Хүмүүний заяаг олж төрөхөд дагаж ирээд хорвоогоос буцахад дуурсагдаж үлддэг нь цор ганц зүйл нь та бидний алдар нэр билээ. Монгол Улсад 40 гаруй мянган нэр бүртгэлтэй байдгаас өвөрмөц содон нэр нь 1000 гаруй гэнэ. Тэр дундаа эх оронтойгоо ижилссэн нэртэй эрхэм цор ганц байдаг нь Хилийн цэргийн 0198 дугаар ангийн Дэгээ голын заставт хугацаат цэргийн алба хааж байгаа ахлах байлдагч Анхбаярын Эх-Орон. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ШУТИС-д цахилгааны инженер мэргэжлээр суралцаж байгаад нэгдүгээр дамжаанаасаа өөрийн хүсэлтээр хугацаат цэргийн албанд татагдаж, өдгөө эх орныхоо торгон хилийг эмжиж, эцгийн хайрласан алдрыг үйлсээрээ бататгаж яваа ийм л эр цэрэгтэй хөөрөлдөхөөр утас цохив.
- ТАНЫ АЛДАР НЭР ИХ ОНЦГОЙ СОДОН ЮМ. ХЭН ХАЙРЛАЖ БАЙВ, УТГА АГУУЛГА НЬ МЭДЭЭЖ ГҮНЗГИЙ БАЙЖ ТААРНА...?
- Миний аав Эрдэнэбатын Анхбаярын хайрласан нэр. Аав минь яруу найрагч хүн л дээ, эх оронч үзэлтэй, ёс уламжлалаа дээдэлсэн монгол эр хүн. Аавынхаа хайрласан нэрээр өнөөдөр эх орон, торгон хилтэйгээ зүс ижилсэн, нэр ханьсан яваадаа маш их баяртай байна. Яруу найрагч хүн учраас “Эх орон шигээ элэг бүтэн, эх орныхоо үзэсгэлэнт байгаль шигээ оюун бодол нь уужим тайван” яваарай гэж агуулгаар өгсөн гэсэн. Хугацаат цэргийн алба хаагаад нэрнийхээ утга агуулгаар бахархах сэтгэл эрхгүй төрж байна. Сурагч байхад хүүхдүүд сонирхож асуухаар нь заримдаа ичих ч үе байсан. Одоо бол харин ч бахархаж байна. Миний нэрний хамгийн гоё нь юу гээч. “Ахлах байлдагч А.Эх-Орон Та эх орныхоо торгон хилийн манаанд явахад бэлэн үү” гэж ахлах дарга нараасаа сонсох нь үгээр хэлэмгүй омогшил, бахархлыг төрүүлж, өөртөө итгэх итгэлийг минь нэмэгдүүлдэг.
-ТАНЫГ БАС ШҮЛЭГ БИЧДЭГ ГЭЖ СОНССОН?
-Аавынхаа энтэй бичиж чадахгүй ээ. Хааяа зүгээр оролдоно. Сүүлийн үед харин хилийн манаанд явж байгаа тэр мэдрэмжээ л бичмээр санагдаад байгаа. “Өглөө бүрийг амгалан байлгах гэж өндрийн харуулд цэрэг эрс зогсоно” гэдэг агуулгын хүрээнд л сайхан бичих сэн гэж бодогдох болсон. Болох байх аа. Бас сайхан ээжүүдийнхээ тухай хэд хэдэн жинтэй шүлэг бичихээр оролдож л байна. Би хоёр ээжтэй хүн л дээ. Төрүүлсэн ээж минь Нанзаддоржийн Алтантуяа гээд АНУ-д олон жил ажиллаж амьдарч байна. Өсгөсөн ээж минь нагац эгч болох Нанзаддоржийн Алтанцэцэг гээд сайхан эмэгтэй бий. Би ээжээсээ ганцаараа, харин өсгөсөн ээжээсээ дөрвүүлээ. Нэг эгч, хоёр дүүтэй. Эгч оюутан, хоёр дүү сурагч. Жирийн нэгэн айлын дунд хүү цэргийн албаа хаагаад явж байгаа нь энэ билээ.
- ЦЭРЭГТ ХАМТ АЛБА ХААЖ БУЙ НӨХДИЙНХӨӨ ТАЛААР ЯРИАЧ
- Буйдхан талдаа хамгийн жаргалтай хүмүүс гэвэл бид байна. Заставын амьдрал эгэл жирийн хийгээд амар амгалангийн ертөнц гэмээр тийм л орчин юм байна. Манай онжавуудын олонх нь Дорнодынх. Надтай манаанд цуг явдаг н.Анхбаяр гэдэг онжав маань бүр Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ойгоор “ОНЦ ХИЛЧИН” болж, зурагтаар ярилцлага өгсөн шүү. Онжавыгаа зурагтаар хараад маш их бахархсан. Надад ч гэсэн тийм боломж гарвал халагдахынхаа өмнө дэлгэц дүүрэн эх орны хүү ярилцлага өгөх сөн гэж мөрөөдөж байна. Хөгжилтэй ч гэх юм уу манаанд яваад байхад л ерөөс борлодоггүй байлдагч н.Бямбадорж, бөхөөр биднийг хашраадаг байлдагч С.Ганзоригоос эхлээд нөхөрлөлийн гагнаас болсон олон онжавууд бий. Сониноос нээрээ би цэрэгт явах гээд өөрөө хорооныхоо эгчээс гуйсаар ирсэн хүн шүү дээ. Цэрэгт явах гэсэн чинь 18 нас хүрэхэд хоёр хоног дутуу байгаад байдаг. Хорооныхоо эгчээс, цэргийн ах нараас гуйсаар байгаад явсан, анги руугаа явах замд төрсөн өдөр маань ч болсон. Онжавууд замдаа уухаар авсан ундаагаа, чихрээ тал талаас өгөөд л. Гоё байсан.
- ЦЭРГИЙН АЛБАНД ИРСНИЙ ДАРААХ МЭДРЭМЖ?
- “Дүрмээрээ байгаа цэрэг жаргалтай” гэж үг бий. Цэргийн алба өөрөө тогтсон дүрмээр зохицуулагддаг онцгой газар. Энэ бол цэцэрлэг биш, бас хэвлэлээр бичигдсэнчлэн шорон ч биш. Дүрэм журамт захирагдаад өдөр тутмын үйл ажиллагаа нэг командад ороод ирэхэд түүнд дасах цаг хугацаа хэрэгтэй юм билээ. Манай ангийн захирагч хурандаа Б.Гантөгс “Та бүхнийг ойлгож байна. Цэргийн албаны онцлог нь өөрөө энэ шүү. Аливаа бэрхшээл бүхэн түрхэн цаг зуурынх. Түр зуурын асуудлыг үүрдийн мэт бодож өөрийгөө хямрааж, өрөөл бусдадаа ч хүндрэл учруулаад байвал та нарын цаашдын амьдралд хүнд” гэсэн нь их юм бодогдуулсан. Одоо бол ирснийхээ дараах үеийг бодохоор инээд хүрдэг, харин ч жагсаалын бэлтгэл, хилийн манаа, өдөр тутмын төлөвлөлт зохион байгуулалтаас амар амгаланг мэдэрч эхэлсэн байна.
- ЦААШДЫН МӨРӨӨДЛИЙГ ЧИНЬ СОНИРХОЖ БОЛОХ УУ?
- Жирийн л амьдралыг хүсэж байна. Карьер хөөж, мөнгө хөөж, тансаг амьдралыг хөөж өөрийгөө зовоомооргүй байна. Эр цэргийн албаа хааж, дараа нь их сургуулиа төгсчхөөд сайхан айл өрх болоод илүү ч үгүй, дутуу ч үгүй зүгээр л сайхан амьдарна гэж төсөөлж боддог. Энэ хорвоод энэ цаг үед эгэл жирийн амьдрах нь хамгийн сайхан аз жаргал юм байна гэдгийг мэдрээд байгаа. Мэдээж эх орноо илүү хөгжүүлэх, түүний төлөө хичээх олон залуус гарч ирэх ёстой. Миний хувьд эгэл жирийн тайван амьдралыг л эрхэмлэдэг гэх үү дээ” гэсээр эрхэм ахлах байлдагчтай хийсэн бидний ярилцлага өндөрлөв. Цовоо сэргэлэн дуугаар утасны цаанаас төгсгөлд нь "Монгол Улсын төлөө зүтгэе" гэсэн нь үнэхээр бахархам байв. Эрхэм ахлах байлдагчтай гар утсаар холбогдоход “зуучилсан” заставын дарга залуухан дэслэгч Ч.Батбаяр эр цэргээс нь ярилцлага авсанд талархал дэвшүүлж, цэргийн дүрмийн харилцаанаас гадна ахан дүүсийн энэрэнгүй зарчим манай заставт байдаг хэмээн онцолж байв. Тэрээр 2021 онд ОХУ-ын Хилийн сургуулийг дүүргэж, түүнээс хойш заставуудаар гэр хийж, торгон хилээ тойрсоор яваа офицер ажээ.
Эх сурвалж: