Эрдэс баялгийн салбарт төрийн оролцоо нэмэгдсээр байгаа энэ үед төрийн өмчит компанийн засаглалыг олон улсын стандарт, сайн туршлагад үндэслэн боловсронгуй болгох шаардлага тулгарч буй. Үүний хүрээнд Нээлттэй нийгэм форумаас судлаачидтай хамтран цуврал судалгаа хийж байгаа аж. Хууль зүйн ухааны доктор, СЭЗИС-ийн багш М.Түвшинжаргал, Японы Нагояагийн их сургуульд хууль зүйн мастерын зэрэг хамгаалсан А.Бодьбилэг нар “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх ба хариуцлага” сэдвээр бодлогын шинжилгээ хийжээ. Төрийн өмчит компанийн (ТӨК) Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) эрх, хариуцлага, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага зэргийн талаар тэдэнтэй ярилцлаа.
-Та бүхэн ТӨК-ийн ТУЗ-ийн бүрэн эрх буюу хувьцаа эзэмшигчийн эрх хэмжээ, эрх мэдлийн хуваарилалтын зарчим, эрх зүйн орчин, ТУЗ-ийн гишүүнд хариуцлага хүлээлгэх тогтолцооны талаар судалжээ. Судалгааныхаа талаар тодруулна уу.
М.Т: -Компанийн тухай, олон жилийн өмнө буюу 1996 онд баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд ТӨК-ийн ТУЗ-ийн бүрэн эрх, хариуцлагатай холбоотой ямар зөрчлүүд байгааг бид шинжилсэн. Мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанид төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг судалсан юм. Ингэхэд аль нэгэн улс төрч ТӨК-ийн ТУЗ-д нөлөөлж шийдвэр гаргуулах орчин хуулиар нээлттэй байгаа нь анзаарагдсан. Томоохон ТӨК-иудын гүйцэтгэх удирдлагыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж буй тохиолдлууд үүнийг батална. Тэгэхээр компанийн гүйцэтгэх удирдлага шийдвэр гаргахад ТУЗ нь хянаж чаддаг, эсэх талаар ярих хэрэгтэй. Харамсалтай нь, манайд Засгийн газар гүйцэтгэх захирлыг нь томилж, хуульд нийцүүлэхийн тулд ТУЗ нь ёсчлон баталчихдаг. Компанийн ТУЗ-ийн есөн гишүүн засаглалын онолын дагуу гүйцэтгэх удирдлагаа сонгон шалгаруулж, томилоод, гэрээ байгуулах наад захын эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.
Улс төрчид, яам, төрийн эрх мэдэл бүхий байгууллагаас гүйцэтгэх захирлыг нь шууд сонгож, “Энэ хүнийг томил” гэдэг. Ингэж томилогдсон гүйцэтгэх захирал нь ТУЗ-д ажлаа тайлагнахгүй, хэн нэгэн улс төрчөөс удирдамж, заавар авч ажилладаг. Товчхондоо, ТУЗ нь гүйцэтгэх удирдлагадаа хяналт тавьж чаддаггүй нөхцөл үүсчихээд байна. Жишээлбэл, Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг төрөөс томилчихдог. Уг нь нээлттэй сонгон шалгаруулж, хамгийн сайн гүйцэтгэх захирлыг ажиллуулах ёстой. Дээрх банкнаас гадна нүүрсний оффтэйк гэрээнүүд байгуулсан “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх удирдлагыг хэрхэн томилсон талаар судалгаандаа дурдсан. Түүнчлэн “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлыг ТУЗ-өөс нь үл хамааралтайгаар, Засгийн газрын тогтоолоор томилж ирсэн байх жишээтэй. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус компанийн гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг ажиллуулахыг Засгийн газрын тогтоолоор баталж, ТУЗ-ийн гишүүд нь гараа өргөөд л дэмжчихсэн. ТУЗ-ийн гишүүд нь түүнийг гүйцэтгэх захирлаар ажиллуулах, эсэх талаар санал хураах боломжгүй, дээрээс л томилчихдог. Ийнхүү ТУЗ-ийн бүрэн эрхийг төр шилжүүлж авдгаас гадна бусад эрхийг нь ч боогдуулж байгаа.
Төр ийнхүү ТУЗ-ийн бүрэн эрхийг өөртөө төвлөрүүлж, өмнүүр нь орж шийдвэр гаргадгийг юуны түрүүнд өөрчлөх шаардлагатай. ТУЗ нь компанийг удирдах, хяналт тавих бүрэн эрх эдлэх бөгөөд үүнийгээ гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх замаар хэрэгжүүлдэг. Наанадаж гүйцэтгэх захирлаа өөрөө сонгодог, ажиллаж чадахгүй бол хянаад халчихдаг, хариуцлага тооцож чаддаг эрх нь ТУЗ-д байх ёстой. Ингэж чадахгүй бол компани хоёр “толгой”-той болчихож байгаагаас өөрцгүй. Засаглалын хувьд ТУЗ нь дээрээ, гүйцэтгэх удирдлага нь доороо байх ёстой. Ядаж эл эрхээ хэрэгжүүлж чадахгүй, хэлбэрийн төдий, “амьгүй” бүтэц болчхоод байгаа энэ мэт гажуудлыг арилгахын тулд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг нэн даруй шинэчлэх шаардлага бий. Ялангуяа ТӨК-ийн ТУЗ-ийн бүрэн эрхийг тодорхой болгох нь зүйтэй. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж буй төр ямар хэмжээнд оролцохыг зааглахгүй бол ТӨК-ийг тойрсон хэрэг тасрахгүй. ХЗДХЯ-ныхан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай гэсэн бие даасан хуулийн төсөл боловсруулж байгаа юм билээ. Үүнд ТУЗ ямар чиг үүрэгтэй, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж буй төр яг ямар хүрээ хязгаарт заавар, зөвлөмж өгөх талаарх нарийн заагийг тусгавал ТӨК-иудын удирдлагын томилгоо, бүрэн эрх зөрчигдөж буй нь тодорхой хэмжээнд цэгцрэх болов уу.
АЛИВАА УДИРДАМЖ, САНАЛ, ЗААВАР ӨГӨХ ЯВДЛЫГ БҮР МӨСӨН ХАЛАХ НЬ ЗҮЙТЭЙ
-Олон улсын байгалийн засаглалын хүрээлэнгээс Монголын төрийн өмчит 10 компанид судалгаа хийхэд 2019-2021 онд өр төлбөр нь 4.3 дахин өсөж, 6.45 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 15 хувьтай тэнцсэнийг өнгөрсөн жил танилцуулсан. Нөгөөтээгүүр, төртэй л хамтарч ажиллахаас өөр аргагүйд хүрч, бизнесүүдийг булааж авч байгаа гэхэд ч болно. Ер нь ТӨК-ийн ТУЗ-тэй, түүний эрх, хариуцлагатай холбоотой ямар өөрчлөлтүүдийг хуульд оруулах шаардлагатай талаар дэлгэрүүлнэ үү. Нэгэн ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүн “Энэ шийдвэр нууцын зэрэглэлтэй, танилцах шаардлагагүй. Шууд зөвшөөр гэж хэлдэг” хэмээн ярьсан удаатай. Тэгэхээр ТУЗ-ийн гишүүн аливаа шийдвэр гаргахдаа хангалттай мэдээлэл авч чаддаггүй, эрх нь зөрчигддөг нь эндээс харагдаж байна л даа?
А.Б: -ТӨК-ийн хувьцаа эзэмшигч нь төр гэдэг утгаараа ТУЗ-ийн гишүүдийг нь сонгодог. ТУЗ нь компанийн үйл ажиллагаа, стратегийг хариуцан ажиллаж, бүрэн эрхээ бие даан хэрэгжүүлэх эрхтэй. Гэвч манай улсад ихэнх тохиолдолд төрөөс ТУЗ-д зүй ёсны бус дарамт шахалт, нөлөө үзүүлж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ), яамдаас ажилд нь хэт их оролцож, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг нь тогтоож, шийдвэр гаргахад нь нөлөөлдөг. Төр хувьцаа эзэмшигчийн эрхээ хэтрүүлж гүйцэтгэх захирлыг томилох, бодлого, чиглэл тогтоох, заавар, чиглэл өгөх замаар компанийн үйл ажиллагаанд шууд оролцож буй нь ТУЗ-ийн бие даасан байдлыг алдагдуулж, засаглалыг нь сулруулж байна. Иймээс “Төр компанийн хувьцааг эзэмшсэнийхээ хариуд гагцхүү хувьцаа эзэмшигчийн эрх хэмжээг олж авна” гэсэн компанийн засаглалын зарчмыг манайд хэвшүүлэх шаардлагатай. Төрийн зүгээс аливаа удирдамж, санал, заавар, өгөх явдлыг бүрмөсөн халах нь зүйтэй. ТӨБЗГ, яамд ТӨК-иудыг өөрийн өмч мэт үзэж, үйл ажиллагаанд нь оролцох боломжийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар олгосныг өөрчлөх зайлшгүй шаардлага бий. Ер нь эрх мэдлийн хуваарилалтын зарчим алдагдах болсон үндсэн шалтгаан нь эл хуулиас эхтэй гэхэд буруудахгүй. ТУЗ-ийн эрх, хариуцлагын талаар эрх зүйн орчинд тусгасан ч хэрэгжилт нь хангалтгүй байгаад ч анхаарах учиртай.
-ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүнээр яамдаас хүн томилчихдог. Тэдгээр нь хариуцлагагүй ажилладгаас болж олон сөрөг үр дагавар гардаг. Энэ талаар юу хэлэх вэ?
М.Т: -Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой өрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журмыг өнгөрсөн онд баталсан. Үүгээр ТӨК-ийн ТУЗ-д хэнийг ажиллуулахыг зохицуулсан. Угтаа үүнийг журмаар бус, хуулиар зохицуулах ёстой. Тус журамд ТУЗ-ийн есөн гишүүний дотор ямар хүнийг ажиллуулж болох, болохгүй, яаж сонгох, хэн байх боломжтой, хэн байх боломжгүйг тусгасан. Гурав хүртэлх гишүүнийг төрийн захиргааны байгууллагаас сонгохоор хязгаарлаж, үлдсэн зургааг нь хувийн хэвшлээс ч юм уу, нээлттэй сонгон шалгаруулахаар оруулсан зэрэг дэвшил бий. Мөн сонгон шалгаруулалтын зарыг ил тод тавих, хариуцлага хүлээлгэх механизм зэргийн талаар тусгасныг энд дурдаж болно. Улмаар ТУЗ харьцангуй улс төрөөс хараат бусаар шийдвэр гаргах боломжийг зарим талаар бүрдүүлсэн. Гэтэл эдгээр дэвшилтэй заалтыг Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд тусгаагүй. ТУЗ-ийн эрх, хариуцлагатай холбоотой бусад асуудлыг ч хуульчлаагүйг онцлох нь зүйтэй болов уу.
А.Б: -ТУЗ-ийн үйл ажиллагаа нь улс төрөөс хараат байдаг, гишүүнээр нь мэргэжлийн бус этгээд, захиргааны албан хаагчийг томилдог зэргээс болж ТУЗ-ийн бүрэн эрх, үүрэг хариуцлагын тогтолцоо манайд хангалттай бэхжиж чадаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21.6-д төрийн албан хаагчийг ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилохоор тусгасныг өөрчлөх шаардлагатай. Ямартай ч үүнийг дээрх хуулийн төсөлд тусгасан гэж харсан.
Ташрамд дурдахад, ТӨК-ийн ТУЗ-ийн эрх, хариуцлагатай холбоотой олон улсын сайн туршлагууд бий. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) ТӨК-ийн засаглалын удирдамжийг баталсан байдаг. Үүнд төр хувьцаа эзэмшигчийн хувиар компанийн засаглалд гүйцэтгэх болон ТУЗ-ийн чиг үүрэг, бүрэн эрхийн талаар дэлгэрэнгүй тусгасан байдаг л даа. Түүнчлэн Финланд, Норвег, Швед, Эстони зэрэг оронд өмчлөлийн бодлогын (ownership policy) хүрээнд ТӨК-ийн хувьцаа эзэмшигчийн эрх хэмжээг нэгдсэн бодлогод суурилан тогтоодог. Швед, Норвегт хувьцаа эзэмшигчийн зүгээс ТӨК-ийн ТУЗ-д аливаа удирдамж өгөхийг хориглодог байх жишээтэй. Мөн гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, томилох эрхийн талаар тусгаж өгөхийг зөвлөдөг зэргээс суралцах нь зүйтэй.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийхэд 5.3.1-т нь “Засгийн газрын бүрэн эрх болон орон нутгийн эрх хэмжээ нь хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын бүрэн эрхээс тусгаарлагдсан байх, компанийн үйл ажиллагаа, өмч хөрөнгийн талаар гаргах аливаа шийдвэрийг энэ хууль болон Компанийн тухай хуулийн хүрээнд гаргах” гэж тусгасан байна лээ. Энэ бол төрийн өмчийн удирдлагын эрхийг хувьцаа эзэмшигчийн эрхээс зааглах зарчмын ач холбогдолтой зохицуулалт. Гэвч уг зарчмыг бодитоор хэрэгжүүлж, хуулийн төслийн бусад зохицуулалтад “шингээж” өгөх асуудал чухал юм. Үүнээс гадна 33 дугаар зүйлд нь тусгасан ТУЗ-ийн гишүүнийг чөлөөлөх үндэслэлүүд нь хэт өргөн хүрээтэй байгаа нь ТУЗ-ийн гишүүн албан тушаалаа өгөхгүйн тулд хувьцаа эзэмшигчийн эрх ашигт нийцүүлэн хэт туйлширсан үйл ажиллагаа явуулах буюу бүрэн эрхээ бие даан, хараат бусаар хэрэгжүүлэх боломжгүйд хүрэх үр дагавар дагуулах эрсдэлтэй. Энэ мэтчилэн анхаарах зүйл, заалт дээрх хуулийн төсөлд бий.
ТӨБЗГ, САНГИЙН ЯАМ ЗЭРЭГ ЕСӨН БАЙГУУЛЛАГА ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
-ТӨК-ийн ТУЗ-д хариуцлага тооцохгүй байгааг өөрчлөхгүй бол ямар үр дагаврууд гарах талаар дэлгэрүүлнэ үү.
М.Т: -Жишээ нь, Хөгжлийн банкны зээл олголтын шийдвэр, “Эрдэнэс Тавантолгой”-н байгуулсан оффтэйк гэрээнүүдэд гүйцэтгэх захирал, ТУЗ нь л гарын үсэг зурсан. Дээрх банкны чанаргүй зээлийн дийлэнх буюу 81.3 хувийг ТУЗ-ийн даргаар Б.Шинэбаатар, Б.Даажамба нар ажиллаж байх үед олгосон байдаг. Хэрэв гүйцэтгэх удирдлагад нь хамгийн сайн мэргэжилтнийг шалгаруулж, ажиллуулсан бол ийм гэрээнд гарын үсэг зурах болов уу? Зурлаа гэхэд ТУЗ нь хянасан бол ийм буруу шийдвэр гаргахгүй байх боломж байсан уу гэвэл тийм. Гэтэл төрөөс томилогдсон гүйцэтгэх захирлыг ТУЗ нь яаж ч чадахгүй л байна шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар сайд хүн ч ажиллаж, гишүүдээ нутгийнхаа зөвлөлөөс бүрдүүлчихсэн тохиолдол ч гарч байлаа. Иймээс л ТУЗ-ийн бүрэн эрхийг хуулиар нарийн тодорхойлж, түүнийгээ бие даан хэрэгжүүлэх баталгааг бий болгосноор ТУЗ-ийн гишүүнд гаргасан шийдвэртэй нь холбоотойгоор хариуцлага хүлээлгэх боломж бүрдэнэ. Төрөөс өгсөн удирдамж, зааврыг биелүүлэх үүргийг -ийн ТУЗ-д хүлээлгэсэн нь эргээд хариуцлага тооцох боломжгүйд хүргэж байна шүү дээ.
-Хэрэв ТУЗ-ийн гишүүн буруу шийдвэр гаргаж, компанид хохирол учруулсан бол өөрийн хөрөнгөөр нь барагдуулахаар тусгасан байдгийг та судалгаагаа танилцуулах үеэрээ дурдсан байх аа?
-ТУЗ-ийн гишүүд үнэнч шударгаар ажиллах үүрэг хүлээдэг. Эл үүргийг олон улсад хянамгай хандах (duty of care), үнэнчээр ажиллах (duty of loyalty) гэж онолын түвшинд хоёр хуваадаг жишиг бий. Эдгээрийг манай Компанийн тухай хуульд бүгдийг нь жагсаагаад биччихсэн байдаг. Тодруулбал, ТУЗ-ийн гишүүн аливаа шийдвэр гаргахдаа компанийн эрх ашгийг хамгийн эхэнд тавих ёстой, мэдээллийг гадагш задруулахгүй, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй зэргээр үүргийг нь заасан. ТУЗ-ийн гишүүн хянамгай байх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн компанид хохирол учруулбал хувийн хөрөнгөөр нь хариуцлага хүлээлгэх талаар Компанийн тухай хуульд тусгасан байдаг. Компанид хохирол учруулсан, жишээ нь, ашиггүй гэрээнд гарын үсэг зурсан бол өмчийн эзэмшигчийн хувьд төр ТУЗ-ийн гишүүдийг шүүхэд өгөх ёстой. Ийм тохиолдолд ТУЗ-ийн гишүүнийг учруулсан хохирлоо өөрийн хөрөнгөөр барагдуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаад явах боломж бий. Гэвч ТӨК-д учруулсан хохирлыг ТУЗ-ийн гишүүнээр нөхөн төлүүлэхээр шүүхэд гомдол гаргасан тохиолдол маш ховор. Үүнд хэд хэдэн шалтгаан нөлөөлж болно гэж бид үзсэн. ТУЗ-д удирдамж, зааварчилгаа өгч, шийдвэр гаргахыг шаардаж буй этгээд нь хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч өөрөө байх нь нийтлэг. Өөрөөр хэлбэл, хууль бус шийдвэр гаргуулах даалгаврыг өмчийн эзэн болох төр өөрөө өгсөн байхыг үгүйсгэхгүй. Жишээлбэл, хэн нэгэнд таван тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгуулахаар шийдвэрлэхэд нөлөөлсөн тул нэхэмжлэл гаргахгүй гэсэн үг. Уг нь манайд ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүний итгэл даах үүрэгт (fiduciary duties) хамаарах хянамгай хандах, үнэнчээр ажиллах үүргийн тодорхой төрлүүдийг тусгаж, зөрчилд хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдсэн. Харин бизнесийн шийдвэр гаргах дүрэм буюу ТУЗ нь мэдээлэлд үндэслэх, ингэхдээ хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьсан, эсэхийг үнэлэх, улмаар хариуцлага хүлээлгэх, эсхүл чөлөөлөх тухай зохицуулалт алга байгаа юм.
