“Аврагч” биеийн тамир, техник спортын хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн хүүхдийн их наадам, Азийн АШТ-ий тус бүр хүрэл медальт, ОУХМ О.Есүгэн 13 настайдаа боксын спорттой нөхөрлөж, Сэлэнгэ аймгаас амжилтынхаа гараагаа эхлүүлж байв. Өмнөд хөршид зохион байгуулсан 19 дэх удаагийн Азийн наадамд өрсөлдсөн Монголын боксчдоос шагналын тавцанд зогссон хоёр тамирчны нэг нь тэр билээ. Элэг нэгтнүүдээ баярлуулж, тивийн наадамданх удаа “тоос өргөж”, эх орондоо хүрэл медаль авчирсан бахархам амжилт түүнд бий. Ханжоугийн дэвжээнд цойлж, Парисыг зорих эрх гардан шилдгүүдийн эгнээнд жагссан тэрбээр Монголын боксын спортод бас нэгэн шинэ хуудас нээсэн юм.Түүнтэй ярилцлаа.
-“Ханжоу-2022” Азийн наадмаас ирснийхээ дараахан та багийнхантайгаа ХБНГУ-ыг зорьсон. Гадаадад бэлтгэл хийхийн давуу талыг олон зүйлээс мэдэрсэн байх. Тамирчдынх нь зан чанар, хандлага танд ямар бодол төрүүлэв?
-Азийн наадам өндөрлөсний дараа багийнхантайгаа ХБНГУ-ын Кёльн хотод зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын тэмцээн үзэж, жингийнхээ болон бусад орны тамирчдыг судлан, бэлтгэл хийх зорилготой ирсэн. Ази, Европынхон олон зүйл дээр зөрүүтэй санагддаг. Энд байх хугацаанд хүмүүсийнх нь хандлага, харилцаа их таалагдаж байгаа. Одоогоор өөрийн хэмжээнд мэдсэн, судалсан зүйлээ тэмдэглэн бичиж байна.
-2022-2023 он таныг сорьсон, бас урам зориг өгсөн жил байлаа. Японы Токиод зохион байгуулсан WBO холбооны Ази, Номхон далайн орны бүсийн АШТ-д Акане Фүживараг ялж, аваргын бүстэй ирсэн. Эзэн орны тамирчныг нутагт нь илүүрхсэн нь бас нэг зорилго тань байв уу?
-Тэрбээр надтай тулалдахаасаа өмнө хэдэн тулаанд оролцсон тул багагүй туршлагатай. Түүнийг ялж, рингэнд аваргын бүсээ зүүгээд улсынхаа далбааг нөмөрч зогсох тэр агшин хамгийн сайхан байлаа. Спортынхны дунд эзэн орны тамирчинтай таарчихлаа гэж өөртөө дарамт үүсгэх, эсвэл бүр ачаа үүрэх хандлага түгээмэл бий. Миний хувьд өрсөлдөгч эзэн орных гэдэг нь, бас үзэгчид хөгжөөн дэмжигчдийн давуу тал үүсгэх, эсэх нь надад огт хамаагүй. Зөвхөн өөрийхөө хийх ёстой зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг.
-Монголчууд өнгөрсөн хавар Энэтхэгт болсон ДАШТ-д тамирчдынхаа тоглохыг харж, огшсон. Тэр үед Шинэ Делигийн дэвжээ танд олон зүйлийг ухааруулж, Ханжоуд ялалт байгуулах эрч хүчээр хурцалсан санагддаг.
-Тамирчин хүн хожигдож болно. Би сүүлийн хоёр жил ДАШТ-д өрсөлдөхдөө медалиас атгаад алдсан. Ялагдал бүрийн дараа, рингэнд дахин гарах сэтгэл зүй чухал байдаг. ДАШТ өндөрлөснөөс хойш “Би болоогүй байна. Өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөх хэрэгтэй” гэсэн бодол төрсөн. Тэр үед дахиад жаахан хичээвэл зорилгодоо ойрхон ирсэн мэт мэдрэмж төрж билээ.
-Ялагдал болгон муу байдаггүй, амжилтад хүрэх том хөшүүрэг болдгийг та Азийн наадамд харуулсан. Хүрэл медалиас атгаж, Парисыг зорих эрх өвөртөлчихөөд шагналын тавцанд зогсож байхад юу их бодогдов?
