Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн (СЭМҮТ) дэд захирал, анагаах ухааны доктор Н.Алтанзултай иргэдийн сэтгэцийн эрүүл мэнд, стресс бухимдлын талаар ярилцлаа.
-“Салбар дундын тархи судлал-2023” олон улсын хурал болон тархи, сэтгэл судлалын долоо хоногийг манай улсад зохион байгууллаа. СЭМҮТ эл арга хэмжээнд хэрхэн оролцов. Ер нь тархи, сэтгэл судлалын шинжлэх ухаан, улмаар сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хэрхэн холбогддог юм бэ?
-СЭМҮТ-ийнхөн илтгэл тавин, хэлэлцүүлэгт оролцлоо. Мөн бид тархи, сэтгэл судлал, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр олон улсад танигдсан, эрдэмтэн багш нараас урьж ирүүлсэн юм. Тухайлбал, дэлхийн болон Европын сэтгэцийн эмгэг судлалын нийгэмлэгийн тэргүүн, эрдэмтэн Норман Сарториусыг урин, сэтгэцийн эмч нараа сургалтад хамрууллаа. Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, онош, шалтгаан нь тодорхойгүй өвчнийг эмчлэхэд тархи судлалын шинжлэх ухаан чухал үүрэгтэй. Тархины бүтэц, үйл ажиллагаа, сэтгэцийн өвчин эмгэг үүсэх шалтгааныг тархи судлалаар судалж, тогтоодог. Тархийг судалснаар эсийн түвшинд ямар урвал, хэрхэн явагдан, өвчин эмгэг үүсгэж буйг мэддэг учраас тархи судлалын шинжлэх ухааны олон улсын чиг хандлагыг ойлгох, нэвтрүүлэх, туршлага хуримтлуулахаар дээрх арга хэмжээнд оролцдог. Тархи судлал бол салбар дундын шинжлэх ухаан. Үүний ололт амжилт нь техник, технологийн хөгжил, сэтгэцийн болон бие физиологийн эрүүл мэнд, сэтгэл судлал зэрэг бүх салбарт хамааралтай.
-Манай улсын хүн амын цөөнгүй хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болсон гэх юм. Наад зах нь л жил ирэх бүр стрессийн шалтгаанаар эмчлүүлэх, эмнэлэгт хандах хүний тоо олширсон гэдэг нь хэр бодитой вэ?
-Хотжилт, шилжилт хөдөлгөөн нэмэгдэн, суурин амьдралын хэв маягийг сонгох иргэд олширч, замын түгжрэл, агаарын бохирдол ихэссэн. Мөн байгалийн гамшигт үзэгдэл, гэмт хэргийн давтамж нэмэгдэх зэргээс шалтгаалж стресстэх хүний тоо өссөн. Ажлын байр, гэртээ ч хүмүүс маш их уур бухимдалтай байгаа нь ажиглагдаж буй. Уур бухимдалтай, тайван бус амьдардаг хүмүүс гар утас, бусад хэрэгслээр дамжуулан олон нийтийн сүлжээнд зүй зохисгүй авирлах, мэдээлэлд ямар ч шүүлтүүргүй хандах, заримдаа буруу зүйлд турхираад суух нь түгээмэл боллоо. Мөн хөршүүдээ таньдаггүй, хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ чөлөөтэй харьцаж чадахгүй байх зэрэг нь стрессийг даван туулахад сөрөг нөлөөтэй. Ер нь стресс, нийгмийн уур бухимдал үүсэх шалтгаан, шинж чанарыг хэлээд дуусахгүй. Гэхдээ ийм бухимдал, стресс нь эмгэгийн түвшинд хүрээгүй. Эмгэгийн түвшинд хүрсэн, эсэхийг судалгаагаар тогтоодог.
-Монголчуудын хэдэн хувь нь сэтгэцийн эмгэгт өртсөн талаарх судалгааг хамгийн сүүлд хэзээ хийсэн бэ. Ямар үр дүн гарсан бол?
-Дэлхий дахинд найман хүн тутмыг нэг нь сэтгэцийн эмгэгт өртсөн гэж үзэж буй бол Монголд зургаан иргэний нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай гэсэн дүгнэлт бий. Хамгийн сүүлд буюу 2019 оны сүүлчээр хот, хөдөөгийн хэд хэдэн ерөнхий боловсролын сургуульд хийсэн судалгаанд нийт сурагчдынх нь 70 орчим хувь нь эрүүл, 20 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, үлдсэн нь сэтгэцийн эмгэгтэй байх магадлалтай гэсэн үр дүн гарсан. Энэ нь эрт илрүүлгийн мэдээлэл буюу анхан шатны тандалтын үр дүн юм.
