“Босоо ноён” клубийн дасгалжуулагч, Дэлхийн шатрын холбооны мастер Э.Энхнарыг оюуны спортын хүрээллийнхэн андахгүй. Түүний, ур чадвар, хичээл зүтгэл, ажлын үр дүн тамирчдынх нь амжилтаас харагддаг. Тэрбээр өнгөрсөн он жилүүдэд шатрын спортод тамирчид бэлтгэн, оюун, авьяасынх нь уяа сойлгыг тааруулж тив, дэлхийн тэмцээнээс цөөнгүй медалиас атгуулсан. Шавь нараа богино хугацаанд амжилтад хүргэдэг түүний арга барил энгийн. Хүүхэд бүртэй тулж ажиллахаас гадна шатрын бодлого бодолттой ойр байлгаж, бүх зүйлийг зааж, цээжлүүлэхээс илүү өөрийнх нь оролдлогоор сургаж, бие даалгадаг байна. Тэрбээр тамирчин байхдаа олон тэмцээнээс сургамж авч, чамгүй туршлага хуримтлуулсан тул шавь нартаа өөрийн алдааг давтуулахгүйн тулд бэлтгэл сургуулилалтад нь маш сайн анхаарал хандуулж иржээ. 2024 он тус клубийнхний хувьд шатрын ертөнцөд өөрийгөө таниулсан, гаргасан амжилтаасаа арвин ургац хураасан өөдрөг жил болж байна.-“Босоо ноён”-ы шатарчид энэ жил тив, дэлхийн тэмцээнээс ганзага дүүрэн ирсэн. Шавь нараа медаль хүртэхэд таны үүрэг, оролцоо их байлаа шүү.
-Баярлалаа. Манай клубийн тамирчид энэ жил багаараа түрүүлж, улсын аварга болсон. Үүнээс хэдэн сарын дараа гадаадын тэмцээнүүдэд оролцож, медалийн хур буулгалаа. Багшийн хувьд тэмцээнээс тэмцээнд оюунаа сорьж, ур чадвараа ахиулж буй шавь нараараа бахархдаг.
-Тэднээс хоёр нь шатрын бодлого бодолтын дэлхийн аваргаар шалгарлаа. Богино хугацаанд амжилтад хүргэдэг бэлтгэлийн тань арга барил сонирхол татаад байх юм.
-Шатрын спортыг бодлого бодолтгүйгээр төсөөлшгүй. Дасгалжуулагчийн хувьд шавь нараа олон талаар хөгжүүлэхийг зорьж, бэлтгэл сургуулилалтыг нь бодлого бодолттой уялдуулж хийлгэдэг. Бодлого сайн боддог хүүхдийн тооцоолох чадвар сайжирдаг юм. Гадаадын тэмцээнд оролцдог монгол хүүхдүүдээс гарааны хоцрогдол анзаарагддаг. Тиймээс баригдмал сэтгэхүйтэй болгохгүйн тулд өөрийн арга барилаар ажиллаж байна. Манай клубийн тамирчдаас Г.Тэнгүүндалай Бразил улсад болсон ДАШТ-д оролцохдоо шатрын бодлого бодолтын анхдугаар тэмцээнд өрсөлдөж түрүүлсэн. Тэгвэл Италийн Монтесильвано хотод болсон ДАШТ-д Ц.Ананд алт, И.Цэлмүүн мөнгөн медаль хүртэж, И.Цэлмэг IV байр эзэллээ. ДАШТ-д оролцож байгаа тамирчдын тоглолтын ард дасгалжуулагч нарынх нь өрсөлдөөн давхар өрнөдөг. Италид болсон өсвөр үеийнхний ДАШТ-д Казахстаны дасгалжуулагчид тамирчдаа сайтар бэлдэж оролцуулсан. Тэдний шавь нарынх нь өргийг судлаад үндсэн болон өөр гарааг хэрхэн тоглох талаар зөвлөснийг нь анзаарч, хувилбар бэлдсэн юм. Иймэрхүү маягаар дасгалжуулагчдын тулаан хөлөг дээр ч бас болно шүү дээ.
-Тэмцээний үед тамирчдадаа захиж хэлдэг үг тань юу вэ?
-Би шавь нараа бэлтгэл хийлгэхдээ “Хүчтэй өрсөлдөгч гэж байхгүй” гэж хэлдэг. Энэ бол миний баримталдаг зарчим. Шатрын спорт сэтгэл зүйтэй холбоотой. Тухайн тамирчин өргийн ард ямар сэтгэл зүйтэй суухаас тоглолт шалтгаална. Хоёр тамирчин өрсөлдөхөд нэг нь бэлтгэл сургуулилалт, ур чадвараар илүү ч сэтгэл зүйн байдлаас болж хожигддог тохиолдол бий. Тиймээс тэмцээнд оролцож буй хүн бүр хүчтэй өрсөлдөгч. Шатрын тэмцээнүүдээс хамгийн өрсөлдөөнтэй болдог нь өсвөр үеийнхний ДАШТ. Энэ тэмцээнд И.Цэлмүүн III байр эзэлж, сүүлийн долоон жил тасарсан медалийг эх орондоо авчирсан. Түүний амжилт ойрын жилүүдэд байгаагүй томоохон үзүүлэлт. Харамсалтай нь, тэрбээр түрүүлэх боломжоо тэр тэмцээнд алдсан. X өрөг эхлэхийн өмнө холбогдож, зөвлөсний дагуу тоглон хожлын илүүтэй болсон юм. Хожих байрлалд мянган удаа тоглоход нэг алдах тийм алдааг гаргасан. Хэрвээ тэр өргийг хожсон бол дараагийнхад нь тэнцэж, түрүүлэх байв.
-Таны байгуулсан шатрын клуб өвөрмөц нэртэй юм. “Босоо ноён” хэмээн нэрлэсний учрыг сонирхуулаач.
-“Аав, ээжтэйгээ зөвлөж ярилцаад клубээ ийн нэрлэж байлаа. Аав минь Сүхбаатар аймагт шатрын дасгалжуулагчаар ажилладаг. Шатар сонирхогч хоёр хүн хоорондоо тоглоод бууж өгснөө илэрхийлж ноёноо унагадаг. Босоо ноён гэдэг үг ялагдахгүй гэсэн утгатай юм.
-Таныг шатрын бодлого бодолтын УАШТ-д хоёр удаа түрүүлснийг саяхан сонссон.
-Их мастер С.Билгүүн бид хоёр нэг үеийнхэн. Тэрбээр шатрын бодлого бодолтын УАШТ-д гурван, харин би хоёр удаа түрүүлсэн. Өдгөө дасгалжуулагчаар ажиллаж буй түүнийг энэ төрөлд өөрийн шавь нараа бэлдэх байх гэж боддог. Л.Тогоохүү ах намайг дэмжиж, шатрын бодлого бодолтын тэмцээнд оролцохыг зөвлөдөг байв. Миний хувьд энэ төрөлд аажим аажмаар сэтгэл татагдаж, дурлах болсон. Би дөрвөн настайдаа шатраар хичээллэсэн. Тэр үеэс энэ спорттой 23 жил нөхөрлөж байна.
-Шилдэг 12 шатарчин тодруулдаг шигшээ тэмцээнд та олон удаа шалгарсан. Энэ удаа яагаад мултарчхав?
-Миний хувьд тус тэмцээнд долоон жил дараалж шалгарсан. Шигшээ тэмцээний тоглолт тамирчдад мэдлэг өгдөг. Үүнээс олж авсан, мэдсэн бүхнээ хүүхдүүдэд заахад амжилт гаргахад нь нөлөөлдөг юм. Энэ удаагийн тэмцээнд их мастер С.Билгүүн бид хоёр шалгарсангүй. Залуу тамирчид хүч түрэн орж ирснээр тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон. С.Билгүүний дүү С.Чингүүн, миний дүү Э.Энх-Од шигшээд үлдлээ. Би дасгалжуулагчаар ажилласан цагаасаа өмнөх шигээ бэлтгэл хийхээ больж, шавь нарынхаа тоглолтод анхаарал хандуулах болсон доо.
-Шатрын тамирчид нэг багштай байх нь ховор. Ур чадвар, түвшингээ ахиулах зорилгоор өөр дасгалжуулагчдын удирдлагад бэлтгэл базаадаг юм билээ.
