2024 оны жүдогийн сүүлийн тэмцээний нэг болох Европын “Аваргуудын лиг” өнгөрсөн бямба гарагт Францын Монпелье хотод өндөрлөлөө. Тус тэмцээнд 12 баг оролцсон агаад анх удаа холимог багийн төрөл багтжээ. “Аваргуудын лиг”-т зөвхөн эрэгтэйчүүдийн багууд оролцдог байсан бол 2023 оноос эмэгтэйчүүдийг нэмсэн билээ.
Энэ удаад олимпын таван удаагийн аварга Т.Ринье тэргүүтэй хүчирхэг ПСЖ баг давамгайлан алтан медаль хүртсэн байна. Тэд шөвгийн наймд Францын өөр нэг баг “А.M.Asnieres”-ийг 4-1 харьцаатай, хагас шигшээд “Judo Ukraine”-ыг нэг ч оноо алдалгүй ялсан. Финалд Хорватын “Црвена Звезда” багийг буулгаж авчээ. Алдарт Т.Ринье Парисын олимпоос хойш анх удаа татамид гарч эхний барилдаанаа дэлхийн аварга, Кубын Э.Грандатай хийв. Тэд найман минутын турш оноо авч чадалгүй барилдсаны эцэст шүүгч куба бөхөд гурав дахь торгуулийг өгснөөр ялалт франц жүдочид иржээ. Хүрэл медалийн эзнээр Гүржийн “Голден гори”, Францын “Judo nice metropole” баг тодорсон байна.