ТУЗ-ийн гишүүн үнэнч шударгаар ажиллаад, зээл олгох гэрээнд гарын үсэг зурж болохгүйг мэдсэн ч “зөвшөөрөхгүй” гэж хэлж чадахгүй, улс төрч юм уу, хэн нэгэн этгээд нөлөөлж шийдвэр гаргуулсан тохиолдолд хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал бас бий. Бид судалгаандаа нөлөө бүхий этгээдийн (shadow director, de facto organs) талаар дурдсан. Тухайн этгээд нь ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага руу утсаар ярьж ч юм уу, шийдвэр гаргахад нөлөөлсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх механизм зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн гишүүн биш ч ТУЗ, гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргах үйл явцад шууд болон шууд бус байдлаар нөлөөлж, улмаар өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх боломжтой нөлөө бүхий этгээдийг тодорхойлж, түүнд ТУЗ-ийн гишүүний нэгэн адил хариуцлага хүлээлгэх эрх зүйн тогтолцоо бүрдүүлэх . Ялангуяа Монгол шиг авлига ихтэй, компанийн засаглал маш сул улсад энэ нь чухал. Англи, Герман зэрэг олон оронд нөлөө бүхий этгээдийг тогтоох аргачлалууд байдаг.
-Хувийн хэвшлийн компанийн ТУЗ-д хянамгай байх үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцдог. Харин ТӨК-д эсрэг байгаа талаар дэлгэрүүлнэ үү.
-Хувийн хэвшилтэй холбоотой нэгэн жишээ дурдъя. Улсын дээд шүүхээс өнгөрсөн долоодугаар сарын эхээр “Улсын их дэлгүүр”-тэй холбоотой шийдвэр гаргасан. “Улсын их дэлгүүр”-ийн ТУЗ-ийн есөн гишүүн компанийн өмнө хүлээсэн үнэнчээр ажиллах, хянамгай байх үүргээ зөрчиж, үнийн дүн нь маш бага, түрээсийн ашиггүй гэрээг өөрсдийн ашиг сонирхол бүхий этгээдүүдтэй байгуулсан. Үүнээс шалтгаалж “Улсын их дэлгүүр”-т 44 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. ТУЗ-ийн гишүүд нь компанид ихээхэн хохиролтой гэрээнд гарын үсэг зурсан нь үүнд хүргэсэн гэж шүүх үзсэн юм. Улмаар ТУЗ-ийн гишүүдийг нь өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээ гээд, тэднийг тус бүр 440 сая төгрөг гаргаж компанид олгосугай гэж шийдвэрлэсэн. Эл хэрэгт Санхүүгийн зохицуулах хорооноос гомдол гаргаж, нэхэмжлэгч болоод явж байгаа.
ТӨК-иудын хувьд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж буй ТӨБЗГ, Сангийн яам зэрэг төрийн өмнөөс тухайн компанид хувь эзэмшдэг есөн байгууллага бий. Эдгээр нь өөрийн харьяанд байдаг ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүдэд яагаад нэхэмжлэл гаргаж болохгүй гэж. Гагцхүү тэд үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Компанийн өмчийн эзэн юм бол төр өөрөө улайм цайм буруу шийдвэр гаргаад, хохирол учруулчихсан ТУЗ-ийн гишүүдэд яагаад иргэний журмаар гомдол гаргаж, хувийн хөрөнгөөр нь хохирлыг барагдуулж, компанид олгуулах хүсэлт гаргахгүй байгаа юм бэ. Төр өөрөө буруу шийдвэр гаргуулахад нөлөөлсөн учраас хохирлыг барагдуулахын төлөө явахгүй, эрхээ хэрэгжүүлэхгүй байгаатай энэ нь холбоотой. Зарим тохиолдолд нэхэмжлэл гаргахаас өмнө Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар шалгаад эрүүгийн хэрэг үүсгээд явчихдаг. Компанийн тухай хуулиар хохирол нөхөн төлүүлэх хариуцлагыг хүлээлгэх боломжтой ч тухайн хэрэг маргаан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг (хахууль авах, өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) агуулж буй тул Эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдэгдэх нь нийтлэг байгаа хэрэг. Ийм тохиолдолд багадаа 3-4 жил шалгадаг, давж заалдвал цуулдаг. Үүнийг хүлээх болчхоод байна л даа.