АНЭУ-ын Дубай хотод өнгөрсөн оны сүүлчээр болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурал (COP28) болон үүний хүрээнд зохион байгуулсан Дэлхийн залуучуудын чуулганд монгол залуусыг төлөөлөн оролцсон Г.Эрчиссарантай ярилцлаа. Тэрбээр НҮБ-ын Нийгэмлэг, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ-наас хамтран хэрэгжүүлсэн “НҮБ-ын залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал 2023” хөтөлбөрт хамрагдсанаар дэлхийн хамгийн том, залуучуудын арга хэмжээнд оролцох эрх авчээ. Уур амьсгалын өөрчлөлтөд залуусын анхаарлыг хандуулах, үүнээс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахад тэдний оролцоо, хувь нэмрийг сайжруулах зорилготой эл чуулганы үр дүнд 700 мянга гаруй залуусын дуу хоолойг нэгтгэсэн бодлогын зөвлөмж бичиг баталж, олон улсын шийдвэр гаргагчдад хүргүүлээд буй юм.
-Олон улсын томоохон арга хэмжээнд оролцоод ирсэнд юуны түрүүнд баяр хүргэе. Энэ чуулганд оролцох залуучуудыг ямар шалгуураар, хэрхэн сонгодог талаар мэдээлэл өгч болох уу?
-Юуны түрүүнд ярилцахаар урьсанд баярлалаа. Энэ удаагийн хуралд гурван залуу төлөөлөгч хоёр хөтөлбөрийн хүрээнд эх орноо төлөөлөн оролцлоо. Миний хувьд “НҮБ-ын залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн 30 оролцогчоос шилдгээр шалгарснаар хуралд оролцох эрхтэй болсон. Хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөр нь оролцогчдоо нээлттэйгээр сонгон шалгаруулж, тэнцсэнийг нь гурван сарын хугацаанд байгаль орчны манлайллын хөтөлбөрт хамруулдгаараа онцлогтой. Харин хамт оролцсон хоёр төлөөлөгч маань дэлхийн 54 улсад идэвхтэй хэрэгжүүлдэг “Залуу хэлэлцээрч” хэмээх хөтөлбөрт хамрагдан бэлтгэгдсэнээр ийм эрх авсан юм билээ.
-Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон орны төлөөлөл чуулсан учир мэдээж гарц гаргалгаа, шинэ санаа, мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцсан биз?
-Тэгэлгүй яах вэ. Дэлхийн залуучуудын чуулган COP28-аас өмнө болсон. Энэ чуулганд 165 орны 800 гаруй төлөөлөл оролцож, төрөл бүрийн сургалт, лекц, семинараар дамжуулан гурван өдрийн турш нээлттэй ярилцаж, үзэл бодлоо солилцсон юм. Залуус энэ үеэр олон чухал санаа дэвшүүлснээс хамгийн тод үлдсэн нь “Одоогийн залуучууд бид ирээдүйн ахмадууд юм шүү. Тиймээс ирээдүйн залуучууд биднээр бахархаж, талархах хэмжээний хариуцлагатай, санаачилгатай, хөдөлмөрч байцгаая” гэсэн уриалга байлаа. Харин COP28-ын үеэр тээвэр, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй гээд бүх салбарт дэлхий дахинд байгальд ээлтэй технологийн шийдлийг хэрэгжүүлэх санаачилга гаргаж, хамгийн сүүлийн үеийн гэсэн дэвшилт технологи, инновацуудыг нэвтрүүлсэн туршлагаас хуваалцсан нь сонирхол татсан. Тухайлбал, бага чадлын, угсармал реактор (SMR)-ыг танилцуулсан нь цөмийн энергийн дэвшилт, “авсаархан” шийдэл байлаа. Үүнийг хүлэмжийн хийг бууруулах, эдийн засгийн боломжийг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн хүчин чармайлтын гол технологи гэж үзэж байна.
-Та Монгол орноо төлөөлөн оролцсоны хувьд бусад орны залууст ямар мессеж өгөхийг, юу хэлэхийг зорьсон бэ?
-Дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр улс оронд нь, амьдран буй газарт нь ямар онцлог асуудал, саад бэрхшээл тулгарч буйг залуус уг чуулганаар дамжуулан олон нийтийн анхааралд хүргэж, мэдээлэх нь элбэг байдаг.
Монгол Улс бол уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий орнуудын нэг. Манай улсад сүүлийн 80 жилд агаарын дундаж температур 2.4 градусаар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин их үзүүлэлт. Үүнээс үүдэн цөлжилт эрчимжиж, ган, зудын давтамж ойртон, малчид ихээхэн хохирч байгаа. Өнгөрсөн оны намар гэхэд л малчид өвлөөс айсандаа малаа ердийнхөөс их хэмжээгээр нядалснаар махны үнэ орон нутагт “унасан”. Улмаар малчдын хөдөлмөр үнэгүйдэж, орлого нь буурлаа. Энэ байдлаараа хавар махны нийлүүлэлт эрс багасаж болзошгүй байна. Би залуучуудын чуулганаар эдгээр асуудлыг хөндөж, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад ярилцлага өгсөн. Мөн зөвхөн Монголд гэлтгүй дэлхий дахинд сэргээгдэх, ногоон эрчим хүчний хэрэглээнд шилжих, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг хурдасгах шаардлагатай байгаа талаар дуу хоолойгоо илэрхийллээ.
-COP28 юугаараа онцлог, үр өгөөжтэй байв?
-“Global stocktake” буюу улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөөх амлалтаа хэр зэрэг биелүүлж байна вэ гэдэг үнэлгээг анх удаа гаргаснаараа онцлог байлаа. Түүнчлэн “Loss and damage fund” буюу алдагдал, хохирлын санг байгуулж, хөгжингүй орнуудаас 700 сая ам.доллар татан төвлөрүүлэхээр болсон. Энэ нь их хэмжээний мөнгө юм шиг санагдах боловч уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай нийт хохирлыг барагдуулахад шаардлагатай санхүүжилтийн 0.2 хувьд ч хүрэхгүй гэсэн дүгнэлтийг “Guardian” сэтгүүлээс гаргасан байна билээ.
-Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийт, хүн төрөлхтний өмнө тулгарсан нийтлэг, хамгийн том асуудал. Гэвч хүн бүр үүний талаар хангалттай мэдлэг, ойлголттой байдаггүй. Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар хамгийн сүүлийн үеийн баримт, мэдээллээс хуваалцаж болох уу?
-Энэ нь бидний амьдралд маш олон талаар нөлөөлдөг. Улирлын цаг агаар, уур амьсгал хүртэл өөрчлөгдөж байна. Манай оронд сүүлийн жилүүдэд хэт хүйтэн өвөл тохиох болсон. Энэ нь Сибирийн хүйтнээс үүдэлтэй. Хойд зүгээс ирж буй энэ хүйтэн уур амьсгал, салхины хүчийг сулруулж, зөөлрүүлж байдаг ой модод доройтож, сийрэгжсэн учраас тэр юм. Ой уствал энэ салхины хүч улам ширүүсэж, эрчээ авна.
Мөн байгалийн томоохон гамшиг, хөрсний доройтлоос үүдэлтэй хүнс, усны хомсдол зэргийг нэрлэж болно. Нийт хүмүүсийн 45 хувь нь дэлхийн дулааралд санаа зовнидог гэсэн судалгааны үр дүн бий. Тэгэхээр энэ нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байдаг.
-Ер нь байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад залуусын оролцоо хэр чухал вэ?
-Залуусын оролцоо хамгийн чухал, маш үнэ цэнтэй. Тэд бол байгаль, цаг уурын өөрчлөлтийг хамгийн хүндээр хүлээж авах, хамгийн удаан хугацаанд мэдрэх хүмүүс. Тиймээс бид өөрсдийнхөө төдийгүй ирээдүй хойч үеийнхээ төлөө хариуцлагатай, санаачилгатай байх ёстой. Наанадаж л асуудалд дуулгавартай, чимээгүй биш, соргог хандаж сурах хэрэгтэй санагддаг юм. Бусадтай санал бодлоо хуваалцаж сурах нь чухал.
-Монгол залуус хэр идэвх зүтгэлтэй, санаачилгатай бол?
-Монгол залуус гэж нэг бүлэгт хамааруулж, нийтэд нь дүгнэх өрөөсгөл. Янз бүрийн л хүн бий. Гэхдээ миний эргэн тойронд зүтгэлтэй, хөдөлмөрч залуус олон байдаг. Тэднээс урам зориг авдаг.
