэгийг ураны цуллаг бүхий нөхцөлд зургаан цаг гаруйн хугацаанд явуулсан юм. Электрон дозометр багаж 15 мкз буюу хүний нэг жилд авах шарлагын тунг үзлэг явуулсан алба хаагчид тухайн үед авсныг зааж байлаа. Шалгалт хийж байхдаа 700 гаруй хүн ажиллах нөхцөлтэй том уурхайд, ураны томоохон нөөцтэй хүдрийн биет бүхий орчинд нөхөн үржихүйн насны олон хүн ажиллаж байгаад сэтгэл зовниж л байсан юм даг. Гэвч тэр хэргийг УЕПГ-аас татаж хянаад хэрэгсэхгүй болгочихсон. Түүнээс хойш хоёр жилийн дараа сэргээн шалгаж эхэлсэн. Учир нь уурхайн лабораторид ашигладаг 29 төрлийн химийн бодистой хаягдал ус газрын гүнд нэвчиж, байгаль орчныг бохирдуулсаар байсан тул “даравч дардайна” гэдгийн үлгэрээр дахин гарч ирсэн хэрэг. Ер нь байгаль орчны хэргийг нэг удаагийн шийдвэр, ашиг сонирхлоор хэрэгсэхгүй болгож шийдлээ ч үр дагавар нь олон арван жил аюул дагуулсаар байдаг онцлогтой. Тиймээс үүнийг сайн ойлгож, шийдвэр гаргаж байгаасай. Сэрэмжлүүлэх үүднээс ерөнхий юм хэлэхээс биш, энэ олон хэргийн талаар нарийвчлан ярих боломжгүй.
-Сэлэнгэ аймгийн нутагт хууль бусаар алт олборлосон хэргүүдийг ч шалгаж байсан шүү дээ.
-Тийм ээ. “Сэлэнгийн алтныхны” гэх хэргүүдээс байгалийн асар их баялгийг тусгай зөвшөөрөлгүй олборлож байсан нэг харамсалтай хэрэг санаанаас ер гардаггүй юм. Урсгал сөрөөд түүнийг нь зогсоосон замын цагдаагийн алба хаагч руу салаавч гаргаад байсан нэг нөхөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Хуст нарийны аманд 2014-2015 онд лицензгүй алт олборлосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Хэргийн газарт үзлэг хийхэд уулын ам өгсөөд 3-4 км үргэлжлэх залуу, нарийн хус модноос бүрдсэн амны моддыг, хуучин эвдэгдсэн газартай нь тэр чигт нь бульдозероор түрж, хөрсийг нь хуулаад баялгийг нь ухаж авсан байв. Олон мянган нарийн хус модыг тэр чигт нь түрээд ул мөрөө баллахын тулд шороогоор дарчихсаныг хараад “Монгол хүн мөн үү” л гэж бодогдсон. Хэргийг илрүүлээд, үзлэг хийгээд буцахад үргэлжлүүлээд л ухаад байдаг, шаардлага тавиад ч хүлээж авдаггүй. Ийм үйлдэл дөрвөн удаа давтагдаж, арга ядаад хэргийн холбогдогч дээрх залууг цагдан хорих санал прокурорт хүргүүлэхэд хүлээж аваагүй. НПГ-ын ерөнхий прокурор луу орж байж саналаа зөвшөөрүүлэн шүүхэд саналаа хүргүүлж, анхан шатны шүүгч нь хорихыг зөвшөөрсөн. Яллагдагчийг Цагдан хорих байранд хүргэж өгөөд удаагүй байтал тухайн дүүргийн ерөнхий шүүгч нь суллах шийдвэр гаргаж байв. Тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг Шүүхийн сахилгын хороонд өгөөд ч нэмэр болоогүй. Энэ явдлаас хойш нэг сар орчмын дараа2015 оны арванхоёрдугаар сарын 16-нд НПГ-ын хяналтын прокурор Ж.Сандагсүрэнгийн Мөрдөн байцаагчаар хэргийг мөрдүүлэхийг зогсоох тухай тогтоол гарч “Яллах талыг барьсан, яллагдагчаар үндэслэлгүй татсан, шинжилгээ хийлгэх журам зөрчсөн” зэрэг үндэслэл зааж надаар уг хэргийг мөрдөн байцаалт явуулахыг болиулаад, хэсэг хугацааны дараа хэрэгсэхгүй болгосон. Харин сүүлд нь тухайн хэрэг дотор давхар шалгаж байсан залилангийн хэргийн хохирогч нь цусаараа гэрээслэл бичсэн, яллагдагч залуу цагдаа руу салаавч гаргасан асуудал олон нийтийн сүлжээгээр хүчтэй өрнөхөд уг хэргийг сэргээн шалгаж Сэлэнгэ аймаг дахь шүүхээр шийдвэрлүүлсэн түүхтэй.
Тэр хэрэг одоо УЕПГ дахь Эрүүгийн хэргийн төв архивт хадгалагдаж байгаа. Судлаач нар бодитоор уншиж, баримтаар нягталбаас орчин цагийн мөрдөгч хэрэг мөрдөх гэж ямар их хүндрэл бэрхшээл, зовлон зүдүүр, дарамт шахалт амсаж байж ард нь гардгийг ойлгох байх. Ялангуяа “прокурор, шүүгч нар яллагдагчийн талын шугам дээр зогсож байгаа бол хэргийг нотлох нь зүдүүртэй, зүдэргээнт мөрдөн шалгах ажиллагаа, цаг хугацааг хэрхэн саармагжуулж болохын бодит жишээ юм. Ер нь нэр нөлөөтэй, ар талтай, байгалийн баялгаас хууль бусаар асар их ашиг олж байгаа хүмүүсийн хэргийг шалгана гэдэг их цэгцтэй, тасралтгүй хөдөлмөр, сэтгэл зүйн тэнцвэр шаарддаг ажил. Мөрдөгчөөр ажиллаж байхад цаг хугацаа хүрэлцдэггүй бөгөөд заримдаа “хүмүүс долоо хоногийн таван өдөр л ажиллаж хоёр бүтэн өдөр амрах юм даа, ажлын өдөр зургаа байсан бол ч их юм амжуулна даа” гэж бодогдох үе байдаг. Учир нь аж ахуйн нэгж, төрийн олон байгууллагаас лавлагаа, баримт авах, баривчлах шаардлагатай хүнээ шийдүүлэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах гээд өөрөөс шалтгаалахгүй олон зүйлд санааширч хүлээх болдог.
-Үндэслэлгүйгээр яллагдагчийг хорьсон гэх мэтээр таныг шалгуулах, эсвэл элдэв дарамт шахалт ирдэг байсан биз?
-Эрүү шүүлт тулгасан гэх мэтээр шалгуулах, эсвэл элдэв дарамт шахалтад орох явдал мөрдөгч хүнд нийтлэг л тохиолддог асуудал. Үүнд сэтгэл зүйн тэнцвэрт байдал, хууль эрхийн ухамсрыг удирдлага болгож өөртөө итгэлтэй, зөв шударгыг баримталж байж л гардаг зүйл. Эрүүгийн процесс өөрөө үнэн байх нь чухал зүйл. Түүнээс биш, С.Зоригийг хөнөөсөн хэрэг шиг зохиомол зүйл байвал зарим нь үнэн байлаа ч хэргийн хувь заяаг бүрэн өөрчилдөг. Ер нь манайд хүний эрх гэж хэт хавтгайраад улс, үндэсний эрхийг орхигдуулдаг явдал газар авсан даа. Улс, үндэстэн оршин байж түүн доторх хүний эрх яригдах учиртай. Иймд аль алийг нь орхилгүй авч үзэх учиртай болов уу. Сүүлийн үед УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулна ч гэх шиг суурь судалгаагүй сэтгэлийн хөөрлөөр яригчид олон болсон. Тэр алба бол тухайн үедээ ажилдаа сэтгэлтэй, зоримог, албандаа үнэнч олон залуусыг бага жаахан алдаан дээр нь дөрөөлөөд л ялтан, нотолж байсан хэргийг нь хэрэг биш болгож байсан олон тохиолдлыг нуух хэрэггүй. Миний хувьд гэхэд нэг хэргийн яллагдагчийн зургаан өмгөөлөгчтэй тулж, ХЭҮК, прокурорын таван шат, ЦЕГ-ын дотоод хяналт, шалгалт, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны хяналт, шалгалт гээд 15 байгууллага, албан тушаалтнаар дамжин яллагдагчийн талынханд гүтгүүлж, нэг жилийн хугацаанд 26 гомдлын эзэн болж шалгуулж сүүлдээ “өөрөө хэрэгтэн бил үү, хэрэг шалгаж байгаа мөрдөгч бил үү” гэдгээ мартталаа зовж байсан удаа бий. Гэвч нотолгооны процесс нэг бүрийг гэрчтэй, баримттай, бичлэгтэй хийж байсныхаа дүнд хэргээ бүрэн дүүрэн, бүх шатны шүүхээр шийдүүлж байлаа. Гэхдээ маш их ядарсан, сэтгэл санааны хувьд маш хүнд байсныг энд дурдах нь зөв биз ээ.
