Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх монголчуудын мэдлэг, хандлага, дадал болон мэдээллийн хэрэглээний судалгааг Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийнхэн хийжээ. Тус байгууллагын ахлах мэргэжилтэн Э.Баярмаатай ярилцлаа.
-Уур амьсгалын өөрчлөлтийн талаар хийсэн судалгаа олон байдаг шүү дээ. Харин та бүхний хийсэн судалгааны онцлог юу вэ?
-Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь олон улсын Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулсан, 50 орчим улсад гишүүнчлэлтэй байгууллага. Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр эрчим хүч, ногоон хот, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улс уг байгууллагад гишүүнээр элсээд 10 жил болж байна. Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой эрчим хүч, ногоон хот төлөвлөлт, барилгын эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, ногоон санхүүжилт төвлөрүүлэн ажилладаг. Тус төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь олон нийтэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх юм. Үүний хүрээнд монголчууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар ямар мэдлэг, хандлагатайг илрүүлэх зорилготой үндэсний хэмжээний судалгааг анх удаа 2800 гаруй хүнийг хамруулан явууллаа. Судалгааны асуулга, арга зүй, дизайныг боловсруулахаас эхлээд нэг жилийн хугацаанд нэлээд цаг, хөдөлмөр зарцуулсан. Нэг удаа судалгаа хийгээд зогсохгүй, үр дүнд нь үндэслэн цаашид ойрын 2-3 жилд уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийтэд мэдээлэл түгээх кампанит ажлыг зохион байгуулах стратеги төлөвлөгөө боловсруулж буй.
Энэ бүхний цаана хүлэмжийн хийн ялгарлыг багасгах замаар дэлхийн дулаарлыг бууруулах зорилготой Парисын хэлэлцээрт оруулах Монгол Улсын хувь нэмэр яригдана. Эл хэлэлцээрт нэгдсэн улс бүр үүрэг хүлээсэн. Одоогоор дэлхий 1.5 градусаар дулаарчхаад байна. Үүнийг энэ хэмжээнд нь барих, цаашид хоёр градуст хүргэхгүй байх зорилтыг дэлхий нийтээрээ тавиад буй юм. Гэтэл Монгол Улс 2.5 градусын дулааралтай буюу дэлхийн дунджаас хэтэрчихсэн. Хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийг тэнцүүлэх, ялгарлыг бууруулахын тулд салбар бүр үүрэг хүлээдэг. Тиймээс олон улсын өмнө хүлээсэн энэ үүргээ биелүүлэхэд нь манай байгууллага Засгийн газарт тусалдаг гэж болно. Энэ судалгаа нь Монгол Улсад хийж буй бидний үйл ажиллагааны нэгээхэн хэсэг.
-Судалгааны үр дүнг харвал оролцогчдын олонх нь уур амьсгалын өөрчлөлт нь манай улсад эрчимжсэн, үүнтэй тэмцэхэд Засгийн газрын бодлого, шийдвэр дутмаг хэмээн хариулсан байна. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь бидний мэддэг, басхүү мэддэггүй ч юм шиг агуулга юм байна гэж харлаа.
-Тийм. Судалгаанд оролцогчдын 68 хувь нь уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч байгаагаа илэрхийлсэн. Харин түүний шалтгаан, үр дагавар, хариу арга хэмжээ, дасан зохицох чадварын тухайд шинжлэх ухааны мэдлэг дутмаг. Зөвхөн есөн хувь нь л мэднэ хэмээн хариулсан. Үлдсэн хэсэг нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдэж, байгалийн гамшигт үзэгдлүүдээс өөрийгөө хамгаалахад суралцмаар байгаагаа илэрхийлсэн л дээ. Үүнээс энэ чиглэлийн мэдлэг, мэдээлэл маш хэрэгцээтэй нь харагдана.
Томоохон компаниуд, уул уурхай, үйлдвэрүүд уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөтэй гэдэг. Гэвч манай улсын хувьд мал аж ахуй болон эрчим хүчний салбар үүнд хамгийн их нөлөө үзүүлж байна. Өмнө нь эрчим хүчний салбар нэгдүгээрт жагсдаг байсан бол одоо мал аж ахуйн салбар тэргүүлэх болсон. Учир нь малын тоо толгой тогтмол өсөж, тэр хэрээр малаас ялгардаг метан хийн хэмжээ ихсэж буй гэж ойлгож болно.
Судалгааны үр дүнд хэд хэдэн сонирхолтой баримт гарч ирсэн. Хөрсний доройтол нүүрлэсэн, гол, цөөрөм хатаж ширгэсэн, цөлжилт ихтэй говийн бүсийн иргэд ой тайга бүхий хангайн бүсийн иргэдээс илүүтэйгээр уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрсэн байх жишээтэй. Мөн өөрсдөө ямар нэг хэмжээгээр байгалийн гамшигт өртөж, хохирсон хүмүүс уур амьсгалын өөрчлөлтөд илүү санаа зовж, үүнээс сэргийлэхэд хувь нэмрээ оруулах хүсэл ихтэй нь судалгааны явцад анзаарагдсан. Харин хувь хүний өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй л бол миний асуудал биш хэмээн хандаж байж магадгүй.