-Хүүхдүүдийн 10 хувь буюу 10 хүүхдийн нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгтэй байх магадлалтай гэдэг нь нэлээд өндөр дүн. Үүний шалтгааныг тодруулахгүй юу?
-Эмгэг гэж шууд хэлж болохгүй. Илрүүлж буй судалгааны арга зүйтэй холбоотойтоор ийн дүгнэж байгаа ч сэтгэцийн эмч нар үзэж, оношийг баталгаажуулах шаардлага бий. Хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд гэр бүлийн орчин шууд нөлөөтэй гэж болно. Мөн дэлгэцийн хамаарлын улмаас хүүхэд, өсвөр насныхны сэтгэл зүй тогтворгүй болох, донтох, ааш зан, сурлагын чанар нь муудах нь түгээмэл болсон. Иймээс хүүхдүүдтэйгээ ярилцах, муу дадал зуршилд өртөхөөс сэргийлж, хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Сургууль, анги хамт олны дунд зөв хүмүүжил олгоход анхаарах учиртай. Тиймээс ч бүх шатны сургуулиуд сэтгэл судлаачтай болж, хүүхдийн сэтгэл зүйн төлөв, сэтгэцийн эрүүл мэндийн чанарт анхаарч эхэлсэн. Үр дүн нь аажимдаа мэдэгдэх болов уу.
-Танай эмнэлэгт насанд хүрэгчид хэр ханддэг вэ. Насанд хүрэгчдийн дунд хийсэн сүүлийн үеийн судалгаа бий юү. Иргэдийн сэтгэцийн эрүүл мэнд муудахад, стресс үүсэхэд голчлон юу нөлөөлдөг бол?
-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал иргэдийн бие, сэтгэцийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Наад зах нь л бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд цалин хангамж нэмэгдэхгүй байгаа нь иргэдийн сэтгэцэд нөлөөлж буй. Мөн нийгмийн ороо бусгаа үзэгдэл, архинд донтох эмгэг газар авах, мансууруулах бодисын хэрэглээ ихсэх зэрэг нь нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Тухайн иргэн хэдийгээр тайван, сэтгэцийн хувьд тогтвортой байгаа ч ойр орчмынх нь хүмүүс сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болдог. Тиймээс улс орны зүгээс иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад хийж болох нэг алхам нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, бүтээмж, цалин хангамжийг өсгөх гэж ойлгож болно.
-Манай улс хөгжиж буй орон. Бид хөгжилтэй улс болж нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдтэл сэтгэцийн эрүүл мэндийн доголдолтой амьдарна гэсэн үг үү?
-Шууд тэгж хэлж болохгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, стресстэх, нойргүйдэх зэрэг нь хөгжингүй орны иргэдийн хувьд ч асуудал дагуулсаар байна. Хэдийгээр тухайн хүний цалин орлого муу байлаа гээд улсаас үзүүлэх дэмжлэг алга болоогүй. Анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж буй. Тухайлбал, техник, технологийн дэвшлийг ашиглаад зайнаас, эсвэл утсаар ярин асуумж бөглөн, СЭМҮТ-ийн цахим хуудаснаас стрессийн болон сэтгэл гутрал, түгшилтийн түвшнээ тодорхойлж болно. Мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах, сэтгэлзүйчид хандах бол 18002000 дугаарын утсанд хандаж болно. Энгийн утасны тарифаар үйлчилдэг. Өрхийн эмнэлгээрээ ч үйлчлүүлж болно. Энгийн асуумжид хариулснаар өөрийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлж, тохирсон арга хэмжээ авна гэсэн үг.
-Стресс, сэтгэл зүйн хямралд өртсөн хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ. Энэ нь улмаар ямар үр дагаварт хүргэдэг бол?
