Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс хамтран сэтгүүлчдийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 17-19-нд зохион байгууллаа. Албадан хөдөлмөр эрхлүүлэх асуудал, шилжилт хөдөлгөөн, ажилд авах, зуучлахад шударга байдлыг хангах зэрэг чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилготой эл сургалтыг Францын сэтгүүлч, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөх Чарльз Аутемэн удирдан явуулсан юм. Тэрбээр Францын хэд хэдэн их, дээд сургуульд багшилдаг, олон улсад данстай сэтгүүлч. Олон улсын сэтгүүл зүйн чиг хандлагын талаар түүнтэй ярилцлаа.
-Албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой сэдвийг та хэзээнээс судалж, энэ чиглэлээр дагнан бичиж эхэлсэн бэ?
-Албадан хөдөлмөр эрхлэлт хийгээд хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөнийг сурвалжлах аялал маань 2010 оноос эхэлсэн. Тэгэхээр энэ сэдвээр мэргэшээд 14 жил болжээ. Тухайн үед би Ойрхи Дорнод, булангийн орнуудад өрнөж буй цагаачлалын асуудлыг судалж, баримт цуглуулж эхэлсэн юм. Судалгааныхаа явцад цагаачдын харийг зорьсон гол шалтгаан нь хөдөлмөр эрхлэх болохыг олж харж байв.
Тэр дундаа албадан хөдөлмөр эрхэлдэг нь ажиглагдсан. Иймээс тэдний өмнө тулгамдаж буй хүний эрхийн болон хөдөлмөрлөх эрхийн асуудлыг судлах болсон юм. Эцэст нь сэтгүүлчийн хувиар асуудлыг аль өнцгөөс нь хөндөж бичвэл албадан хөдөлмөр эрхлэгчдэд тус дэм болохыг гүн гүнзгий ойлгосон. Улмаар 2012 онд энэ чиглэлээр ханализ судалгаагаа нийтэлж, үр дүнд хүргэж байлаа. Энэхүү туршлагаа бусад орны сэтгүүлчидтэй хуваалцаж, хамтарч ажилласаар буй.
-Сэтгүүлчид энэ сэдвийг судалж, бичих нь нийгэмд ямар ач холбогдолтой вэ. Сэтгүүлчийн үүргийн талаар ярилцаж болох уу?
-Сэтгүүл зүйн үр нөлөө гэдэг маш чухал. Ялангуяа хүний эрхийн чиг хандлагыг төлөвшүүлэхэд сэтгүүлч асар өндөр үүрэгтэй. Сүүлийн 10-аад жил энэ чиглэлээр ажиллахад эерэг өөрчлөлтүүд бага багаар гарч, үр дүнд хүрсэн. Тухайлбал, албадан хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөрийн мөлжлөгийг нийгэмд ил гаргаж тавьснаар улс орнуудын хууль, эрх зүйн орчинд тодорхой ахиц гарлаа. Мөн томоохон компаниуд хөдөлмөрийн мөлжлөгт санаатай болон санамсаргүйгээр оролцдог алдаагаа засаж байна. Хэрэглэгчдээр дамжуулан шахалт үзүүлэх, бодлогын орчинд өөрчлөлт оруулах, санхүүгийн зах зээлд нь нөлөөлөх мэдээлэл гаргаснаар компаниуд албадан хөдөлмөр эрхлүүлдэг тогтолцоогоо халж эхэлсэн. Сэтгүүлчдийн бүтээлээс улбаалан эрх баригчид тухайн асуудалд анхаарч, бодлогын түвшинд шийдвэр гаргадаг. Энэ бол сэтгүүлч нийгэмд үүргээ гүйцэтгэж буйн илрэл.
-Албадан хөдөлмөр эрхлэлтийн талаар нийтлэл бичихдээ ёс зүйн хувьд, мэргэжлийн талаасаа ямар зарчим баримтлах шаардлагатай вэ. Ялангуяа Монголын сэтгүүлчид юуг анхаарах ёстой бол?
-Сэтгүүл зүйн бүтээлийн чанар чансаа олон зүйлээс шалтгаална. Хамгийн чухал нь хөндөж буй сэдэв, дэвшүүлэх агуулга, мөн чанараа ойлгож, олон талаас, цогцоор нь харж, сурвалжилга хийгээсэй гэж боддог. Тухайлбал, болж өнгөрсөн үйл явдлын мөрөөр маш сайн судалж, асуудлаа ойлгож, нарийн ширийнийг нь орхигдуулалгүй, нэг бүрчлэн мэдэж авах хэрэгтэй. Хөндөх гэж буй асуудлын чинь оролцогч талууд хэн бэ гэдгийг олж мэдээд, тэднийг эх сурвалжаа болгох шаардлагатай. Тухайлбал, албадан хөдөлмөр эрхлэлтийн мөрөөр хөөцөлдөж байгаа бол тухайн бизнес хэрхэн явагддаг, хууль, эрх зүйн орчин нь ямар байна, түүнийг дагаж мөрддөг үү, хяналт шалгалт яаж хийдэг вэ гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Мэдээллээ цогц байдлаар цуглуулснаар нийтлэл амжилтад хүрч, эрх нь зөрчигдсөн хүмүүст туслах юм. Мэдээж нийтлэлээ бичихдээ сэтгүүл зүйн зарчмаа баримтлах нь нэгдүгээр асуудал.
