“Болор цом”-ын эзэн найрагч Сайнжаргалын Начинтай уншигчдаа уулзуулж байна. Тэр тун нээлттэй нэгэн. Гэвч адармаатай, гүнзгий. Хожим тэрбээр жигшил зэвүүцэл, янаглал, дурлалын талаар ч ярих болно. Хэвлэлийн “од” түүний аль ч газар яриагүй өнцөг, дүр, дотоод сэтгэлгээг бэлийнхээ хэрээр уудалсан гэж найднам. Ингээд таныг урья.
-Таны 2016 онд хэвлүүлсэн “Ай” шүлгийн түүвэрт
“Аяа залуу нас минь
Зах хязгааргүйг сэтгэн сэлэх гэж
Захаа босгож хана, тааз, довжоог чинь цууртал орилох үедээ
Анх 18-тай чам дээр ирж байжээ” гэх мөрт бий. Үүнийг 2010 онд хэвлүүлсэн анхны бүтээл “Зүрх зүсэгдэх чимээ”-тэй харьцуулахад зүрх сэтгэлийн хувьд нүргээнтэй бус, илүү тогтуун болсон тал анзаарагдсан.
-Яруу найраг хувьсдаг. Цаг ямагт. Адууны зүсээс эхлээд хүний сэтгэл ч өөрчлөгддөг шиг уран бүтээлд төлөв төвшин байх, бичихээс илүү бодох нь чухал болов уу. Бичих гэж бус, унших гэж л яарч байна.
-Гурван жилийн өмнө ном гаргах талаар ярьж байсан. Одоо шувтарч байна уу?
-Ирэх намар шинэ номоо гаргая гэж бодож байгаа. Яруу найраг гэдэг тийм ч амархан бүтдэг зүйл биш учраас сайтар боловсруулах нь чухал байх.
-1983 онд зохиолч Д.Пүрэвдорж анхны “Болор цом” наадмын цомыг авсан түүхтэй. Энэ жил 41 дэх удаагаа боллоо. Жил бүр л наадмын дараа шүүмжлэлүүд өрнөдөг. “Тэр найрагч түрүүлэхээр байлаа” гэх мэт. Зарим зохиолч “Уран зохиолыг социализмын үеэс нь салгахын тулд шүлэг уншиж уралддаг наадмуудыг болих хэрэгтэй” гэдэг. Нэг хэсэг нь “Аль болох олон шилдэг бүтээл шалгаруулах хэрэгтэй” гэнэ. Хувь хүний бодол, сэрэл мэдрэмжээс үүсэх мөртүүдийг оноожуулж дүгнэх нь зохимжтой гэж үү?
-Би хувьдаа уралдаан, тэмцээнийг уран зохиолд байх ёстой гэж боддог. “Болор цом” наадмыг байх ёстой, ёсгүй гээд л янз янзаар ярьсаар ирсэн. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай алсыг харж энэ наадмыг санаачилсан болов уу. Цаашид ч би энэ наадмаа хүндэтгээд сайн шүлгүүдээр оролцоно. Шагналын санг өндөр болгох, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэгт анхаарах нь зөв байх.
Яруу найргийг уралдуулж, дүн тавих хэцүү гэдэг. 95 жилийн түүхтэй МЗЭ-д яруу найрагчдаас гадна шүүмжлэгч, судлаачдын мэргэжлийн баг бий. Дөрвөн жил тутам эвлэлээсээ төлөөллөө сонгодог. Сонгогдсон хүмүүс өөрсдийнхөөрөө үнэлэлт, дүгнэлтээ өгнө. Жилд ганц удаа зохион байгуулдаг энэ наадам уралдаан гэхээс илүү зохиолч, уншигчдыг уулзуулдаг гүүр болдог нь сайхан юм даа.
-Уран зохиолд олон төрлийн үзэл санаа, жанр бий болсоор байна. Гэтэл манай зохиолчид уран зохиолын уралдаан тэмцээн бүрийн дараа маргалдаж, “дайн зарлаж” суух нь ичмээр зүйл биз дээ. Хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг.