-Стресстэй, сэтгэл зүйн хямралтай байхад амьсгал бачуурч, цусны даралт ихэснэ, бие салгалж халуу дүүгнэ, эсвэл даарна. Ажил, сургуулиа таслах, ажлаасаа таашаал авахаа болих, зохион байгуулалтгүй болж ирэх нь түгээмэл. Бусдын хараат болох, эсвэл бусадтай харилцахдаа бэргэн, хөндийрдөг. Мөн өөртөө итгэлгүй болох, ганцаардах, өөрийгөө дорд үзэх, анхаарал сарних зэргээр стресс илэрдэг. Ийнхүү стресстэй удаан амьдарвал ходоод гэдэсний шархлаа, бамбай булчирхайн өөрчлөлт, таргалалт, чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй.
-Ямар арга хэмжээ авбал зохих вэ?
-Юуны түрүүнд сөрөг мэдрэмжээ мэдэрч сурах хэрэгтэй. Юу мэдэрч байгаагаа ойлгохыг хичээн, өөрийгөө чагнана гэсэн үг. Дараа нь өөрт мэдрэгдэж буй сэтгэлийн асуудлаа хүнтэй хуваалцах, ярилцах нь зүйтэй. Улмаар мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэцийн эмчид хандаж болно. Улс орны эдийн засаг сайжрахыг, зам, талбайгаа засахыг, цалин орлогоо өсөхийг хүлээгээд нэмэргүй. Ямар ч гамшиг, эрсдэл учрахыг таашгүй учраас хүмүүс өөрийн амьдралын хэв маягт анхаарах нь чухал. Ажлын ачааллаа тайлах, тулгарсан бэрхшээлээ даван туулахыг тогтмол эрмэлзэх, хоббигоо хөгжүүлэх хэрэгтэй. Хамгийн түрүүлж уртаар амьсгал гэж эмч нар хэлдэг. Уурлаж бухимдан ямар нэгэн шийдвэр гаргах, хэрүүл үүсгэхээс өмнө уртаар амьсгалах нь зөв. Уужуу амьсгалаад тайвшрахыг хичээснээр цөөнгүй эрсдэлээс сэргийлдэг.
-Амьдралын чанар, эдийн засгийн чадамж муу байгаа ийм үед хүмүүс сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө чагнаж, өөртэйгөө харилцаж чадахгүй нь түгээмэл. Өөрийгөө сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгааг мэдэх ч сөхөөгүй ажиллаж амьдарч байна шүү дээ.
-Бүх зүйл нийгмээс, хөндлөнгийн хүнээс, хүрээлэн буй орчноос шалтгаалдаг гэж ойлгоод, өөрийгөө хохирогч, хэлмэгдэгч мэтээр үзээд нэмэргүй л гэсэн үг. Оюун ухаант хүн учраас сэтгэл зүйн асуудал, стресс бухимдлаа өөрийн хүрээнд аль болох шийдэхийг эрмэлзэх, зөв дадалд суралцах, хичээх хэрэгтэй юм. Цаашлаад мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болно.
-Архинд донтогчид, мансууруулах бодис хэрэглэгчид олширлоо. Тэдний дунд залуус олон байна гэдэг. Мөн утаа, агаарын бохирдол ихэссэн, хүнсний аюулгүй байдлын чанарын асуудлаас шалтгаалж төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй төрөх тохиолдол өсөж байна гэх юм. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хамгийн сүүлд 2013 онд хийсэн судалгаагаар хүн амын 6.5 хувь нь архинд донтох өвчтэй гэж байсан. Энэ нь бусад орны дунджаас өндөр дүн. Эл дүн хэрхэн өөрчлөгдсөн талаарх судалгааг харамсалтай нь хийгээгүй байна. Ядуурал, ажилгүйдэл, нийгмийн ороо бусгаа байдал, цар тахлын нөлөө зэргээс шалтгаалж архинд донтогч хүмүүс нэмэгдсэн байх магадлалтай. Мансууруулах бодисын хэрэглээ өсөөд байгааг ч үгүйсгэхгүй. Ялангуяа 18-25 насныхны дунд цөөнгүй бий. Амиа хорлохоор завдах, ямар нэгэн болчимгүй үйлдэл хийх нь нэмэгдээд байгаа нь сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ авахаар хандсан хүүхдүүдийн зан төлөв, асуумжийн хариултаас харагдаж буй. Харин сэтгэцийн төрөлхийн эмгэгтэй хүний тоо сүүлийн жилүүдэд олширсон гэж хэлэхгүй. Олон жилийн дунджийн түвшинд л эмчлүүлж байгаа.
