Эмийн зохисгүй хэрэглээний тухай ойлголт зөвхөн хүнд биш, мал, амьтанд ч хамааралтай болжээ. Өөрөөр хэлбэл, иргэд малдаа эм, тариа дураараа хийлгэх болсон нь анхаарах ёстой сэдэв юм. Улмаар монголчууд антибиотикийн агууламжтай мах хэрэглэх эрсдэл үүсээд байна. Гэвч худалдан авч буй мах нь антибиотикийн агууламжтай, эсэхийг илрүүлэх, мэдэх боломж иргэдэд үгүй байв. Тэгвэл энэ хүү асуудлыг шийдэхээр мах, махан бүтээгдэхүүнээс антибиотик илрүүлэх оношлуурыг “Праймер” компанийнхан бүтээжээ. Тэд хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор уг ажлаа санаачилсан юм байна. Тус компанийнхан үүнээс гадна шинжилгээний түргэвчилсэн болон PCR нийт таван оношлуур бүтээгээд буй аж. Тэдгээрийг иргэдээс гадна цагдаа, хил хамгаалах байгууллага, хүнсний эрүүл ахуйн лабораториудад түгээмэл ашигладаг гэнэ. Уг оношлуур нь БШУЯ-аас өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан “Мон-Х” хөтөлбөрийн шилдгээр шалгарч, гарааны тэтгэлэг болох 20 сая төгрөгийг тэд хүртжээ. Хэрэглэхэд хялбар, үнийн хувьд хямд, баталгаат чанар өндөртэй бүтээгдэхүүнийх нь талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтогтохтой ярилцлаа.
-Махнаас антибиотик илрүүлэх арга технологи нь манай улсад шинэд тооцогдох байх. Та бүхэн оношлуур бүтээх ажлаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Монгол Улсад ашиглаж буй нийт оношлуурын нэг хувийг л дотооддоо үйлдвэрлэдэг. Үлдсэн 99 хувийг нь гадаадын орнуудаас өндөр үнээр авдаг. Үүний цаана олон асуудал бий. Жишээлбэл, “Ковид-19” тархаж эхлэх үед Монголд оношлуур нь байхгүйгээс дотооддоо шинжилгээ хийж чадахгүйд хүрсэн шүү дээ. Манай компани Монголд оношлуур үйлдвэрлэгч хувийн хэвшлийн анхны аж ахуйн нэгж. Одоогоор зохиогчийн эрхийн патентаа авсан таван төрлийн оношлуурыг зах зээлд нийлүүлж буй. Эдгээрт анхан шатнаас эхлээд баталгаажуулах буюу PCR оношлуур багтана.
Тухайлбал, хүнсний хордлого, халдвар үүсгэгч бактерийг тогтоох, зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтны махны төрөл тодорхойлох цомог оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлсэн. Эмээлтийн махны асуудал, KFC-гийн бүтээгдэхүүнээс иргэд хордлого авсан зэрэг тохиолдолд манай оношлуурыг ашиглаж байлаа. Бусад нь мах, сүүний гээд энгийн, ахуйн хэрэглээнд тохирсон оношлуур юм. Сүүнд гурил, ус, сода хольсон гэдгийг нь иргэд мэдэлгүй худалдан аваад хохирдог. Манай оношлуураар үүнийг ялгаж болно.
Маханд антибиотик агуулагдаж байгаа, эсэхийг иргэд гэртээ ч шалгах боломж бүрдэх юм. Манай компани энэ онд 2-3 төрлийн оношлуур бүтээх зорилготой. Ингэхдээ энгийн, жирэмсний тест шиг буюу эмийн сангаас хэн ч аваад хэрэглэчих боломжтой оношлууруудыг бүтээхэд голчлон анхаарна.
Таван төрлийн оношлуураа сургууль, цэцэрлэгээс эхлээд Монголын томоохон лабораториудад нийлүүлээд байна. Мөн махны антибиотик илрүүлэх оношлуураа бид нийгмийн эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж үзэж байна. Учир нь антибиотикийг манай улсад түгээмэл хэрэглэдэг болчихлоо. Бидний хэрэглэж байгаа мах, сүүнд ч антибиотикийн агууламж байх эрсдэл нэмэгдсэн. Монголчууд маххудалдажавахдаатэрбүрхянадаггүй. Тиймээс хүнсний хяналтыг сайжруулах үүднээс бид оношлуур бүтээх судалгааны ажлаа жил гаруйн хугацаанд хийлээ. Өдгөө хөгжүүлэхэд анхаарч байна.
-Уг оношлуураа худалдаанд гаргасан уу. Олон нийт үүний талаар төдийлөн мэдэхгүй байна.