-Заавал яагаад байгаль орчны эсрэг гэмт хэргийг голлон судалж анхаарал хандуулах болсон бэ. Мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа учир зүйн үндэс байдаг уу?
-Жирийн хэргүүд олон жил мөрдсөн, сүүлд Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөгч байхдаа үе үеийн банкны дампуурал, хадгаламж, зээлийн хоршоодын, албан тушаалтнуудын, мөнгө угаах болон залилангийн томоохон хэргүүдийг хэлтсийнхэнтэйгээ ажлын хэсэг болж шалгаж байлаа. Тэр үед байгаль орчны хэрэг мөрдөх нэгж байгаагүй бөгөөд уул уурхайн хэд хэдэн хэргийг мөрдөн шалгаж нотлох гэж үзээд мухардах тусам илүү их сонирхох болсон. Өөрөөр хэлбэл, хүний оршин тогтнолын дээд эх нь байгаль эх юм гэх бодол төрж байлаа. Нөгөө талаар “энэ зэрлэг капитализмын цаг үед мөнгө хайсан хүмүүс байгаль руу хомхойрон дайрах явдал бүр ихсэх нь” гэсэн хэтийн төлөв ч ажиглагдсан. Ингээд удалгүй Байгаль орчны хэрэг мөрдөх хэлтэс байгуулагдаж, удирдлагууд намайг шилжүүлэн ажиллуулсан. Байгаль орчны салбарыг сонирхох тусам ямар их дуусашгүй мэдлэг олгох, танин мэдэхүйд их ойрхон, олон талт ажиллагаа шаардсан, эх оронд туйлын хэрэгтэй салбар болохыг ойлгож, шимтэн судалж, хэргээ ч сэтгэл гарган мөрдөхийг хичээх болсон доо.
Бид байгаль орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэхийн тулд үндсэн ажлын хажуугаар судалгаа хийж, УИХ-ын байнгын хороонд асуудал тавьснаар 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний 05 тоот тогтоол гарч, тав дахь заалтад нь “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагыг бэхжүүлэх, чадавхыг сайжруулах, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох үүрэг бүхий нэгж байгуулах” гэж тусгуулан, Засгийн газарт чиглэл болгосон нь одоогийн Экологийн цагдаагийн албаны болон ШШЕГ-ын харьяа Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, шинжилгээ хийх нэгжийн үүсэлд түлхэц болсон юм.
Шалгасан хэрэг болгондоо анализ, дүн шинжилгээ хийж, нэмэлт баримтуудыг нягталж, тухайн хэргийг нотлохоос гадна манай эрүүгийн процесс буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчийн, хяналт тавьж буй прокурорын алдаа, дутагдал, гэмт хэргийн шинжтэй оролцоо, нөлөөлөл, шүүх, шүүгчийн хандлага гээд судалж, дүгнэж болох бүхий л зүйлд анзааргатай хандаж эхэлсэн.