-Архидалтыг бууруулах, иргэдийг эрүүл амьдралын хэв маягт хөтлөхийн тулд юу хийвэл зохих вэ. Сүүлийн үед олон улсад ямар зөвлөмж өгч байна вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өмнө нь архи, дарсыг зохистой хэрэглэх учиртай хэмээн зөвлөдөг байлаа. Өдгөө огт хэрэглэж болохгүй гэж дэлхий даяар зөвлөн, таниулахыг хичээдэг болсон. Архи, дарс огт хэрэглэхгүй байснаар архины хамаарлыг бууруулна. Архидалт нь ядуурал, боловсролгүй байдлаас үүддэг. Ядуурал, ажилгүйдэл өсөх тусам архины хамааралтай хүмүүсийн тоо нэмэгддэг учраас эргээд л улс орны хөгжил дэвшил, иргэдийн боловсролд анхаарах хэрэгтэй юм.
-Иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, хорт бодисын хэрэглээг нь бууруулахын тулд улсаас хэр анхаардаг юм бэ. Төсөв, хөрөнгө нь хүрэлцдэг үү?
-Төсөв бол маш бага. Эрүүл мэндийн салбарт хуваарилсан хөрөнгийн хоёр хувийг сэтгэцийн эрүүл мэндэд зарцуулдаг гэсэн тооцоог 2006 онд гаргасан. 2022 оны байдлаар энэ нь хоёртоо ч хүрэхгүй, 1.7-1.8 хувьтай байна. Хөрөнгө мөнгө муутайгаас олныг хамруулсан, сургалт, танин мэдэхүйн хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бага гэсэн үг. Түүнчлэн бусад салбарын адилаар манайд ч хүний нөөц дутагдалтай. Улсын хэмжээнд 150 сэтгэцийн эмч ажиллаж буй нь маш бага тоо. Үүнээс багаар бодоход хоёр дахин их байх шаардлагатай.
-Өмнө нь дуулдаж байгаагүй бусармаг гэмт хэргийн тоо өслөө гэх юм. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай хүмүүс олширсноос шалтгаалж байна уу. Эсвэл энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэл түгээмэл, хүмүүс сонирхох нь элбэгшсэн гэсэн үг үү?
-Олон жилийн өмнөх үеийнхтэй харьцуулахад муу мэдээ, гэмт хэргийн тохиолдлыг “сурталчлах”, мэдээлэх нь түгээмэл болсон шиг санагддаг. Магадгүй харгис гэмт хэрэг өмнө нь гарсан ч иргэд мэдэхгүй өнгөрөх тохиолдол байсан биз. Ерөөсөө гэмт хэргийн давтамж, хорт бодисын донтолт болон бусад асуудлыг шийдвэрлэх нь эрүүл орчинд, эрүүл зан үйлтэй иргэнийг өсгөн хүмүүжүүлэхээс эхэлнэ. Ээж, аав нь эрүүл байж хайрлаж хамгаалж, итгэл өгч өсгөсөн хүүхэд харгис, хэрцгий, хайрлах сэтгэлгүй нэгэн болохгүй. Хүүхдийг төрөх, төрөхийн өмнө, төрсний дараа гэсэн гурван үед нь хайрлаж, анхаарах учиртай. Төрөлтийг зөв удирдах, ээжийн сэтгэл санааг хэвийн байлгах нь ч сэтгэл зүйн гэмтэл багатай, зөв иргэнийг бий болгоход дэм болно. Ер нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн олонх нь хүчирхийлэлд өртсөн байх нь бий. Түүнчлэн боловсролтой иргэдтэй байж, хүүхдүүддээ чанартай боловсрол эзэмшүүлснээр стресс, бухимдалд өртөх хүний тоо, улмаар гэмт хэрэгтний тоо буурсан олон улсын судалгаа байдаг.
-СЭМҮТ-өөс нийгмийн судалгааг ямар давтамжтай хийдэг юм бэ. Олон жилийн өмнөх судалгааны дүн л сонсогдоод байх юм.
-Сүүлийн үед олныг хамруулсан судалгаа хийгээгүй. Багадаа 10 000 хүнийг хамруулж байж судалгааны үр дүн илүү бодитой болно. Энэ жил хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэж чадвал судалгаа явуулах төлөвлөгөөтэй. 10 000-аас илүү хүнийг хамруулахад багадаа 100 сая төгрөг шаардлагатай.