-Махнаас антибиотик илрүүлэх оношлуур бүтээх ажил одоогоор туршилтын шатанд явна. Туршилтын ажлаа дуусгаад, үр дүнг нь баталчихвал зах зээлд нэвтрүүлэх бэлтгэл ажлаа эхэлнэ. Эхний ээлжид махнаас антибиотик илрүүлэхээр туршиж байна. Үүний дараа сүүнээс илрүүлдэг болно. Ийм маягаар үргэлжлүүлэн хөгжүүлэх юм.
-Манай улсад мах, махан бүтээгдэхүүнээс антибиотик илрүүлэх оношлуур өдгөө ашигладаг уу. Тэдгээрээс танай бүтээгдэхүүн юугаараа онцлогтой бол?
-Монголд мах, махан бүтээгдэхүүнээс антибиотик илрүүлэх 2-3 оношлуур ашигладаг. Гэхдээ тэдгээр нь өндөр үнэтэй, багаж, оношлуур нь тусдаа төхөөрөмжөөр шинжилгээ хийдэг юм. Жишээ нь, Монголд ашиглаж буй “Преми” тестийн багажийн үнэ 1 700 000, оношлуур нь 19 800 төгрөг. Эдгээрийг ойлгомжтойгоор тайлбарлавал, оношлуур нь бензин, багаж нь автомашин гэсэн үг. Харин бидний гаргах гээд байгаа оношлуурт багаж хэрэглэхгүй. Импортоор оруулж ирж буй оношлуур нь өндөр үнэтэйгээс гадна антибиотикийн хяналтыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна.
-Танай оношлуурыг хэрхэн ашиглах вэ?
-Махны жижиг хэсэг, шүүсэн дээр оношлуур буюу уусмалыг дусаах байдлаар ашиглана. Ингэхэд өнгөний хувирал, физик шинж чанар нь өөрчлөгдөх зэргээр хариу урвал илэрдэг. Оношлуур нь махны шүүсийг татдаг соруул, бэлдэц буюу уусмал зэргээс бүрдэнэ. Антибиотик агуулагдсан тохиолдолд өнгө нь хөх болно. Гэхдээ антибиотик илэрсэн тохиолдолд дараагийн шатны лабароторид ямар төрлийнх болохыг нь тодорхойлно. Манай бүтээгдэхүүнээр төрлийг нь тодорхойлохгүй. Зөвхөн антибиотик агуулсан, эсэхийг нь л тогтооно гэсэн үг.
-Танай оношлуурыг зах зээлд нэвтрүүлснээр иргэд гэртээ ч мах, махан бүтээгдэхүүндээ антибиотик агуулагдсан, эсэхийг шалгаж болно гэж ойлголоо.
-Тийм ээ. Маханд антибиотик агуулагдаж байгаа, эсэхийг иргэд гэртээ ч шалгах боломж бүрдэх юм. Манай компани энэ онд 2-3 төрлийн оношлуур бүтээх зорилготой. Ингэхдээ энгийн, жирэмсний тест шиг буюу эмийн сангаас хэн ч аваад хэрэглэчих боломжтой оношлууруудыг бүтээхэд голчлон анхаарна. Хэрэглэхэд хялбар, авсаархан байдлаар бүтээнэ гэсэн үг л дээ.
-Бүтээгдэхүүний зах зээлийн үнэ хэд байх бол?
-Өмнө хэлсэнчлэн “Преми”-гийн нэг оношлуур 20 000 төгрөгийн үнэтэй. Харин манайх нэг нь 3000-4000 төгрөг болно гэж бид тооцоолоод байгаа. Үүнийг нэг л удаа ашиглах боломжтой.
-Олон улсад мах, махан бүтээгдэхүүнээс антибиотик хэрхэн илрүүлдэг вэ?
-Багажит оношлуураар шинжилгээгээ хийдэг. Бидний тэднээс ялгарах онцлог бол багажгүй, орон нутагт, гэртээ, ер нь хаана ч ашиглах боломжтой бүтээгдэхүүнийг гаргах юм.
-Та бүхний бүтээсэн бусад оношлуурыг хэрхэн ашигладаг вэ?