-Уран бүтээлчид нэгнээ хүлээн зөвшөөрөх нь бууж өгч байгаа хэлбэр. Уран бүтээлч амбицтай байх ёстой л гэж боддог. Тамын тогооны үлгэр шиг нэгнээ доош татах явдал цагийн аясаар цэгцрэх байлгүй дээ. Гэм биш зан байх. Гэхдээ тэр яриа дорхноо дарагддаг. Нөгөө талаар бид их цайлган, цагаан ард түмэн юм болов уу.
Яруу найраг одоо хөгжлийнхөө дээд үе шатанд явна. Ихэнх хүн хоосон уянга л гэж харах байх л даа. Хоосон уянга гэхээс илүү дотоод зүрх сэтгэлээ чагнасан, үнэн сэтгэлийн бадгуудыг Монголын яруу найрагчид бичиж байгаа гэдэгт итгэдэг.
-Дээд үедээ явж байгаа гэлээ. Илүү ч сайжрах боломжтой юм байна шүү дээ.
-Тийм. Хөгжлийнхөө дээд үе шатанд явж байгаа гэдэг нь урьд үеэ үгүйсгэсэн явдал огт биш. Харин өмнөх үе маань өндөр түвшинд туурвисан учраас бид монгол хэлээ мөхөөчихгүйхэн шиг өөрсдийн хэмжээнд бичиж байгаа нь бусдад хоосон уянга, цэцэрхэл мэт харагддаг болов уу. Уран зохиол хөгжлийнхөө дээд зэргээр л явж байна.
-Хамгийн сайнаараа хөгжиж байна гэсэн үг үү?
-Тийм. Уран зохиол улам чанаргүй болж, муудаж байгаа гэж хэлж чадахгүй. Учир нь монгол хэлээр ярих хүмүүс, шүлэг бичих залуучууд байгаа учраас амин судас нь тасрахгүй үргэлжилнэ.
-Уншигчдын түвшин хурдацтай ахиж байгаа юм шиг. Зохиолч, шүлэгчид уншигчдадаа гологдож эхэлж байгаа хандлага танд ажиглагддаг уу?
-Санал нийлнэ. Зохиолыг эх хэлээр нь уншчихдаг мэргэн уншигч олширсон. Зохиолч, найрагчдынхаас илүү уншигчдын боловсрол дээд түвшинд буй гэдэгт итгэлтэй байна. Энэ нь Монголын уран зохиолд том дэвшил. Зохиолч хүний нэгдүгээрт эрэмбэлэгдэх зүйл нь уншигчид.
-Олон хэвлэлийн газар үүсэж байгаа нь ч сайн хэрэг байх?
-Олон хэвлэлийн газар бий болж буйд маш их баярладаг. Уран зохиолд эрүүл орчин бүрдүүлж байна.
-ЗХУ-ын яруу найрагч, зохиолч Расул Гамзатов “Хамгийн сайн ваарыг жирийн шавраар хийдэг. Хамгийн сайн шүлгийг энгийн үгээр бичдэг” гэсэн. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Нийлэлгүй яах вэ. Өөрт огт тохиолдоогүй, мэдрээгүй зүйлээ хүчилж бичвэл яруу найраг хүний сэтгэлд буудаггүй байх гэж боддог. Шүлэг бичихдээ тавьдаг гол зарчим маань энгийн, логиктой, үнэн байх. Аль болох энгийн л бичих сэн гэж хүсдэг дээ.
-Та амьдралынхаа ямар үед хамгийн их хайрын шүлэг бичсэн бэ?
-Хүнд хаягдсаныхаа дараа юм уу.
-Тэгэхээр тэнд эмзэглэл, зовлон, шаналал бий гэсэн үг.
