Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-д анхаарал хандуулах өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн ахлах мэргэжилтэн Б.Гансүхтэй цөөн хором ярилцлаа.
-Улсын хэмжээнд эрт илрүүлэг зохион байгуулж байна. Энэ нь ДОХ-ыг илрүүлэхэд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Монгол Улсад 367 хүн ХДХВ-ийн халдвар авсныг одоогоор илрүүлээд байгаа. Эрт илрүүлгийг эхлүүлснээс хойш одоогоор ХДХВ-ийн халдварын дөрвөн тохиолдол илрүүлсэн.
-ДОХ-той тэмцэх өдрийн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөв?
-ЭМЯ болон холбогдох бусад байгууллага хамтран “Олон нийтийн манлайллыг дэмжье” уриатай арга хэмжээг Дорнод аймагт төвлөрүүлэн зохион байгуулж байна. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, ХДХВ, бэлгийн замаар дамжих халдваруудаас сэргийлэх, тархалтыг зогсоох, илрүүлэг шинжилгээг нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн санаачилгаар “Харамсахгүйн төлөө хамтдаа” аяныг ирэх оны хоёрдугаар сар хүртэл зохион байгуулна.
-ДОХ, сүрьеэгийн төслийг манайд багагүй хугацаанд хэрэгжүүллээ. Одоогоор ямар үр дүнд хүрсэн бол?
-20 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа төслийн үндсэн зорилго нь Монгол Улс дахь ХДХВ болон сүрьеэ өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний шинэлэг аргыг нэвтрүүлэх, өвчлөгсдөд ээлтэй, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх юм. Үүний тулд эм, тоног төхөөрөмжөөр хангах, эрүүл мэндийн салбарын тогтолцоог бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Улсын хэмжээнд ХДХВ, ДОХ-той тэмцэх, сэргийлэх, хариу арга хэмжээнд зарцуулж буй нийт төсвийн 47 хувийг манай төслөөс санхүүжүүлдэг. Монгол Улсад бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын нийт тохиолдлын 30 гаруй хувийг төслийн үйл ажиллагааны хүрээнд илрүүлсэн байдаг. Жил бүр ХДХВ-ийн халдварын эрсдэлт бүлгийн 4500 орчим хүнийг ХДХВ, бэлгийн замаар дамжих халдваруудаас урьдчилан сэргийлэх хөтөлбөр, илрүүлэх шинжилгээ, үйлчилгээнд хамруулж байна.
-Төслийн хүрээнд ойрын хугацаанд ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?
-2024-2026 онд хэрэгжүүлэх ДОХ, сүрьеэгийн шинэ төслийг хамтрагч талуудын оролцоотойгоор боловсруулж, “Глобаль” сангаар батлуулсан. Ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төслийн үндсэн зорилго нь бүртгэгдээгүй халдварыг илрүүлэхэд чиглэсэн. Ингэхдээ ХДХВ-нд өртөх эрсдэлт бүлгийн хүн амд хүрч ажиллах, тэднийг халдвараас сэргийлэх, оношилгоо, эмчилгээнд хамруулах, шаардлагатай эм, оношлуур, тоног төхөөрөмжөөр хангана.
-ДОХ-той нь батлагдсан нэг иргэний цаана халдвар авснаа мэдээгүй, оношлуулаагүй 4-5 хүн бий гэх таамаглал байдаг. Манайд нөхцөл байдал ямар байна вэ?
-НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргадаг аргачлалын дагуу ХДХВ-ийн халдварын тархалтын тооцооллыг манай улс жил бүр хийдэг. Энэхүү тооцооллоор 645 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай байна. Өөрөөр хэлбэл, бид ХДХВ-ийн халдвартай байж болох нийт хүний 47 хувийг л илрүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулаад байна гэсэн үг.
Бэлтгэсэн: А.Үүлэн