“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийнхэн “Уур амьсгалын өөрчлөлт ба өнөөдөр” уулзалтыг “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг боловсрол, сургалтын үйл ажиллагаанд чухалчлах нь” сэдвийн хүрээнд өчигдөр зохион байгууллаа. Эл уулзалтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг олгох зорилготой агуулга тусгаад буйг БОУАӨЯ болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс танилцуулсан юм.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Х.Отгонбаатар “Боловсролын тогтолцоо тогтвортой байх ёстой. Хичээлийн хөтөлбөрийн агуулгыг бага боловсролын түвшинд шинэчлээд эхэлсэн. Туршилтаар хэрэгжиж байна. Ирэх жилээс суурь боловсролын түвшинд хэрэгжүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хичээлийг хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй хүргэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч хүртээмжтэй байх юм. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан аудио хэлбэрээр цахимд байршуулсан” гэв.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Манай салбар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон үндэстэн болох, байгалийн давагдашгүй хүчин зүйлс тохиоход бэлтгэлтэй байхад анхаарч байна. Мөн үүнийг хэрхэн сааруулах талаар иргэдийг мэдлэг, мэдээлэлтэй болгохоор зорьж буй. Бас ногоон эдийн засагт шилжих, нийгмийн оролцоог хангах гэсэн үндсэн гурван чиглэлээр ажиллаж байгаа. Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулсан эко сургалтын платформ нээсэн нь том дэвшил боллоо. Хүүхдүүдээс үргэлж шинэ санаа, санаачилга урган гардаг. Тиймээс сургуулиудад эко клуб ажиллуулах нэн шаардлагатай юм. Ер нь цаашид хүүхдийн сэтгэлд үлдэхүйц, байгаль орчны боловсрол олгох сургалтуудыг өргөнөөр зохион байгуулах юм. Манай улсад бодлогын баримт бичиг хангалттай бий. Гол нь бид хэрэгжүүлэхдээ л алддаг. Тиймээс би энэ салбарт зоригтой реформ хийнэ. Манайд олон төрийн бус байгууллага, холбоо байдаг ч төр бүгдтэй нь хамтрах боломжгүй. Тиймээс нэгдсэн нэг холбоотой болох хэрэгтэй” гэсэн юм.
У.Цэцэгсүрэн