-Хүн угаасаа эмзэглэлээр дүүрэн амьтан юм биш үү. Эрэгтэйчүүд эмэгтэй хүнээс болж гурван удаа ихээхэн шаналдаг байх гэж боддог.
-Харүки Мүракамигийн “Өдөр бүр нүүдэг бөөрөн чулуу” өгүүллэгт энэ тухай гардаг.
-Тийм үү. Дурлахын сайхан нь шаналахдаа юм болов уу. Хүнд хаягдаж, шаналах нь амьд байгаагаа мэдрэх боломж.
-Хайрлах нь чухал биш гэж үү?
-Чамд дандаа жаргалтай байх хайр л гоё санагддаг гэж үү. Эмзэглэл, шаналангүй. Дурлахын сайхан нь шаналахдаа, хайрын сайхан нь эмзэглэхдээ. Буруу үг хэлчих вий, муухай харчих вий гэдгээс эхэлнэ шүү дээ.
-Та дурламтгай хүн үү?
-Энэ амьдралд дурладаггүй хүн гэж байдаг юм уу. Хайр бол яруу найрагчдын жигүүр, эрчим хүч. Дурлаж, хайрлаж байж л амьдарна даа.
-“Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг
Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм бил үү” гэж “Уучлалын шүлэг”-т өгүүлдэг. Шүлэгч болохоор эмэгтэйчүүд танд онцгой сайхан ханддаг уу?
-Ертөнцөд олон сайхан эмэгтэй байна шүү дээ. Гэрэл гэгээтэйг нь харж, сайн сайхныг нь мэдэрч суух эмэгтэй байхад, зүрх сэтгэлд хэзээ ч мартагддаггүй, нандинаар оршдог нь ч бий. Энэ дэлхий, эргэлдэж буй гараг ертөнц эмэгтэй хүний алган дээр л явдаг юм биш үү. Эмэгтэй хүнийг илүү сайхнаар харж, шүлэг найрагтаа буулгах сан л гэж хүсдэг.
Эмэгтэй хүний уг мөн чанар нь уян зөөлөн шинж. Орчин үед бие даасан, хүчирхэг эмэгтэйчүүд гээд л ярих болж. Би хувьдаа эмэгтэй хүнд амбиц зохидоггүй гэж боддог. Хэтэрхий хуучинсаг байж магадгүй л юм.
-Танд яг одоо хайрлаж яваа эмэгтэй бий юү?
-Эрэгтэйчүүдэд эмэгтэй хүнийг боддоггүй цаг, мөч, секунд ч гэж байхгүй. Цээжний голд завилаатай бурхан шиг нүдээ аниад, бясалгаад сууж байна даа.
-Ямар хүн хайрын шүлгийн дүр болдог юм бол?
-Адуу зүсэлж, нутаг зааж байгаа юм шиг шүлэг бүрээ хүнд зориулна гэдэг хэцүү шүү дээ. Шал утгагүй зүйл. Тийм яруу найрагч байвал айл гэрийн хойморт суугаад ерөөл хэлдэг л хүн юм даа. Цэвэр яруу найраг гэдэг онцгой, шижир, нягт нямбай, үнэ цэнтэй байх ёстой.
-Их сургуулийн гудамж, Бага тойруу өөрт чинь яагаад сайхан санагддаг юм бэ?
-Залуу оюутан байна гэдэг гоё шүү дээ. Цог золбоо болсон эрдмийн уурхайд үе үеийн залуусын гомдол, баяр, анхны хайр, анхны үнсэлтээс эхлээд бүх л сайхан зүйл хоногшсон. Нэг тийм амин сүнстэй. Дэлгээд тавьсан зотон шиг. Гишгэж байгаа мөр бүхэн минь зураг зурсаар алхаж байгаа гэж боддог.
“Их сургуулийн гудамжинд би хайртай
Их л дотно санагдах нандин бүхэн минь энэ л цэг дээр оршдог
Хажуугаар зөрөх эрхэмсэг охид нь хачин их санаашралыг минь аваад оддог
Бага тойруугийн багахан энэ гудамжинд би хайртай
Бага гэлтгүй их зовлонг минь тээдэг учраас” гээд л.
-“Энэ шилбэнд чинь хүрэх гэж би
Эхийнхээ хэвлийд 10 сар бясалгасан юм шүү”,
“Инээдний чинь цаанаас сувдран гялалзах шүдэнд чинь
Имэрч үзээд ч нэмэргүй болтлоо арьсаа зулгалуулах сан”
Таны анхны ном болох, 2010 онд хэвлүүлсэн “Зүрх зүсэгдэх чимээ” түүврийн шүлгийг сүүлийн “Ай”-тай харьцуулахад залуу насны дүрэлзсэн хэнз мөр олон байсан шиг. Танд том болох гэж яарсан дэврүүн хүсэл байсан юм уу?
-Эхний мөрт бол хүнд зориулагдсан шүлэг. Тиймээс үнэн зүрх сэтгэлийн бадаг гэсэн үг. Илүү дурлалдаа шатсан. Удаах мөрт бол галт тэргэнд бичсэн төсөөллийн шүлэг.
-Ганцаардал, залуу нас гээд л ярилцах сэдэв олон байна.
-Хүн амьдрахуйн хугацаандаа мөнхөд ганцаардана. Д.Данзанравжаагийн “Цагийн жам буюу цаасан шувууны үлгэр”-т “Сайн хүн олны дунд ганцаардана” гэх айхавтар мөр байдаг даа. Би найз нөхөр олонтой хүн мөртлөө ганцхан найз надад байна. Тэр найз маань ганцаардал.
Шаналал тайтгарал, ариуслаа цаасан дээр буулгаж, сэтгэлээ онгойлгож байгаа нь ганцаардлаа чөлөөлөхүйн нэг дасгал. Ганцаардал бол их сонгодог үг, өргөн агуулга. Гэхдээ хайртай мөнхийн уялдах сэдэв юм байна даа.
-Хүн хайрлуулж байхдаа ч ганцаардах боломжтой юу?
-Боломжтой. Гудамжинд байгаа 10 хосын найм нь гадна төрхөөрөө бие биедээ нялуураад байгаа боловч дотоод оршихуйдаа ямар их тэмцэл өрнүүлж байна вэ. Тийм учраас л гэр бүл салах нь их байна. Түүнийг илэрхийлэх гэж энэ жилийн “Болор цом”-д “Уучлалын шүлэг”-тээ өмнөтгөл хэлж уншсан шүү дээ.
-Салалт бол нийгмийн асуудал. Гэхдээ та хувь уран бүтээлч талаасаа арай өөр өнцгөөр сэтгэж байж магадгүй юм.
-Салалтын шалтгаан нь эдийн засаг. Эдийн засаг яривал улс төртэй холбогдоно. Залуучууд бие биедээ хайргүй учраас салж байгаа юм биш. Ажилгүйдэл, ядуурал их байгаатай л холбоотой шүү дээ. Хүүхэдтэй болохоосоо өмнө бие биеийнхээ зүрхийг дэлгэж, хамт ууж, уйлж, эморч үзэх хэрэгтэй юм шиг. Ер нь хайр гэдэг чинь дасгал сургуулилалт юм биш үү.
-Бичиж туурвихад сэрэхүй мэдрэмж, илүү эмзэглэлийн ялгаа гардаг болов уу. Эмзэглэлээ дэлгэж, шаналж бичдэг хүмүүсийн хайр дурлалын сонголт хэрхэн өрнөдөг нь сонирхолтой.
-Муза буюу охин тэнгэрийг ном, судраас уншихад ихэнх нь онцгой байр суурьтай эмэгтэйчүүд байдаггүй. Тухайн уран бүтээлчийг сэрэл мэдрэмжээр нь хөглөж, урлагт үлдэнэ гэдэг хувь тавилан л байх. Уран бүтээлчид өөрсдийн сэрэл мэдрэмжээр бүтээл туурвилынхаа Музаг олдог байх.