-Би багадаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Өвөө шатар тоглохыг зөвлөхөд аав минь анх зааж билээ. Сүхбаатар аймгийн шатрын дасгалжуулагч Ж.Доржсүрэн багшийн удирдлагад анх хичээллэж, 10 настайдаа Улаанбаатар хот руу шилжин Д.Жигжидсүрэн багшийн удирдлагад үргэлжлүүлсэн. Түүний дараа “Урамтай шатрын холбоо”-нд нэг хэсэг бэлтгэл хийв. Ур чадвараа ахиулах зорилгоор Э.Энхбат багшийн шавь болж, мэргэжлийн түвшинд хичээллэснээр миний дотоод чансааны оноо 2300, гадаад чансааных 1918 болж дээшилсэн. Энэ нь 16 настай тамирчны хувьд бол бага чансаа шүү дээ. Миний хувьд гадаадын тэмцээнд цөөн оролцдог байсан тул гадаад чансааны оноо төдийлөн нэмэгдээгүй. Оролцдог тэмцээн нь өсвөр үеийнхний ДАШТ, өсвөр үеийнхний Азийн АШТ. Тус тэмцээнүүдэд өрсөлдсөн ч дунджаас дээгүүр амжилт үзүүлж, шилдгүүдийн эгнээнд багтдаггүй байлаа. Э.Энхбат багштай Украиныг зорьж, гурван сар бэлтгэл хийж, тэмцээнд оролцохдоо гадаад чансаагаа 2329 болгож ахиулсан. Би шатрын төрлүүдээс блиц тоглолтод дуртай. Ухаан, ур чадвар, хурд их шаарддаг болохоор илүү таалагддаг юм.
-Украинд бэлтгэл хийсэн тань үр дүнгээ өгч, чансаагаа ахиулахад нөлөөлсөн байх нь.
-Тус улсад өмнө нь гурван удаа хөл тавьсан. Очих бүрд надад эртний анд шиг дотно санагддаг. Хар далайн эрэг дээр байрладаг тул чийглэг уур амьсгалтай. Тэнд бэлтгэл хийхэд их тухтай. Нам гүм орчноос амар амгаланг өдөр бүр мэдэрдэг байлаа. Дахин зорьж, бэлтгэл хийхийг хүссэн ч дайн болж, тус улсын шатрын холбоо ОХУ-ын мэдэлд очсон. Тэр үеэр миний гурван балл устсан юм. Сэргээх боломжгүй тул хохироод л үлдсэн. Олон улсын мастер цол хүртэхэд надад нэг балл дутуу байна. Шатраар олон жил хичээллэсэн тамирчид нэг том зорилготой болдог. Тэр нь их мастер цол. Үүнийг хүртэх амаргүй ч нэг л өдөр зорилгодоо хүрнэ гэж боддог.
-Та шатрын ямар төрлүүдээс медаль хүртэж байв?
-Шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий үндсэн төрлөөс медаль хүртээгүй. Харин рапид төрөлд тус бүр нэг мөнгө, хүрэл медальтай. Би өсвөр үеийнхний УАШТ-д тааруухан оролцдог байлаа. Тус тэмцээнээс нэг алт, тус бүр хоёр мөнгө, хүрэл медаль хүртсэн. Үеийнхнээсээ их мастер С.Билгүүнтэй нэг бус удаа таарч, өгөө, аваатай л урагшилсан. Зарим хүүхэд нэгэндээ “Чи намайг азаар л хожлоо” гэдэг. Надад ийм үг таатай санагддаггүй. Клубийнхээ шатарчдад “Хүчтэй хүнийг аз түшдэг” гэж хэлэх дуртай. Тэмцээнд тоглоод нэг оноо авсан бол тэр хожил юм.
-Манай тамирчдаас амархан бууж өгөхөөргүй зан цухалздаг. Таны шавь нар хэр шартай вэ?
-Монгол хүүхдүүд шатрын хөлөг дээр дайчин, довтолсон тоглолт өрнүүлдэг. Ямар ч улсын тамирчинтай тоглосон тэмцэх, тэнцэх чадвар сайтай. Багаасаа онол үзэж, тоглосон гадаадын шатарчдаас чөлөөтэй сэтгэнэ, ачаалал даах чадвараар илүү, бас амархан бууж өгөхгүй шартай. Дасгалжуулагч бүр өөрийн гэсэн арга барилтай. Нэгэнд нь урам өгч, нөгөөгийнх нь шарыг нь малтаж хурцална. Би клубийнхээ ахисан түвшний бэлтгэлд хүүхэд авахдаа зан чанар, сэтгэл зүйн байдал, хандлагыг нь ажигладаг. Шартай зантай хүүхдүүдийг сонгож, хичээллүүлэх надад илүү сонирхолтой байдаг юм. Манай тамирчдын олонх нь иймэрхүү. Багш нар маань ч бэлтгэлийн үед тэдний шарыг хөдөлгөнө. Тэмцээнд хожих боломжоо өрсөлдөгчдөө алдаж, ялагдвал нь “Чи алтан медаль авахад арай л болоогүй байна даа” гэж хэлэхээр өөрөөр хүлээн авдаг.
-Шатраар хичээллэхийн давуу тал алхам тутамд мэдрэгддэг биз?
-Амьдралдаа зөв алхам хийх, аливаад оновчтой шийдвэр гаргахад их нөлөөлнө. Шатраар хичээллэсэн хүүхэд нөхөрлөлийн хүрээллээ эерэг хандлагатай хүмүүсээр бүрдүүлдэг. Тэдний ажиглах чадвар, мэдрэмж нь өндөр хөгждөг тул хэн нэгэнтэй харьцахгүйгээр сайн, мууг нь гаднаас нь хараад л мэднэ. Манай шатарчид клубээр ороод гарсан хүмүүсийг анзаарах сөхөөгүй бэлтгэл хийж харагддаг ч аль хэдийн дүгнэчихсэн байдаг юм. Шатар амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон. Хөлгийн ард сууж, хүүхдүүдтэй цагийг өнгөрүүлэх сайхан санагддаг.
-Шинэ онд төлөвлөсөн олон зүйл бий л байх. Зорилгуудаасаа хамгийн түрүүнд юуг хэрэгжүүлэх вэ?
-Монголд энэ спорт эрчимтэй хөгжиж байна. Манай клубийнхэнд 2025 онд амжилтаа ахиулахаар төлөвлөсөн зүйл олон бий. Багаараа аварга болсноо хамгаалж, ирэх жил бататгах зорилготой байна. 2024 он бидний хувьд маш их хичээж хөдөлмөрлөсөн, тэр хэрээр амжилт гаргасан жил боллоо. Шавь нар минь өсвөр үеийнхний УАШТ-ээс тус бүр гурван алт, мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, нийт 26 оноогоор илт давуу түрүүллээ. II байрт шалгарсан “Гэгээн арвай” баг 13, III байр эзэлсэн “Стейниц Монголын шатрын академи”-ийнхан 12 оноо авсан. “Миний хамгийн ойрын зорилго бол өөрийнхөө амжилтад шавь нараа хүргэх. Надад шатар анх заасан багш “Сайн багш гэдэг бол шавиа өөрөөсөө илүү түвшинд хүргэсэн хүнийг хэлдэг юм” гэдэг байлаа. “Босоо ноён” клубийн тамирчид “Чимээгүй мөртлөө шаргуу хөдөлмөрлө. Гаргасан үр дүн тань чиний өмнөөс ярих болно” гэсэн уриатай бэлтгэлээ хийдэг. Монголын шатарчид өнгөрсөн жил сурагчдын Азийн АШТ-ээс 13 медаль хүртэж, Энэтхэг улсын өмнө жагссан. Тэр медалиудаас 11-ийг нь манай клубийн долоон тамирчин авсан байдаг. Бидний хувьд энэ бол маш том амжилт.
-Та хүүхдээ шатраар хичээллэвэл дуртай дэмжих үү?
-Хүү минь шатраар хичээллэхэд одоохондоо бага байна. Жаахан том болохоор нь шатрын суурь хичээлийг заахдаа хүсэл, сонирхлыг нь харна. Миний хувьд олон жил шатар тоглолоо. Хүүгээ багаас нь тоглуулбал би амьдралынхаа бүх цаг хугацааг шатарт зарцуулах болно шүү дээ. Хэрвээ хичээллэх хүсэлгүй байвал заавал сур гэж шаардахгүй. Тамирчны амьдралаар замнах тийм ч дардан биш. Аав, ээжийнхээ хичээллэдэг спортыг үр хүүхэд нь өвлөж, үргэлжлүүлдэг тал бий. Хүүгээ үнэхээр сонирхвол нь бүх талаар дэмжинэ.