Дэлхийн аварга шог зураач Л.Мөнхтөртэй ярилцлаа. Тэрбээр өдгөө АНУ-ын Лос-Анжелес хотод ажиллаж, амьдардаг. Өнгөрсөн сард Л.Мөнхтөр олон улсын 250 гаруй уран бүтээлчтэй өрсөлдөж, дэлхийн хамгийн хурдан зурдаг шог зураачаар шалгарсан билээ.
-Дэлхийн аварга болж, шагнал гардах баярт мөчид ямар бодол төрж байв?
-Сүүлчээс нь буюу гурав, хоёрдугаар байрыг зарлахад миний нэр гарахгүй болохоор нь “Би ч мултарчээ” л гэж бодсон. Тэгсэн чинь “Хурдан зурах уралдааны тэргүүн байрт Лувсанжамбаагийн Мөнхтөр шалгарлаа” гэхийг сонсоод, чих шуугиад л явчихсан. Хүмүүс орилолдож, шүгэлдээд л, тайз руу алхах зуур найзууд гар барьж, зарим нь тэвэрч авч өргөөд л. Тухайн мөчид юу болоод байгааг ойлгох сөхөөгүй тайзан дээр гарсан. Тэгээд ангилал бүрээс нэгдүгээр байрт шалгарсан хүмүүс үг хэлдэг уламжлалын дагуу баярласнаа илэрхийлсэн юм. “Simba! You’re my son and the one true king! Remember who you are” буюу “Симба, чи миний хүү, бас цорын ганц, жинхэнэ хаан шүү. Хэн гэдгээ санаж яваарай” гэж өөрийн дуртай “Хаан арслан” киноны дүр Муфасагийн үгийг хэлж, нөхдөө хөгжөөсөн. Танхим дүүрэн инээд хөөр. Тэгээд нөгөө хоёртойгоо хамт улаан хивсэн дээр дурсгалын зураг татууллаа. Юуны түрүүнд Монгол эх орноо, тэнгэрт байгаа аав, ээжээ, нутагтаа байгаа ах, дүүсээ их санасан. Сэтгэл үнэхээр их хөдөлсөн, сайхан ч байв.
-Уран бүтээлчид, тэр дундаа зураачдыг хөглөдөг мэдрэмж, дотоод ертөнц бусад хүнийхээс өвөрмөц байдаг уу. Ялангуяа шог зураачийн хувьд дотоод ертөнц нь ямар байдаг бол гэж бодлоо.
-Наадмаар тэрний морь өнгөтэй, тэр бөх одтой байна гэж манайхан ярьдаг нь оргүй ч биш юм билээ. Нэг тиймэрхүү зүйл мэдрэгдсэн шүү. Ер нь цээжинд гарна гэдэгтээ итгэлтэй байсан. Би өмнө нь хэд хэд уралдаанд оролцохдоо арга ухаанаа олохгүй хэт адгаад, хурдан боловч чанаргүй зураад байсан юм билээ. Харин энэ удаад юун дээр анхаарахаа тооцож, байр эзлэхгүй байсан ч хамаагүй, санаандаа хүртэл хийчихье л гэж бодсон. Тиймээс түрүүлэх сэн гэж өөрийгөө зовоолгүй, маш тайван, өөртөө итгэлтэй оролцсон нь санаснаар ч боллоо. Уралдааны дүнг шагнал гардуулах ёслол дээр л танилцуулдаг, тэр болтол нууцалдаг журамтай юм. Харин эхний даваанд тэнцсэн зураачдын нэрсийн хажууд “Speedster” гэсэн тэмдэг наасан байсан. Тэгж л аваргуудтай тунаж үлдсэнээ ёслолоос гурав хоногийн өмнө мэдэж байв.
-Эл наадмыг хэрхэн зохион байгуулдаг вэ?