-Мөнхийн, басхүү өдөр тутмын эл доль сэдэв ч гэж байдаг. Гэхдээ хэзээ ч хөндөж боломгүй, сайн бичихгүй л бол таны хэлдгээр цаасны амь барахтай ижил атар онгон сэдэв гэж байдаг болов уу?
-Дэлгээд тавьсан шастир мөртлөө атар онгон зэлүүд хязгааргүй тал нутагт бид оршиж байна. Монгол хүн, түүх, соёлын тухай үе үеийн яруу найрагчид бичсэн. Гэхдээ ил хэсгийг нь л бичсэн. Гүнийх нь гүнд юу байгаа бол гэж би боддог. Зэлүүд танхай салхитай нь, зэрэглээнд сүрэглэх зээртэй нь, хад асганд дүүлэх янгир, аргальтай нь, хан тэнгэрт дүүлэх шувуудтай нь эх орноо шүлэг найрагтаа буулгахыг монгол эхийн сүүг амталсан яруу найрагч бүхэн хүсдэг.
Би үе үеийн яруу найрагчдын бичсэн хайрын гэхээс илүү эх орноо магтан дуулсан шүлгүүдэд дуртай. Эх хэлнийхээ баялаг санд шунгаж ороод, эх нутгийнхаа гүний гүнийг бичиж туурвих нь асар их онгод, авьяастай хүмүүсийн хийх ажил байх. Би өөрийгөө хүнээс илүү гайхамшигт онгод, авьяастай хүн гэж боддоггүй.
-Мэдрэмж хөгждөг болов уу?
-Хөгжинө. Цаг ямагт. Мэдрэмжийг яг таг барьж авна гэдэг, урсцыг нь өөртөө тогтооно гэдэг хэцүү юм шиг.
-09.00-17.00 цагийн хооронд бүтдэг урлаг гэж байхгүй болов уу. Урлаг туурвина гэдэг орон зай, цаг хугацаанаас ангид. Таны бүтээл туурвих үндсэн арга барил юу вэ?
-Миний бүтээл туурвих явц их энгийн. Би алхах их дуртай. Сайн чанарын чихэвчтэй байнга явдаг. Утаа, түгжрэлтэй ч гэсэн Улаанбаатар хот бүх зүйлтэйгээ ойр. Түгжирч стресстэх бус, алхахыг хүсдэг. Алхах, хөгжим сонсох, уран зураг ширтэхээс бичих сэдэл авдаг. Өөртөө чөлөө гаргаж хаа нэг тийшээ аялах гэх мэт. Түүнээс биш зорилго болгож цаас тавиад, бичих цаг гаргадаггүй. Арга барил минь сонсох, харах.
-Утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүдийн хамтын түүвэр 2012 онд гарсан байдаг. Та энэ тухай яриач.
-Зургаан залуу, хоёр охин. Бид нийлээд их сургуулийн утга зохиолын дугуйлангуудаар хэсдэг байсан. Бичих арга барилын хувьд илүү ойр дотно, бие биеэ мэдэрч, бүтээлээ солилцож унших үүднээс энэ бүлэг байгуулагдсан. Таван жилийнхээ ойгоор хамтын антологи гаргаж байсан юм. Манай бүлгээс утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын нэг, “Болор цом”-ын нэг, хайрын шүлгийн “Цагаан уул”, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт дөрөв, модернист яруу найргийн “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадмын дөрвөн эзэн байна.
-Танай бүлэг Монголын хамгийн анхны яруу найргийн рок, жазз уншлагыг хийсэн шүү дээ. Уралдахаас гадна уншлага хийх соёл түүнээс дэлгэрсэн үү?
