Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас олгодог “Эрдмийн дал мод” одон хүртээд буй, МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал, Антропологи, археологийн тэнхимийн доктор, дэд профессор Ц.Төрбаттай ярилцсанаа хүргэе.
-Нэр хүндтэй шагнал хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. “Эрдмийн дал мод” шагналын талаар өөрийн мэдэх зүйлсээс хуваалцаж болох уу?
-Баярлалаа. Францад одоо мөрдөж байгаа шагналын систем Наполеон Бонапартын үед бий болсон гэж үздэг. Тухайн цаг үед дайн тулаан эрчимтэй хийж байсан учир баатарлаг гавьяа байгуулсан цэргийн хүмүүст анх Хүндэт Легионы одон олгож эхэлсэн юм билээ. Хожим төрийн дээд шагнал болсон. Үүний зэрэгцээ багш, судлаач зэрэг эрдмийн ажил хийж байгаа төрийн албан хаагчдад зориулаад 1808 онд тусгай шагнал бий болгосон нь “Эрдмийн дал мод”. Үндсэндээ энэ нь 200 гаруй жилийн түүхтэй одон. Өдгөө уг шагналыг дээд боловсролын байгууллагад ажилладаг, эрдэм шинжилгээ, судалгаа хийдэг хүмүүст олгодог. Дотроо гурван зэрэгтэй. Доод зэрэг нь хүлэг баатар, хоёрдугаарх нь офицер, гуравдугаарх нь командлагч. Миний хувьд II зэргийн буюу офицерын одон хүртлээ.
-Энэ шагналыг танаас өөр монгол хүн хүртэж байсан уу?
-Франц хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, заах, сургах чиглэлээр олон жил ажилласан, МУИС-ийн эрдэмтэн, судлаачдад үүнийг өмнө нь олгож байсан. Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор С.Дулам, Гавьяат багш, доктор профессор Г.Буяннэмэх, МУИС-ийн Франц хэлтэн орнуудын инновац, хамтын ажиллагааны төвийн захирал, профессор Б.Алтангүл нар Францын Засгийн газрын Төрийн дээд шагналыг хүртсэн. Уг шагналыг францчуудаас гадна гадаадын иргэдэд олгодгоороо онцлогтой.
-Монгол, Франц орны археологийн салбар дахь хамтын ажиллагаа хэчнээн жилийн түүхтэй, та чухам хэдий үеэс энэ үйл хэрэгт гар бие оролцож эхэлсэн талаар ярьж өгнө үү?
-1990 оноос өмнө манай улс археологийн салбарт ЗХУ-тай хамтын ажиллагаатай, Унгар зэрэг социалист орнууд хязгаарлагдмал цар хүрээнд, хумигдмал үйл ажиллагаа явуулж байсан юм. Харин ардчилсан хувьсгалын дараа буюу 1994 оноос баруун Европын археологийн экспедицүүд Монголд судалгааны төслүүд хэрэгжүүлж эхэлсэн. Тэдгээрээс хамгийн анхных нь Францын экспедиц. Хоёр орны хамтарсан экспедиц 1994 онд хамгийн анхны малтлага, судалгаа хийхэд их сургуулийн IV дамжааны оюутан Ц.Төрбат гар бие оролцсон түүхтэй. Үүнээс хойш тасралтгүй 30 жил Монгол, Францын хамтарсан төслүүдэд ажиллаж байна. 2004 оноос хойш буюу сүүлийн 20 жилийн хугацаанд төслийн удирдагчаар ажиллалаа. Хоёр орон өнгөрсөн хугацаанд олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Яг одоо гэхэд МУИС-ийн Археологийн судалгааны төв тус орны судлаачидтай хамтран гурван төсөл хэрэгжүүлж буй. Францын судлаачид Монголд маш тогтвортой ажиллаж байгаа. Замын дундаас буцсан, “алга болсон” хүн үгүй.
