2024 он дуусах дөхөж байгаа энэ цаг үед буюу арванхоёрдугаар сарын сүүлийн өдрүүдэд Европын ногоон талбайд болох хэд хэдэн сонирхолтой тоглолт хөл бөмбөг сонирхогчдыг хүлээж байна.
Английн Премьер лиг
“Манчестер сити”-“Эвертон”
Арванхоёрдугаар сарын 26, 20.30 цаг
Манчестерийн баг улирлын эхний хагаст хүмүүсийн хэл амны гол бай болж байна. Тодруулбал, П.Гвардьола замналынхаа хамгийн хүнд хямралтай тулгарав. Магадгүй “Сити” ирэх улиралд “Аваргуудын лиг”-т ч тоглохгүй байх эрсдэл үүссэн.
Тэд энэ байдлаа засахаар хэрхэн хичээж байгааг нь Зул сарын баярын дараах эхний тоглолтоос нь харах боломжтой. “Сити”-гийн хувьд гурав дараалсан хожигдлын цувралаа зогсоох таатай өрсөлдөгч нь “Эвертон” билээ. Гэхдээ “Эвертон” сүүлийн хоёр тоглолтдоо “Арсенал”, “Челси”-гээс оноо салгасныг мартаж болохгүй. Мөн шинэ эзэнтэй болсноор тус багийн шинэ үе эхэлж байгаа. Тийм учраас энэ удаагийн тулаан бүр ч өрсөлдөөнтэй болох магадлал бий.
“Челси”-“Фулхэм”
Арванхоёрдугаар сарын 26, 23.00
Аваргын төлөөх өрсөлдөөнд сүүлийн жилүүдэд орж ирээгүй “Челси” энэ улиралд тэргүүн байрын төлөө тоглож буй. Дасгалжуулагч Э.Марескагийн багийн тоглолтыг үзэх сонирхолтой болоод байна.
Тэд Зул сарын баярын дараах эхний тоглолтоо амаргүй өрсөлдөгч “Фулхэм”-ийн эсрэг хийх юм. М.Силвагийн баг хүснэгтийн дунд хэсэгт бичигдэж буй бөгөөд Европын цомын тэмцээнүүдэд оролцох эрхийн төлөө өрсөлдөх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, тэд “Челси”-д тийм ч амар оноо алдахгүй. Харин аварга болохыг хүсэж байгаа л бол “Челси” өрсөлдөгч нартаа боломж олгох эрхгүй.
“Ноттингем форест”-“Тоттенхэм”
Арванхоёрдугаар сарын 26, 23.00
Ирэх улиралд аль баг нь “Аваргуудын лиг”-т өрсөлдөхийг шийдвэрлэх чухал тоглолт болно. Дасгалжуулагч Н.Санту “Ноттингем”-ийг хүчтэй баг болгож чадсан. Тэгвэл тааруухан тоглож буй “Тоттенхэм”-д улирлаа аврах боломж байсаар. Тогтворгүй тоглолттой тус баг магадгүй одооноос эхлээд ялалтын формдоо орж болох юм.
“Вестхэм”-“Ливерпуль”
Арванхоёрдугаар сарын 30, 01.15
“Улаанууд” Премьер лигийн аваргын хоёр дахь цомын төлөөх дайралтаа эхлүүлсэн. А.Слот өмнөх дасгалжуулагч Ю.Клоппын амжилтыг давтахад тун ойрхон ирээд байна. Гэхдээ Ю.Клопп аваргалахын тулд таван жил хүлээсэн бол А.Слот өнгөрсөн зун “Энфильд”-д ирсэн билээ.
Тэд 2024 оны сүүлийн тоглолтоо Лондонд хийх юм. Өрсөлдөгч нь өнгөрсөн зун олон наймаа хийсэн ч амжилт нь санаанд хүрэхээр хангалттай биш байна. Эл тоглолтод ялах өндөр магадлалтай баг нь “Ливерпуль”. Тус багийнхан Лондонд болсон сүүлийн тоглолтод хоёр баг тэнцэж байсан билээ. Энэ удаад “Вестхэм” хүчирхэг өрсөлдөгчдөө гэнэтийн бэлэг барьж чадах болов уу?
“Манчестер юнайтед”-“Ньюкасль”
Арванхоёрдугаар сары 31, 04.00
Дасгалжуулагчаа сольсон нь Манчестерийн багт шаардлагатай нөлөөг авчирсангүй. Гэхдээ Р.Аморим шинэ багтаа дөнгөж дасаж байгаа учраас түүнээс сүрдэм амжилтыг тэр даруй шаардах боломжгүй юм. Тэд ирэх улиралд Европын цомын тэмцээнд оролцохыг хүсэж байгаа учраас ялалт бүр үнэ цэнтэй. “Юнайтед” энэ оны сүүлчийн тоглолтоо талбай дээрээ “Ньюкасл”-тай хийх юм. 2013 оноос хойш “Олд траффорд”-д ялаагүй “шаазгайнууд” эл хар цувралаа дуусгахыг хүсэх нь гарцаагүй. Түүнээс гадна тэд хүснэгтэд өрсөлдөгчөөсөө дээгүүр бичигдэж байгаа төдийгүй илүү сайн формтой байгаа юм.
Италийн Сери-А
“Лацио”-“Аталанта”
Арванхоёрдугаар сарын 29, 03.45
Аваргын төлөөх ширүүн өрсөлдөөнд “Аталанта” бий. Тэдэнтэй “Интер”, “Наполи” зуузай холбохоос гадна “Фиорентина”, “Лацио” саад болж магадгүй юм. Гэхдээ үүнийг үгүйсгэх боломж Ром хотын багт бий. Энэ сарын дундуур “Лацио” талбайдаа “Интер”-т 6:0-ийн харьцаатай бут ниргүүлсэн. Харин өөр нэг топ өрсөлдөгч талбайд нь ирж байна. Энэ удаад “Лацио” ялж чадах уу. Хэрэв чадвал аваргын төлөө өрсөлдөөн бүр л сонирхолтой болно.
“Ювентус”-“Фиорентина”.
Арванхоёрдугаар сарын 30, 01.00
2024 оны сүүлчээр “Фиорентина” баг хүснэгтэд “Ювентус”-ийн дээр байна гэж улирал эхлэхийн өмнө хэн ч таамаглаагүй болов уу. Гэвч Флоренц хотын баг гэнэтийн бэлэг барьсаар байна. Р.Палладиногийн бүрдүүлсэн эл хүчирхэг багийн нэг лидер нь “Ювентус”-ээс төрж гарсан М.Кин юм. Тэрбээр төрөлх багаа энэ удаад “гомдоох” уу. Харин “Юве” оноо алдвал цаашид “Аталанта”, “Интер”, “Наполи”-г гүйцэхэд их хэцүү болно.
Португалын Примейра лиг
“Спортинг”-“Бенфика”
Арванхоёрдугаар сарын 30, 04.30
Аваргын төлөөх өрсөлдөөн асар ширүүн болж байна. “Порту”, “Спортинг”, “Бенфика” хэмээх топ гурван баг эл өрсөлдөөний магнайд бичигдэж буй. Аль нь ч аваргалж магадгүй. Ээлж дараалан ялж байсан “Спортинг” Р.Аморимыг явснаас хойших гурван тоглолтынхоо хоёрт нь ялагдаад байна. “Бенфика” 14 тоглолтынхоо гуравт нь л оноо алдсан. Тиймээс Лисбонд айхавтар тулаан болох нь гарцаагүй.
Э.Mанлайбаатар