-Poetry night хийж буйгаа зарим хүн анхдагч гэж андуурдаг. Үгүй шүү дээ. Юм үнэнээрээ сайхан. Шинэ үеийнхэн, хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг хүмүүс шинэ соёл нутагшууллаа гэж яриад байгаа. Өөрсдийн өмч юм шиг. Хоёр жилийн өмнө О.Цэнд-Аюуш, Ч.Ууганбаяр, Н.Минжинсайхан, Д.Дамдинжав бид нийлж “Poetry Night Vol 1”-ийг зохион байгуулсан. Үүний дараа манай нэрийг авчихлаа гэж ярьсан. Яруу найраг хэн нэгний өмч биш.
-Бичдэг хүмүүс ч уншдаг шүү дээ. Оросын уянгын яруу найргийн дууч шувуухай Сергей Есенин хамгийн түрүүнд бодогдлоо.
-Би Орос орны утга зохиолд дуртай. Дэлхийн уран зохиолын өв санг баяжуулсан томоохон үндэстэн. Оросын мөнгөн үеийн яруу найраг ганц Есенинээр тогтохгүй тэр чигтээ урам зориг бадраадаг. Оюутан ахуй цагт уншсан бүтээлдээ автах тохиолдол байдаг. Авталт, гацалт ч тэр. Яг тийм үедээ бичихээсээ илүү уншдаг. Уншиж байж гацаанаасаа гарна.
-Ирээдүйд орчуулгын бүтээл гаргах бодол бий юү. Үргэлжилсэн үгээс илүү шүлэглэсэн мөртүүдийг эх зохиолчийнх нь нь юанстай цуг эх хэлээрээ буулгах их хэцүү санагддаг.
-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Яг таг амлаж чадахгүй. Орчуулга бол хүсэл мөрөөдөл. Харин үргэлжилсэн үгийн бүтээл гаргах зорилготой.
-Хүмүүс таныг Сайнжаргалын Начин гэж авгайлдаг болжээ. Хүн бүрийн мэддэг хоёр, гурван шүлэг бичих юм сан гэж та хэлдэг. Түүнийхээ захад ч болтугай хүрч байгаа гэж боддог уу?
-Хүрээгүй байна. Хүрэх шатандаа л явна. Бодол сэтгэхүй маань урьдынхаасаа нэг шат л ахисан. Дахин олон шат хүлээж байна шүү дээ.
-Таны залуу нас хэр удаан үргэлжлэх бол?
-Оюун санаа минь мөнхөд залуугаараа байх боломжтой гэдэгт би итгэдэг. Шүлэг бүтээлээрээ үргэлжийн мөнх цэл залуугаараа амьдрах юм сан. Миний эргэн тойронд тийм хүн асар олон байна. Жишээ нь, энэ жилийн “Болор цом”-д аман хүзүүдсэн Д.Галсансүх ах. Шүлэг нь цэл залуугаараа.
Ном бүтээлийг нь үе үе сөхөж харсан ч анхны сэрэл мэдрэмжээрээ хүрдэг хүн гэвэл би Арлааны Эрдэнэ-Очир ахыгаа хэлнэ. Үргэлж шинээрээ байдаг нь сонин. “Сайхан энэ орчлонгийн өнгөнд хууртаад хүмүүний амьдрал дуусах гунигтай” гэдэг. Яг энэ мөр шигээ гэгээн явж байгаад эрт мордсон юм болов уу. Номыг нь дэлгэхэд шүлгээ унших хоолой нь чихэнд сонсогддог.
П.Батхуяг ах маань байна. Бид 14 жил багш, шавийн барилдлагатай явсан даа. Надад бол онолын хичээл огт заагаагүй шүү дээ. Үйл хөдлөлөөрөө, гэртээ хоол хийж байхдаа, цай аягалж өгөхдөө ч уран зохиолын хичээлээ заадаг. Бусдын шүлэгт анализ хийнэ гэхээс илүү хүн гэдэг урмаар тэтгэгддэгийг мэддэг байсан юм болов уу. Ямар ч муу шүлэгтэй очсон “Сайн байна” гэж хэлдэг. Дотноссоны дараа өөр дээр нь эргэж ирэхгүй болтол алдаа мадгийг нь утгаар нь хэлнэ дээ. Уран зохиолд ч гэлтгүй амьдралдаа ч асар арчаатай явсан хүн. Би багшаасаа хүн маш богино хугацаанд нэжгээд зүйлийг амжуулж болохыг сурсан. Энэ хоёр минь үргэлж амьд байгаа юм шиг санагддаг.