Монгол, Францын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж буй түлхүүр байгууллагууд бий. Юуны өмнө Тулузийн их сургуулийг дурдъя. Бид тус сургуультай хамтран 2013- 2019 онд Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын Улаан хошуунд нэгэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоо “Морины хүч” гээд томоохон төслийг хамтран хэрэгжүүлж байна. 1990-ээд оны үед Монголд хийсэн малтлага, судалгааны гол ажлуудыг ч Тулузийн их сургууль нугалж байсан юм билээ. Мөн Францын Цөлийн ба хээр талын хүрээлэн гэж бий. Энэ хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач П.Х.Жискар Монголд 20 гаруй жил ажилласан. Хамгийн анхны төслийг эхлүүлж, 2015 он хүртэл амжилттай авч явсан. Өдгөө 95 настай хүн бий.
Хэдийгээр тэрбээр нас дээр гарсан ч манай байгууллагын нэг төслийг дэмжин, санхүүжүүлж байгаа. Удаах нь Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төв. Энэ нь шинжлэх ухааны мэргэшсэн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг удирдан чиглүүлж, зохион байгуулдаг байгууллага. ШУА-иас ялгаатай нь бие даасан судалгааны нэгжгүй. Их сургууль, музей болон эрдэм шинжилгээний байгууллагуудад хамтарсан нэгж байгуулах замаар үйл ажиллагаа явуулдаг. Тус төв болон Францын Байгалийн түүхийн музейн хамтарсан нэгжтэй бид 2013 оноос хойш хамтран ажиллаж байна. Өдгөө хүрлийн үеэс дундад зууны үе хүртэлх монголчуудын нүүдэл суудлыг судалдаг нэгэн сонирхолтой төслийг хэрэгжүүлж буй.
Манай улсын археологийн салбарт гадаадын, Өрнөдийн орнуудаас хамгийн удаан хугацаанд тогтвортой ажилласан, их хэмжээний хөрөнгө оруулж, олон төсөл хэрэгжүүлсэн нь Франц юм. Мөн хоёр орны шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаануудаас хамгийн амжилттай нь археологийнх гэж хэлж болно. Археологийн салбарын хамтын ажиллагаа гэхээр хөдөө хээр очоод баахан малтлага, судалгаа хийгээд, түүнийхээ үр дүнг нэгтгэн бичиж, ном, өгүүлэл бичих төдийхнөөр харж, ойлгож болохгүй. Энэ нь нийгмийн хөгжилд асар үнэтэй хувь нэмэр оруулж байдаг. Тиймээс судалгааныхаа үр дүнг нийгэмд, олон нийтэд хүргэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. Жишээлбэл, Монгол, Францын хамтын ажиллагааны хүрээнд 2001 онд “Чингис хаанаас Александр хүртэл” хэмээх томоохон үзэсгэлэнг Парис, Барселон хотод гаргаж байлаа. Үүний дараа Улаанбаатарт ч хэд хэдэн удаа үзэсгэлэн дэлгэсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны сүүлчээр Нант хотод Чингис хаантай холбоотой үзэсгэлэн гаргасан нь бас Монгол, Францын хамтын ажиллагааны нэг том жишээ боллоо.
-Судалгаа хийхэд шаардлагатай багаж хэрэгсэл, материаллаг баазаар хангах, мэргэжилтнээ чадавхжуулж, бэлтгэх зэрэгт ч гадаад хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Археологи бол өртөг өндөртэй судалгааны салбар. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбартаа зардлаараа тэргүүлдэг нь археологи. Тэр хэрээрээ нийгмийн “импакт” нь өндөр байдаг. Улс орны нэр нүүр, түүх соёл, аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болсон музей хийгээд музейн үзмэрүүдийг археологичид “бүтээдэг”. Илрүүлсэн зүйлийнхээ утга учрыг нь олж, үнэ цэнийг нь тодорхойлж, сэргэн засварлаад эцсийн бүтээгдэхүүн болгон хувиргаж, бодит өв бүтээдэг нь археологичид. Малтлагаар олдвор илрүүлэх нэг хэрэг. Түүнийг сэргээн засаж, хадгалалт, хамгаалалтыг нь сайжруулан, үзмэрийн хэмжээнд аваачна гэдэг ондоо хэрэг. Их хэмжээний зардал, хөдөлмөр шаардсан ажил. Ингэж бий болгосон бүтээгдэхүүн музей оршин тогтнох үндэс, хүмүүс музейг зорин очих шалтгаан болж, аялал жуулчлалаас эхлээд бусад салбараар дамжин улс орны эдийн засагт бодитой, шууд үр өгөөжөө хүртээж байдаг. Энэ үүднээсээ археологийн салбарын хамтын ажиллагааны үр өгөөж хэмжээлшгүй. Монгол, Франц орны археологийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд маш олон олдворыг сэргээн зассан. 2016 оны тооцооллоор гэхэд зөвхөн модон олдворыг сэргээн засахад 250 мянган евро зарцуулаад байв.
Аливаа салбарын хөгжил хүмүүст тулгуурладаг. Тиймээс бид хүмүүсээ хөгжүүлэхэд, дараагийн үеэ бэлдэхэд анхаарч ирсэн. Манай судлаачдын зарим нь Францад суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан. Сүүлийн үед их сургуулиудын хооронд оюутан солилцооны хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байна. Сорбонны их сургуультай энэ чиглэлээр хамтран ажиллаж эхэллээ. Нантерын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүний хүрээнд нэн тэргүүнд түүх, археологи, газар зүйн салбарт оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй.
Франц бол археологийн салбарын хөгжлөөр тэргүүлэгч, өөрийн гэсэн дэг сургуультай орон. Ялангуяа өвөг түүхийн судалгаагаар дэлхийд тэргүүлдэг. Тиймээс тус улсын судлаачидтай хамтран ажиллана гэдэг нь бидний хувьд мэргэжилтнүүдээ чадавхжуулж, бэлтгэх том боломж. Монголын археологийн хээрийн судалгааны арга зүй дэлхийд чамлагдахааргүй хэмжээнд үнэлэгдэх болсон нь гадаад хамтын ажиллагааны үр дүн юм. Бид орон орны шилдгүүдтэй хамтран ажиллаж, тэдний ачаар хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологиудтай танилцан, мэдлэг, арга зүйгээс нь суралцаж байна шүү дээ.
-Археологийн хөгжлөөр дэлхийд дээгүүрт “давхидаг” улс Монголд энэ олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулахад юу нөлөөлдөг вэ. Магадгүй бидний үүх түүх юм болов уу?
-Монгол бол нээлттэй, ардчилсан орон. Манай улсад гадаадын эрдэмтэд судалгаа хийхийг төр засаг нь бодлогоор дэмждэг. Нөгөөтээгүүр, газар зүйн байршлын ашигтай байдал нөлөөлдөг болов уу. Манай орон хойд талаараа Сибирь, баруунаараа Дундад Ази, урд хэсгээрээ Хятад, зүүнээрээ Алс Дорнодтой хиллэж, эдийн засаг, соёлын хувьд маш чухал бүс нутгуудын гол холбогч нь болж оршдог. Бүх соёлын харилцаа Монголоор дамжиж өрнөж ирсэн түүхтэй. Жишээлбэл, Умард Хятадыг судалж байгаа хүн Өмнөд Сибирьтэй харьцуулахын тулд тэдгээрийн дунд оршиж буй Монголыг судлахаас аргагүй. Алгасаж болохгүй шүү дээ. Хоёрдугаарт, Монгол бол нүүдлийн соёл иргэншлийн өлгий нутаг. Энэ соёлоо одоо болтол “амьдаар” нь хадгалж үлдсэн цөөн газрын нэг. Хүн төрөлхтөн хүрээлэн буй орчинтойгоо дасан зохицож, оршин амьдрах цөөн стратеги (мал аж ахуй, газар тариалан эрхлэх, ан ав хийх гэх мэт) бий. Тэдний нэг гол хэлбэрийг судлах хамгийн тохиромжтой талбар нь Монгол юм. Манай орны ард түмний харьцангуй нээлттэй, эерэг байдал ч нөлөөлдөг байх.
“Монгол Улс гадаадын судлаачдад нээлттэй” гээд задгай, хяналтгүй хаячихсан гэж хэлж байгаа юм биш шүү. Гадаадын орнуудтай, судлаачидтай ямар арга, хэлбэрээр хамтран ажиллах, манай талын оролцоо ямар байх зэрэг нь тодорхой зохицуулалттай, тогтсон дэг жаягтай. Монгол орны болон монгол судлаачдын эрх ашиг хохирч буй зүйл байхгүй. Зарим оронд гадаадын экспедицүүд Соёлын яамнаас нь ч юм уу, холбогдох байгууллагуудаас нь зөвшөөрөл аваад л бие даан ажилладаг. Хамтардаггүй гэсэн үг. Турк, Египет, Иран, Пакистанд ийм хэлбэрээр археологийн экспедицүүд ажилладаг. Харин манай улсын тухайд хамтын ажиллагааг чухалчилдаг. Өмнөд хөршөөс эхлээд хэт хаалттай орнууд ч бий. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаасаа Монгол бол эрх чөлөөний, ардчиллын орон. Нэг ёсондоо хамтарсан судалгаа хийх хэрэгцээ шаардлага нь ч байдаг, таатай нөхцөлүүд нь ч бий. Салбартаа харьцангуй жижиг судалгааны нэгжид тооцогддог манай төв гэхэд өнгөрсөн жил найман улстай хамтран 15 төсөл хэрэгжүүлсэн байна.
-Судалгааны томоохон байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй хэмээн онцолсон “Морины хүч” төсөл сонирхол татлаа.
-Европын Холбооны Европын судалгааны төв (ERC)-ийн “Хамтын чармайлт” хөтөлбөрийн 2023 оны шалгаруулалтад “Морины хүч” төсөл шалгарсан юм. Төслийн үндсэн гүйцэтгэгчээр Британи, Герман, Франц зэрэг баруун Европын томоохон гурван улсын судалгааны байгууллагууд ажиллах бол бид үндсэн хамтрагчаар оролцоно. Энэ бол маш том асуудал дэвшүүлсэн, чухал төсөл. Гол зорилго нь тал нутгийн, тэр дундаа Төв Азийн эртний морины түүхийг “гаргах”.
Манай соёлын, нүүдлийн мал аж ахуйн гол цөм нь, хөтлөгч нь адуу шүү дээ. Адууны түүхийг судална гэдэг Монголын түүхийг судална гэсэн үг. Бид адууг орчин үеийн судалгааны бүх арга зүйгээр судлахыг зорьж байгаа. Тэр дундаас хамгийн чухал нь удамшил зүйн судалгаа. Гений дээжид үндэслээд гарал үүсэл, удам угшлын холбоо хамаарлаас гадна өөр олон төрлийн мэдээллийг авах боломжтой. Тухайн бодгаль ямар зүстэй байсан, азарга уу, морь уу, хурдан уу, жороо юу гэдгийг нь ч тогтоож болдог. Монголчууд адууг ихэд дээдлэн шүтдэг ард түмэн. Төрийн сүлдэндээ хүртэл хүндэтгэн залсан. Энэ соёл өнөө хүртэл идэвхтэй, хүчтэй, амьд байна. Тэгвэл эрт цагт ямар байсан, адуу соёл, нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж ирсэн, зан үйл, шашин шүтлэгт ямар байр суурьтай, урлагт хэрхэн туссан гээд олон талаас нь судална. Хоёрдугаарт, адууг бүс нутгийн худалдааны гол таваар байсных нь хувиар харьцуулан судлах зорилготой. Манай улсын гадаад худалдааны гол бүтээгдэхүүн нь нэгэн цагт адуу байсан шүү дээ. Харин худалдааны гол түнш нь Хятад байсан, өнөө ч хэвээр.
Бид “Морины хүч” төслийн хүрээнд монгол адууг өмнөд хөршийнхтэй харьцуулан судлах юм. Хятадад байгаа адуу үнэхээр тал нутгаас ирсэн үү, тийм бол чухам хаанаас авчирсан бэ гэдгийг тодруулна. Ойрын таван жилд нэлээд өргөн хүрээнд малтлага, судалгаа хийхээр төлөвлөсөн. Төслийн багт ажиллаж буй гадаад судлаачид дэлхийн нэр хүндтэй, томоохон сэтгүүлүүдэд энэ талаар цуврал өгүүлэл бичих болов уу. Миний хувьд монгол адууны түүхийг археологийн үүднээс түүхчилж бичихийг зорьж байна. Монголд чухам хэдийнээс адуу гаршуулсан юм бэ. Ер нь анх Монголд гаршуулсан юм уу, эсвэлөөр газраас авчирч нутагшуулсан уу. Энэ асуудал одоо ч маргаан дагуулдаг. Хүрлийн үеэс асар олон тооны адуугаар тахилга үйлдэж эхэлсэн. Ганц хүнд зориулж 1000 гаруй адуугаар тахилга хийсэн байх жишээтэй. Ямар гээчийн агуу ёс вэ. Энэ мэтчилэн анхаарал татахуйц, судлан шинжилж, тодруулах зүйл бишгүй.