-ISCA буюу Олон улсын шог зураачдын нийгэмлэгийг 1989 онд Валлас Роүз гэдэг шог зураач мэргэжил нэгтнүүдээ холбон, ажлын боломж, мэдээллээр хангах зорилгоор, уран бүтээлчдийн нэгдэл хэлбэрээр анх үүсгэн байгуулсан. Яваандаа гишүүд нь олшрохын хэрээр ашгийн бус олон нийтийн байгууллага болон өргөжиж, 1995 онд NCN буюу Үндэсний шог зураачдын сүлжээ нэрээ олон улсын гэсэн тодотголтой болгож өөрчилсөн юм билээ. Одоо дэлхийн улс бүрийн 1500 гаруй зураачийг эгнээндээ нэгтгэсэн, хошин хөргөөр дагнасан мэргэжлийн томоохон байгууллага болж өргөжөөд байна. Улирал тутмын “Exaggrated features” буюу “Хэтрүүлэгтэй донж” сэтгүүл хэвлүүлдэг. Жилд нэг удаа болдог чуулганы таван өдөр зөвхөн хоорондоо өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах гэж ирдэггүй. Алдартай уран бүтээлчид арга туршлагаасаа хуваалцахаас гадна бие биеэсээ суралцах, сонин сайхныг хөөрөлдөх гэж ирдэг. Нөхөрсөг, сайхан уур амьсгалд хэдэн өдөр умбаж, хамтдаа инээж хөөрч, дуулж хуурдаж, цагийг сайхан өнгөрүүлээд, бүтэн жил түүгээрээ хөглөгдөж, дараагийн чуулганаа тэсэн ядан хүлээдэг. Маш өгөөжтэй наадам гэж боддог. Манайхаар бол наадам юм даа.
-Та цахим сүлжээнд “Аваргыг давж аварга болдог гэж үнэн болохыг өөрийн нүдээр үзлээ” гэсэн сэтгэгдэл оруулсныг харлаа.
-Юм бүхэн цаг, хугацаатай, тэмцээн болгон онцлогтой. Ер нь аваргуудаас эхлээд чуулганд ирсэн 250 гаруй зураач бүгд хурдан зурах тэмцээнд оролцсон тул олон зүйл бодсонгүй, тулаад, сайхан “барилдчихъя” гэсэн юм.
-Хурдан зурах тэмцээний гурван удаагийн аварга, АНУ-ын зураач Стив Дористой та ойр дотно нөхөрлөдөг үү. Түүний бүтээлийн онцлогийг хэрхэн тодорхойлох вэ?
-Бид биеэ мэднэ, гэхдээ тийм ч ойр дотно биш. Ер нь би алдартай, алдаргүй гэлтгүй, бүгдтэй нь адилхан харилцдаг. Тэрбээр өөрийнхөө чадлыг мэддэг, түүндээ итгэлтэй хүн учраас аргагүй бардам байдаг. Уран бүтээлч хүний хурц араншинтай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй нөхөр дөө. Бүтээлийн тухайд өдөр тутмын шогоор дагнасан, сайн ч зураач.
-Танд баяр хүргээд хэлсэн түүний “Амжилтын бамбарыг чамд дамжууллаа шүү” гэж хэлсэн урмын үг аливаа зүйлд ээлж бий, алдрыг хүртэх сайхан ч аваргаа хамгаалж явах амаргүй, олон жил батлан харуулаарай гэх үүрэг, хариуцлагыг мэдрүүлсэн шиг санагдсан. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Тийм, бас үгүй. “Ялах, ялагдах гэдэг нэгэн цагийн тохиол” гэж “Мандухай сэцэн хатан” кинонд Исмэл сайд хэлдэг дээ. Тэр их үнэн үг. Манайхан бөх хүн бүдүүн өвсөнд ч гэдэг. Гэхдээ би дараа жил заавал түрүүлж, аваргаа батлах ёстой гэж чичрээд, өөрийгөө зовоохгүй, найзуудтайгаа хөгжилдөж, дуртай зүйлээ жаргалтай хийгээд л үр дүнгээ үзнэ. Заавал түрүүлэх албагүй, бас өргүй.
-Монголын шог зураачийн бүтээл Олон улсын шог зураачдын нийгэмлэгийн 32 дахь удаагийн чуулганаар Калифорни мужийн Лос-Анжелес хотод цугласан олныг алмайруулсныг сонсоод танаар бахархсан. Таны баримлын бүтээл “Гайхалтай гурван хэмжээст хэв маяг” ангилалд дэд байр эзэлсэн гэл үү?
-Дэд байр эзэлсэн минь 2014 онд Охайо мужийн Сандаски хотод болсон уралдаан юм. Сая Лос-Анжелест энэ төрөлдөө гуравдугаар байр эзэллээ. Сайхан байна. Баримал бол миний үндсэн мэргэжил болохоор маш “амттай” бүтээл хийсэн.
-Дэлхийн аваргын үеэр 12 хөрөг зураг 30 минутад багтаж зурах хугацаа таны ур чадварыг олон талаар сорьсон бас нэг томоохон шалгуур байв уу?
-Тийм ээ. Яагаад хурдан зурах тэмцээн болдог вэ гэдэг талаас нь хариулъя. Нөхөрсөг шог зураг Америкийн нийгмийн салшгүй хэсэг болчихсон, “MAD magazine”, “Newsweek”, “New York times”, “Golf” зэрэг томоохон сэтгүүл Toм Ричмонд, Жэйсон Сэйлер зэрэг сүүлийн үеийн томоохон мастерын бүтээлээр хавтсаа чимэглэдэг. Америкчууд аливаа тэмдэглэлт баяраараа шог зураач урин, зочдоо хөгжөөдөг нь бүр уламжлал болчихсон. Тиймээс уран бүтээлийг ч, өдөр тутмын шог зургийг ч аль алиныг нь эн тэнцүүхэн хөгжүүлэхэд анхаардаг. Энэ зорилгоор, чуулганы үеэр адилхан зурах, хурдан зурах тэмцээнүүдийг зохион явуулдаг юм. Зураачид ч авьяас, ур чадвар, хурд хүчээ сорихоор идэвхтэй оролцдог.
-Таныхаар нүд баясгаж, сэтгэл сэргээсэн гэж ямар бүтээлийг хэлэх вэ. Тийм бүтээлтэй зураачдын бахархмаар онцгой зүйл нь мэдрэмж, эсвэл дотоод сэтгэлийн алинд нь байдаг бол?
-Тийм бүтээлийн амин сүнс нь анхдагч, бүтээлч санаанд нь байна. Төрөлхийн авьяас, мэдрэмжээс гадна бусдын хараагүйг харах билгийн нүд, сэтгээгүйг сэтгэх ухаан, туршаагүйг турших эр зориг, бодсоноо яв цав гүйцээх мэргэжлийн уран чадварт нь байна. Би шууд нэр заагаад хэлье. Данийн алдарт зураач Херлуф Бидструт, Бельгийн Жан Оп де Бек, Японы зураач Юта Хонма, Томокацү Табата, Хятадын Ши Дин, Америкийн сүүлийн үеийн мастеруудаас Жэйсон Сэйлер, Жо Блюм, Том Ричмонд, Том Жонс гээд дурдаад байвал 300-400 найз бий. Сайн зураач зөндөө.
-АНУ-д та цөөнгүй жил амьдарчээ. Тэнд анх хөл тавиад төрсөн бодлоосоо уран бүтээлийнхээ ямар санааг олж байв?
-Анх юм бүхэн гайхалтай, цочир сонин байсан. Яваандаа амьдраад, гүнд нь ороод ирэхээр мөн чанар нь тодроод ирсэн. Эндээс 10 гаруй жил түүсэн бодлоо эмхэтгэн “Тэрс өнцөг”, “Дэлхий нэвт” хос номоо хэвлүүлж байлаа. Авалтгүй өчнөөн юм бийн адилаар, авууштай сайн нь ч төчнөөн их бий. Тэр бүхнээр би “Америкаас бид чухам юуг нь авч болох вэ” гэсэн цуврал бичээд удаж байна. Эцэслээд, ном болгох санаатай. Хэчнээн мууллаа гээд Америк бол хүмүүст гарааны ижил боломж олгодгоороо гайхалтай орон. Бүх юм нь нарийн стандартчилагдсан, эмх цэгцтэй, хууль, журам нь тодорхой.
