ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэн, АНУ-ын Аризонагийн их сургуулийн Антропологийн тэнхимийнхэн хамтран Баянхонгор аймаг дахь Цагаан агуйг судалж байна. Монголын археологийн 2023 оны онцлох судалгаагаар дээрх ажил шалгарсан юм. Цагаан агуйн хээрийн судалгааны багийн ахлагч, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Базаргүртэй ярилцлаа.
-Цагаан агуйн малтлага, судалгааг хэзээнээс эхэлсэн бэ?
-Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт оршдог Цагаан агуйн дурсгалыг 1986 онд нутгийн иргэний мэдээллээр анх илрүүлж байжээ. Дараа жил нь Монгол, Оросын хамтарсан судалгааны баг газар дээр нь очиж тус дурсгалтай танилцсан байдаг. Тухайн жилдээ судалгаа хийсний дүнд эл агуйд эртний хүн амьдарч байсныг тогтоосон талаараа тайландаа тэмдэглэн үлдээжээ. Тэрхүү судалгааны багийнхан Цагаан агуйгаас баруун тийш хоёр км-ийн зайд орших газраас өвөрмөц бүтэцтэй гар сүх, гилбэр зэвсэг зэргийг олсон юм. Түүнээс нэг метрийн зайд тэрхүү сүхийг хийхэд ашигласан цуулдас, хагархай байсан юм билээ. Мөн агуйгаас болон ойр орчмоос нь эртний хүмүүсийн хэрэглэж байсан чулуун зэвсгүүдийг олсон байдаг.
-Тэдгээр дурсгалын он цагийг тогтоосон уу?
-Тухайн үедээ он цагийг нь тодорхойлоогүй ч өдгөө гар сүх нь доод, дунд палеолитын үеийн дурсгал болохыг тогтоогоод байна. 1988-1989 онд хамтарсан судалгааны баг малтлага, судалгаа хийгээд, хэсэг хугацаанд завсарласан. Ингээд 1990-2000 онд Монгол Улс, ОХУ, АНУ-ын хамтарсан судалгааны баг дахин ажилласан юм. Үүний үр дүнд Цагаан агуйд доод палеолит буюу 750 мянган жилийн тэртээгээс шинэ чулуун зэвсгийн үе хүртэл эртний хүн амьдарч байсныг нотолсон. Уг агуйгаас доод палеолитоос эхлээд шинэ чулуун зэвсгийн үед хамаарах дурсгалуудыг олсон.
-Олдворуудыг өдгөө хаана хадгалж байгаа бол?
-ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалдаг.
-Сүүлийн үеийн буюу та бүхний судалгаа нь өмнөхөөсөө ямар ялгаатай, бас ач холбогдолтой вэ?
-2021 оноос Монгол Улс, ОХУ, АНУ-ын хамтарсан баг Цагаан агуйг дахин судалж эхэлсэн юм. Өмнөх судалгаанд оролцож байсан ахмад археологичид зөвлөхөөр ажиллаж буй. Бид судалгаагаараа хөрсний давхарга бүрийн он цагийг дахин нягтлах, цаг уур, хүрээлэн буй орчны нөхцөлийг тодруулах зорилгоор энэ ажлаа эхлүүлж байв. Мөн эртний хүний хоол хүнс болон ан агнуур, удамшлыг тогтоох ач холбогдолтой.
Үүний хүрээнд Төв Азийн нутагт 67-27 мянган жилийн хооронд амьдарч байсан үлэмж биет кноблох тэмээний ясны үлдэгдлийг илрүүлсэн. Ингэснээр уг амьтан Төв Азийн нутагт амьдарч байсныг баталсан юм. Гурван метр өндөр кноблох тэмээг эртний хүмүүс хүнсэндээ ашигладаг байсныг тогтоолоо. Өмнө нь Дундад Азийн бүс нутгаас кноблохын яс нэлээд олдсон байдаг. Харин Монгол орны нутгаас олдоод байгаа нь анхны тохиолдол. Түүнчлэн агуйн цөөвөр чоно буюу гиений яс олдсон. Эдгээр олдворт тулгуурлан тухайн үеийн байгаль, цаг уур одоогийнхтой харьцуулахад чийглэг, дулаан таатай байсныг баталж байгаа. Бас өдгөө Африкт амьдардаг оронго гөрөөсний эвэр олдсон. Ховд аймгийн нутагт оршдог Хойд Цэнхэрийн агуйн дээд палеолитын үеийн дурсгалд оронго гөрөөсийг дүрсэлсэн байдаг. Энэхүү амьтан нь палеолитын төгсгөл үед манай оронд элбэг байсан болов уу гэж таамаглаж байна. Мөн Цагаан агуйгаас минжний яс олдсон нь ач холбогдолтой. Энэ амьтан ямар орчинд амьдардаг билээ дээ. Устай, чийглэг, намагтай, зөөлөн дулаан уур амьсгалтай орчинд амьдардаг. Гэтэл тэндээс минж олдоно гэдэг нь Цагаан агуй бүхэлдээ ой модоор бүрхэгдсэн, гол, горхи ихтэй, олон төрлийн ургамалтай байсныг батлах нотолгоо юм.
-Эдгээр амьтан манай оронд элбэг байсныг батлах өөр олдвор бий юү?
-Мөстлөгийн үед амьдарч байсан арслан заан, хирс, тэмээн хяруул зэрэг устаж үгүй болсон амьтны яс манай орны нутгаас элбэг олддог. Сүүлийн үед дээд палеолитын дурсгалууд Орхон голын хөндий, Мойлтын ам, Эгийн гол, Рашаан хад зэрэг газраас олдсон л доо.
-Олдворын он цагийг тодорхойлох лаборатори Монголд байдаггүй. Тиймээс ийм судалгаа хийх ажил нэлээд хүндрэлтэй байгаа болов уу?
-Монголд байтугай дэлхийд маш цөөхөн. Хүлээн зөвшөөрөгдсөн лабораторитой бусад улс орон руу дээжээ илгээдэг. Хөрсний он цагийг тогтоохын тулд 2-3 улс руу дээжээ илгээж байна. Эдгээр лабораторид шалгуулахад үр дүн нь зөрүүтэй гарна гэсэн ойлголт байхгүй. Харин дээжийг буруу авснаас шалтгаалаад он цагийг тогтоох боломж хязгаарлагдах эрсдэлтэй.
-Цагаан агуйн судалгаа нь Монголын археологийн салбарын 2023 оны онцлох ажлаар шалгарлаа. Бусад судалгаанаас юугаараа онцлог вэ?
-Бидний ажил 2021 оноос хойш Монголын археологийн салбарын шилдэг таван судалгаанд жил бүр багтаад байгаа. Яагаад тогтмол шилдгээр шалгараад байна вэ гэхээр нэгдүгээрт, Монгол оронд хамгийн эрт цагт хүн амьдарч байсныг тогтоосон. Хоёрдугаарт, 2021 оноос хойших судалгааны үр дүнгүүдийг “Гайхамшиг үргэлжилсээр байна” гэж хэлж болохоор. Учир нь эртний олон төрлийн амьтан амьдарч байсныг батлах олдвор, чулуун зэвсгүүд илрүүлсэн шүү дээ. Бас генетикийн нарийвчилсан шинжилгээ хийж байгаа. Энэ мэт үзүүлэлтээрээ шилдэг судалгаанд тооцогддог болов уу гэж бодож байна.
-Өнөөгийн Цагаан агуйн орчин нөхцөл нь ямар байгаа вэ?
-Одоо бол говь цөлөрхөг бүс нутаг болсон шүү дээ. Хур тунадас зарим жилд огт орохгүй байх жишээтэй. Мөн намар, хавартаа ганц удаа цас орох нь ч бий.
-Хүрээлэн буй орчин нь эрс тэс болж өөрчлөгдөхөд юу нөлөөлснийг тодорхойлсон болов уу?
-Дэлхийн байгаль, цаг уурын өөрчлөлттэй шууд холбоотой. Хэзээнээс эхлэн өөрчлөгдснийг одоогоор тогтоогоогүй. Судалгааны ажил үргэлжилж байна. Эцсийн үр дүн гарсны дараа тодорхой мэдэх боломжтой.