Монгол Улс бол залууст тийм ч ээлтэй, амьдрахад таатай орон биш гэдгийг бид бүгд мэднэ. Эх орондоо л үлдье, хөгжил дэвшилд нь хувь нэмэр оруулъя гэж эргэлзээгүй шийдсэн хүмүүс л энд амьдрахдаа харамсахгүй болов уу. Тэрнээс өөрөө л сайхан амьдаръя гэж бодсон хүний хувьд Монгол орон эхний сонголт байхгүй нь лавтай.
-Таныг хүмүүс “Аргалын цаас” төслийг санаачлагч гэдгээр нь эчнээ мэднэ. Энэ төсөл өдгөө ямар шатандаа, хэр амжилттай байгаа вэ?
-Аргалаас гаргаж авсан түүхий эдээр цаас үйлдвэрлэх төслөө 2021 оны сүүлчээр эхлүүлж байлаа. Үүнийгээ амжилттай үргэлжлүүлсээр компаниа байгуулсан. Манай компани одоо хаягдал даавуу, эсгий, торго зэрэг өөр олон төрлийн түүхий эдээр цаас үйлдвэрлэж байна. Аргалаас гаргаж авсан цаасаараа нэрийн хуудас, урилга, мандат гээд төрөл бүрийн хэвлэлийн үйлчилгээ үзүүлдэг.
-Та Японы Тохокү их сургуульд молекул химийн чиглэлээр суралцсан юм билээ. Одоо мэргэжлийн чиглэлээрээ ажиллаж байгаа юу?
-Би тус сургуулийн дэвшилтэт молекулын хими хэмээх хөтөлбөрт суралцсан. Аргалаас цаас гаргаж авах технологи, мөн бусад судалгаа хөгжүүлэлтэд энэ мэргэжлийн ур чадвар их хэрэг болдог. Хэрэв химич болоогүй сэн бол аргалаар цаас хийж чадахгүй л байх.
-Дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн экологид ул мөр багатай, ногоон амьдралын хэв маягийг эрэлхийлж байна. Энэ “үзүүлэлт”-ээр монголчууд аль хавьд явна гэж дүгнэх вэ?
-Манай орон нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлаар дэлхийд эхний 10-т багтдаг. Энэ тоо баримтаас л бид цаашид хэр их хичээх шаардлагатай нь харагдаж буй юм. Нийт хүлэмжийн хийн дийлэнх буюу 80 гаруй хувь нь эрчим хүч, мал аж ахуйн салбараас үүдэлтэй. Үүнтэй холбогдуулан Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод тодорхой зорилтот ажлуудыг тусгасан ч хэрэгжилт нь туйлын хангалтгүй байна. Тухайлбал, энэ баримт бичигт тусгасны дагуу 2023 онд хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ёстой байв. Харамсалтай нь, хэрэгжүүлсэнгүй. Нөгөө талаас байгаль орчны манлайллын, мэдлэг олгох хөтөлбөр, сургалтуудад дэмжлэг хомс байдаг нь иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэхэд саад болдог.
Г.Эрчиссаран Японд химичээр суралцаж байхдаа Энэтхэгт хүмүүс зааны аргалаар цаас үйлдвэрлэж байгааг сонссон нь хожим эх орондоо ирснийхээ дараа “Аргалын цаас” төслөө эхлүүлэх сэдэл төрүүлжээ. Шинэ санаагаа бодит зүйл болгохоор найзуудтайгаа гар нийлэн ажиллаж эхэлсэн тэрбээр өдгөө “Спек материалс” хэмээх компанийг удирдаж байна. Эднийх аргалаас гадна хаягдал хувцаснаас цаас гарган авах технологийг хөгжүүлж буй юм. Манайх шиг бэлчээрийн мал аж ахуйгаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлаар дэлхийд дээгүүрт “давхидаг” орны хувьд аргалыг түүхий эдийн зориулалтаар үйлдвэрлэлд ашиглана гэдэг байгалийн нөөцөө хэмнэх хамгийн үр ашигтай шийдэл юм. Мөн хаягдал хувцсыг ийм байдлаар эргэлтэд оруулж эхэлсэн нь ч эдийн засаг, экологид өндөр ач холбогдолтой. Ташрамд дурдахад, “Спек материалс”-ынхан малчдаас түүхий эдээ тогтмол авдаг бөгөөд 10 кг аргалаар дунджаар гурван кг цаас хийдэг байна. Харин таван кг аргалаас гаргаж авсан цаасаар ойролцоогоор 2000 ширхэг нэрийн хуудас үйлдвэрлэдэг аж.