Архангай аймгийн Эрдэнэбулган сум буюу аймгийн төвийн II сургуулийн гуравдугаар ангийн багш А.Мягмарсүрэн сурагчаа зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд уржигдар орой цацагдаж, иргэдийн дургүйцлийг төрүүллээ. “Багш нь ангийн сурагчаа зодсон байна” гэх мэдээллийг Архангай аймгийн Цагдаагийн газрынхан хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулж буй аж. Шалгалтын явцад багш А.Мягмарсүрэн энэ сарын 23-нд ангийнхаа сурагчдад хичээл орох явцдаа “Заасан хичээлийг тэмдэглэгээгүй, хичээл хийхгүй, үгэнд орохгүй байна” хэмээн сурагчийнхаа биед халдсан нь тогтоогдсон аж.
Олон нийтийн сүлжээнд бичлэг цацагдсан шалтгааныг дээрх сургуулийн багш, эцэг, эхчүүд “Хоёр багш хоорондоо таагүй харилцсаны улмаас хүүхдийг нь зодсон. Нэг тогооноос хоол идэж байж, нөгөөгийнхөө мууг үзлээ. Сургуулийн нэр хүнд унагалаа” хэмээн бичицгээж байна. Багш А.Мягмарсүрэн ч зарим цахим мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид “Тэр хүүхэд угийн гөжүүд болохоор үл ойлголцол болж, уураа барьж чадаагүй. Өөрийнхөө бичлэгийг хараад үнэхээр их гэмшиж байна. Уучлаарай” хэмээсэн байв. Боловсролын байгууллагад 10 жил ажиллаж буй багшийг ийн авирласанд олон хүн дургүйцэж, Боловсролын сайд П.Наранбаярыг хариуцлага тооцохыг шаардах болов. П.Наранбаяр “Багш нь ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Ёс зүйн хороо нь өргөдлийг нь хүлээн авч чөлөөлсөн байна. Бид ийм алдаа дахин гаргуулахгүйн төлөө ажиллах болно. 2025 оныг багшийн ёс зүйн жил болгон зарлаж тэдний ёс зүйг дээшлүүлэх цогц арга хэмжээг яамны зүгээс хэрэгжүүлнэ” гэж сэтгүүлчдэд ярьсан юм.
Өдгөө энэ хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн мөрдөн шалгаж буй бөгөөд хүүхдэд ямар гэмтэл учирсныг тогтоолгохоор шүүхийн шинжилгээний байгууллагад хандсан аж.