31 дэх удаагийн “Болор цом” наадамд түрүүлж байсан Л.Моломжамц гэх яруу найрагч байдаг юм. Өвөрхангай аймгийн Сант сумын хүн. Я.Баяраа бид хоёр оюутан байхдаа Молом ахын “Хавар шиг тийм хонгор” шүлгийн түүврийг булаацалдаж уншдаг байсан юм. Шүлгүүдэд нь дуртай учраас ээлжилж уншдаг. Тэнд ийм шүлэг бий.
“Улаан дээлтэй хөвгүүн
Цагаан гэрийн гадаа бүч шиг дэрвэхэд
Урин цаг шувуудын далавчаа алдах шиг чимээтэй
Улмаар гялбалзагч алтан өнгөтэй еэ
Цагаан шонгийн гэрэлд
Цөөхөн бороо шивгэнэж
Цаад дор нь нялх ногоо
Өөвөн сөөвөн үзэгдэнэ” гэх.
-Та сэтгүүлч мэргэжилтэй. Шүлэг бүр хөрөг, аян зам бүр тэмдэглэл шиг. Аян замын тэмдэглэл, хөргөөр дагнасан ном бичих үү. Харьцангуй орхигдож буй бичлэгийн төрөл зүйл шүү дээ.
- 21 аймгаа нийт дөрвөн удаа тойрсон. 7-8 улс руу аялсан байна. Бодол бол бий.
-Д.Баянтунгалаг гуайн үеийн “Болор цом”-ын дурсамж танд их тод байдаг талаар сонссон. Та тэр үеэ дурсаач.
-Галт тэргээр анх удаа Эрдэнэт хот руу явж байхдаа Ш.Гүрбазар, А.Эрдэнэ-Очир, Л.Хасар, Д.Баянтунгалаг тэргүүтэй алдар цуутай, халх дөрөв, шавь таван аймагт алдартай хүмүүсийг дэргэдээс нь харж байсан. Маш их догдолсон. Галт тэргэнд зохиолчид дөрөө чангатай явж байсан санагддаг.
Үүрээр галт тэрэгний бүрээ дуугарах үеэр Д.Баянтунгалаг найрагч ковбой малгайтай, үс гэзгэнд нь уур савсаад, тамхиа татаж байгаа нь үлгэр зүүд шиг санагдаж байсан. Тэр цаг хугацаа дахиж хэзээ ч давтагдахгүй гэдэг нь сайхан юм даа.
-Уран бүтээлч хүнд дахиж хэзээ ч сайн бүтээл хийхгүй мэт хоосрол төрдөг үү?
-Хоосрол бүх уран бүтээлчид бий. Яруу найрагч сэтгэл доторх нууцаа хүмүүсийн өмнө бичгэн хэлбэрээр тавьж байгаа явдал. Чамаас шууд асууя. Чи эрэгтэй хүнтэй энгэр зөрүүлж үзсэн үү?
-Миний тухай ярих хэрэг үү.
- Яг үүн шиг хүнээс нууж байсан нууцаа хүний өмнө дэлгэж байгаа л зүйл. Хоосрох гэж бүтээл гаргаж байгаа юм.
-Д.Нямсүрэнгийн “Миний шүлгийн хүүхнүүд” гэж ном бий. Та эмэгтэй хүнд зориулж бичсэн шүлгээрээ тийм ном гаргаж болох юм шиг.
-Тэр цаг хугацааны асуудал байх.
Бэлтгэсэн: Д.Хүслэн