Хуульч, доктор П.Баяртай ярилцлаа.
-УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Ингэхдээ мажоритар буюу олонхын саналаар сонгогдох 78 гишүүн олон мандаттай бүсчилсэн тойрогт өрсөлдөх нь. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн онд батлах үеэр пропорционал буюу хувь тэнцүүлэх тогтолцоонд бүрэн шилжих боломжгүй, орон нутгийн иргэдийн төлөөллийн зарчмыг алдагдуулна гэж үзээд 126 гишүүний дийлэнх олонх болох 78-ыг нь тойргоос сонгохоор шийдсэн. Гэтэл хэдхэн сарын дараа аймаг, дүүргүүдийг нэгтгэх байдлаар тойргийг бүсчилж байгууллаа. Ийн томсгож, тоог нь цөөрүүлснээр үгүйсгээд байсан пропорционал тогтолцоо руугаа дөхүүлж тойргоо хуваарилсан гэж үзэж болохоор байна.
Нөгөө талаар сонгогчдын боловсрол тааруу, саналаа өгөх хандлага нь төлөвшөөгүй орнуудад эрх баригчид сонгуулийн тойргийг өөрсдөдөө ашигтай хэлбэрээр зурж, багцалж томруулах, эсхүл жижиглэн хуваах замаар дэмжигчдийнхээ тоог аль болох дээд хэмжээнд хүргэх, сөрөг хүчний нөлөөг тэр хэрээр бууруулах “ажиллагаа” хийдэг. Үүнийг жерримандэр гэж олон улсад нэрлэдэг. Манайд ч сонгууль бүрийн өмнө тойргийг нааш, цааш хөдөлгөдөг нь хэвшил болсон. Өөрөөр хэлбэл, сонгогчид өөрсдийн төлөөллийг бус, улс төрчид нь сонгогчдоо сонгох нөхцөлийг жерримандэр буюу тойрог зурах үйл явц бүрдүүлдэг.
-Хууль тогтоогчдын хэлж байгаагаар бүсчилсэн тойргоор сонгуулийг зохион байгуулах нь жалга тойрсон улс төржилтөөс холдож, үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэх гэнэ. Улс орны нийтлэг эрх ашигт нийцсэн оновчтой хувилбар гэж яриад байгаатай нь та санал нийлж байна уу?
-Төгс төгөлдөр сонгуулийн тогтолцоо, тойргийн хэмжээ, мандатын болон сонгогчдын тоо гэж байхгүй. Харин тухайн орны улс төрийн намуудын төлөвшил, санхүүжилт болон сонгогчдын боловсрол буюу санал өгөх зан төлөв зэрэг хүчин зүйлээс сонгуулийн үр дүн шууд хамаардаг. Жишээлбэл, УИХ-ын гишүүний үндсэн ажил бол нэгдүгээрт, сонгогчдыг төлөөлөх, хоёрдугаарт, хууль батлах, гуравдугаарт, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих явдал. Сонгогчид нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүний дээр дурдсан чиг үүргийг хамгийн сайн хэрэгжүүлж чадна гэж үзсэн хүнийг өөрийн оюун дүгнэлтэд үндэслэн сонгох учиртай. Гэтэл сонгогчдын санал өгөх зан төлөвт арай л өөр хүчин зүйлс нөлөөлөөд байгааг өнгөрсөн сонгуулиудын дүн харуулдаг шүү дээ. Намуудын төлөвшил, сонгогчдын саналаа өгөх зан төлөв өмнөх жилүүдийнхтэй ижил түвшинд байгаа гэж үзвэл 2024 оны сонгууль том гэгддэг намуудын хувьд илүү ашигтай байхаар харагдаж байна.
-Яагаад том намуудад ашигтай гэж?
-Нэгдүгээрт, тойрог томрох тусам нэр дэвшигчид бус, намд нь саналаа өгдөг эффект өндөр болдог судалгаа бий. Ялангуяа сүүлийн найман жил эрх барьсан намын хувьд орон нутагт байгаа анхан шатны байгууллагууд, төлөөлөл, гишүүдээрээ дамжуулан хэн нэр дэвшсэнээс үл хамааран ялах магадлал өндөр. Хоёрдугаарт, сонгогчдын ирц сонгуулиас сонгуулийн хооронд буурч байгаа нь эрх баригч нам цөөн сонгогчийн саналаар олон суудал авах хөшүүрэг болно. Намын нэрээр багцалж, нэг намын нэр дэвшигчдэд санал өгөх нь түгээмэл байдаг учраас том гэгддэг намуудын хувьд нийт сонгогчийн 40 хувийн саналыг авахад л УИХ-д олонхыг бүрдүүлэхээр буй. Өөрөөр хэлбэл, бага саналын хувиар олон суудал авахаар байна гэсэн үг.
-Тэгвэл жижиг гэгддэг намуудын хувьд юу хэлэх вэ?
-Нийт сонгогчийн 15 хувиас доошгүй хэсгийн дэмжлэгийг авч чадахгүй “жижиг” намууд болон шинэ, залуу улс төрчид бүсчилсэн тойргоос сонгогдох боломжгүй. Гэхдээ жижиг намууд багаар сайн ажиллаж, мөрийн хөтөлбөрөө судалгаатай, наалдацтай боловсруулан, сонгогчдод хүргэж чадвал авах саналын тоогоо нэмэгдүүлэх замаар жагсаалтаар олон гишүүнтэй болох гарц бий. Пропорционал тогтолцооны давуу тал нь энэ юм.
ЖИЖИГ НАМУУД, ЗАЛУУ УЛС ТӨРЧДӨД ӨГСӨН САНАЛ ИХЭЭР ГЭЭГДЭНЭ
-Багаар ажиллах тухай та сая хөндлөө. Зарим нам, тухайлбал, АН эв нэгдлийн хувьд харьцангуй сул байсаар сонгуульд орох гэж байна. Олон фракцын төлөөлөл бүхий тус намд боломж хэр байгаа бол?
-Тойрог бүрд олон мандат буюу хоёроос дээш, зарим тохиолдолд 10 хүний нэрийг сонгогчид дугуйлах болно. Нэг намын нэр дэвшигчид хоорондоо саналын төлөө өрсөлдөнө гэсэн үг. АН шиг олон фракцтай, эв нэгдэл тааруу байгаа намын хувьд тэмцэл нь бүр хурцдаж, нэр дэвшигчид нэг нэгнийхээ эсрэг ажиллан, сөрөг хүчиндээ боломж олгож болзошгүй. Энэ тохиолдолд нэр дэвшигчид нь хоорондоо гэрээ байгуулан, хамтдаа ялах хөшүүрэг, дархлааг бий болгох замаар намаас нь сонгуулийн менежментийг шинэлэг байдлаар хийх нь ач холбогдолтой.
-Бүсчилсэн тойргийн сул тал нь юу байдаг вэ?
-Сул тал цөөнгүй бий. Хоёр үндсэн асуудал хөндөгддөг. Нэгдүгээрт, Монгол Улс шиг өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суудаг сонгогчид болон хууль тогтоох байгууллагад суух тэдний төлөөллийн хоорондох харилцаа улам холдоно. Өөрөөр хэлбэл, төлөөллийн ардчиллын зарчимд сөргөөр нөлөөлж болно. Энэ л зорилгоор өнөөдрийг хүртэл улс төрчид мажоритар тогтолцоог дэмжиж ирсэн шүү дээ. Хоёрдугаарт, сонгуулийн үр дүнд сонгогчид сэтгэл хангалуун бус байх магадлал маш өндөр. Том тойргоос намын нэрээр цөөн саналаар, эсвэл олны танил гэх, чадамжгүй гишүүд олноор гарах магадлал өндөртэй. Жижиг намууд, залуу улс төрчдөд өгсөн санал ихээр гээгдэнэ. Мөн том тойргоос сонгогдох боломжгүй, мөнгөтэй боловч хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүс жагсаалтаар орж ирснээр сонгогчид 2024 оны УИХ-ын сонгуулийн дүн, гишүүдэд сэтгэл хангалуун бус байх магадлал өндөр байна. Тиймээс намууд хаалттай жагсаалтаа авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хуулийн засаглалыг хүлцэн ажиллаж чадах нэр дэвшигчдээр бүрдүүлж гэмээнэ сонгуульд амжилт үзүүлэх боломжтой.
НАМУУД ЖАГСААЛТАА НЭР ЦЭВЭР ХҮМҮҮСЭЭР БҮРДҮҮЛЭЭСЭЙ
-Нээлттэй болон хаалттай жагсаалтын талаар та ямар бодолтой байдаг вэ?
-2012 оны сонгуулийг хаалттай жагсаалтаар явуулсан. Сайн, мууг нь сонгогчид гадарладаг. Сонгогч зөвхөн намын төлөө саналаа өгдөг. Жагсаалтын нэрсийг намын удирдлага өөрсдийн шалгуураар гаргадаг. Харин нээлттэй жагсаалт сонгосон бол сонгогчид намаас гадна жагсаалтад байгаа нэр дэвшигчдээс дугуйлах боломжтой байдаг. Ийм тохиолдолд жагсаалтад орсон нэр дэвшигчдийн дунд эрэмбэ гэх зүйл үгүй болж, бүгдэд нь тэнцүү боломж үүсдэг. Өөрөөр хэлбэл, жагсаалтын нэг, эсхүл 48-д бичигдэх нь чухал биш болно. Нээлттэй жагсаалтаар нэр дэвшүүлэх хувилбар нь намын нэрээр нэр хүнд муутай улс төрчид дахин сонгогдох явдлыг зогсоох ач холбогдолтой. Мөн намын жагсаалтыг үнэлэх зэрэг сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Гэвч нэгэнт хуульдаа хаалттай хувилбарыг сонгосон хойно, намууд жагсаалтаар нэр дэвшүүлэх гишүүдээ нэр цэвэр хүмүүсээр бүрдүүлээсэй гэж найдах л үлдэж байна. Мөн намын удирдлага нь жагсаалтаа үнэлэхдээ зөвхөн мөнгөөр шалгуур тавихгүй байгаасай.
-Сонгогчдын хандлага, зан төлөвийн тухайд тодруулахгүй юу?
-Эрх баригчид сонгуулийн тойргийг өөрсдөдөө ашигтай хэлбэрээр өөрчлөх оролдлого аль ч улсад гардаг. Энэ байдлыг халахад сонгогчдын саналаа өгдөг зан төлөвийн төлөвшил ихээхэн үүрэгтэй байдаг. Жишээлбэл, Швейцарын Холбооны Улсад пропорционал болон мажоритар хувилбар хосолсон холимог тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулдаг. Мажоритар тогтолцоогоор олон мандаттай тойргоос нэг намын нэр дэвшигчид сонгогдсон тохиолдол маш ховор. Учир нь Швейцарын сонгогчид нь нам харгалзалгүй нэр дэвшигчийн боловсрол, ажлын туршлага, итгэл даах чадвар зэргийг нь харгалзан олон намын төлөөллийг сонгодог. Үр дүнд нь популизмгүй, улсаа томоор нь харсан бодлого, шийдвэр хэрэгжүүлдэг улс болж, дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буйг бид харж байна.
Манай сонгогчид намуудын өгсөн, эсхүл амласан ахархан хугацааны үр ашгийг харж дэмжих нэрээр хавтгайруулж саналаа өгснөөр өөрсдийгөө төлөөлөх чадамжгүй, бодлого боловсруулж, хууль батлах чадваргүй гишүүдийг сонгож ирлээ. Үр дүн нь өнөөгийн Монгол Улс шүү дээ. Эцэст нь хэлэхэд, сонгогчид саналаа ухамсартайгаар өгч чаддаг бол аль ч сонгуулийн тогтолцоо, тойрогт зөв төлөөллөө УИХ-д илгээх бүрэн боломжтой.
-Тэгвэл сонгогчдын боловсрол, зан төлөвийг нь зөвөөр төлөвшүүлэхэд юу хамгийн чухал вэ?
-Сонгогчдын сонгуульд хандах хандлага, саналаа өгдөг зан төлөвт тэдний цалин, орлого, боловсрол, нас, хүйс, улс төрийн итгэл үнэмшил зэрэг хувийн хүчин зүйлээс гадна нийгэм, эдийн засгийн бусад олон асуудал нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, сонгогчдын хандлагыг өөрчлөхийн тулд урт удаан хугацаанд цогц үйл ажиллагаа явуулах хэрэгтэй болдог.
Үүний сацуу технологийн дэвшлийг ашиглаад богино хугацаанд үүнийг хийх боломжууд байна. Нэгдүгээрт, сонгогчдын мэдээлэл авдаг эх сурвалжийг төрөлжүүлэх хэрэгтэй. Нийгмийн сүлжээнээс мэдээлэл авдаг хүн зөвхөн өөрийнхөө үзэл бодолтой нийцдэг, дэмждэг мэдээ, мэдээлэлд автаад, аливаа асуудлыг олон өнцгөөс харах, бусдын санаа бодлыг хүндэтгэн үзэх чадвараа алдсан байдаг. Энэ нь бохир улс төрийн золиос болох нөхцөл үүсгэдэг. Хоёрдугаарт, сонгуульд цахимаар санал өгөх боломж бүрдүүлэх хэрэгтэй. 35-аас доош насныхан сонгуульд саналаа өгөхдөө тааруу байдаг гэсэн судалгаа бий. Гэтэл өнөөдөр залуу сонгогчдын дийлэнх нь хилийн чанад, эсхүл орон нутагт уул уурхайн болон бусад салбарт ажиллаж байна. Тэдний сонгуулийн ирцийг нэмэх хамгийн оновчтой шийдэл бол цахимаар саналаа өгөх боломж бүрдүүлэх явдал юм.