Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнгөрсөн есдүгээр сараас эхлэн өрхийн эрүүл мэндийн төвийнхөнд санхүүжилт олгоогүй гэнэ. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй болсонтой холбоотой бололтой. Тиймээс Эрүүл мэндийн, нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооныхон нэгдэж холбогдох байгууллагуудад өчигдөр шаардлага хүргүүллээ. Тэд Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн албан бичигтээ “Гүйцэтгэлийн гэрээний санхүүжилтийн 20 хувийг өнөөг хүртэл аваагүй. Тиймээс ажилчдадаа цалин, үр дүнгийн урамшууллаа ч олгож чадахгүйд хүрээд байна. Түүнчлэн хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхөд ч хүндрэлтэй боллоо. Мөн санхүүжилт хангалтгүйн улмаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаас эм, тариа зээлээр авч буй” хэмээн дурджээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний дагуух санхүүжилтийг өрхийн эмнэлгүүдэд өнгөрсөн есдүгээр сараас хойш олгоогүй аж. Холбогдох байгууллагуудынхнаас нь энэ талаар тодруулахад “Удахгүй шийднэ” гэсэн хариу өгсөн гэнэ. Мөн томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар болсон. Баяр ёслолын өдрүүдэд илүү цагаар ажиллахаар шийдвэрлэсэн атлаа нэмэгдэл цагийн хөлсийг хэрхэн олгох нь тодорхойгүй байгааг эмч нар хөндсөн юм. Эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих гэнэ.
А.Үүл