НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Шинжлэх ухаан, бодлогын хороо (SPI)-ны гишүүн, “Луужин” амьтан судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал У.Тунгалагтай ярилцлаа. Шинжлэх ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, нөлөө бүхий, туршлагатай судлаачид тус хороонд өрсөлдөж ордог бөгөөд ямар нэгэн ашиг сонирхлоос ангид, цалин, урамшуулал авалгүй, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө сайн дураар ажилладаг юм.
-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16 дугаар бага хурал (COP16) Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотод энэ сарын эхээр боллоо. Энэ удаагийн хурлын үеэр өрнөсөн гол үйл явдал, хөндөгдсөн асуудлууд юу байв?
-Би Шинжлэх ухаан, бодлогын хороонд ажиллаад хоёр жил болж байна. Энэ хорооны гишүүний хувиар анх удаа Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хуралд оролцлоо. Өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа ӨМӨЗО-ы Ордос хотод Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хуралд оролцсон юм. Тэгэхэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, бодлого, үйл ажиллагаагаа танилцуулсан бол энэ удаа цэвэр судлаачийнхаа хувиар оролцлоо. НҮБ-ын гишүүн орны төлөөлөгчид Шинжлэх ухаан, бодлогын хорооны сүүлийн хоёр жилийн ажлыг ил тод хэлэлцэж, үнэлж дүгнэлээ. Улс улсын Засгийн газрын төлөөлөгчдөд ажлаа үнэлүүлж, шүүмжлэл, санал сонсож, асуултад хариулна гэдэг яггүй, манайхаар бол нэлээд “халуухан” юм байна. Үндсэн хуралдаантай зэрэгцээ бараг 600 гаруй үйл ажиллагаа болсон. Манай хорооноос “Шинжлэх ухааны өдөр” арга хэмжээ зохион байгууллаа. Ер нь маш завгүй, бужигнасан, эрч хүчтэй ажилласан өдрүүд өнгөрсөн. Шинжлэх ухаан, бодлогын хорооны гишүүд бүгд тус тусын эрхэлсэн албатай, түүнийхээ хажуугаар цаг зав гаргаж, нэгдэж ажилладаг хүмүүс байдаг. Үүнийхээ төлөө ямар нэгэн төлбөр, цалин авдаггүй. Эрдэмтэн хүний хувьд НҮБ-д зөвлөнө гэдэг нь нэр төрийн хэрэг учих идэвх, хичээл зүтгэл гаргадаг.
Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16 дугаар бага хуралд НҮБ-ын гишүүн 190-ээд орны 24 мянга гаруй хүн оролцсон. Энэ конвенцын түүхэн дэх хамгийн томоохон, өргөн бүрэлдэхүүнтэй хурал болсныг зохион байгуулагчид нь онцолсон. Шинэлэг зүйл нь гэвэл анх удаа “Ногоон бүс” бий болгож, орчин үеийн технологийн дэвшлийг сурталчлан, бизнесүүдийг түлхүү танилцууллаа. Үндсэн хэлэлцүүлгээс гадна “Газрын өдөр”, “Ард түмний өдөр”, “Шинжлэх ухаан, технологи, инновацын өдөр”, “Хөдөө аж ахуй, хүнсний системийн өдөр”, “Засаглалын өдөр”, “Тэсвэртэй, нөхөн сэргэх чадварын өдөр”, “Санхүүгийн өдөр” гэхчлэн тухайлсан нэг сэдвээр өдөр бүр хэлэлцүүлэг, арга хэмжээ явууллаа. 16 дугаар бага хурлаас хоёр чухал баримт бичгийг баталсан. Эхнийх нь “Riyadh action agenda”. Энэ нь цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр улс орнуудын гаргасан 100 гаруй санаачилгыг нэгтгэсэн үйл ажиллагааны хөтөлбөр юм. Үүнд зарцуулахаар 12 тэрбум ам.долларын санхүүжилт босгосон, цаана нь 278 тэрбум ам.доллар шаардлагатай. Жил тутам ийм хэмжээний санхүүжилт босгож байж улс орнууд цөлжилттэй тэмцэх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгцээгээ хангаж чадна гэж үзэж байгаа. Удаах нь “Global drought resilience partnership” буюу “Даян дэлхийн гантай тэмцэх, тэсвэрлэх чадварыг бий болгох түншлэл” юм. Dryland буюу хуурай ангилалд багтдаг улсууд дотор цөлжилтөд илүү эмзэг 80 орон бий гэнэ. Тэгвэл гантай тэмцэх түншлэл нь эдгээр орон руу чиглэж буй. Үүнд улс орнууд одоогоор хоёр тэрбум ам.доллар амлаад байна. Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал 2026 онд Монголд болно. Тэр хүртэл Саудын Араб цөлжилтийн конвенцыг даргалагч орны хувиар энэ бүх бодлого, үйл ажиллагааг хариуцаад, хоёр жилийн дараа манай улсад шилжүүлэн өгнө.
-Шар шороон шуургатай холбоотой асуудлыг онцгойлон хэлэлцсэнийг та дурдсан. Энэ талаар дэлгэрүүлж болох уу?
-Элс, тоосны шуургатай тэмцэх болон цаг агаарын мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлэх чадавхыг сайжруулах чиглэлээр санаачилга гаргасан. Албан ёсны нэршил нь “Sand and dust storms and climate information services partnership” буюу “Элс, тоосны шуурга ба уур амьсгалын мэдээллийн үйлчилгээний түншлэл” юм. Саудын Араб гэхэд элс, тоосны шуургад маш ихээр өртдөг юм байна. Тиймээс энэ төрлийн шуургатай тэмцэхэд дангаараа 10 сая ам.доллар зарцуулах амлалт өгсөн. Зүүн Өмнөд Азид нүүрлэж буй шар шороон шуургыг Монголын говиос болон Өвөр Монголоос үүсэлтэй гэж үздэг шүү дээ. Үүнд Япон, БНСУ хамгийн их өртдөг. Гэтэл хуурай бүс нутагт хамаардаг Араб зэрэг бусад оронд ч үүнээс үүдэлтэй бэрхшээлүүд тулгардаг байх нь. Шар шороон шуурганы асуудлыг ингэж “гаргаж” ирж, урьдчилан сэргийлэх, мэдээлэх системийг хөгжүүлж, сайжруулах талаар хөндсөн нь ихээхэн ач холбогдолтой. Энэ нь зөвхөн байгаль орчны бохирдлын асуудал биш юм. Эдийн засагт асар их хор хохиролтой. Шороон шуурганаас болж нислэг хойшлогдох, цуцлагдах тохиолдол элбэг. Тэр болгонд авиа компаниуд хохирч байдаг. Шуурга ихсэхийн хэрээр иргэдийн машинаа угаалгах давтамж ойртдог, үүнийг дагаад өрхийн зардал ч өсдөг юм билээ. Тиймээс үүнийг бүс нутгийн асуудал гэж үзээд, нэлээд нухацтай хэлэлцсэн.
-COP16-д Монгол орны оролцоо, байр суурь ямар байсан бэ?
-Дараагийн бага хурлыг Монголд зохион байгуулах учраас энэ удаагийн арга хэмжээнд маш өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Холбогдох яамдаас бараг 70-80 хүн явсан байх. Хурлын зохион байгуулалтаас эхлээд туршлага судлах, суралцах, үлгэрлэх зүйл их учраас өргөн бүрэлдэхүүн оролцохоос аргагүй. Улс орны төлөөлөгчид хурлын зохион байгуулалт, тэр үеэр үзүүлж буй үйлчилгээ, жижиг гэлтгүй бүх зүйлсэд маш соргог, шүүмжлэлтэй хандаж, үнэлдэг юм билээ. Санхүүгийн болон технологийн нэлээд өндөр боломжид хүрсэн Саудын Арабын зохион байгуулсан үйл ажиллагаанд шүүмжлэл, тулгамдсан асуудлууд гарч байна гэхээр бид илүү хариуцлагатай, хянамгай байх ёстой гэсэн үг.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, шинжлэх ухааны зарим байгууллагын төлөөлөл үндсэн хурал болон зэрэгцээ үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож байгаа нь ажиглагдсан. Шинжлэх ухаан, бодлогын хорооноос зохион байгуулсан “Шинжлэх ухааны өдөр” арга хэмжээнд Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү панелистаар оролцлоо. Манай улс “Олон улсын бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” бий болгох санаачилга гаргаж, үүнийгээ НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар батлуулсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ COP16-д хүндэт зочноор оролцож, үг хэлэхдээ “Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн эвсэл байгуулах санаачилга гаргасан, үүнийг 2026 онд болох хурлын үеэр илүү хүчтэй ярина” гэж мэдэгдсэн. 2026 он манай улсын хувьд хариуцлагатай, чухал жил байх нь ээ. “Нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” санаачилгын хүрээнд бүтэн жилийн турш үйл ажиллагаа явуулна. Зун нь хурлаа зохион байгуулна.
-Цөлжилттэй тэмцэх конвенцын Шинжлэх ухаан, бодлогын хороо ямар чиг үүрэгтэй, хэрхэн ажилладаг талаар мэдээлэл өгөхгүй юү. Та хоёр жил орчмын хугацаанд ажиллаж буй юм байна шүү дээ.
-НҮБ, Дэлхийн банк зэрэг олон талт хамтын ажиллагааны байгууллагууд шийдвэр гаргахдаа аливаа асуудалд шинжлэх ухааны талаас нэлээд нухацтай ханддаг. Нөгөөтээгүүр, Риогийн гурван конвенц (Уур амьсгалын өөрчлөлтийн, Цөлжилттэй тэмцэх, Биологийн олон янз байдлын тухай)-ын хоорондын уялдаа холбоо, шүтэлцээг хангах асуудал маш чухалд тавигддаг. Саяны хурлаар ч үүнийг ярьсан. Харин эдгээр конвенцын уялдаа холбоог хангахад чухал нөлөөтэй бүх нарийн ширийн зүйлсийг дэлхий нийтэд мэдээлдэг гол суваг нь шинжлэх ухааны бүтээлүүд. Шинжлэх ухааны бүтээлүүдийг нэгтгэн зангидаж, тухайн нэг чиглэлээр мэргэшсэн, бүтээл гаргасан эрдэмтдийг уриад, заримыг нь өрсөлдүүлэн сонгож түр бүтэц бий болгодог. НҮБ үүнд багтсан хүмүүст мөнгө төлдөггүй учраас тодорхой хугацаанд бүтцийг нь шинэчилж, гишүүдийг нь сольдог. Судлаачид даян дэлхийн эрх ашгийн төлөө өөрийн хуримтлуулсан туршлага, мэдлэг чадвараа зориулдаг юм. Тэр хүмүүсийн гол үүрэг нь бүх конвенцыг хэрэгжүүлэхэд, дэлхийн хэмжээний бодлого гаргахад шаардлагатай шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр хангах. Үүн дотроо нэгдүгээрт, дэлхий нийтэд сэрэмжлүүлэг өгөх үүрэг багтана. “Уур амьсгал, агаарын температур, хур тунадас, гамшигт үзэгдэл, газрын доройтлын хэмжээ ийм түвшинд хүрчихлээ, та минь ээ” гэж хүн төрөлхтөнд анхааруулга, сэрэмжлүүлэг өгдөг. Газрыг хэр зэрэг доройтсоноос нь хамаараад дотор нь хэд хэд ангилдаг. Монголын нийт газар нутгийн 10 орчим хувь нь эргэж сэргэхээргүй хэмжээнд доройтчихсон байна. Энэ бүх нарийн мэдээллийг судлаачид л өгдөг. Хоёрдугаарт, судлаачид дэлхийн хэмжээний тайлангууд гаргадаг. Цөлжилттэй тэмцэх конвенцоос гэхэд “Даян дэлхийн газрын төлөв байдлын тайлан”-г тодорхой хугацааны давтамжтайгаар шинэчлэн гаргаж ирсэн. Дэлхий дахинд нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж, холбогдох үзүүлэлтүүд нь дээш, доош яаж хэлбэлзэж байгааг үүгээр хянадаг. Бодлого, шийдвэр гаргах түвшний томоохон хурлуудын үеэр энэ тайланг голчилж авч үздэг. Түүнчлэн сэдэвчилсэн, жижиг тайлангуудыг ч тогтмол хэвлүүлдэг юм.
-Бид шинжлэх ухаанч хандлагыг чухалчилдаг. Асуудалд шинжлэх ухаанч хандах, бодлого, шийдвэр гаргахдаа судалгаа, тооцоололд үндэслэх талаар бишгүй ярьдаг. Гэхдээ үүнийгээ хэрэгжүүлэх тал дээр чамлалттай санагддаг юм. НҮБ-ын гишүүн орны Засгийн газрын төлөөлөгчид Шинжлэх ухаан, бодлогын хорооны ажлыг үнэлж дүгнэсэн гэж та ярилаа. Тэгвэл эсрэгээрээ, улс орны Засгийн газрууд шинжлэх ухааны салбарынхны дэвшүүлсэн санал, зөвлөмжийг ажил хэрэг болгох чиглэлд хэр анхаардаг юм бол?
-НҮБ-д энэ чиглэлээр ажилладаг CRIC хэмээх тусгай бүтэц бий. Улс орнууд хөгжлийн түвшин, санхүүгийн чадамж зэргээсээ хамаараад үүрэг амлалтаа хэрхэн биелүүлж байгааг энэ систем хянаж, үнэлэлт дүгнэлт өгдөг. Тухайлбал, Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд оруулсан хувь нэмэр багатай орон. Тиймээс бусад орноос үүрэг хариуцлага нэхэж, санхүүгийн дэмжлэг авдаг. Гэхдээ манай улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хүчтэй нэрвэгдэж байгаа. Харин 100 жил үйлдвэржсэн, хөгжингүй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд оруулж буй нөлөө их учраас буурай улсуудаас илүү үүрэг хариуцлага хүлээдэг. Өөрөөр хэлбэл, улс орнууд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хэтэвчнийхээ хэмжээгээр хөрөнгө оруулдаг гэсэн үг. Үүнийгээ даян дэлхийн сангууд (ногоон хөгжлийн, байгаль орчны гэх мэт)-аар дамжуулж, бусад оронд хүртээдэг. Монгол Улс Даян дэлхийн ногоон хөгжлийн сангийн санхүүжилтээр газрын доройтлыг бууруулах төсөл хэрэгжүүллээ гэж бодъё. Энэ тохиолдолд төслийн үр дүн, хэрэгжилтийг донор байгууллагадаа болон НҮБ-ын СRIC-т давхар тайлагнаж явдаг. Маш нарийн зохион байгуулалт, шат шатны хяналттай. CRIC-ийн гол үүрэг нь шинжлэх ухааны үр дүнг амьдралд хэрхэн буулгасан бэ гэдэг үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих. Харин шинжлэх ухааны талын хэрэгжилтийг нь ажлуудын үр дүн харуулдаг. НҮБ-ын бүх үйл ажиллагаа тодорхой шат дараалал, уялдаа холбоотой үргэлжилдэг. Эрдэмтэн, судлаачдын зүгээс ямарваа нэг сэрэмжлүүлэг гарч ирсэн бол түүнийг тайлангаар баталгаажууллаа, дараа нь улс орнуудын Засгийн газарт танилцуулна. Үүнээс улбаалаад улс орнууд үүрэг амлалт өгч, түүнийгээ бүс нутаг, даян дэлхийн хэмжээнд хэрэгжүүлнэ, эцэст нь үр дүнгээ CRIC-ээр хэлэлцүүлдэг.
-Манай орны газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн гэсэн мэдээлэл байдаг. Энэ нь хэр бодитой тооцоолол вэ?
-2011, 2012 оны үед гаргасан цөлжилтийн газрын зурагт ингэж тооцсон байдаг. Харин 2018 онд “Ногоон алт” төслөөс хийсэн үнэлгээгээр нийт газар нутгийн 58 хувь нь цөлжилтөд өртсөн гэж тогтоосон. Ийм үнэлгээ хийхэд зардал, ажиллагаа ихтэй учир ойрхон гаргадаггүй. Тэгэхээр одоо баримталж байгаа хамгийн үндэслэлтэй тоо нь 58 хувь.
Манай улсын нийт газар нутгийн талаас илүү хувь нь анх байснаасаа ямар нэг байдлаар өөрчлөгдсөн гэсэн үг. Хэр зэрэг өөрчлөгдсөнөөр нь ангилдаг. Ямартай ч 10 орчим хувь нь эргэлт буцалтгүй буюу байгалийн аясаар дахин сэргэхээргүй доройтсон гэж тогтоосон байдаг. Тэгвэл үүнээс хойш энэ ангилал, хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэг нь хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг хэмжих үзүүлэлт болох юм.
-Эргэлт буцалтгүй доройтсон талбайн хэмжээ нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй юм байна гэж ойлголоо.
-Юу ч үгүй болтлоо доройтсон газрыг сэргээх технологийн болон санхүүгийн чадамж манай улсад одоохондоо алга. Харин үүний наана малынхаа тоо толгойг бууруулах, нүүдлээ сэргээх аргууд байна. Нүүдэллэх соёл бол монголчуудад хэдэн зуунаас өртөөлж ирсэн, газар нутаг, бэлчээрээ хамгаалах уламжлалт мэдлэг юм. Монгол орон газар зүйн байршлаасаа хамаараад тэнцвэргүй системтэй ангилалд багтдаг. Өөрөөр хэлбэл, тодорхойгүй байдал ноёрхсон экосистемтэй гэсэн үг. Бороо орох нь тодорхой. Гэхдээ хэзээ, хаана орох нь тодорхойгүй. Ийм цаг улиралтай газарт нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэхэд нэн тохиромжтой. Харин бүх зүйл нь тодорхой газарт фермерийн аж ахуй, газар тариалан хөгждөг. Монголд нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой. Тэр дундаа бэлчээр сэлгэж нутагладаг хуучны уламжлалаа сэргээх нь цөлжилт, газрын доройтлыг бууруулахад үлэмж тустай. Одоо бол мал нь багтахаа байгаад, малчид нүүхээ больчихсон. Үүнээс болоод л газрын доройтол ихсээд байгаа юм.
-Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлд шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаагаар гарч ирсэн шинэ ойлголт, шийдэл юу байна вэ. Бид цөлжилттэй тэмцэнэ гэхээр мод тарих талаар л ярьдаг.
-Газар доройтож, цөлждөг нь хоёр үндсэн шалтгаантай. Нэг нь уур амьсгалын өөрчлөлт, нөгөөх нь хүний үйлдэл. Малаа өсгөөд, газраа доройтуулаад байгаа нь хүний буруутай үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Газрын доройтлын хэдэн хувь нь хүнээс, хэчнээн нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж байгааг нарийн зааглаж, хэмжиж тогтоох боломжгүй. Хүний мэдлэг, ур чадвар энэ хэмжээнд хараахан хүрээгүй байна. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт ноёлох маягтай гэж үздэг. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийг хүн эрчимжүүлдэг. Тэгэхээр юунаас үндэстэй вэ гэдгээс хамаараад хариу арга хэмжээ, шийдэл нь мөн ялгаатай. Уур амьсгалын өөрчлөлтийг нэгэнт таслан зогсоож чадахгүй учраас дасан зохицох чадавхыг сайжруулахаас аргагүй. Харин үүнийг эрчимжүүлдэг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулъя гэвэл хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, ойн сангаа хамгаалахад анхаарахаас аргагүй юм. Манай Монголд бол бэлчээрээ эрүүлжүүлж, ойн бүрхүүлээ нөхөн сэргээх нь нэн түрүүнд хэрэгжүүлэх боломжтой, хамгийн чухал арга хэмжээ. Бэлчээр байгалийн аясаар сэргэх, ой өөрийгөө “эрүүлжүүлэх” завдал чөлөөг бид олгохгүй байна шүү дээ. Байгальд эрүүлжих хугацаа өгөхгүй, зэрэгцээд л сүйтгээд байна. Өөр орнуудын туршлага, шийдлээс харахад дроноор үр цацдаг технологи супер санагддаг. Газар хагалж, илүү ажил удахгүй, байгальд дарамт учруулахгүйгээр мод, ургамал тарина гэдэг гайхалтай дэвшил.