-Өнгөрсөн хугацаанд Францтай хамтран хэрэгжүүлсэн төсөл, хийсэн судалгаануудаас шинжлэх ухааны салбарын хөгжилд чухал нэмэр оруулсан, нээлт хийсэн гэж хэлж болохуйцыг нь дурдаач гэвэл та юуг онцлох вэ?
-Францтай хамтраад Хүннүгийн үед хамаарах жирийн иргэдийн томоохон хоёр оршуулгын газарт малтлага, судалгаа хийсэн юм. Үүний нэг нь 1990-ээд оны үед Булган аймгийн Хутаг- Өндөр сумын Бурхан толгойд хийсэн судалгаа. Нийт 90 гаруй булштай оршуулгын газрыг бүрэн хэмжээнд малтаж, судалсан. Энэ үед хийсэн генетикийн судалгаа археологийн салбарт маш том дэвшил авчирсан юм. Үүнд тулгуурлаад хүннүчүүдийн угсаа гарвалийн асуудлыг шинэ түвшинд авч үзэх болсон. Хүннүчүүд одоогийн монголчуудтай удамшил зүйн хувьд шууд холбоотойг үүгээр тогтоосон. Манай франц нөхдийн дүгнэснээр бол Эгийн голд амьдарч буй хүмүүс сүүлийн 2000 жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй. Хүннүгийн үед амьдарч байсан хүмүүсийн үр сад өдгөө ч тэнд аж төрж буй, хүннүчүүд бол монголчуудын өвөг дээдэс юм гэдгийг генетикийн хэлээр ингэж хэлсэн. Бүтэн оршуулгын газрын 50 гаруй дээжид хийсэн митохондрын ДНХ-ийн судалгаа дэлхийд ховор байсан учир энэ ажил тухайн үедээ олон улсын тавцанд өндрөөр үнэлэгдсэн юм.
Дараа нь 2013-2019 онд Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын Улаан хошуун дахь оршуулгын газарт дахин ийм судалгаа хийсэн. Гэхдээ судалгааны арга зүйгээ өмнөхөөсөө илүү сайжруулсан. Археологийн салбарт эртний удамшил зүйн судалгааны үзүүлэх нөлөө, ач холбогдлыг олон улсад өндөр түвшинд гаргахад энэ ажил хүчтэй түлхэц үзүүлсэн юм. Бид тухайн оршуулгын газрын зүүн хэсгийг бүхэлд нь малтаж, хүмүүсийнх нь төрөл садны хэлхээ холбоог тогтоосон. Ах, дүү хоёроос гаралтай хоёр гэр бүл таван үеийн турш буюу 100 гаруй жилийн хугацаанд тэнд амьдарч, оршуулгын зан үйл хийж ирснийг нотоллоо.
Энэ нь археологийн шинжлэх ухаанд маш шинэлэг судалгаа болсон. 20 жилээр нарийвчилсан үечлэл гаргаж, эд өлгийн зүйлс болон оршуулгын зан үйлийн хувьслыг харьцуулан судлах боломж бүрдсэн юм. Нэгдүгээр үеийнхнийх нь ваар нь ийм байж, хоёрдугаархынх нь ийм болж гэхчлэн. Эд өлгийн зүйлийн чуулбар, булшны бүтэц, хэмжээ, хэлбэрээр нь ч хувьслыг нь тогтоох боломжтой болсон. Энэ талаар бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийн эшлэлийн тоо нэлээд өндөр гарсан. Мөн Монгол Алтайд археологийн олон шинэ төрлийн дурсгалыг нээсэн. Бас нэг зүйлийг дурдахад, Монгол оронд малтсан булшнуудаас бичигтэй тамга ердөө хоёр гарч ирсэн байдаг. Хоёуланг нь Монгол, Францын хамтарсан экспедиц илрүүлсэн. Нэгийг нь Архангайн Тамирын Улаан хошуунаас, нөгөөхийг нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгойн язгууртны булшнаас олсон. Энэ мэтчилэн дурдвал тоочиж барамгүй олон зүйл бий.
