“Сонгогчдын боловсрол” төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай ярилцлаа.
-Манай сонгогчдын боловсрол муу байна гэд эг шүүмжлэлтэй та санал нийлэх үү ?
-Ер нь сонгогчдын боловсролыг юугаар хэмжээд сайн, муу гэж үнэлж байгаа нь сонирхолтой. Тухайлбал, сонгогчдын ирц, идэвх, оролцоогоор боловсролыг нь хэмждэг судлаачид бий. Энэ талаас нь харвал манай сонгуулийн ирц, оролцоо өндөр учраас сонгогчдын боловсрол муу орны тоонд орохгүй байх. Нөгөө талаас “сонгогчдын боловсрол” гэсэн ойлголтыг ямар хүрээнд ярьж байгаа нь чухал. Саяхныг болтол саналын хуудсанд хэрхэн зөв тэмдэглэл хийх вэ гэдгээр сонгогчдын боловсролыг ойлгож, төс өөлдөг байлаа шүү дээ. 2008 оны сонгууль хүртэл саналаа өгсөн сонгогчдын 6-8 хувь нь буруу, хуульд зааснаас өөр хэлбэрээр тэмдэглэл хийж, хүчингүй болгодог байсан.
Мөн 2012 оноос сонгуульд ашиглах техник, технологийн үр дүнд хүчингүй саналын хуудсыг автомат төхөөрөмж уншдаггүй болсноор нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тэгвэл улс орноо удирдах иргэдийн үндсэн эрх буюу Үндсэн хуулийн 3.1-т “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасантай холбож тайлбарлавал бүр өргөн хүрээнд ярих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, сонгогчдын боловсрол сайн, эсвэл муу байна гэж хэлэхэд төвөгтэй гэсэн үг.
Үүнээс гадна бид сонгогчдын боловсролын хөтөлбөртэй байсан бол хэмжих боломжтой. Гэтэл манайд ийм албан болон албан бус хөтөлбөр байдаггүй. Харин бусад оронд үүнийг боловсролынхоо цөм хөтөлбөрт тусгачихсан байдаг. Ийм улсуудтай харьцуулбал манайх сонгогчдын боловсролыг төрийн бодлогын гадна орхисон. 2020 оны сонгуулиас хойш Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын боловсролыг хариуцсан тусгай нэгж, төвтэй болж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Тэр хүртэл төрийн бус болон олон улсын байгууллагуудын ганц, хоёр богино хугацаатай төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр л сонгогчдын боловсролд анхаарал хандуулж ирсэн гэхэд хилсдэхгүй.
Жишээ нь, манай төв өнгөрсөн хугацаанд сонгогчдын боловсролын албан ёсны хөтөлбөртэй болгох гэж нэлээд ажилласан ч санасан үр дүндээ хүрээгүй. Мөн эл асуудлыг улс төрийн намуудгүйгээр шийдвэрлэх боломжгүй. Тэдний үндсэн чиг үүрэг нь сонгуульд оролцож, засгийн эрхийн төлөө өрсөлдөх ч гэлээ гишүүд, дэмжигчдэдээ ардчиллын болон улс төрийн боловсрол олгох ёстой юм. Нам ардчиллын институц болохын хувьд гүйцэтгэх ёстой нийгмийн чиг үүрэг нь энэ. Гэвч үүнийгээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэнгүй. Харин Улс төрийн намын тухай хуулийг шинэчилснээр энэ чиг үүргийг нь илүү тодорхой болгож тусгасан учраас сонгогчдын боловсролд анхаарал хандуулна гэж найдаж байна. Ялангуяа санхүүжилтийнх нь зориулалтыг тусгайлан заасан учраас өөрчлөлт гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.
ТӨРИЙН БОДЛОГЫН ТҮВШИНД СОНГОГЧДОДОО АНХААРАЛ ХАНДУУЛАХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ
-Иргэд , сонгогчдын улс төр ийн боловсрол тааруу учраас УИХ-д муу хүмүүс сонгож, саналаа худалд аж байна гэх улиг болсон шалтгаан нэрлэхээс судлаачид татгалзаад эхэллээ . Өөрөөр хэлбэл , манай нийгэм бүхэлдээ намаас хэт хамааралтай болсон учраас тэдгээр ийн төлөвшөөгүй байдал нь хамаг асуудлын үндэс гэж нэрлэж буй. Та юу гэж бодож байна вэ?
