Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэх болсныг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. Иргэдийн нэрлэж заншсанаар цахилгаан менингит гэх эл халдвар хурц хэлбэрээр явагддаг тул өвчилсөн тохиолдолд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлждөг байна. Өвчин богино хугацаанд хүндрэх бөгөөд дагз хөших, татах, гэрэлд мэдрэг, маш цочимтгой болох, хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих зэрэг аюултай шинж тэмдэг илэрдэг тул ийм зовуурь илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай. Мөн эцэг, эхчүүдийг халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг эмч нар сэрэмжлүүлэв.
ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч, доктор Ш.Энхтөр “Менингококкт халдвар нь нянгаар үүсгэгддэг. Халдвар авсан тохиолдолд эмнэл зүйн шинж тэмдэг 24 цагийн дотор илэрч, хурдацтай үгдэрдэг. Эмчилгээ хожимдвол амь эрсдэх аюултай. Өвчин үүсгэгч нян гадаад орчинд амьдрах чадвар султай. Тасалгааны хэмд 1-3, нарны гэрэлд 2-8 цаг амьдрах чадвартай, ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг тул ариутгал, халдваргүйжүүлэлтийг ахуйн орчинд маш сайн хийх хэрэгтэй байна. Халдварын үед хонго, гуя, гар, мөч, цээж, нүүр, зовхи хэсгээр цэгэн болон од хэлбэрийн цус хуралтууд үүсдэг. Том хэмжээний ийм цус харвалтууд нь эцэстээ үхжилт үүсгэх эрсдэлтэй. Нянгийн халдвар тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн, идээт үрэвсэл үүсгэх нь бий. Бие сульдсан үед халдварт өртөх эрсдэл нэмэгддэг тул хүүхдүүдийнхээ дархлааг сайжруулах шаардлагатай” гэж зөвлөлөө.
О.Ундрах