-Сэтгэл зүйч Б.Золзаяа эгч “Чи алдаа гаргаж байгаагүй. Тэдгээр нь чиний хамгийн сайн туршлага байсан” гэж хэлдэг. Уг нь Төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа хараад зогссон бол гэх харуусал төрсөн. Гэхдээ тийм сайхан үе ирнэ гэж найдаж байна.
-Өмнө нь тив, дэлхийн тэмцээнд тоглосон тамирчидтай энэ удаа таарав уу. Тэднээс хэнтэй нь гал гарсан тулаан өрнүүлсэн бэ?
-Боксын спортод хамгийн хүчтэй өрсөлдөгч Азид байдаг. Тэдний олонх нь олимп, тив, дэлхийн медальтай. Парисын олимпын эрх авах тоглолтод дэлхийн хошой аварга, Казахстаны тамирчин Назим Кизайбайтай ширүүхэн тулаан өрнүүлсэн.
-Та Филиппиний Айра Виллегасыг 3:1, Бангладешийн Зиннат Фердоусыг 5:0-ээр буулган авч, шигшээ наймд шалгарсан. Тэднийг ялахыг тулд багштайгаа зөвлөлдөж, ямар тактик боловсруулав?
-Миний хувьд ямар ч тэмцээнд өөрийнхөө хийх ёстой зүйлийг амжилттай гүйцэтгэхийг зорьдог юм. Дэвжээнд гарахаасаа өмнө сэтгэл зүйгээрээ өрсөлдөгчөө ялчихаад гардаг. Энэ удаа ч гэсэн учраа таарсан өрсөлдөгчдөө тулааныхаа хэмнэлд оруулан удирдаж, ажиллах тактик боловсруулсан даа.
-Хүрэл медалийн төлөөх тулаан сонирхолтой болсон. Назим Кизайбай тулааныг үргэлжлүүлэх, эсэхийг шийдэх чанга ч учраа байлаа. Түүнийг ялна гэж үзэгчид төсөөлөө ч үгүй байх.
-Их эгзэгтэй тулаан болсон. Би нэгдүгээр үеийн тоглолтод түүнд 5:0-ээр хожигдсон юм. Тийм үед сэтгэл зүй чухал болохыг ойлгосон. Эхний үед хожигдсон ч дараагийнхад нь ялалтыг өөрийн талд эргүүлэхийг тамирчин хүний хамгийн сайн сэтгэл зүй, ур чадвар гэж боддог.
-Медалийн өнгө хувиргах тулаанд БНХАУ-ын Юү Вудтай таарсан. Түүнтэй дахин таарвал ялах төлөвлөгөөг одооноос боловсруулж байгаа юу?
-Тоглолт дуусаад л түүнийг ялах тухай шууд бодсон. Орой нь тоглолтын бичлэгээ үзээд ямар алдаа гаргав, хойшид юуг сайжруулах хэрэгтэй вэ гэж их бодсон шүү.
-50 кг-ын жинд хэдэн жил тоглож, ямар амжилтууд гаргав?
-Миний оролцсон тэмцээн бүр надад нэг зүйлийг заавал ухааруулсан байдаг юм. Насанд хүрэгчдийн ангилалд 57, 54, 52, өсвөр үе, залуучуудынхад 46, 48, 50, 52, 54, 57, 60 кг-ын жинд тоглодог байв. Азийн наадамд анх удаа 50 кг-д өрсөлдлөө. Миний дурсах дуртай тэмцээн бол өсвөр үеийнхний УАШТ. Өөрийгөө зоригжуулан, санасандаа хүрэх мэдрэмжийг авсан болохоор анх хүртсэн алтан медальдаа хайртай.
-Таны спортод хөл тавьсан түүхээр аялъя. Охиноо бокстой нөхөрлөснийг гэрийнхэн тань мэдээд хэрхэн хүлээж авсан бол?
-Маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Зөвхөн гэр бүл ч биш, хамаатан садан, найз нөхдийн хүрээлэл боксоор хичээллэхийг таатай хүлээж аваагүй. Тэд “Охин хүүхэд байж тулааны спорт яагаад сонгож байгаа юм бэ. Нүүр, нүд, толгой руугаа цохиулна шүү дээ” гэдэг байв.
-Спортын талбарт амжилт гаргасан охиноо аав, ээж нь дэмжиж, урам хайрладаг болсон байлгүй дээ.