-Нийт таван төрлийн оношлуур бий. Эдгээрээс эрэлттэй нь хүнсний хордлого, халдвар үүсгэгч бактерийг илрүүлэх PCR оношлуур. Үүгээр Монголд гардаг найман төрлийн хордлого үүсгэгч бактерийг тодорхойлдог. Мөн сүүний оношлуур бий. Тэр нь 12 ширхэг химийн уусмалтай. Заавартайгаа хэрэглэгчийн гарт очно. Тухайлбал, сүүнд ус хольсон, эсэхийг шалгах юм. Үнийн хувьд маш хямд. Гэхдээ үүгээр цагаан идээгээр хийсэн эцсийн бүтээгдэхүүнийг шалгах боломжгүй. Түүхий эд буюу сүүг л шалгах боломжтой. Зэрлэг амьтны махны төрөл тодорхойлох оношлуурыг чоно, гөрөөс зэрэг агнахыг хориглосон амьтны махыг хилээр гаргахыг завдсан хэргийг илрүүлэхэд ашигладаг. Өөрөөр хэлбэл, ямар амьтны мах болохыг нь тогтоодог юм.
Хууль бус ан агнуурын үед маргаан таслах хэмжээнд манай оношлуурыг хэрэглэдэг. Саяхан орон нутгийн цагдаагийн газраас “Энэ махны төрлийг тодорхойлоод өгөөч” гээд дээж илгээсэн. Хууль бусаар ховор амьтдыг агначихаад, гэрийн тэжээвэр амьтны мах гэжхил гаргахаар завдах тохиолдолд уг оношлуурыг түгээмэл ашиглаж байна. Мөн гэрийн тэжээмэл амьтны махны төрөл тодорхойлох оношлуур бий. Үүнийг мэргэжлийн хяналтын газрууд ашигладаг. Тухайлбал, сургууль, цэцэрлэгт үхрийн мах нийлүүлнэ гэчхээд тэмээнийхийг өгсөн тохиолдол гарч байлаа. Үүнийг манай оношлуураар илрүүлсэн. Эдгээр оношлуураас гадна бид лабораторидоо хүнсний бүтээгдэхүүний 100 гаруй үзүүлэлтийг шалгадаг. Уураг, өөх тос зэрэг үзүүлэлтийг үүнд хамруулж болно. Мах, сүүний оношлуураар шинэлэг байдал, уургийн задрал зэрэг 6-7 үзүүлэлтийг үздэг. Үнийн хувьд махны оношлуур нь 110 000, сүүнийх 115 000 төгрөг байгаа.
-Эдгээр оношлуурыг шингэн төлөвтэй бүтээгдэхүүнийг шинжлэхэд л ашиглах боломжтой юу?
-Бидний хийж чадаж байгаа нь тэр гэх үү дээ. Одоогоор шингэн дээр л суурилж байна. Сүүн бүтээгдэхүүний оношлуурыг зайрмаг, ааруул хийдэг газрууд голдуу авдаг. Үйлдвэрлэгчид орон нутгаас сүү их хэмжээгээр хэрэглэдэг. Ингэхдээ түүхий эдийнхээ чанарыг шалгахын тулд манайхаас оношлуур бэлддэг юм. Хэрэглэхдээ сүүнээс бага хэмжээгээр авч, саванд хийгээд уусмалтайгаа хольж шалгадаг. Оношлуурын найрлагад 50-60 төрлийн химийн бодис орсон.
-Шинжилгээний үр дүнг хэрхэн хардаг вэ?
-Үр дүнг нь унших арга зүй бий. Тухайлбал, махны төрөл тодорхойлох PCR оношлуур нь тахиа, гахай, таван хошуу мал зэрэг найман амьтны махыг ялгаж чадна. Зурган дээр нь гэрэл асаж, аль амьтны мах болохыг илэрхийлдэг. Зэрлэг амьтны махны төрөл тодорхойлох оношлуурыг цагдаагийн газар, хил хамгаалах байгууллагынхан ихэвчлэн ашигладаг. Гэрийн тэжээмэл амьтныхыг хүнсний лабораториуд ашиглаж байна.
-Танай компани хэзээнээс үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай компанийн үүсгэн байгуулагч нь доктор, дэд проффесор С.Лхагвасүрэн. Тэрбээр судалгааны ажлынхаа явцад өмнө хэлсэн таван төрлийн оношлуурыг бүтээсэн. Мах, сүүний цомгийг 2009, PCR-ыг нь 2018-2019 онд бүтээсэн. Эдгээр оношлуур нь нийгэмд ач тустай гэж үзсэнээр 2016 онд “Праймер” компанийг байгуулсан юм. Манай оношлууруудын стандартыг 2018 онд баталж, зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. Тухайн үедээ борлуултад төдийлөн анхаарч байсангүй ээ. Харин “Ковид-19”-өөс хойш л хүмүүс мэддэг болсон. Бид оношлуураа хийгээд, зах зээлд хямд борлуулж байна. Мөн тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн захиалгаар өөрсдөө очоод дээж шинжлэх зэргээр Монголд өмнө нь байгаагүй үйлчилгээг нэвтрүүлсэн.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн