Монголын хоккейн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг 14 хүртэлх насныхны өсвөр үеийнхний УАШТ Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны мөсөн талбайд болсон. Хоёр өдөр үргэлжилсэн дээрх тэмцээнд 10 багийн 170 гаруй тоглогч өрсөлдсөнөөс Л.Одбаатар дасгалжуулагчтай, Хан-Уул дүүргийн “ЭйБи” багийнхан түрүүлж, алтан цом гардав. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн А.Мэргэн дасгалжуулагчтай “Бамбарууш-2”-ынхон удаалж, Б.Зориг дасгалжуулагчтай “Хангарьд” клубийнхэн III байр эзлэв. Тэмцээний шилдгээр “ЭйБи” багийн ахлагч О.Ялалт шалгарч, тэгш тоглогчийн шагнал хүртсэн юм. Шилдэг довтлогчоор “Бамбарууш-2”-ын Ч.Есүхэй, шилдэг хамгаалагчаар “Хангарьд”-ын Э.Тэнүүн, шилдэг хаалгачаар “Бамбарууш-2”-оос Г.Тэргэл шалгарлаа.