-Шинжлэх ухааны салбарт хүний нөөц, материаллаг бааз, санхүүжилт зэргээс эхлээд тулгамдсан асуудал олон. Сүүлийн жилүүдэд манай улс Соёлын яамтай боллоо. Мөн төрөөс шинжлэх ухааны салбарыг дэмжих бодлого баримталж байна. Эдгээр нь та бүхний ажилд бодитой дэмжлэг болж, нөлөөлж байх юм уу?
-Археологийн салбарын хэмжээнд авч үзвэл нааштай зүйлс ажиглагдаж байна. Соёлын яам тодорхой бодлого, чиглэлээр дэмжиж байна. Мөн томоохон музейнүүд байгуулж буй нь археологид хандах нийгмийн хандлагыг эерүүллээ. Харин шинжлэх ухааны салбар хэмээх том ай саваар нь авч үзвэл хүндрэлтэй асуудлууд бий. Салбарын хөрөнгө оруулалт маш бага хэвээрээ байна. Дэлхийн төдийгүй Азийн дунджаас ч дор буй. Бодитой, оновчтой ямар бүтэц рүү хөрөнгө оруулах вэ гэдэг асуудлаа ч бүрэн шийдээгүй. Шинжлэх ухаанд зарцуулж буй хөрөнгө оруулалт үр дүнтэй байх ёстой шүү дээ.
Бид БШУЯ-ны дэмжлэгтэйгээр сүүлийн хоёр жилд нэгэн томоохон ажил гүйцэтгэлээ. Манай орны хамгийн том хадны зургийн дурсгалд тооцогддог Монгол Алтайн цогцолборыг бүрэн баримтжуулсан. Тухайн газарт 1994-2001 онд судалгаа хийгээд болчихсон гэж үзэж байсан юм билээ. Улмаар 2011 онд дэлхийн өвд бүртгүүлсэн. Тэнд олон удаа очиж үзсэн хүний хувьд би судалгаа хангалтгүй гэдгийг мэдэж байсан. Манай ахмад эрдэмтэд тус дурсгалыг маш сайн судалж, англи, орос хэлээр бүтээлүүд хэвлүүлсэн. Гэхдээ тэр хүмүүсийн зорилго нь хадны зургийн он цаг, шинж төрхийг тодорхойлох байснаас биш, баримтжуулах байгаагүй юм. Зорилго нь өөр байсан гэсэн үг.
Монгол Алтайн хадны зургийг дэлхийн өвд бүртгэснээр үнэ цэн, ач холбогдол нь өссөн. Ганц ямааны зургийн статус нь ч өөрчлөгдсөн гэж ойлгож болно. Тиймээс би энэ ажлыг сэдэж, хэрэгжүүлсэн. Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаатай хамтраад 12 мянга орчим хавтгай дээрх 60 мянга гаруй зургийг бүртгэж, баримтжууллаа. Өмнө нь үүний гуравны нэг орчмыг нь бүртгэсэн юм билээ. Улаанбаатар хотоос 2000 гаруй км-ийн зайд, хүмүүс тэр бүр очих боломжгүй газарт байрладаг эл дурсгалыг олон нийтэд таниулах үүднээс энэ оны эхний улиралд багтаан нээлттэй мэдээллийн сан бий болгохоор ажиллаж байна. Үүний үр дүнд хүссэн хүн бүхэн Монгол Алтайн хадны дурсгалын зургуудыг дэлхийн аль ч газраас үзэх боломж бүрдэх юм. Мөн онцлог хэв шинж бүхий, эсвэл төлөөлөл болохуйц цөөн тооны зургийг 3D загвараар бүтээж, мэдээллийн санд байршуулахаар зорьж байна. Энэ нь судалгаа шинжилгээ, түүхэн дурсгалын хадгалалт хамгаалалт, аялал жуулчлалын бүтээгдэхүүн талаасаа асар үнэ цэнтэй ажил юм.