Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран донор болох хүсэлт илгээх үйлчилгээг цахимжуулан, “И-Монголиа” системд нэвтрүүлсэн билээ. Цахимаар донор болох хүсэлт хүлээн аваад гурван сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд 1500 хүн донор болох хүсэлтээ цахимаар ирүүлж, донорын карттай болсон байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас энэ талаар тодруулахад “Манай албыг 2018 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвд байгуулсан. 2019 оноос хойш нийт 300 гаруй иргэн донор болох хүсэлтээ илэрхийлж, карт авсан. Харин энэ онд “И-Монголиа” цахим системээр дамжуулан 1500 гаруй хүн донор болох хүсэлтээ илгээсэн байна. Иргэдийн хандлага өөрчлөгдөж, шинжлэх ухаанд суурилан нэгнээ аврах боломж бүрдэж буй нь сайшаалтай. Өмнө нь донор болохыг хүссэн иргэд манай төвд хандаж, цаасан карт авдаг байсан. Харин одоо цахим карттай болсон гэсэн үг. Гэхдээ хэвлэмэл байдлаар авахыг хүсвэл нээлттэй. Мөн донор болсон хүсэлтээ цуцлах, татгалзах эрхтэй. Өмнө нь 25 настай иргэн донор болох боломжтой байсан бол Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 21 нас болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, 21 нас хүрсэн Монгол Улсын иргэн сайн дурын үндсэн дээр гэнэтийн осол болон тархинд цус харваж тархины үхэлд орсон тохиолдолд өөрийн эд, эрхтнийг бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн тохиолдолд үндсэн донор болох зохицуулалт юм. Гэхдээ одоогоор хүсэлт илгээсэн хүмүүсээс тархины үхэлтэй донор болсон тохиолдол бүртгэгдээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, донорын тоо багадаа 100 мянгад хүрч байж магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Одоогоор эд, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай 1000 гаруй хүн бүртгүүлжээ. Тэднээс жилд 10-20 хүн нас барж байна. 2018 оноос хойш манай алба тархины үхэлтэй 292 донорыг илрүүлсэн. Тархины үхэл гэдэг нь цус харваж, тархи нь эргэж сэргэхгүйгээр зогсохыг хэлдэг. Гэсэн ч бусад эд, эрхтний үйл ажиллагаа нь хэвийн буюу амьсгал, зүрхийг нь зохиомлоор ажиллуулж буй тохиолдолд эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой. Эмчийн үзлэгээр тархины үхэлтэй гэсэн онош нь баталгаажсан тохиолдолд ар гэрийнх нь зөвшөөрлөөр донор болгодог. Дээр хэлсэн 292 донороос эд, эрхтнийг нь шилжүүлэн суулгах боломжтой 77 хүний гэр бүлийнхэнтэй нь уулзсан. Тэднээс 37-гийнх нь гэр бүл донор болгохыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч харамсалтай нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийх хүртэлх хугацаанд заримынх нь зүрх нь зогссон учраас донор болгох боломжгүй болсон. Үлдсэн 31 донороос 27 хүнд элэг, 45 иргэнд бөөр шилжүүлэн суулгалаа. Тархины үхэлтэй нэг донор найман хүний амь аврах боломжтой” гэв.
Ихэнх улсад тархины үхлийн онош батлагдсан тохиолдолд эд, эрхтнийг нь шилжүүлэн суулгахыг зөвшөөрдөг. Тухайлбал, АНУ-ын иргэд жолооны үнэмлэх авахдаа донор болох, үгүйгээ шийддэг хуулийн зохицуулалттай.
Ч.Болор