Миний судалгааны ажлын нэг чухал зүйл нь хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн Монгол Улс дахь гинжин хэлхээний зураглалыг тогтоосон явдал болов уу. Уг гинжин хэлхээний зураглалд гэмт хэргийн зохион байгуулалттай шинж илүү тод харагддаг. Харин нэгэнт хэрэг үүсгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргээ хуулийн байгууллагад шургалсан байж болзошгүй гэмт бүлэглэлээс “хамгаална” гэдэг өнөө цагт бас л ур ухаан шаардсан, хүчин мөхөстөж дуусах магадлал ихтэй ажил юм шүү. Миний харж байгаагаар АТГ-ынхан мөрдөн шалгаж буй хэргийнхээ гадна нөлөөллийг бууруулж, хэргээ “хамгаалж” чадаж байгаа тал ажиглагддаг. Тагнуулын байгууллагын мөрдөн шалгах ажиллагааг мэдэхгүй юм, цагдаа бол прокурорын хараа хяналтын төгс түвшинд “зодуур даадаг нохой” гэж зүйрлэхээр л байна. Ер нь цаашид энэ мөрдөн байцаах алба, мөрдөгчийн үйл ажиллагаа, эрх зүйн байдалд дүн шинжилгээ хийж бие даасан хараат бус байдлыг сайжруулан, Мөрдөх албаны хуулийг боловсруулж, батлуулахгүй бол эрүүгийн процесс хэрэгжүүлэгч байгууллагуудын эрхийн баланс алдагдсан өнөөгийн нөхцөлд хүний эрх, улс үндэсний эрх ашгийг хангах боломж суларсаар үнэнтэй хожим л нүүр тулах байх. Манайхан шүүх, прокурорт анхаараад мөрдөгчөө тоодоггүй, эсхүл дээрэлхүү хандах, бичээч болгох, зөвхөн даалгавар гүйцэтгэгч төдийхнөөр хардаг. Гэтэл мөрдөгч хүн бол өнөөгийн төрөөс итгэж болох бодит үнэнийг тогтоогч, үндсэн тулгуур юм шүү дээ. Итгэхгүй, эрхийг нь өгөхгүй байж “хий, шалга, нотолж тогтоо” гээд “арван эзний нэг зарц” болгож тал талаас нь хашхираад, зандчаад байхаар хэн хийх юм бэ. Өнөөдөр яг л ийм байдал үүссэн учир үр дагавар нь иргэдээс өргөдөл, гомдол гаргаад, хохирсон асуудлаа яриад тэр нь хугацаа алдаад, сунгуулаад, сунжраад, шалгагдахгүй, шийдэгдэхгүй явсаар байгаа нийтлэг дүр төрхөөр л илэрч байна. Шүүх, прокурор гээд хэдэн “цагаан гартан”-даа анхаарч яриад, тэднээс бодит үнэн нэхээд байх юм. Тэр мөрдөгчөө анхаар, түүнд чинь л бодит үнэн нуугдаж байгаа, тэд л нотлон гаргаж ирдэг юм. Мөрдөгч бол та бидний үр хүүхэд дундаас ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, дөрвөн жил эрх зүйн дээд боловсролыг мөрдөгчийн ажлын зарим хэсэгтэй сураад гарч байгаа залуус шүү дээ. Гэтэл тэдний ажиллах боломж, эрх зүйн орчныг орхигдуулсаар байгаа нь харамсалтай.
-Орон нутагт байгаль орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах мөрдөгчийн орон тоо бий болгосон атлаа шалгаж шийдвэрлэх чиг үүрэг нь хумигдмал байгаа юм билээ. Хууль эх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ямар ажил хийх хэрэгтэй вэ?
-Экологийн цагдаагийн алба байгуулж, орон нутагт экологи хариуцсан байцаагч томилон ажиллуулж байгаа. Гэхдээ эдгээр цагдаагийн офицер байгаль орчны хэрэг мөрдөхөөс илүү байгаль орчны зөрчлийн зарим зүйлийг шалгах нь улсад тустай. Засгийн газраас экологийн асуудалд ийнхүү анхаарч байхад Зөрчил шалган шийдвэрлэх хуульд эдгээр хүмүүст харьяалах зөрчлийг нь шалгуулах эрхийг тусгасан хуулийн нэмэлт, өөрчлөлт УИХ дээр “очоод” хоёр жил дарагдаж байгаа юм. Хуулийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан атлаа хойшлуулаад хаврын, намрын чуулган гээд л яваад байгаа, хэн ямар албан тушаалтан нь ингэж “хорлон саатуулах” гэмээр үйлдэл хийгээд буйг судлах хэрэгтэй л болов уу. Засгийн газар Экологийн цагдаагийн алба байгуулаад орон нутагт 70 орчим офицер томилж, хуулиар олгосон зөрчлөө шалгах гэж хүлээгээд хоёр жил болж байна. Одоо тэдгээр экологийн байцаагч нар гэр бүлийн хүчирхийлэл, танхай гэх мэт өргөдөл, гомдол шалгаж сууна. Малын хулгайн хэргийн дуудлагад ч явж байна. Эзэнгүй үйлдэгдсэн экологийн хэргээ хариуцаж байгаа ч яг үндсэн буюу экологийн зөрчил шалгахаар ажиллаж чадахгүй, цалин аваад явж байна шүү дээ. Ийм уялдаа холбоогүй байж болохгүй л байлтай.
