Монгол Улсад 43 мянга гаруй буриад угсаатан амьдардаг. Тэдний дуу хуур, өв соёлоо хадгалан хамгаалах зорилгоор зохион байгуулдаг “Алтаргана” наадам ирэх долоодугаар сард болох аж. Уг наадмын зохион байгуулах багт ажиллаж буй, “Лагшин тэнгэр” бөөгийн төвийн тэргүүн Ц.Отгонсүрэнтэй цөөн хором ярилцлаа. Буриад зон олны өв соёлыг хүндэтгэхийг тэрбээр онцолсон юм.
-“Хадын оройгоор” дууг залуу уран бүтээлчид сэргээн дуулсан нь нийгэмд маргаан өрнүүлээд байна. Та энэхүү дууны түүхээс хуваалцаж болох уу?
-Энэхүү дуунд
Уулын оройгоор харахадам
Униартай манан соо наран байна
Учирхан ганцыгаа бодоходом
Уулзахын аргагүй хол л байна
Уулын оройгоор харахад
Униартай манан хол л байна
Ижилхэн ганцыгаа бодоход
Уулзахын аргагүй хол байна хэмээн өгүүлдэг юм. Хэлмэгдүүлэлтийн үед төрсөн дуу л даа. Тухайн үед эрчүүдийг авч яваад, 10 жилийн ял өгч байв. Мөн өчиггүйгээр хөнөөж байсныг тэдний үр хүүхдүүд харсан. Ээж нь тарваганы нүх сахиж, хүүхдээ тэжээсэн үеүд ч бий. Энэ дууг сонсоход аав, ээжийн минь надад ярьсан түүхүүд бодогддог. Миний өвөг дээдсийг ч хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр тойроогүй. Энэ дуу тийм түүхийг сэдрээдэг. Хэлмэгдүүлэлтийн хар шуургын тухай өгүүлдэг “Хадын оройгоор” дууг А.Хишигдалай, Г.Гарьд нар хүндэтгэлгүйгээр дуулснаараа буриадуудыг цочоолоо. Залуу дуучид минь ээ, буриад угсаатан өөрсдийн гэсэн өв соёлтой. Их хэлмэгдүүлэлтийн үед хонь муулах эр хүнгүй болтлоо цөөрч байсан. Бид өнгөрсөн он жилүүдээс үлдсэн бүх шархаа одоо ч зүрх сэтгэлдээ тээж яваа. “Хол л байна” гэдэг дууг ярихаар л уйлчих гээд байдаг юм.
-Тэгэхээр дууны өнгө аясыг гажуудуулсанд шүүмжлэлтэй хандаж байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Бидний өв соёлд хүндэтгэлгүй хандсан.
-“Хадын оройгоор” дууг сэргээн дуулсан нь цочоосон гэлээ. Тэгэхээр түгээмэл дуулаад байдаггүй бололтой.
-Тийм ээ. Дуулж болохгүй дуу гэж байна шүү дээ. “Шалзад баахан шарга”-ыг найр наадамд дуулдаггүй. Ханийг таних дуугч найранд дуулдаггүй юм. Учир нь
Уяандаа байхад нь
Улиганхан лаагаад
Уртынгаа харгуйд ямархан бол
Урад нь харахад цэвэрхэн байгаад
Уртынхаа харгуйдаа ямархан гэж дуулдаг. Урдаас нь харахад цэвэрхэн мөртлөө учрах харгуйдаа ямар бол гэсэн гүн ухааныгагуулсан дуу. Ханилан амьдарч байгаад үр хүүхдээ хаяад алга болчих вий гэдгийг сануулж байгаа юм. Мөн “Харь холын болоод яах л хүн бол” гэсэн дуугаар эцэг, эх нь хэлэх үгээ хүүхдүүддээ дайлгадаг.
-Дуугаараа сургамжилж байна гэсэн үг үү?
-Тийм шүү. Ээж минь бага байхад өглөө болгон дуулдаг байлаа. Тэгэхдээ
Өглөө бостол 10 минут
Өрхөө татаж 20 минут
Үүдээ хүртэл 30 минут
Уухаа хүртэл 40 минут гэж дуулдаг. Ерөөсөө загнахгүй. Босоод л ажлаа хийхгүй бол дуулаадл байна шүү дээ.
-Үр хүүхдээ хүмүүжүүлэх арга нь хүртэл дуулах байх нь ээ?
-Тийм ээ. Олон юм ярих шаардлагагүй. Мөн зүйр үгээр ч сургамжилна. “Ухаганаараа төөгөөд яв” гэдэг. Тэр нь өөрийнхөөрөө яв. Ингэхдээ ухаанаараа яв гэсэн үг. Оёдол хийж, гутлын ул ширж чадахгүй бол хадамд гарахгүй. Буриад гутлын ул зузаан. Үүнийг муухан хийдэг хамган (эхнэр) тав, сайн нь хоёр хоног ширдэг. Буриад дээл нарийн оёдолтой. Дээл хийж чадахгүй бол ажилгүй хамган гээд төрхөмдөө буцдаг. Басганыг хайртай хархүү нь гэрээс нь оргуулж, аав, ээжтэйгээ танилцуулаад, нэг сар гэртээ байлгана. Энэ хугацаанд шалгадаг. Бэр болох хүнээ олон янзаар сорино. Шалгуурыг нь давахгүй бол “Ажилгүй хамган байна” гээд төрхөмд нь буцаадаг. Хадаг тавиагүй бол айлын бэр болохгүй.
-“Алтаргана” наадмын бэлтгэл ажил ямар шатанд яваа бол?
-Буриадын өв соёлыг таниулан сурталчлахаар уг наадмыг хийх гэж байна. “Алтаргана”-ыг олон улсын хэмжээнд зохион байгуулдаг. Дэлхий дахин дахь буриадууд уг наадмыг зорин ирэхээр мэдээллийг нь чагнаж байгаа. Наадам энэ жил Булган аймагт болно. Буриад түмнийхээ дуу хуурыг олон нийтэд таниулах хэрэгтэй. Өөрсдөө дуу хуураа сурталчлах чадалтай байж зүгээр хараад сууж болохгүй. Өв соёлоо харуулсан дууг залуу үеийнхэн минь бүтээх хэрэгтэй. Орчин үеийн уран бүтээлчид, өв соёлоо хөгжүүлж яваа дуучдаа урин, уг наадмыг хийхээр төлөвлөөд байна. “Алтаргана” наадам өмнө нь ОХУ-д болсон. Энэ удаагийнхыг Монголдоо зохион байгуулна.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн