Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх, эсэхийг шийдэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулсан. Монгол Улсын хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний 65 хувийг ургамал, ургамлын гаралтай хүнс эзэлдэг юм байна. Тиймээс ургамлын эрүүл мэндийн асуудлыг чухалчилж буй аж. Ургамал хамгааллын тухай хуулийг анх 1996 онд баталж, 2007 онд шинэчилэн найруулсан бөгөөд үүнд эрүүл мэндийн талаар зохицуулалт хангалтгүй байсан гэнэ. Манай улс 2008 онд Ургамал хамгааллын олон улсын конвенцод нэгдэн орсон байна. Уг конвенцын стратегийн зорилтод “Хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх замаар тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах”-аар заасан тул хуулиа үүнд нийцүүлэх, мөн хэрэгжүүлэх явцад гарч байгаа зөрчил, дутагдлыг арилгах, байгаль орчин, нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөдөө аж ахуйн салбарын хамрах хүрээг тэлэх зорилгоор төслийг боловсруулжээ.
Гишүүн Г.Дамдинням цөлжилтийн байдал, малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэх талаар зохицуулалт бий, эсэхийг асуув. Монгол Улсын газар нутгийн баруун болон баруун урд хэсэг цөлжилтөд нэрвэгдэх эрсдэл нүүрлэсэн, нийт бэлчээрийн 60 гаруй хувь нь өөрчлөлтөд орсон байна. Мөн малын тоо толгой түүхэн дээд хэмжээндээ хүрч 71 сая болсноос үүдэн ургамлын бүрхэвч, бэлчээр өөрчлөгдөж буй тул уламжлалт хэв маягаа сольж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч буйг сайд хэлсэн. Түүнчлэн төсөлд олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн дагуу ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохоор тусгажээ. Нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, таримал болон бэлчээрийн ургамлын хөнөөлт организмын тархалт, энэ чиглэлийн хорио цээрийн асуудал, экспортлох ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, бусад эд, материалд хорио цээрийн гэрчилгээ олгох ажлыг уг байгууллага хариуцах гэнэ. Шинээр агентлаг байгуулах санхүүжилтийг 2025 оны улсын төсөвт суулгах нь. Уг төслийг хэлэлцэхийг гишүүдийн 69 хувийн саналаар дэмжлээ.