Ялангуяа бидний ярилцаж буй сэдэв их эмзэг, тэр хэрээр хүний эрхийн өндөр мэдрэмж шаарддаг. Тухайлбал, эх сурвалжтай харилцахдаа тэдэнд хохирол учруулахгүй байх зарчим баримтлах хэрэгтэй. Бас тэдэнд асуулт тавихдаа сэтгэл зүйг нь эмзэглүүлэхгүй, өвтгөхгүй байхыг илүүд үздэг. Эх сурвалжаа дахин эрсдэлд оруулахгүйн тулд хувийн мэдээллийг нь нууцлахаас эхлээд нягтлах, хамгаалах бүх аргыг ашиглах нь сэтгүүлчийн эхний алхам. Асуудлыг хэт хөөргөж, дуулиан тарих биш, хүмүүсийн эрхийг хангах нь нийтлэлийн чанар чансааг сайжруулдаг. Монголын сэтгүүлчдэд зориулж гаргасан “Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь” гарын авлагад энэ бүхнийг тусгасан.
-Та олон улсын нийтлэлийн уралдааны ментороор ажилладаг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү. Манай сэтгүүлчид оролцох боломжтой юу?
-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэлхийн өнцөг булан бүрд байгаа сэтгүүлчдийн дунд жил бүр уралдаан зарладаг. Олон улсын энэхүү уралдааныг 2015 онд анх зохион байгуулснаас хойш 10-аад жил өнгөрчээ. Шалгаруулалтын хувьд хүнд хэцүү зүйл байхгүй. Нийтлэлээ тухайн жилд багтаан хэвлүүлсэн байх ёстой. Ингэхдээ эх хэлээрээ болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын албан ёсны харилцагч орнуудын аль нэгийнх хэлээр нийтлүүлэх шаардлагатай.
Хэрэв гадаад хэлээр нийтлээгүй бол орчуулгыг нь нийтлэлийн холбоостой хамт илгээх шалгуур тавьдаг. Уралдаан маш өрсөлдөөнтэй болдог. 2023 оны шалгаруулалтад л гэхэд дэлхийн өнцөг булан бүрээс 400 гаруй бүтээл ирүүлсэн. Ялагчаар “Аль Жазира” телевизийн сэтгүүлч, вьетнам гаралтай Сен Нгюэн гэх эмэгтэй тодорч байлаа.
Тэрбээр Вьетнамын бөглүү тосгон болох Нге Анаас Британи руу цагаачлахаар очоод нас барсан 39 иргэний талаар эрэн сурвалжилсан нийтлэл бичсэн. Улмаар Вьетнам улс цагаачлалын бодлогодоо өөрчлөлт оруулахад нөлөөлж чадсан юм. Монголын сэтгүүлчид оролцоход жаахан ярвигтай байж магад. Учир нь уралдаанд оролцож буй медиа группүүд дэргэдээ эх сурвалж нягтлах багтай байдаг. Дэлхийн нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгүүлчээ бүрэн дүүрэн дэмжиж, уралдаанд “сойдог”. Тиймээс дангаараа ажилласан чөлөөт сэтгүүлчийн нийтлэл нь дэргэдээ өргөн бүрэлдэхүүнтэй, эх сурвалж, баримтын сантай, том редакцын бүтээлтэй харьцуулахад жаахан дулимаг харагддаг. Гэхдээ энэ уралдаанд бүтээлээ сорих нь дараа нь сайн нийтлэл гаргах эхлэл болдгийг онцолъё. Шагнал авсан бүтээлүүд дандаа том редакцын бүтээл байдаггүй. Мөн мэргэжлийн сэтгүүлчдийн болон оюутны бүтээл гэсэн хоёр ангиллаар шалгаруулдаг юм. Тиймээс хөгжиж байгаа орны сэтгүүлчдийг оролцоосой гэж хүсдэг.
-Уралдааны шилдэгт багтаж, үр дүнгээ өгсөн зарим нийтлэлийн талаар танилцуулж болох уу?
-Хөгжингүй орноос, нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагаас оролцвол ялагч болно гэсэн тогтсон ойлголт байхгүй. Хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн нь хаа сайгүй өрнөж байдаг, дэлхийн хэмжээний асуудал. Балба, Филиппин, Вьетнам гэх мэт Азийн олон орноос, бас Аргентины сэтгүүлчид оролцож, шагнал хүртсэнийг тод санаж байна. Бүтээлийн тэтгэлэг хүртсэн сэтгүүлчдийн дунд томоохон хэвлэл мэдээллийн байгууллагаас оролцсон нь ч бий. АНУ-ын сэтгүүлчид улсынхаа импортолдог загасыг зүй бусаар бэлтгэснийг хөндөж байлаа. Өөрөөр хэлбэл, загас агнуурчдыг албадан хөдөлмөрлүүлснийг эрэн сурвалжилж, баримтыг ил болгосон. Тиймээс АНУ Импортын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, албадан хөдөлмөр “шингээсэн” аливаа бүтээгдэхүүнийг импортлохгүй байх заалт оруулсан юм. Уг хуулийг хэрэгжүүлж эхэлснээр АНУ-ын эрх баригчид Малайзаас эмнэлгийн бээлий импортлохоо зогсоосон байдаг.
