Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн “Бест” клубийн “Монад” багийнхан тэргүүллээ.
“Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвийн хүрээнд энэ сарын 21-23-нд зохион байгуулсан уг тэмцээнд 10 их, дээд сургуулийн 36 баг өрсөлджээ. Нийт дөрвөн тойргоор өрсөлдсөн уг мэтгэлцээний эцсийн шатанд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн “Бест” клубийн “Монад” болон Хууль зүйн сургуулийн “Беркли” клубийн “Дайралцаан” багийнхан тунаж үлдсэн байна.
Дээрх хоёр багийнхан иргэд тайван жагсаал, цуглаан хийхдээ төрд урьдчилан мэдэгдэх нь буруу гэсэн шийдлийг хамгаалж, бас няцаан мэтгэлцсэн юм. Ингэхдээ “Монад” багийнхан Засгийн газрыг төлөөлж, тайван жагсаал, цуглаан хийхдээ иргэд төрд мэдэгдэх нь буруу гэх байр суурийг хамгаалав. Харин “Дайралцаан” багийнхан тэдний шийдлийг няцааж мэтгэлцлээ. Өөрсдийн үзэл санаа, үндэслэл, нотолгоог жишээ баримтад тулгуурлан, олон улсын чиг хандлага, шинжлэх ухааны судалгаагаар баталснаар “Монад” баг ялж, парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүллээ.
У.Цэцэгсүрэн