Монголд босс байсан уу, мисс байсан уу энд нэг их хамаагүй. Бүгдээрээ англи хэл сурч, жолооч болсноор жинхэнэ америк маягийн амьдралд хөл тавьдаг. Түүнээс цааш зөвхөн тухайн хүний авхаалж л мэдэх хэрэг.
-Лос-Анжелест амьдардаг монголчууд шог зураачдын үзэсгэлэнг сонирхож үзсэн болов уу. Тэдний баяр хүргэсэн урмаас сэтгэлд тань үлдсэн ямар үг байв?
-Уг нь бид бүгдийн зурсан бүх бүтээлийг нийтэд 20 доллароор үзүүлсэн юм. Энэ тухай би зар тавьж, монголчуудаа урьсан, уриалсан. Харамсалтай нь, нэг ч хүн ирж үзээгүй. Энэ сайхан боломжийг ашигласангүй. Нэг талаар тэднийг буруутгах аргагүй л дээ. Сонирхол нь өөр бол яалтай билээ.
-Таны амралтын нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?
-Өглөө далай руу очиж зурснаар эхэлдэг. Завгүй өдөр бол толгой өөд татахгүй зурсаар, шөнө дүл хүртэл ажиллана. Сэлүүхэн байвал далайн давлагаа, цахлайн дуу сонсонгоо ном уншдаг. Уншсанаа бясалгаж суухад сайхан газар даа.
-Манай улсад шог зураач харьцангуй цөөн юм шиг санагддаг. Монголд амьдарч, ажиллахад боломж ямар байдаг вэ. Залуучууд, дүү нартаа хандаж юу хэлэх вэ?
-Санасныг бодоход цөөнгүй зураач байдаг юм билээ. Лав 20-30 хүн байх шиг байна. Би яг нарийн тоо мэдэхгүй нь. Залуус гэлтгүй ер нь энэ чиглэлээр зурдаг хүмүүст хандаж хэлэхэд өөрийгөө хэзээ ч голж болохгүй. Би залуу, эсвэл хөгшин, ертөнцийн мухарт байгаа намайг хэн тоох вэ гэх мэтээр өөрийгөө дорд үзсэн, гутранги сэтгэхүйтэй байж болохгүй. Амжилт хэзээ ч ирж болно. Угтаа амжилт гэдэг ямар нэг уралдаан тэмцээнд байр эзлэх тухай ойлголт биш, сонирхдог зүйлдээ зүрх сэтгэлээ өгч, тууштай байж, бусдаас суралцан, байнга ур чадвараа сайжруулж, шинэ арга барил турших, тэр хэрээр хөгжих, тэгээд санаснаа хийж амжуулахын нэр. Түүнээс гадна манайхны нийтлэг дутагдал бол бусадтай нээлттэй биш.
Жаахан нэр алдар, зэрэг цолд хүрчихээрээ түүгээрээ “хуяглачхаад” ихэрхээд байдаг нь ажиглагддаг. Гэтэл дэлхий ертөнц улам нээлттэй, энгийн, юуг ч хэзээ ч сурч, бүтээж, хаа ч хүрэх боломжтой үед бид амьдарч байна. Тийм байхад хэдхэн монгол нэгэндээ ихэрхэж томорхоод, эсвэл нэрэлхэж, дөлөөд хаа холдох вэ. Монголоосоо баг бүрдүүлээд, дараа дараагийн чуулганд оролцмоор байна. Миний нэг мөрөөдөл бол монгол зураач Олон улсын шог зураачдын нийгэмлэгийн дээд шагнал алт, мөнгө, хүрэл хамар цом авахыг харах. Үүний төлөө манай шог зураачдын холбоо санаачилгатай ажиллаасай. Тэднийг Засгийн газар, Соёлын сайд уухайлан дэмжээсэй гэж хүсэж байна.