“Алтан орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” номын зохиолч Мари Фавэрутэй ярилцлаа. Тэрбээр оюутан байхаасаа Монгол Улсын түүхийг сонирхон судалж эхэлжээ. Судлах тусам дурлан, түүнийгээ ном болгон бүтээсэн нь “Алтан орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” аж. М.Фавэру нь БНФУ-ын Нантерын их сургуулийн багш, доктор юм. Монгол Улсын түүхийн талаар оюутнууд нь тун их сонирхдогийг тэрбээр дурдсан. Мөн өөрөө ч хичээл заах үеэрээ Монголын түүхийн талаар ярих дуртайгаа онцоллоо. Тэрбээр дээрх бүтээлээрээ Францын Блуа хотод зохион байгуулсан “Түүхийн болзоо” наадмын гран при шагнал хүртжээ. Энэ нь Франц улсын, түүхийн сэдэвт бүтээлд олгодог нэр хүндтэй шагнал аж.
-Монгол Улсын түүхийг анх яагаад сонирхон судлах болов. Бусад орноос юугаараа онцлог санагдсан бэ?
-Би оюутан байхдаа анх удаа монголчуудын тухай сонссон юм. Тэгэхэд “Яагаад одоо болтол монгол чуудын талаар сонсоогүй юм бэ” гэж гайхаж байлаа. Францчууд өөрсдийгөө мэдлэгийн төв гэж ярьдаг хэрнээ “Яахаараа бүхэл бүтэн гүрэн улсын талаар би дөнгөж одоо л мэдэж байгаа юм бэ” гэж бодож, бас сонирхолтой санагдаж, цаашлаад судлахаар шийдсэн.
-Тэгвэл ном бичихээр шийдсэн нь хэзээ бол?
-Оюутан байхдаа бол Монголын түүхийг өөрөө л мэдэхийг хүсэж байсан. Харин түүхийн судал гааны чиглэлээр мэргэших үедээ энэ салбарын мэргэжилтнүүдийн хүрээнд мэдээлэл солилцож, туршлагаасаа хуваалцах боломж бүрдсэн юм. Монгол Улсын түүхийн тухай олон хүнтэй ярилцахыг хүсдэг. Үүний тулд судалгааны ажлаа олон нийтэд таниулах хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс ном бичихээр шийдэж байлаа.
-Дэлхий дахинд монголчуудыг нүүдэлчин, дарангуйлагч гээд янз бүрээр л ярьдаг. Таны хувьд анх сонсохдоо аль өнцгөөс нь хүлээн авч байв?
-Ер нь бол тэгж ярьдаг. Дайн болон энх тайван нь дэлхийн түүхийн нэгээхэн хэсэг. Зөвхөн монголчуудын хийсэн зүйл биш шүү дээ. Монголчууд байлдах үедээ ч эзэлсэн орондоо соёл дэлгэрүүлдэг байж. Жишээлбэл, соёл, шинжлэх ухаан, одон орон судлал, математикийг олон улсад дэлгэрүүлснийг судалгааныхаа явцад олж мэдсэн. Бид түүх ярихдаа зөвхөн дайн, энхтайвны тухай түүхийг сорчлох бус, соёлын өв, нийгмийн харилцааны өөрчлөлтийг ч анхаарах ёстой. Эдгээрээс зөвхөн нэгийг нь онцлон ярих нь түүх биш юм.
-Монголчууд соёлоо хэрхэн дэлгэрүүлж байв?
-Монгол их гүрэн байх үедээ Унгар улсаас БНСУ хүртэлх газар нутгийг эзэмшиж байж. Үүний дотор Ойрхи Дорнод, ОХУ, Төв Ази, Европ тив багтдаг. Эдгээр нь ялгаатай соёлтой, газар нутгийн хувьд хол зайтай ч нэг гүрний засаглалд багтаж байсан. Энэ бол түүхэнд урьд хожид байгаагүй гайхалтай зүйл. Монголын засаглалд орсноор их зүйл өөрчлөгдсөн. Тэдэнд “Монголчууд ирсэн ч бид хийдэг зүйлсээ л үргэлжлүүлсээр байсан” гэх утгаар орших боломж байгаагүй. Учир нь тэрхүү засаглал нь соёлын даяаршилд орчихсон. Тухайлбал, эдийн засаг, дэлхийн гоо зүй, газар зүй, шашны зан үйл, одон орон судлал, математик судлал, зурган дүрслэл, урлаг гэх мэт бүх салбарт өөрчлөлт шинэчлэл хийж эхэлсэн.
-Тухайлбал, одон орныг хэрхэн судалж байсан бол?
-Одон орон судлалын төвийг Ил хаадын Марагэ болон Юань улсад байгуулсан, одоогийн БНХАУ-ын Бээжин хотод барьсан. Улс орон бүрээс хүмүүс суралцахаар тэдгээр төвийг зорьдог байж. Тэнд очсон хүмүүсийг монголчууд санхүүжүүлж, тэтгэлэг олгодог байсан аж. Тухайн үед одон орон судлалын олон шинэ багаж бүтээсэн. Мөн цаг тооны бичгийг ч хэрэглэж эхэлжээ. Энэ үед одон орон судлалыг урьд хожид байгаагүйгээр хөгжүүлсэн байна. Монголчууд шинжлэх ухааны салбарын чухал тоглогч байсан. Шинжлэх ухааны мэдлэгийг шинэ түвшинд аваачсан гэхэд болно.
-Манай улсын түүхийн хамгийн гол онцлог, үүнийг судлахын давуу талыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Би “галзуу” биш шүү (инээв). Монголыг судлахад хэзээ ч нэг зүйлээ давтаад буй мэт мэдрэмж төрдөггүй. Судлах бүрд шинэ мэдлэгийг надад өгдөг. Монголыг судлах нь амьдралыг минь дүүргэж өгдөг. Бас ололттой талуудаасаа хүмүүстэй ярилцахад тэдэнд сонирхолтой байгаа нь надад цаашид ч судлах хөтлөгч болох шиг санагддаг юм. Би оюутан байхдаа орос, араб, турк хэл сурсан. Алтан ордны улсыг судлахад эдгээр хэлийг сурах зайлшгүй шаардлагатай байсан юм. Тухайн үед Алтан ордны улсын талаар судлан, мэргэших нь зөв юм байна гэж сонгосон. Одоогоор монгол хэл сурч байгаа. Цаашид Монголыг улам илүү судалмаар байна.
-Монголчууд нүүдэллэх явцдаа, бас дайн тулааны он жилүүдэд түүхийн цөөнгүй эх сурвалжаа гээсэн гэлцдэг. Та судалгааны эх сурвалжуудаа хаанаас олж байсан бэ?
-Монголчууд архиваа байнга авч явдаг байсан. Нүүдэлчид судар, номоо хэзээ ч хаяж явдаггүй. Түүнчлэн бүс нутгийн захирагч, иргэдэд гардуулсан төрийн цол, захидал, гэрээ зэргийг нутгийнхан нь нандигнан хадгалжээ. Ингэхдээ түүгээрээ бахархан, өв залгамжлан дамжуулсан байна. Тэдгээр нь бидэнд судалгааны чухал баримт болж үлдсэн.
-Алтан ордны улсыг судлах нь таны хувьд юугаараа онцлог байв. Монголчууд түүхийнхээ явцад олон улс байгуулсан шүү дээ?
-Алтан ордны улс нь маш олон хот барьж, суурин иргэншилтэй газар бий болгосон. Хамгийн алдартай хотуудын нэг нь Сарай. Мөн мөргөлийн, шашны газар, шинэ барилга байшингууд барьжээ. Сонирхолтой нь, тэдгээр нь дулааны дэд бүтэцтэй ч байж. Монголчууд барилгынхаа гадна, дотор талыг ногоон, цэнхэр өнгийн гоёмсог шаазангаар чимэглэдэг байсан. Тийм гоёмсог засалтай барилгад амьдрах нь тансаг байсан болов уу гэж боддог. Монголчууд барилгадаа тоосго ашигласан. Ингэхдээ өөрсдөө тоосго үйлдвэрлэдэг байжээ. Судалгаагаар тэдний ашиглаж байсан тоосго шатаах зуух энд тэндээс их олддог юм. XIII зууны үеийн тоосгоноос оюутнууддаа үзүүлэхээр “Энэ худлаа юм биш үү. Ийм элэгдээгүй тоосго гэж юу байдаг юм” гэдэг. XIII зуунд үйлдвэрлэсэн атал одоо хүртэл шинэ мэтээрээ хадгалагдсан технологийн мэдлэгтэй байсан нь гайхалтай.
-Манай улсын түүх оюутнуудын тань хувьд маш сонирхолтой сэдэв гэж ойлголоо?
-Тийм ээ. Дундад зууны үеийн Монголын өөрчлөлтийн тухай ярихад оюутнуудын нүд нь сэргээд эхэлдэг. Зарим нь хичээл завсарлахад “Сонирхолтой лекц уншсанд баярлалаа” гээд талархлаа илэрхийлдэг юм. Би энэхүү сэдэвт хайртай. Тиймээс хичээл минь сонирхолтой болох шиг санагддаг шүү.
-Алтан ордны улсын дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөө, ололт амжилтыг та номдоо тусгасан. Тэр ололт амжилтуудаас хамгийн чухлыг нь дурдаач гэвэл алийг нь онцлох вэ?
-Монголчууд шинжлэх ухаан, одон орон, математик судлалд өөрчлөлт оруулсныг өмнө нь дурдсан шүү дээ. ХVI-XVII зуунд Кристофер Колумб, Коперник нарын хүмүүс шинэ газар нутгуудыг нээж, үсрэнгүй хөгжлийг бий болгосон гэж ярьдаг. Тэд ямар шатаар алхсан болоод үсрэнгүй хөгжил, өөрчлөлтөд хүрсэн бэ гэдгийг бид ярих ёстой. Тиймээс өмнөх түүхээ ярьцгаая гэдэг нь миний гол өнцөг. Хөгжил гэнэт агаараас гарч ирдэггүй. Тэрхүү хөгжлийг бий болгосон үндэс суурь нь XIII-ХV зууны хооронд оршин тогтнож байсан, Монголын засаглалын нэгээхэн хэсэг болсон Алтан ордны улс.
-Чингис хааны төр барих ухааны залгамж чанар Алтан ордны түүхийг судлахад анзаарагдсан уу?
-Алтан ордны улсын төрийн бодлого нь Чингис хааны үеийн засаглалын өв залгамжилсан хэлбэр. Мэдээж ялгаа бий. Монголын засаглалын нэг хэсэг мөртлөө Зүчийн хаанчлалын онцлог гарч ирдэг. Монголчууд бүс нутагт нь тохируулан төр төвхнүүлэх нарийн ухаантай байсан нь харагддаг. Бүс нутгийнхаа нөхцөл байдалд тохируулан төр барих аргаа төдийгүй өөрийгөө ч өөрчилж байснаараа Зүчийн засаглал бусдаасаа онцлогтой.
-Таны ном өнгөрсөн оноос монгол хэлээр уншигчдад хүрсэн. Үүнээс гадна хэдэн орны хэлээр хэвлээд буй бол?
-Индонез, солонгос, хятад, япон, турк, итали, франц, испани зэрэг хэлээр хэвлэгдээд байна.
-Цаашид Монголын түүхийн судалгаагаа үргэлжлүүлэх үү?
-Тийм ээ. Ойрын үед завгүй байснаас бүтээл дээрээ төвлөрөн сууж чадаагүй. Дараагийн номдоо ч Монголын түүхийн тухай бичихээр төлөвлөсөн. Энэ номоо Монголд бичмээр байна.
-“Монголчууд баатарлаг, туурвин бүтээх өндөр авьяастай хүмүүс” гэж хэлсэн үгийг тань сонсож байлаа. Судалгааны явцад ийнхүү тодорхойлох болсон уу?
-Монголчууд зоригтой, бүтээлч хүмүүс. Энэ онцлог түүхээс нь ч харагддаг. Монгол найзуудаас минь ч харагддаг. Бүтээлч байна гэдэг зоригтой хүнээс л гарах зан чанар. Тогтсон хэм хэмжээг эвдэж, зовлон тулгарлаа ч “Үүнийг би хэрхэн ухаалгаар даван туулах вэ” гэж бодох нь бүтээлч зан. Монголчуудын сэтгэлгээний онцлог нь бүтээлч зан байдал. Түүх судлах явцад монголчууд байлдааны үеэр саад бэрхшээлийг маш ухаалгаар даван туулж ирсэн нь мэдрэгддэг. Энэ бүхэнд тулгуурлаад би бэрхшээл учрахад бууж өгөх биш, “Би монгол хүн байсан бол үүнийг хэрхэн давах вэ” гэж боддог болсон. Монголын түүхээс, монголчуудаас суралцсан гэсэн үг юм уу даа.