Ардын дуу, бүжгийн “Хан Хэнтий” чуулгын гоцлол дуучин П.Оюунтуяаг ярилцлагад урилаа. Ардын жүжигчин Л.Цогзолмаагийн нэрэмжит Ардын богино дуу дуулаачдын улсын 2014 оны уралдааны Л.Цогзолмаагийн нэрэмжит шагналтан, Мэргэжлийн чуулгуудын улсын 2018 болон 2022 оны уралдааны “Шилдэг дуучин” өргөмжлөлт түүнтэй уулзахыг хэдийнээс зорьсон ч тохироо бүрдэхгүй байсан юм. “Хан Хэнтий” чуулгынхан шинэ байрандаа нүүж орлоо. Дуучин чуулгынхаа хуучин байрны тайзнаас адис авч буй бичлэгийг харсан даруйдаа түүн рүү утас цохисон юм. Бид ийнхүү хөөрөлдлөө.
-Чуулгын тань хуучин байрны тайз мууджээ. Гэсэн ч уран бүтээлчдийн хувьд алтан тайз биз?
-Тэгэлгүй яах вэ. Хэчнээн хүнийг ажил, амьдралын замд хөтөлж, алдар хүндэд хүргэсэн гэх вэ. Энэ л тайзнаас ажлын гараагаа эхэлж, амьдралын сайхан бүхэнтэй учирсан болохоор сайхан санагддаг юм. Өнөөдөр бид (өчигдөр) сүүлчийн удаа энэ байрандаа цуглаж, цэвэрлэгээ хийж байна. Булан тохой бүр нь танил дотно. Өчигдөр хажуугаар нь өнгөрөөд явахад нүдэнд нулимс цийлэгнэж байв. Өвөл дотор нь удаан суугаад, жаахан жиндэхээрээ “Хурдхан шинэ байрандаа орох юм сан” гэж ярьцгаадаг байлаа. Цаг нь ирээд нүүх болтол сэтгэл их эвгүй байсан. Хоолой зангирч хоргодоод л. Шинэ байр тохьтой. Удахгүй дасах байх.
-Уран бүтээлийн тань талаар ярилцъя. Та ардын дуугаар мэргэшсэн уран бүтээлч. Урын сандаа олон бүтээлтэй юү. Тоолж байв уу?
-Голчлон барга, үзэмчин, буриад, дарьганга, Төв халхын дуунуудтай. Хэдэн дуу дуулснаа тоолоогүй юм байна. Өнгөрсөн хугацаанд дуулсан ч бай, үгүй ч бай, олон дуу сурсан. Энэ бүхнийг нийлүүлбэл 200-гаад болох байх.
-Яагаад ардын дуу сонгосон бэ?
-Хүүхэд байхаасаа сонирхсон. “Могой хээр морь”, “Шигширгэн ай”-д их дуртай байлаа. “Дуул даа” гэсэн хүн болгоны өмнө очоод л, мэддэг хэдээ дуулж өгч, хоёр чихэр аваад явдаг байв. Ээж нар минь нөлөөлсөн байх гэж боддог. Ээжийн минь ээж Архангай аймгийн Тариат сумын харьяат, маш сайхан дуулдаг Баяр гэж хөгшин байлаа. Уртын болон ардын дуунд гарамгай. Мөн миний ээж ардын богино болон зохиолын дууг маш сайхан дуулдаг эмэгтэй байсан. Ёстой ширмэн тогоог хан хийтэл дуугардаг гэхээр их хүчтэй хэрнээ нарийхан хоолойтой мундаг дуучин байсан юм. Сонгодог урлагт ийм хоолойг колоратурное сопрано гэдэг. Нугалаа, “хугалаа”, хэв маяг гэж янзтай. Би бол ижийнхээ хажууд дуучин гэж яриад яах вэ. Ийм сайхан хүмүүсийн үр удам, үргэлжлэл нь ч болж, эцгийн минь нэртэй эн зэрэгцэн хэлэгдэх дуучин хэмээх алдраар дуудуулж, түмэн олонтойгоо уран бүтээлээрээ уулзаж явдагтаа төрүүлсэн ижий, аав, ачит багш нартаа баярлаж, бахархдаг. Сайхан ижий нараа дагаж явснаар ардын дуунд дурласан байх. Би “Мюзик холл” гэж байхад сонгодог дууны чиглэлээр гуравдугаар курс хүртлээ сураад больчихсон юм. Ардын жүжигчин Д.Баадайжав, Гавьяат жүжигчин Ж.Цэцгээ багш нараар заалгаж байлаа. Нэг л болмооргүй юм шиг, ардын дуугаа дуулмаар санагдаад байхаар нь ирээд чуулгадаа буцаад орчихсон. Тэр цагаас хойш буюу 2004 оноос “Хан Хэнтий”-дээ ажиллаж байна.