-ДХИС-ийн багш, тэнхимийн эрхлэгч хүний хувьд нэг асуулт асуумаар байна л даа. Танай сургуулийг төгссөн боловсон хүчнүүд болох цагдаагийн алба хаагчид хууль хэрэгжүүлэх явцдаа гэмт хэрэгт холбогдож, яллагдагч, шүүгдэгчийн ширээнд суух явдал цөөнгүй гардаг. Үүнд танай сургуулийн сургалтын арга барил, тогтолцоо болохгүй байгаа юм биш үү гэж дүгнэж үзсэн байдаг болов уу. Эсвэл хэрэглэж байгаа хууль нь зөрчилдөөд байгаагаас ийм зүйл гарч байна уу. Ямар нэг судалгаа хийсэн үү?
-Зарим нэг тохиолдол байхыг үгүйсгэхгүй, хавтгайгаараа буруутгаж байсан үе бол миний дээр хэлсэн иртэй, чадалтай, сэтгэлтэй олон сайхан ажилтныг ажлын алдаан дээр нь дөрөөлөөд л УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба байгуулж нугалж дарсан, хэтэрхий хийрхсэн, залгамж холбоо байхгүй болгосон. Хуулийн ажил хэцүү. 17 шүүгч, 22 прокурор гэж нэг хэсэг дуулиан болсон. Салхитын мөнгөний ордын гэх зэргээр бүгд л уул уурхайтай холбогдож, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэргүүд. Прокурор, шүүгч нар өөрсдийн “гараар гал” барьдаггүй шүү дээ. Тэд түлэгдэх нь бага, хүнтэй харилцах, хэрэгт холбогдсон этгээдтэй тулж, хэргийн халуун мөрөөр ажилладаг хүмүүс нь цагдаагийн алба хаагч, мөрдөгч нар. Тэдэнд ажлын алдаа гаргах, тэр нь гэмт хэрэг болох нөхцөл олон бий. Жишээ нь, 2017оноос мөрдөж буй Эрүүгийн хуулиар мөрдөгч, цагдаагийн ажилтныг ялтан болгож болох 24 зүйлийг хуульчлаад, үйлдэл бүрийг нь олон нийтийн сүлжээгээр яллаад байхаар энэ зовлонтой ажлыг хэн хийх юм бэ. Өчнөөн хүний орон тоо сул байгаа ч хүн ирэхгүй, хүний нөөцийн хомсдолд орсон нь үүнтэй холбоотой. Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлд баривчлах, таслан зогсоох зорилгоор халдахыг “Гэмт хэрэг үйлдэж оргосон хүнийг баривчлах, эрх бүхий байгууллагад хүргэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуульд заасан үйлдлийг аргагүй байдалд хийж тухайн хүнд халдсан нь баривчлах, таслан зогсоох хэр хэмжээнээс хэтрээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан атлаа прокурор, шүүх нь “цагдаад ял оноох сэтгэлийн жигүүрт нэгдсэн” үзэл санаатай байгаа тул энэ нь засрахгүй л болов уу. Мөрдөгч, цагдаагийн ажилтныг эрхийг нь олгохгүй, хэт яллах талыг барих нь хожим муу үр дагавартай. Үүний үр дагаварт “гал дунд гараа дүрэхээс айдаг” бэртэгчид л ихсэх болно. ДХИС-ийн хувьд сүүлийн жилүүдэд шат дараалан олон улсын стандартыг сургалтад нэвтрүүлж, сургалтын хөтөлбөр тус бүрт чанарын баталгаажуулалт хийлгэж, хөтөлбөрийн хороонд захиалагч байгууллагын төлөөллийг оролцуулан улам л чанаржуулахыг хичээж байгаа. Сургалтын явцын, хичээлийн сэтгэл ханамжийн, төгсөгчдийн, захиалагч байгууллагын гэх зэрэг олон төрлийн судалгааг авч жил бүр дүн шинжилгээ хийгээд хөтөлбөрөө сайжруулж явдаг. Цаашид ч уг асуудалд дагнасан судалгаа хийх болно.
-Прокурорын байгууллагын тогтолцоог олон нийтийн сүлжээнд хэсэг залуу судлаач шүүмжлэх болсон. Судлаач хүний хувьд энэ байгууллагын талаар ямар байр суурьтай байдаг бол?
-Би олон сайн прокурор мэднэ. Хуульч, шударга, хэргийг нотлохын төлөө мөрдөгчийн хамт зүтгэж, ядарч, нотлох ажиллагаанд гар бие оролцож явдаг, ноён нуруутай, хүндэтгэж, суралцмаар прокурор олон. Харин одоогийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсруулахдаа Үндсэн хуулийн зарчмыг гажуудуулж ирсэн заалтыг улам нэмэгдүүлсэн, хэрэгт хяналт тавих биш, “удирдан оролцогч, дуртай үедээ хэргийн хувь заяаг хаашаа ч эргүүлж болох базагч” маягаар оруулсан. Үндсэн хуульд нэг бус удаа өөрчлөлт хийхдээ прокурорыг хэрэгт хяналт тавихаас гадна мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй байсан юм. Тэгвэл Үндсэн хуульд байгаа прокурорын талаарх заалт нь эрүүгийн процессын хуультайгаа зөрчилдөхгүй байх боломжтой. Ер нь цаашид мөрдөгчийн бие даан ажиллах боломж бүрийг “цонхны цаанаас удирдах” ёстой гэж үзвэл БНСУ-ын прокурор шиг хэргээ өөрсдөө л мөрдөх хэрэгтэй. Яагаад мөрдөх эрхийг прокурорт өгч болдоггүй юм бэ. Эрхийг нь өгөөд Засгийн газрын харьяа байгууллага болгож ажиллуулбал үр ашиг өндөртэй байх. Манайд прокурор мөрдөн байцаалтын бүх хэргийг гартаа авч, мөрдөж ирсэн тохиолдол 1946 оноос хойш дөрвөн ч удаа гарч байсан. Бас заримдаг байдлаар чухал хэрэг, өмч ашиглал, цэргийн гээд социалист нийгмийн үед прокурорын мөрдөн байцаагч гэж жинхэнэ утгаараа байсан. Түүнээс биш саяхны УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шиг “цагдааг авлах байгууллага” гэсэн уриатай биш, жинхэнэ ард иргэд, төрд тустай чухал хэргийг мөрддөг байв.
Ер нь бол прокурорын ажил, мөрдөн шалгах ажлын заагийг илүү тодорхой болгоод “цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө” гэдэг зарчмаар эрүүгийн хэрэг рүү хутгалдан ороод байх явдлыг ардчилсан Үндсэн хуульд заасныхаа дагуу “хяналт” хийхээр хязгаарлах хэрэгтэй. Нөгөө талаар өнөөгийн прокурорт гар дүрэхгүй, эрх мэдэл хүрэхгүй зүйл байхгүй боллоо шүү дээ, мөрдөн шалгах ажиллагааг явуулна, бас хянана, зөрчил шалгах ажиллагааг хянана, зөрчлийн болон эрүүгийн хэргийн бүх дугаарыг олгоно, ял эдлүүлэх ажиллагаа, шүүхэд төрийг төлөөлөх эрх гээд л зөндөө. Шүүх цаашаа шүүдээ, прокурор маань иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзана, хэрэг бүртгэлтийн хэргийг хаана, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгоно, яллагдагчийн хэргийг хэрэгсэхгүй болгоно, яллагдагчаар татсаныг хүчингүй болгоно, мэдэгдэх хуудсаар хүн дуудна гэх зэрэг олон зүйлийн хутгалдсан эрх байгаа энэ тэгээд “хяналт” юм уу. Шүүхээр зөвхөн гэм бурууг л тогтооно гээд байгаа. Гэтэл амьдрал дээр шүүхийн дэнсэлж байгаа гэм буруугаас илүү 10 дахин давсан “дэнслэлт”-ийг прокурор л хийж байна шүү дээ. Прокурорын байгууллагыг босоо удирдлагатай гэдэг. Хэрэв прокурорын босоо удирдлагын дээр нэг дээрэмчин ирээд суучих юм бол тун чиг аюултай зүйл болно. Нөгөө утгаараа “босоо дээрмийн байгууллага” л болно биз дээ. Тиймээс прокурорын байгууллагын сүүлийн 20 жилийн үйл ажиллагааг шалгаж, Үндсэн хууль болон бусад салбар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай, эсэхийг судлах асуудлаар УИХ-аас комисс гаргаж ажиллаасай гэсэн байр суурьтай байдаг. УЕПГ-ын дэргэдэх Эрүүгийн хэргийн төв архив, салбар архивуудыг шалгахад олон асуудалд дүгнэлт өгөх боломжтой гэж үзэж байна.