-Манайхан надад их итгэдэг. Амьдралын минь бүх сонголтыг миний гарт атгуулсан гэж ойлгож болно. Намайг бокстой нөхөрлөхөд эхэндээ “Чи тэмцээндээ яв. Чамайг зодсон охинд аав, ээж нь баяр хүргэж, цэцэг өгнө дөө” гээд дургүйцсэн ч хувцсыг минь бэлдэн өгч, үнсээд явуулж байлаа. Одоо тэд минь намайг бүх талаар дэмжиж, найз шиг ярилцан, нээлттэй байдаг болсон нь сайхан санагддаг.
-ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороогоор овоглосон, үндэсний шигшээ багийн босгоор алхсан анхны өдрийн талаар өгүүлбэл сонирхолтой дурсамж хөврөх байх даа.
-Монголын боксын үндэсний шигшээ багт орохыг маш их хүсэж билээ. 2020 онд УАШТ-д 57 кг-ын жинд финалд шалгарснаар шигшээ багт анх хөл тавьсан түүхтэй.
-Тамирчны амьдралаар замнах амаргүй. Хатуужил, тэвчээр, сэтгэлийн хат шаардсан тийм үед өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
-Спортын талбар өрсөлдөөн, тэмцэл ихтэй. Бодож, төсөөлж байснаас ч хэцүү саад, бэрхшээлтэй нүүр тулах энүүхэнд тул ямар ч тамирчин шантарна. Хамгийн гол нь тууштай байж чадсан нь үлдэж, амжилтад хүрдэг. Надад ч гэсэн шантрах өдөр бишгүй гарсан. Заримдаа өөрийгөө ингэж зовоох хэрэг байна уу гэж бодох үе ч бий. Би сэтгэл тавгүй үедээ бодлоо цэгцлэх дуртай. Тэмцээнээс тэмцээний хооронд сайжирч, өөрийнхөө алдаа дутагдлыг олж хардаг. Миний хувьд олимпын наадамд оролцох итгэл, найдвараа хоосон биш гэдгийг батлахыг хүссэн. Тиймээс өнөөг хүртэл зорилгодоо тууштай, тэмүүлэлдээ үнэнч явж ирлээ.
-Таны хувьд Парисын олимп хамгийн чухал тэмцээн. Зорьсноо биелүүлэх томоохон боломж. Өдөр, хоногоор ойртох тусам үүрэг, хариуцлагатай оролцохыг сануулж байгаа биз?
-Олимпын наадамд өрсөлдөх нь тамирчин хүн бүрийн хүсэл, мөрөөдөл шүү дээ. Миний хувьд тэр зорилгоо өвөртөлчихсөн. Гэхдээ өөртөө олимпоос заавал медаль авна шүү гэж дарамт үүсгэхгүй. Зүгээр л өмнөхөөсөө илүү сайжирч, мөрөөдлийнхөө нэгийг ч гэсэн биелүүлэхийг хүсэж байна.
-Шавийн амжилт багшаас гэдэг үг бий. Тамирчин болохоор ирэхэд тань угтан авч, өдий зэрэгт хүргэсэн ачтан хэн бэ?
-Надад олон багш бий. Намайг боксын спортод анх хөтөлсөн хүн бол манай сумд тухайн үед хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан О.Болдбаатар ах. Анхны багш минь Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” боксын клубийн дасгалжуулагч Г.Ганхуяг. Одоо шигшээ багийн дасгалжуулагч багш нарынхаа удирдлагад хичээллэж, бэлтгэл хийдэг.
-Монголд жингийн тань тамирчдаас хэн хүчтэй өрсөлдөгч вэ, мөн тив, дэлхийн дэвжээнд ямар орны боксчин сэтгэлд тань мартагдахааргүй дурсамж үлдээв?
-Одоогоор би 50 кг-ын жинд өмнөд хөршийн боксчинд ялагдсан. Тэрбээр миний хувьд хүчтэй өрсөлдөгч. Энэ жилийн ДАШТ, Азийн наадамд 50 кг-ын жинд түрүүлсэн. Монголд миний жинд Б.Мөнгөнсаран, Л.Алтанцэцэг эгч маш хүчтэй өрсөлддөг.
-Монголын спортын талбарт О.Есүгэн нэртэй хоёр тамирчин бий. Нэг нь буудлагынх. Та хоёр Парисыг зорих эрх дараалж гардлаа.
-Ханжоугаас ирсний дараахан Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзсан юм. Тэр үеэр үүдэнд нэрээ бичүүлээд зогсож байтал буудлагын тамирчин О.Есүгэн орж ирээд нэрээ хэллээ. Тэгтэл нэр бичиж байсан хүн ихэд гайхаж, будилсан. Нэр нэгтнээ буудлагын спортод амжилт гаргаж байгаад баярладаг.