“Чингис хаан” музейнхэн ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “Мөнгөн мод” танхимдаа “Хадан гэрийн эзэн” тусгай үзэсгэлэн нээгээд буй юм. Ирэх сард ч үзүүлсээр байх уг үзэсгэлэнгээс тус музейд хадгалагдаж буй НТ III-XVI зуун хүртэлх хугацааны хадны оршуулгын дурсгалуудтай цогцоор нь танилцах боломжтой. Бидний өвөг дээдсийн бурхан болоочоо оршуулах арга, хэлбэр, ёслол, уламжлал, утга агуулга, ханан гэрээс хадан гэртээ мөнхөрсөн өөд болоочийн ертөнц бас ямар байв гэдгийг эндээс мэдэж болно. Уг үзэсгэлэнг тус музейн үзүүллэг, дэглэлтийн хэлтсийнхэн бэлтгэж гаргажээ. Тус хэлтсийг ахалж ажилладаг зураач, үзэсгэлэн, үзүүллэг дэглээч Н.Хосбаярыг уншигчдаа танилцуулахаар зэхээд байх үед “Хадан гэрийн эзэн”-г нээж таарсан юм.
-Хадан гэрийн эзэн гэж бурхан болоочийг хэлж байна уу?
-Тийм ээ. Тухайн хадан гэрийг эзэн нь мэт мөнхөд эзэлдэг гэсэн утгатай. Монголчууд шиг талийгаачаа хаданд байршуулж, хөдөөлүүлдэг байсан ёс дэлхийд тун ховор юм билээ. Түүгээрээ онцлог. Өөд болоочдыг байгалийн тогтоц, газрын байршлыг сайтар ашиглан хаданд оршуулдаг байсан ёс бол бидний өвөг дээдсийн үлдээсэн өв, соёл юм. Ер нь монголчууд нэн эрт цагаас өв соёлын гайхамшгаа газрын хэвлийдээ хадгалж иржээ. Эдгээр нь булш бунхан, хот суурин, тахилга шүтээн, бичиг тэмдэглэл, зураг зураас зэрэг олон хэлбэрээр өвлөгдөж ирсэн байдаг. Тэдгээрийн нэг нь хадны оршуулга. Бид энэ үзэсгэлэнгийнхээ агуулгаар “Хадан гэрийн эзэн” хэмээх каталог гаргасан. Монгол нутгаас илэрсэн хадны 20 оршуулгыг сонгон тайлбарлаж, багтаалаа. Тэдгээрээс илэрсэн соёлын дурсгалуудыг сонирхолтой гэрэл зургууд, сэргээж зурсан бүтээлүүдээр чимж, монгол, англи хэлээр танилцуулж байна. Үзэсгэлэн наймдугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэх юм.
-Музей, үзэсгэлэн, үзүүллэг дэглээч гэж нэлээд нарийн, мэргэшсэн хүмүүс хийдэг ажил гэж хардаг. Энэ үзэсгэлэнгийн дэглэлт гэхэд таны, танай хэлтсийнхний мэргэжлийн онцлогийг “өгүүлж” байх шиг. Талийгаачийг дүрслэх амаргүй дээ.
-Манай хэлтэс 12 хүнтэй. Төрөл бүрийн мэргэжлийн, дор бүрнээ үүрэгтэй уран бүтээлч голдуу хүмүүс байдаг. Оршуулгын зан үйлийн тухайд тогтож ярих уу. Хөдөөлүүлэх содон хэлбэр бол хадных. Байгалийн хад асга, агуй, хөмөг бүхий бэлэн тогтцыг ашигладаг байжээ. Манай улсын нутаг дэвсгэрээс 130 орчим хадны оршуулга олдсон байдаг. Бид макет хийсэн. Ярихаас илүүтэй үзүүлэх нь хамгийн дөт замаар ойлгуулах арга юм. Хадны хөмөг хэлбэртэй хэсэгт бурхан болоочийг эсгийд боогоод, гэрийн ханаар ороогоод тавьдаг нэг хэлбэр байжээ. Үүд хэсгийг нь чулуу, шороогоор дардаг байж. Булдаггүй гэсэн үг. Ингэж хүйтэн, сэрүүн орчинд тавьсан шарил хэдэн зуун жилийн туршид, угсаатны эд өлгийн зүйлс, хэрэглэл нь ч сайтар хадгалагдсан байдаг юм. Тэр зүйлс өнөөгийн бидэнд уламжлагдана гэдэг бол өвөг монголчууд маань юу эдэлж хэрэглэдэг байсан юм, соёл нь ямар байсан гэх зэргийг мэдэх ач холбогдолтой. Хадны оршуулга III-XVII зууныг хамардаг. III зуун бол Жужаны үе бөгөөд бараг 2000 жилийн өмнөх гэсэн үг. Энд Ховд аймаг дахь Урд улаан үнээт гэдэг газраас олдсон Жужаны үед хамаарагдах оршуулгын тухай мэдээлэл байна. Эндээс бүрэн бүтэн эмээл гарсан. Энэ нь Монголд төдийгүй дэлхийд анхлан бүтнээрээ олдсон эмээлд тооцогддог. Хадны оршуулгын ач холбогдол гэж энэ. Хэрвээ тухайн бурхан болоочийг газарт булсан байсан бол 2000 жилийн туршид юу болох билээ. Чийгтээд, элэгдэж, үгүй болсон байх байлаа. Киданы үед хамаарагдах, мөн Ховд аймгийн Жаргалант сумын нутаг Үзүүр гялааны хадны оршуулгаас гарсан олдворуудын тухай мэдээлэл энд байна. Өнөөх, “Адидас” гуталтай эмэгтэй гээд байдаг олдвор энэ оршуулгаас гарсан юм.
-Маш сонирхолтой. Улсынхаа хамгийн том музейн чухал хэлтсийг ахалж ажиллах, итгэл даасан мэргэжилтэн болтлоо уран бүтээлийн ямар замнал туулсан бэ. Өөрийнхөө тухай товч танилцуулах уу?
-Би 1998 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн. Уран бүтээл хийж байх хоорондоо АНУ-д хэсэг хугацаанд амьдарсан. Суралцахаар очоод, сүүлдээ нэлээд хэдэн жил ажиллаад ирсэн. Монголдоо “Чингис хаан” хувийн галерейн менежер, “Валент арт” галерейн зураач байв. Музейн чиглэлээр 2012 оноос ажиллаж эхэлсэн. Хэсэг хугацаанд Театрын музейн захирал ч байлаа.
-Та музейд яагаад татагдах болов?
-Дүрслэх урлагийн дээд сургуульд сурч байхад багш нар музей их үзүүлдэг байлаа. Зураач соёлын өвийг сонирхдог, судалдаг байх ёстой учраас тэр юм. Тухайн үед музей үзээд л гардаг байсан болохоос биш ажиллах юм сан гэж бодож байгаагүй. Америкт сайн сургуульд сурах бодол байсан ч төлбөр нь өндөр болохоор чадаагүй. Тэнд багагүй хугацаанд галерейд зураачаар ажилласан юм. Тэр үеэс галерей, музейн ажил сонирхол татаад байсан. Ирээд удаагүй байтал БСШУЯ-наас Театрын музейн захирлаар ажиллах уу гэж санал асуухаар нь шийдээд ажил хүлээж авч байлаа. Тэнд дөрвөн жил болоод Австри руу явсан. Эхнэр тус улсын Шинжлэх ухааны академийн зочин судлаач болоход гэр бүлээрээ явсан юм. Венад Кристиан Штуреммэнгр гээд дэглээч мэргэжилтэнтэй хамтран ажиллаж, улмаар Богд хааны ордон музейд “Ханс Ледэрийн мөрөөр” хэмээх үзэсгэлэн дэглэсэн. Гэхдээ өмнө нь Театрын музейд байхдаа бас дэглэлт хийж байсан л даа. Завхан аймгийн музейг шинэчлэн дэглэж ч байлаа.
-Ер нь л дэглэх дуртай юм байна.
-Тийм ээ. Өв соёлын дурсгал бүрийн түүх сонирхолтой санагддаг. Анхаарал татдаг. Тэдгээрээр дамжуулж л хэдэн зуун, мянганы тэртээ юу болсон, аж байдал ямар байсныг мэдэх боломжтой. Тийм учраас танин мэдэхүйн ийм чухал дурсгалуудыг таниулж, харуулах, тэдгээртэй танилцсан хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг мэдрэх дуртай.
Австриас 2021 онд ирээд ажил хайж эхэлсэн. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байсан “Чингис хаан” музейн захирал С.Чулуунтай уулзаж өөрийгөө танилцуулахад “Манайх үзэсгэлэн, үзүүллэг зохион байгуулах ажил хариуцдаг хэлтэстэй болох юм. Ахалж ажиллах уу” гэсэн санал тавьсан. Хэн хүнд олдоод байхгүй саналыг дуртайяа хүлээж авсан.
-Ер нь музейг яаж дэглэдэг вэ. Баримтлах гол зарчим, “дүрэм, журам” нь ямар байдаг вэ?
-Баримтлах гол жанжин шугам нь үзэл баримтлал. Бүхий л музейг танин мэдүүлэх, боловсролын үйл ажиллагаа явуулахаар байгуулдаг ч гэсэн зориулалтаараа ялгаатай. Жишээ нь, Байгалийн түүхийн музейг ихэвчлэн хүүхдүүд үзэх дуртай байдаг болохоор тэдэнд хандсан байдлаар дэглэдэг. Гаргасан концепцоо хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар батлуулаад, музейн доторх дизайн, өнгийг нь ямар байлгах, ямар материалаар хийх вэ гэдгийг шийддэг. Үзмэрүүд орж ирэхээр анхан шатны цэвэрлэгээ, сэргээн засварлалт гээд ажил ар араасаа ундраад явчихдаг.
-“Чингис хаан” музейн дэглэлт гоё санагддаг. Тухайлбал, танхимуудын өнгийг юуг үндэслэж өөр, өөрөөр шийдсэн бол?
-Музейн үзэл баримтлал бэлэн болсноор төрт улсуудтай холбоотой, байвал зохих үзмэрүүдийн жагсаалтыг бүгдээрээ гаргасан. Дараа нь нүдэн баримжаагаар төлөвлөсөн. Эхний, 1000 ам метр талбай бүхий танхим байлаа гэхэд, хоосон ханануудыг нь харж зогсож байгаад хаана нь юу байрлуулахаа шийдэхээс бид ажлаа эхэлсэн. Музейн нэгээс наймдугаар давхар луу хэдэн ч удаа өгсөж, уруудсан юм, тоогоо алдсан. Танхимуудын өнгийг ямар байлгах вэ гэдэг нь төлөвлөлтийн чухал хэсгийн нэг. Жишээ нь, гуравдугаар давхарт байрлах “Хүннүгийн” хэмээх танхимыг бордуу өнгөтэй байлгая гэдэгт санал нэгдсэн. Хүннүгийн хааны хэлсэн “Газар бол улсын үндэс” гэж хэлснээс нь үндэслэн, мөн тухайн үеийн байдлыг илтгэх олдвор, үзмэрүүдийн өнгийг бодолцож байгаад уг танхимыг хөрсний өнгөтэй байлгая гэж шийдсэн юм. Дөрөвдүгээр давхарт Түрэг, Уйгур, Киданы танхим бий. Тэр үеийн хөшөө дурсгал элбэг байдаг болохоор чулуун үзмэрүүд нэлээд байлгана гэж төлөвлөсөн тул үүнтэй уялдуулаад сааралдуу өнгө сонгох нь зүйтэй гэж үзсэн. Мөн тавигдаж байгаа дурсгал, үзмэрүүдэд, музей үзэж буй хүнд хананы өнгө садаа болох ёсгүй гэсэн зарчмыг баримталсан.
-Танай хэлтсийнхэн тус, тусдаа үүрэгтэй гэсэн. Юу, юу хийдэг вэ?
-Музейн кураторууд, үзэсгэлэнгийн дизайнерууд, хэвлэлийн эх бэлтгэгчид, цахим, аудио, видео үзүүллэг хариуцсан мэргэжилтнүүдтэй. Манайх улсынхаа хувьд музейн чиглэлд анхдагч томоохон хэлтэс. Өмнө нь аль ч музейд ийм тухайлсан хэлтэс байгаагүй. Эрдэм шинжилгээний ажилтан, эсвэл сан хөмрөгчид нь хамтраад, хавсруулаад хийдэг байсан. Америк, Европт бол музейн үзүүллэг, дэглэлт хийдэг компаниуд байдаг юм билээ. Мэдээж аль ч улсад жижиг музейнхэн өөрсдөө дэглэдэг л дээ. Жишээ нь 2016 онд намайг Австрид очих үед Дэлхий музей нь угсаатных байсан. Удалгүй цар хүрээг ньтэлж, томоохон музей болгох ажил эхлүүлсэн юм. Эднийх үзүүллэг, дэглэлтээ шинэчлэхийн тулд бараг дөрвөн жил хаалттай байсан. Америкийн мэргэжлийн компани дэглэж байгаа гэж холбогдох хүмүүс нь ярьж байсан.
“Чингис хаан” хаад язгууртны музейн концепцыг академич С.Чулуун захирал гаргасан. Энд зөвхөн Чингис хаантай холбоотой үзүүллэг байдаг юм биш. Монгол нутагт оршиж байсан эртний төрт улсуудаас, Богд хаант Монгол Улс, Чингис хааны алтан ургийн хаад язгууртны түүхэн замналыг харуулсан материал, үзмэрүүд бий. Хүмүүс “Танай музейд Чингис хааны эдэлж хэрэглэж байсан зүйлсээс байдаг юм уу. Их хааны сэлэм ч болов байдаг уу” гэж асуудаг. Одоогоор олдож илэрсэн зүйл байхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Техник, тоног төхөөрөмж сайжирч байгаатай холбоотойгоор малтлага, судалгаа хөгжиж байна. Тийм болохоор магадгүй ирээдүйд Чингис хааных байг гэхэд бусад хаад, томоохон ноёдын онгон олдлоо гэхэд олдворуудыг “Чингис хаан” музейдээ тавих байх.
-“Саалиа бэлдэхээр саваа бэлтгэ” ч гэдэг. Чингис хааны онгон олдоно гэж мөрөөдье л дөө.
-Тэгвэл Монголын төдийгүй дэлхийн хэмжээний томоохон үйл явдал болно шүү дээ. Саявтар Хүннүгийн дурсгал “Гол мод-2”-оос илрэхэд л дэлхийд томоохонд тооцогдох нээлтээр шалгаруулсан гээд бодохоор хэрвээ Чингис хааны онгон олдвол юу болох нь тодорхой.