ОХУ-ын Москва хотод зохион байгуулсан “Россия тур Москва супер финал” тэмцээнд үндэсний шигшээ багийнхан зодоглолоо. Тэднээс эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Б.Сүхбат, эмэгтэйчүүдээс 57 кг-д Л.Сосорбарам алтан медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл сүүлийн өдрийн барилдаанд эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд Э.Ариунболд, 73 кг-д Б Эрдэнэбаяр хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, +78 кг-д А.Адьяасүрэн мөн хүрэл медаль зүүв. Ингэснээр манай жүдочид Москвагийн дэвжээнээс нийт долоон медаль авлаа.