-Танайх урлагийн гэр бүл юм билээ. Нөхөр тань бүжиг дэглээч, одоо чуулгаа удирддаг юм байна. Том хүү тань балетын жүжигчин. Ёстой л чуулгынхаа хуучин байрны алтан тайзнаас өндийлгөсөн амьдрал юм даа гэж бодсон шүү.
-Тийм ээ. Яах аргагүй үнэн. Чуулгадаа ороод удалгүй гэр бүлийнхээ хүнтэй танилцсан. Бид гэрлэж, үр хүүхдүүдтэй болсон. Бид хоёрын амьдралын сайн сайхан, аз жаргал, түүх болгон энэ чуулгаас эхтэй.
...Дуучин бүр өөр өөрийн өнгө аяс, хэв маяг, онцлогтой байдаг. Надад бусдаас онцгойрох, товойх юм байхгүй ээ. Дуунуудаараа зүүн Монголын ардын урлагийг үндсээр нь өвлөн тээж, бүтээн туурвиж байгаа ардын дуу, бүжгийн “Хан Хэнтий” чуулгынхаа урын сангийн багахан ч гэсэн хэсгийг бүрдүүлж, уламжлалт ардын дуунуудыг өвлөн тээгчдийн нэг нь болж явдгаа хариуцлага гэж боддог...
-Аав нь хүүгээ балетчин болгоё гэсэн үү?
-Миний хүү багаасаа бүжиглэх дуртай байсан юм. Сургуульдаа бүжигчин байлаа. Хүүхдийн урлагийн “Яргуй” их наадамд амжилттай оролцоход нь Консерваторт суралцахыг урьсан. 2019 онд Гавьяат жүжигчин Ж.Алтангэрэлийн удирдлагад сургуулиа дүүргэснээс хойш ДБЭТ-т балетын жүжигчнээр ажиллаж байна. Ардын бүжгээр төгссөн ч сонгодогт дурлаад, шалгуулаад театрт ажилд орсон. Саяхан болж өнгөрсөн Сөүлийн балетын олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртэхэд нь их баярлалаа. Ажилдаа улам дуртай болох байх аа. Аав, ээж минь зээ хүүгийнхээ энэ өндөр амжилтын тухай сонссон бол гэж битүүхэндээ бодож байлаа. Миний ижий намайг 12 настай байхад ид залуудаа хүнд өвчний улмаас бурхан болсон юм. Би дөрвөн ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Аав, ээждээ ганц охин нь. Ээжээсээ хойш би гэдэг хүн зургаан эрэгтэй хүний дунд өсөж том болсон. Аав маань гадаа гарч эр, гэрт орж эм болж байж хүүхдүүдээ гарыг нь ганзаганд хүргэсэн юм. Аав минь 2004 онд бурхан болсон. Миний аав, ээж цэргийн хүмүүс. 0419 дүгээр анги, одоогоор Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байсан юм. Аав минь аж ахуйн дарга, хошууч цолтой. Ээж тоосгон заводын мастер, ахлагч цолтой байв. Ээж үндсэн ажлынхаа хажуугаар дуулах, өөрөөр хэлбэл, уран сайханчийн ажил ихтэй байж билээ.
Би дунд сургуулиа төгсөж, “Хан Хэнтий” чуулга гэдэг их айлын босго давснаа зөв сонголт гэж боддог. Хоёулаа урлагийн хүн байх амаргүй. Бидний ар талд бэхэлсэн хана шиг бат бөх зогсож, үр хүүхэд, ар гэрийг минь авч явдаг Айлаа ижийдээ талархаад баршгүй. Ханийн минь сайхан ээж юм аа.
