Театрууд үүдээ нээж, үзэгчдээ хүлээж авах цаг ойртож байна. ДБЭТ уран бүтээлийн 61 дэх улирлаа Ж.Бизегийн “Кармен” дууриар энэ сарын 29-нд нээнэ. Шинэ улирлын хөтөлбөрийн эхэн хэсэгт буюу ирэх сард Б.Шаравын “Чингис хаан” дуурийг үзэгчдэд хүргэх аж. Уг дуурийн Жамухын дүрд дуурийн дуулаачдын олон улсын уралдаануудын шагналт Н.Чулуунхүү тоглож магад аж. Дүрүүдэд тоглохоор бэлтгэж буй теноруудаас шалгаруулж шийдэх тул магадгүй гэж буй юм. Тус театрын найрал дуучдын дунд гоцлоочдын хэмжээний ур чадвартай залуус байдгийн нэг нь тенор Н.Чулуунхүү. Олон улсын тайзнаа хэдэнтээ эх орныхоо нэрийг“цоллуулсан” түүнийг уншигчдадаа танилцуулъя.
-Та олон улсын нэлээд хэдэн уралдаанд амжилт гаргасан. Хамгийн өндрөөр нь алийг нэрлэх вэ?
-Жингийн туухай дээр тавьж байгаа юм шиг хэмжиж болохгүй болов уу. Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын XII уралдаанд гран при шагнал хүртсэндээ баярладаг. Е.Образцовагийн нэрэмжит уралдаан чансаа өндөртэй. Тэндээс Санкт-Петербургт уран бүтээлийн бие даасан тоглолт хийх урилгаар шагнасан нь залуу хүнд хамгийн гоё бэлэг, боломж байв.
-Тэнд тоглолтоо хэзээ хийх вэ?
-Бодож л байна. Төгөлдөр хуурч багш нартайгаа ярилцаж байгаа.
-Та хэзээ театрынхаа дуучин болсон бэ?
-2017 оноос хойш ажиллаж байна. Дэлхийн болон Монголынхоо сонгодог дууриудад гол, туслах дүрүүд бүтээж ирлээ. Ж.Пуччинийн “Богема” дуурийн Рудольф, С.Рахманиновын “Алеко” дуурийн залуу цыган, П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ы тариачдын ахлагч, В.А.Моцартын “Увдист лимбэ”-ийн нэгдүгээр сахиулд тоглож байлаа. МөнЛ.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн Хөхөө Намжил, Б.Шаравын “Чингис хаан”-ы Жамух, Д.Лувсаншаравын “Шивээ хиагт”-ын 50-тын дарга, Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж”-ийн Дун Ши зэрэг дүр бүтээсэн.
-Ийм олон дүр “амилуулсан” уран бүтээлчийг гоцлол дуучнаар ажиллуулмаар юм, тийм ээ?
-Орон тоо байхгүй гэж хэлсэн удаатай. Мэдээж гоцлол дуучин болохыг хүсдэг.
-СУИС төгссөн үү, мэргэжлийн багш нь хэн бэ?
-Тийм ээ. Дуулаачийн мэргэжлийн багш минь В.Бүрэнжаргал. Би Увс аймгийн Давст сумд төрсөн. Аймгийнхаа нэгдүгээр сургуулийг дүүргээд, СУИС-д элссэн юм. Хөдөөний, мэдэх зүйл багатай хүүхдийг дуучин болох замд хөтөлсөн багш нартаа баярладаг.
-Ойрын хугацаанд оролцох уралдаан бий юү?
-Ардын жүжигчин А.Энхтайваны нэрэмжит мэргэжлийн дуучдын олон улсын уралдаанд бэлтгэж байгаа. Мөн энэ жил Хөдөлмөрийн баатар Б.Шаравын нэрэмжит олон улсын уламжлалт уралдаантай. Үүнд бас оролцоно.
-Хөгжмийн зохиолчид шинэ бүтээлээ дуулуулах санал тавьдаг уу?
-Хоёр дуу хүлээж авсан. Аль аль таалагдаж байгаа. Сурах зав гарахгүй юм. Хоёр уралдаанд оролцсоны дараа цаг гаргана гэж бодож байна.