Уг бүтээгдэхүүнийг эмэгтэйчүүд дарамт шахалтын дор үйлдвэрлэсэн учраас тэр. Дээрх цуврал нийтлэлийг бичиж, орчин үеийн боолчлолыг ил болгосон сэтгүүлчид Пулитцерийн шагнал хүртэж байв. Мөн Балбад албадан хөдөлмөр эрхлэлтийг судалдаг мэргэшсэн сэтгүүлчдийн групп бий. Тус группийн сэтгүүлчид асуудлыг олон талаас нь хөндсөн сайн бүтээлүүд гаргадаг. Балба, Бангладешийн оюутнууд зарын дагуу Малайзад суралцахаар очжээ. Гэвч зард дурдагдсан их, дээд сургууль нь Малайзад огт байгаагүй.
Улмаар мөнгөгүй оюутнууд албадан хөдөлмөрийн золиос болсон. Үүнийг Балбын сэтгүүлчид ил гаргаж чадсан. Тиймээс тэд 2022 оны уралдааны ялагч болж байлаа. Нэмж хэлэхэд, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдсан сэтгүүлч цаашид илүү мэргэшиж, амжилт гаргасан цөөнгүй тохиолдлыг мэднэ.
-Эрэн сурвалжлах нийтлэл бичихдээ гадаад, дотоодоос санхүүжилт босгох боломжтойг та сургалтын үеэр цухас дурдсан. Гол нь сэтгүүлчид “хавх”-нд орохгүйн тулд ямар зарчим баримтлах вэ?
-Санхүүгийн хүндрэл аль ч улсын сэтгүүлчдэд тохиолддог. Нарийн төвөгтэй зүйл. Ерөнхийдөө ашгийн бус, хараат бус төрийн бус байгууллагаас санхүүжилт авч, нийтлэл бичих, нэвтрүүлэг бэлтгэх боломж бий. Гэхдээ энэ нь хязгаарлагдмал боломж. Хамгийн чухал нь нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, чанарт нөлөөлөхгүй, хувийн ашиг сонирхол бий, эсэхийг нягталж, санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлэх ёстой. Улс төрч, нөлөө бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээс санхүүжилт авах талаар бодох ч хэрэггүй. Сүүлийн үед сэтгүүлчид хил дамнасан хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Энэ нь аюулгүй байдлаа хангахаас гадна санхүүгийн хязгаарлагдмал байдлаа шийдэхэд тусалдаг. Жишээ нь, Монгол, Солонгосын хооронд шилжилт хөдөлгөөн их. Эл асуудлыг хөндсөн сурвалжилга хийхийг хүсвэл танай орны сэтгүүлчид БНСУ-ын хэвлэлийнхэнтэй хамтарч ажиллах санал тавьж яагаад болохгүй гэж. Тэндээс санхүүжилт босгож болох юм. Аль аль тал нь санхүүжилт муутай бол материалаа нэгтгэж, алсаас хамтран ажиллаад, бага зардлаар чанартай бүтээл хийж болдог.
-Албадан хөдөлмөр дотроо хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөг, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр зэрэг олон хурц асуудлыг хөндөж болохоор. Тиймээс эх сурвалжаа хэрхэн хамгаалах вэ?
-Эх сурвалжаа хамгаалах нь улс орны нөхцөл байдлаас хамаарч өөр. Зарим оронд эх сурвалжаа хамгаалах нь нэлээд бэрхшээлтэй. Хууль журам ч адилгүй. Гэхдээ энэ бүгдээс түрүүлж, сэтгүүлч эх сурвалжаа аюулд оруулахгүйн тулд сэтгүүл зүйн наад захын зарчмаа мэддэг байх нь чухал. Эх сурвалжтай ярилцаж, зургийг нь оруулахдаа танигдахгүй байх баталгаат аргыг хэрэглэнэ. Зөвхөн нүүрийг нь бүдгэрүүлээд орхих нь зохимжгүй. Өмссөн хувцас, дуу хоолойны өнгө, газрын байдлаар нь таньж болно. Тиймээс дундын оффист уулзах нь үр дүнтэй. Нэрийг нь өөрчилж оруулах зэрэг нь сэтгүүлчээс хамаарах зүйл юм. Мөн олон жилийн өмнө болсон адил төстэй хэргийг одоотой нь харьцуулж гаргах нь нэг хүнээс хамааралтай биш олон жишээ татаж, эх сурвалжаа хамгаалж болдог.