-Монгол ардын дуу “Цэвэр охин”-ыг дуулахыг тань сонсоод баймаар. Нэг л өөр. Үгийн болон амьсгааны хуваарилалт, донж маягийг та өөрөө өөртөө бий болгосон уу?
-Энэ дууг Гавьяат жүжигчин Ш.Даваахүү гуайн дуулснаар багаасаа сонссон. Ардын дууны аугаа их мастер энэ хүн ардын богино дууны түүхэнд маш их өв үлдээсэн гавьяатай. Өнөө цагийн залуу дуучид бид түүнээс суралцсаар явна. Энэ аугаа хүнтэй нэг удаа ч болов уулзаж үзсэн бол гэж боддог. Харамсдаг. Хэрэв уулзсан бол маш ихийг сануулж, заан сургах байсан байх даа. Дуучин бүр өөр өөрийн өнгө аяс, хэв маяг, онцлогтой байдаг. Надад бусдаас онцгойрох, товойх юм байхгүй ээ. Дуунуудаараа зүүн Монголын ардын урлагийг үндсээр нь өвлөн тээж, бүтээн туурвиж байгаа ардын дуу, бүжгийн “Хан Хэнтий” чуулгынхаа урын сангийн багахан ч гэсэн хэсгийг бүрдүүлж, уламжлалт ардын дуунуудыг өвлөн тээгчдийн нэг нь болж явдгаа хариуцлага гэж боддог. Зүүн Монголын ардын дуу дуулдаг нь цөөн. Тийм болохоор энэ чиглэлийн уран бүтээлээр дагнасан нь миний онцлог юм болов уу.
-Орон нутгийн чуулгууд уран бүтээлээрээ ялгардаг. “Хан Хэнтий” чуулгынхаа онцлогийг тодруулаач.
-Зүүн Монголын ая, аялгуу, уран сайхан хөдөлгөөн, тансаг сайхан хөгжим гэж юу байдгийг тодруулсан уран бүтээлүүдтэй. Байгуулагдсан цагаас хойш, үеийн үед ийм бодлогоор үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ онцлогийг илтгэсэн сайхан бүхнийг өөртөө шингээж, уран бүтээл туурвиж ирсэн алдар цуутай олон уран бүтээлчтэй. Энэ үнэ цэнийг бид уран бүтээлийн өндөрлөг гэж үздэг тул насан турш хайрлаж явах болно. Орон нутгийн уран бүтээлчид бид телевиз, радио, сэтгүүлээс хол, ярилцлага өгөх нь ховор. Энэ талын туршлага муу (инээв). Том сонины газраас холбогдсонд баяртай байна.
-Орон нутгийн театрууд хөгжим, дуу, жүжгийг хослуулдаг. Танайх жүжиг олонтой юу?
-Бий бий. 1983 онд байгуулагдсан цагаасаа хойш олон жүжиг тоглосон.
-Та дүр бүтээж байв уу. Тийм бол ямар, ямар дүр амилуулсан бол?
-“Учиртай дөрвөн толгой” рок мюзиклийн Нансалмаад тоглосон. “Цөвүүн цагийн хяруу” рок мюзиклийн Пагмын орлон тоглогч байлаа. Мөн “Учиртай гурван толгой” үндэсний дуурийн Нансалмаагийн дүрийг бүтээсэн. Манайх “Ярьдаг мод” гээд хүүхдийн жүжиг тавьсан юм. Үүнд зулзаган модны дүрд дуулсан.
Мөн хүүхдийн “Муурын байшин”, “Ишиг хөөрхөн” гэсэн жүжгүүдэд тоглосон. Одоо шинээр тавьж байгаа “Чингис хаан” дуурийн Бөртэ хатны дүрийг бүтээхээр ажиллаж байна.
-Хөгжмийн зохиолч Б.Шаравын энэ дуурийг бүрэн эхээр нь тавих уу?
-Тийм ээ.
-Монгол ардын дуугаа язгуураар нь дуулж, түгээж байх нь өнөө цагт ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүрэг юм шиг санагдах үе бий юү?
-Үргэлж л тэгж санагддаг. Ардын дуу бол хайрлан хамгаалах, үр хойчдоо уламжлуулах ёстой гайхамшигт өв юм.