Түүнчлэн 40-өөс дээш насныхан энэ асуудалд илүү санаа зовдог нь ажиглагдсан. Энэ нь магадгүй тэд харьцуулж бодох хүүхэд насны дурсамж ихтэйгээс улбаатай байж болох юм. “Намайг бага байхад энэ гол ингэж урсаж байсан”, “Энд ийм ургамал ургадаг байсан” гэх мэт харьцуулах зүйл ихтэй гэсэн үг. Харин залуучууд уур амьсгалын өөрчлөлтөд төдийлөн санаа зовохгүй байна гэж хариулсан. Энэ нь харьцуулах туршлага, дурсамж багатай нь холбоотой байж мэднэ. Учир нь байгаль орчны доройтол, өөрчлөлт нь удаан хугацаанд явагддаг учир залуучуудад төдийлөн анзаарагдаагүй байх магадлалтай. Харин тэд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал гэх мэт шинжлэх ухааны мэдлэг, нэр томьёо, хэллэгийг илүү сайн мэдэж байна. Тиймээс өөр туршлага, мэдлэгтэй үеийнхнийг хооронд нь нэгтгэх боломжийг хэрхэн бүрдүүлэх талаар бодолцох хэрэгтэй.
Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөг сааруулах, дасан зохицох чиглэлээр мэдээлэл түгээх, мэдлэг, чадвар олгох ажлыг дан ганц байгууллага гүйцэтгэх боломжгүй. Тиймээс төрийн болон иргэний нийгмийн бусад байгууллага, олон улсын хөгжлийн хөтөлбөр, төслүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах зорилготой.
-Манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан. Зорилгодоо хүрэхийн тулд бид ямар нэгдмэл ойлголтод хүрэх ёстой вэ?
-Нийт 23 хувь гэдэг нь манай улсын амлалт. Энэ амлалтыг хэрэгжүүлэхэд салбар бүр ямар хувь нэмэр оруулахыг тодорхойлсон. Хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлт нь өндөр хөгжилтэй, үйлдвэржсэн орнуудад л хамаатай гэж зарим хүн ойлгодог. Бусад улстай харьцуулахад манай улс уур амьсгалын өөрчлөлтөд өчүүхэн нөлөө үзүүлж байж болох. Гэсэн ч түүний сөрөг нөлөө нь хүнд тусаж байгаад асуудал бий. Тиймээс л салбар бүрийн хүлээсэн үүргээс гадна хүмүүсийн оролцоо чухал. Уур амьсгалын өөрчлөлт намайг ч, чамайг ч ялгахгүй.
Энэ жилээс хүмүүс илүү ойлгож эхэлсэн болов уу. Зун маш их үер боллоо. Байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж ойртож байна. Арваннэгдүгээр сард урьд нь үзэгдээгүй бороо орлоо. Арванхоёрдугаар сард нэмэх градуст хүрч, дулаарсан. Долоодугаар сард хангайн нутагт цас орсон гэх мэт. Энэ жил зуд болох нь тодорхой болж байна. Зуд боллоо гэхэд малчид орлогын эх үүсвэрээ алдана. Малчид орлогогүй болбол хот руу нүүж, ядуурал, ажилгүйдэлд дам дамаар нөлөөлөх юм. Тиймээс хамгийн чухал нь байгалийн гамшиг тохиолдоход бэлэн байх юм. Наад зах нь үер буудаггүй газар буух, голын голдирлыг өөрчилж, эсвэл хааж барилга барихгүй байх гэх мэт. Хүлэмжийн хий, үндэсний тодорхойлсон хувь нэмэр гэвэл хүмүүсээс хол, хөндий сонсогдоно. Үүнийг иргэдэд энгийнээр, өөрсдөд нь хамааруулж ойлгуулах нь чухал.
Судалгааны явцад фокус бүлгийн ярилцлагаар хэвлэл мэдээллийн ажилтнуудтай ярилцах явцад хоёр дүгнэлтэд хүрсэн. Нэгдүгээрт, сэтгүүлчид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг олон нийтэд ойлгуулмаар байдаг ч мэдлэг дутмаг. Үүний улмаас үнэн баттай мэдээллийг хүргэж чадахгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага байгаль орчны асуудлаас илүүтэй тухайн өдрийн нийтийг хамарсан сэдвийг чухалчлах нь элбэг. Тиймээс сэтгүүлчдээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагад уур амьсгалын өөрчлөлт нийгэм, эдийн засагт ямар ач холбогдолтойг ойлгуулж, мэдлэг олгох нь чухал. Цаашид байгаль орчин, экологийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах төлөвлөгөөтэй. Ингэснээр хүмүүс энгийн, ойлгомжтой байдлаар мэдээлэл авах боломжтой гэж харж байгаа юм.
-Судалгаагаа цаашид үргэлжлүүлэх үү?
-Ямартай ч эхний судалгааны үр дүнд суурилан олон нийтэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл түгээх кампанит ажлыг зохион байгуулна. Үүний дараах үр дүнг суурь судалгаатай харьцуулна. Тус кампанит ажлын гол зорилго нь иргэдийг мэдээллээр хангах, мэдлэг олгох, улмаар шийдвэр гаргагч нарт зөв шаардлага тавих чадвартай болгох урт хугацааны зорилготой. Бид мөн уур амьсгалын өөрчлөлт хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалж байна. Үр дүнг нь ирэх оны хоёрдугаар улиралд олон нийтэд танилцуулна.
Бэлтгэсэн: Д.Хүслэн