-Яг үнэн. Манай сонгогчид идэвхтэй байж төр, засгийн бодлого, шийдвэрийн талаар шүүмжлэлээ хэлж, дуу хоолойгоо хүчтэй илэрхийлдэг болсон. Гэтэл Үндсэн хуулиар эрх зүйн байдлыг нь тогтоосон, ардчиллын томоохон институц болох нам нь чадваргүй, хангалтгүй байна. Тэгсэн атлаа ажилгүйдэл, ядуурал, авлига гээд бүхий л саар зүйлийг сонгогчтой холбож, буруутгадаг. Төрийн бодлогын түвшинд боловсролын системээрээ дамжуулан сонгогчдодоо анхаарал хандуулахгүй байна шүү дээ. Өмнө нь намууд гишүүд, дэмжигчдийнхээ хүрээнд богино хугацааны сургалт мэр сэр зохион байгуулж ирснийг үгүйсгэхгүй ч хүртээмж, агуулга нь сонгогчдод үнэхээр хэрэгцээтэй, бодитой байсан, эсэхийг хэлж мэдэхгүй. Цаашид намууд төрөөс авах санхүүжилтийнхээ тодорхой хувийг ардчиллын боловсрол олгоход зарцуулах үүргээ биелүүлэх нь чухал.
-Монголын сонгогчдын зан төлөвийн онцлог, сүлийн үед ажиглагд аж буй өөрчлөлт гэвэл та юуг хэлэх вэ?
-Ер нь Монголын гэлтгүй Азийн улс орнуудын сонгогчдын хувьд таньдаг хүнээ дэмжих, саналаа өгөх хандлага хүчтэй байдаг. 2020 оны сонгуулиас хойш сонгогчдын дотор залуучууд буюу 18-40 хүртэл насныхны эзлэх хувь өндөр болж байгаа. Одоогийн шинэ, залуу сонгогчдод мэдлэг, мэдээлэл өгөх, сонгуулийн үүрэг, ач холбогдлыг ойлгуулах ажлыг илүү өргөн хүрээнд хийхгүй бол ирц буурах, хүрэхгүй байх эрсдэлтэй.
Цаашлаад ард түмний төлөөллийн байгууллага УИХ нийт сонгогчийн хүсэл сонирхол, хэрэгцээ, үнэт зүйлсийг бодлого болгож чадах, эсэх асуудал хөндөгдөнө. Манай төвийнхөн өнгөрсөн онд томоохон кампанит ажлыг есөн аймагт 18 удаа хийхдээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын КОЙКА байгууллагын дэмжлэг, туслалцааг авсан. Шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн тэгш эрх, нийгмийн ялгаатай сонирхол бүхий бүлгийн аль алиных нь төлөөллийг УИХ- д багтаах ёстой гэсэн эерэг ойлголт сонгогчдод нэлээд бий болсон нь ажиглагдлаа.
Энэ үеэр сонгогчдод ямар мэдээлэл хэрэгтэй байгаа талаар бичил судалгаа явуулахад сонгуулийн холимог тогтолцооны тухай илүүтэй сонирхож байна. Мөн намуудын мөрийн хөтөлбөрийг харьцуулаад, хараат бусаар, хөндлөнгийн дүн шинжилгээ хийсэн мэдээлэл хэрэгтэй байгааг хэлсэн. Ер нь 2020 он хүртэл намуудын мөрийн хөтөлбөрийн талаар асууж, тодруулахаар сонгуулийн лавлах утсанд ханддаггүй байсан гэхэд болно. Тэгвэл одоо их биш ч гэлээ намуудын мөрийн хөтөлбөрийг хаанаас харж, танилцаж болох вэ гэх мэтээр асууж, сонгууль бол бодлогын өрсөлдөөн юм гэдэг талаас ойлгодог болсон нь анзаарагдаж байна. Хэн нь гоё, сайхан зүйл ярьж байна гэхээс илүүтэй мөрийн хөтөлбөр нь хэрэгжих үндэслэл байна уу, бодитой юу хэмээн хардаг болсон нь анзаарагдсан.
СОНГОГЧ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛТЭЙГЭЭР САНАЛАА ӨГӨХ НЬ СОНГУУЛИЙН ЧӨЛӨӨТ БАЙДЛЫН ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ
-Энэ оны ээлжит сонгуулиар холимог тогтолцоогоор, бүсчилсэн тойргоос өмнө нь байгаагүй олон хүнийг сонгох гэж байна. Ийм үед сонгогч юунд анхаарах ёстой вэ?
-Сонгуулийн хэдэн тойрог байгуулах, нэг тойрогт хэдэн мандат байх вэ гэдгийг УИХ шийдлээ. Ингэхдээ сонгогч сонгуульдаа хэрхэн оролцох, ямар хүнээр өөрсдийгөө төлөөлүүлэх вэ гэсэн үндсэн асуудлыг нь шийдвэрлэх ёстой л доо. Өөрөөр хэлбэл, сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах гэж байна вэ гэдэгтэй уялдуулах ёстой болохоос бус, зүгээр л санал авах нутаг дэвсгэрийн хязгаарыг тогтоож буй хэрэг биш шүү дээ. Улмаар сонгуулийн удирдлага, зохион байгуулалт, менежмент, хэрхэн явуулахаас гадна намууд болон сонгогч ямар дүрмээр, яаж оролцох вэ гэх мэт олон зүйлийг хамарсан цогц ажил юм. Санал хураалт болоход таван сар гаруйн хугацаа үлдлээ. Энэ хугацаанаас нэг жилийн өмнө сонгуулийн хууль тогтоомжийг өөрчилж болохгүй гэж хатуу зааж байгаагийн зорилго нь манипуляц хийх нүх сүвийг хаахад чиглэж буй. Эрх баригчид өөрсдөдөө ашигтай хувилбар зохиохгүй, сонгуулийн оролцоо нь бүх нам, эвсэл, сонгогчдод ижил тэгш, ойлгомжтой байх баталгаа болгож ийм хязгаарлалт тавьдаг гэсэн үг. Гэтэл тойргийн хил хязгаар нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд төвөгтэй нөхцөл үүсгэчихлээ.
Жишээ нь, бүсчилсэн тойргийн төвөөс бүгдийг нь удирдах юм уу, эсвэл аймаг болгонд сонгуулийн хороо байгуулах уу гэх зэргээр нарийвчлаад харахаар мажоритар тогтолцооны үед хэрэглэдэг менежмент, зарчим нь хэвээрээ байна. Гэтэл сонгуулийн үндсэн зарчим нь тэгш байх атал шинэ нам, эвсэл, улс төрчдөд гарааны ижил нөхцөл алга. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2019 онд шинэчлэн батлаад, 2023 онд нэмэлт, өөрчлөлт оруулан холимог тогтолцоогоор явуулахаар шийдвэрлэсэн ч мажоритар хувилбарын үеийн санхүүжилт, хугацаа, сурталчилгааны арга, хэлбэр, нэр дэвшүүлэх үйл явц гээд бүгдийг нь хуучин хэвээр үлдээсэн.
Гэтэл дөрвөн аймгийг нийлүүлж нэг тойрог болгосноор сонгуулийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь томорлоо. Өмнө нь нэг аймгийн нутагт хийдэг байсан кампанит ажлын цар хүрээ, сонгогчдын тоо ч багадаа дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг. 1000 км-ийн дотор сурталчилгаагаа хийдэг байсан бол явах газар нь ийм хэмжээгээр томорч, 20 мянга биш, 200 мянган сонгогчтой уулзах шаардлагатай болсон атал хугацаа нь урьдынхаараа байгаа нөхцөлд нэр дэвшигч яаж ажиллах ёстой юм бэ. Энэ бол зөвхөн нам, нэр дэвшигчийн өмнө тулгарч буй асуудал.
Тэгвэл сонгогчид тэдний талаар хангалттай мэдээлэл авч, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж, юу амласан юм, түүнийгээ биелүүлсэн үү, одоо юу хийнэ гэж яриад байна вэ, улс орны болон бүс нутаг, аймгийнх нь хөгжил ямар түвшинд хүрэх гэх мэтээр харьцуулж, судалж байж саналаа өгөх ёстой. Сонгогч мэдлэг, мэдээлэлтэйгээр саналаа өгөх нь сонгуулийн чөлөөт байдлын зарчмыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй. Тухайн нэр дэвшигч өөрийг нь төлөөлж чадна гэсэн хангалттай итгэл, мэдлэг, мэдээллийг сонгогч хаанаас авах юм бэ. Сонгогч нь нэр дэвшигчээ, нэр дэвшигч нь сонгогчоо мэдэхгүй, танихгүй байсаар сонгууль дуусах нь. Та бүхэн анзаарсан бол “нүүрсний сонсгол”-д олон нийт анхаарал хандуулсан үеэр сонгуулийн хэдэн тойрог байгуулах, хэдэн мандат байх вэ гэдгийг УИХ шийдчихлээ.
УИХ-ын гадна байгаа намууд төдийгүй хоёр сая гаруй сонгогчид тойргийн хуваарилалт хамаатай. Хойшид санал хураалтаас нэг жилийн өмнө тойргийн хил хязгаарыг тогтоох ёстой гэх зэргээр хязгаарлах нь зүйтэй. Хэдхэн сарын өмнө ингэж шийдэж байгаа нь улс төрийн манипуляц, сонгуулийн үр дүнд нөлөөлөх технологи гэж харахаас аргагүй. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолыг 2001 онд баталсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд, ядаж сүүлийн найман жил эрх барьсан намынхан юу хийв, яагаад сонгуулийн тойргийг бүсчлэн байгуулав гээд харвал сонирхолтой. Цаашлаад тойргийн хил хязгаарыг тогтоосон эл шийдвэр нь улс орны хөгжил, төсвийн төлөвлөлт гээд томоохон суурь зүйлстэй холбогдоно.
-Тухайлбал, сонгуулийн зардлыг бууруулна гэж ярьсан нь үлгэр болох шинжтэй.
-Сонгуулийн зардлыг бууруулах замаар УИХ-д нийгмийн ялгаатай бүлгүүдийн төлөөллийг аль болох олноор сонгогдох нөхцөл бүрдүүлнэ гэж УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэтэл тойргийн хэмжээг томсгочихоор сонгогчдодоо хүрэхийн тулд нэр дэвшигчид илүү их хөрөнгө, хүч шаардагдахаар болж байна. Сурталчилгааны хугацааг уртасгаагүй учраас тэр том газар нутагт машинаар биш, онгоцоор очиход хүрч байна шүү дээ. Зардлыг бууруулна гэсэн бодлого, зарчим нь хаана байна вэ. Тойргийн хил хязгаарыг тогтоохдоо үүнтэй яагаад уялдуулсангүй вэ.
-Ер нь аймгуудыг бүсчилж, тойргийг томсгосны сул болон давуу талыг та хэрхэн харж байна вэ?
-Уг нь сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь боломжийн хувилбар. Бас УИХ- ын гишүүдийн тоог нэмчихлээ. Ингэснээр ямар нэгэн аймаг, тойрог гэхээс илүүтэй улс орны бодлогыг томоор ярих боломж нээгдэж байна. Гэтэл манай орон өргөн уудам нутаг дэвсгэртэй. Бүс нутаг бүр дэд бүтэц, эдийн засаг, хүн ам зүй, амьдралын хэв маяг зэргээрээ өөрийн гэсэн онцлогтой. Тэр ялгаатай байдал, хэрэгцээг нь том бодлогодоо хэрхэн тусгах вэ, төлөөлөл нь байна уу гэж харах нь чухал. Тухайлбал, бүсчилсэн тойрог доторх цөөн хүн амтай аймгийн төлөөлөл сонгогдохгүй үлдэх эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тойргийг байгуулахдаа нутаг дэвсгэр, хүн ам, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг харгалзах ёстой. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэдэг нь Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө удирдах эрхтэй “эдийн засаг, нийгмийн цогцолбор” шүү дээ. Үүнтэй хэрхэн уялдуулах вэ гэдгээ ч сайн бодолцох ёстой болов уу.
-Сонгогчдын боловсролын чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороотой хэр хэн хамтарч ажилладаг вэ?
- Бид 2022 оны намар Сонгуулийн ерөнхий хороотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Манай сонгуулийн төв байгууллагад саяхныг хүртэл сонгогчийн боловсролыг дээшлүүлэхэд хүний болоод санхүүгийн нөөц, чадавх хангалтгүй байсан. Зөвхөн сонгуулийг зохион байгуулах чиг үүрэгтэй л явж ирсэн. Иймд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэх орон зайг нь нөхөх, хамтрах, харилцан дэмжих зэргээр манай хоёр байгууллага ажилласан 20 гаруй жилийн туршлага бий. Тухайлбал, өнгөрсөн жил хийсэн томоохон өдөрлөгүүдийн үеэр санал авах байрыг загварчлан бүтээж, автомат төхөөрөмж яаж ажилладгийг сонгуульд анх удаа оролцох сонгогчдод танилцуулах ажлыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран зохион байгуулсан. Бид 2012 оноос хойш сонгогчдод мэдлэг, мэдээлэл өгөх лавлах утсыг Сонгуулийн ерөнхий хороотой байгуулсан гэрээний хүрээнд ажиллууллаа. Ирэх сонгуулиар ч үүнийгээ үргэлжлүүлнэ.
-Ер нь сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажлыг юунаас эхлэх ёстой вэ?
-Сонгууль болохоос хоёр сарын өмнө бид энэ тухай яриад үр дүнд хүрэхгүй. Урт хугацаандаа, тасралтгүй хийх ёстой зүйл нь сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зорилтоо албан ёсны сургалтын хөтөлбөртөө тусгах ёстой. Энэ нь зөвхөн дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт “Сонгогчийн боловсрол” гэдэг хичээл оруул гэсэн үг биш л дээ. Мэдээж бие даасан хөтөлбөртэй байвал сайн. Ядаж ерөнхий эрдмийн хичээлээр нь дамжуулж сонгогчийн боловсролыг дээшлүүлэх ямар арга, хэлбэр байж болохыг эрэлхийлэх хэрэгтэй. Жишээ нь, Германд бүх шатны боловсролын хөтөлбөрт нь бий. Харин албан бус хэлбэрээр сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажлыг намууд нь хийдэг. Ингэхдээ өөр өөрийн хөтөлбөрөө боловсруулж, боловсролын асуудал хариуцсан яамаараа батлуулан, төсвөө авдаг юм билээ. Ийм эрүүл тогтолцоо бидэнд үгүйлэгдэж байна.