-Эцсийн үр дүн хэзээ гарах бол?
-Малтлага судалгааны эхний үр дүн 1-2 жилд гардаг. Харин эцсийн үр дүн багадаа 7-8 жилийн дараа гарна. Удаан үргэлжилдэг гэсэн үг. Малтлага хийсний дараа 5-6 жилийн хугацаанд лабораторийн орчинд судалгаа явуулдаг юм.
-Археологийн судалгаа улирлын хамааралтай. Энэ нь судалгааны ажилд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг үү?
-Тийм ээ. Монголын нөхцөлд археологийн судалгааг дүрэм журам, зааврын дагуу тодорхой хугацаанд хийдэг. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл малтлага хийх боломжтой. Өвлийн улиралд боломжгүй.
-Таны хувьд хэчнээн судалгаанд ажилласан бэ. Онцлох археологийн судалгаанаасаа дурдахгүй юу?
-Археологийн олон чиглэлийн судалгаанд оролцсон. Онцлох нь гэвэл Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших Рашаан хадны малтлага. Үүгээрээ Рашаан хадны он цагийг тодорхой болгосон. Тодруулбал, эртний хирс, үхэр, адууны ясыг шинжлээд, 35-33 мянган жилийн тэртээх цаг үед хамаарахыг нь тогтоож байв. Туул голын эх орчмоос олдсон, чулуун зэвсгийн үед хамаарах дурсгалуудын судалгааг эхлүүллээ. Дотоодын судлаач нарын бие даан явуулж буй судалгаа гэдгээрээ энэ нь онцлогтой. Мөн манай судлаачид Хэнтий аймгийн Хэрлэн сумаас олсон хирсний ясыг судалж байна.
-Та археологич мэргэжлийг яагаад сонгох болов?
-Их сонин түүх л дээ. Би МУБИС-ийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн юм. 1995 оноос Төв аймгийн Эрдэнэ сумын “Жанчивлан” бага сургуулийн эрхлэгчийн алба хашиж байлаа. Гэтэл аав “Чи түүхч болох хэрэгтэй. Хөдөө багшаар ажиллаж болохгүй ээ. Залуу хүн хол яв” гэж байнга ярьдаг байв. Нэг удаа Төв аймгийн Зуунмод сумд ажлаар очих үед их сургуульд элсэлтийн шалгалт болж таарсан юм. Тэгээд л шалгалт өгөөд МУБИС-ийн түүхийн ангид элссэн. Манай Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн судалгааны салбарын эрхлэгч, профессор Б.Гүнчинсүрэн бидэнд хичээл заадаг байв. Энэ хүнийг дагасаар археологич болсон доо.
-Археологич мэргэжил өнгөрсөн үетэй холбогдох боломжийг олгодог юм шиг санагддаг.
-Тийм шүү. Өнгөрсөн цаг үед болсон үйл явдлыг эд өлгийн зүйлд тулгуурлан сэргээх боломж олгодог.
-Цаашид ямар судалгаанд төвлөрөн ажиллах вэ?
-Монгол Улсынхаа нутаг дэвсгэрээс илрүүлсэн эртний олдворуудын судалгааг гүнзгийрүүлэн хийхээр төлөвлөж байна. Тэдгээрийг олон нийтэд сурталчлан таниулах, тэр дундаа хүүхэд багачуудыг эртний түүхийн мэдээ мэдээллээр хангахыг хүсдэг. Танин мэдэхүйн чиглэлээр ажиллах сонирхолтой. Өмнө нь хэлсэнчлэн Туул голын эх орчмоос илрүүлсэн олдворын судалгаагаар эртний хүмүүсийн амьдарч байсан газар нутгийн хэмжээг тогтоох зорилготой. Мөн дурсгалуудаар дамжуулан хэдий үед энэ бүс нутагт хүмүүс суурьшсаныг тогтооно. Мөн эртний хүмүүсийн царай төрх, амьдралын хэв маяг нь ямар байсныг тодорхойлохыг зорьж байна.