Нийслэлд баяр наадмын өмнө болон уржигдар орсон бороо олон барилга байшинг усанд автуулж, хот дундуур урсдаг голууд үерийн эрсдэлтэй түвшнээ даваад буй билээ. Энэ бүхэн голын голдирол дунд замбараагүй газар олгосноос шалтгаалсан гэж нийслэлчүүд үзээд байгаа. Тиймдээ ч Ерөнхий сайдын нэхэмжлэлийн дагуу прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, голын ай саваар олгосон газарт баригдсан барилгуудын зөвшөөрөл хууль ёсных уу гэдгийг АТГ-т шалгаж байгаа юм. Үер, газар олголт, барилга байгууламж барьсантай холбоотой асуудлаар усны барилгын зураг төслийн “Гидросооружение” ХХК-ийн захирал, зөвлөх инженер, профессор Г.Нансалмаатай ярилцлаа.
-Улаанбаатар хотод наадмын өмнөхөн, бас уржигдар орсон борооны улмаас үер бууж, олон барилга усанд автлаа. Мэргэжлийн хүний хувьд энэ нь замбараагүй газар олголт, хот төлөвлөлттэй холбоотой гэдэгтэй санал нийлэх үү?
-Маш их хохирол учруулсан аюултай үер боллоо. Азаар хүний амь эрсэдсэнгүй. Үер болоход ус өнгөрүүлэх суваг, хамгаалалтын далан, авто замын ус зайлуулах сүлжээ цогцоор ажиллаж байж хотыг хамгаалах ёстой.
Гэвч манай нийслэлийн ийм байгууламжууд шаардлага хангаж чадахгүйгээс үерт автагдаж байгаа юм. Хотод барьсан үерийн хамгаалалтын байгууламжуудын зарим нь урт хугацааны явцад элэгдэж эвдэрсэн. Мөн хотын суурьшил хэт нягтарсан, авто замын борооны усыг хүлээж авах сүлжээ хүрэлцээгүй зэргээс усархаг бороо хэдхэн минут ороход л үерт автдаг болоод байна. Үүний зэрэгцээ үерийн байгууламжийн төлөвлөлтийн трассыг үл харгалзан газар замбараагүй олгож, суурьшлыг хэт их нягтруулан барилгажуулснаас ус сувгаар, голоор багтаж урсаж чадахгүй болсон. Тиймээс жишээлэхэд Сэлбэ голын далан сэтэрсэн. Өөрөөр хэлбэл, үерийн байгууламжийн төлөвлөлтийн трасст газар замбараагүй олгосон нь эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж болох байх.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний нэг бүлэг нь хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний буюу үерийн хамгаалалтын төлөвлөлт байдаг. Хотын удаа дараагийн ерөнхий төлөвлөгөөнд үерийн, зам, талбайн борооны, хөрсний усыг зайлуулах төлөвлөлтүүд хийж, хэрэгжүүлэх үе шат бүрээр нь хөрөнгө оруулалтын хэмжээг ойролцоогоор тодорхойлдог боловч мөнгөгүй гэдгээ гол болгож төлөвлөлтийн дагуу барьж хэрэгжүүлэхэд учир дутагдалтай хандсаар ирсэн. Үерийн хамгаалалтын барилга байгууламж бол анхны хөрөнгө оруулалт ихтэй байдаг. Гэвч зураг төсөл, стандартын дагуу бат бэх, өнгө үзэмжтэй барьж ашиглахад 100-гаад жилийн эдэлгээг даахуйц байгууламж байх ёстой юм. Хот төлөвлөлтийн буруугаас болж нийслэл үерт автаагүй, харин төлөвлөлтийг дур мэдэн зөрчсөнөөс боллоо гэж би үздэг.
-Нийслэл дундуур урсдаг Сэлбэ, Дунд, урдуур нь эмжээрлэдэг Туул голын хамгаалалтын бүсэд газар олгож, олон орон сууц, үл хөдлөх хөрөнгө барьчихаад байгаа. Хотын ерөнхий төлөвлөгөө, төлөвлөлтөд голын эргийн хамгаалалтын бүсэд байшин, барилга барихаар тусгасан байдаг юм уу?
-Хотын төвөөр урсдаг Толгойт, Сэлбэ, Дунд, Улиастай, Туул зэрэг том, жижиг голуудын татам, хөндийг сүүлийн жилүүдэд маш их барилгажуулсан. Хотын ерөнхий төлөвлөгөөнүүдэд голуудын хөндийг суурьшлаас бүр мөсөн чөлөөлж, жижиг голуудад цөөрөм, усан толио байгуулж хүмүүсийн амрах орчин бүрдүүлэхээр төлөвлөсөн байдаг. Гэсэн ч төлөвлөлтийг хэрэгжүүлэх талаар юу ч хийлгүй өдий хүрлээ. Том, жижиг голуудын онцгой хамгаалалтын бүсэд барилга байшин барихыг хуулиар хориглодог ч эрх мэдэлтнүүд зөвшөөрөл олгосоор байгаа юм.
-Хотын үе үеийн дарга нар Улаанбаатарт ямар ч төлөвлөлт байхгүй гэж ярьдаг. Түүний улбаа нь энэ түгжрэл, замбараагүй газар олголт ч гэдэг. Үнэхээр төлөвлөлтгүй явж ирсэн юм уу?
-Телевизийн сувгуудаар С.Амарсайхан даргын ингэж ярихыг би олон удаа сонссон. Д.Сумъяабазар дарга болохоор хотыг буруу төлөвлөсөн, төлөвлөлтийн алдаанаас болсон ч гэж ярьж байсан. Иргэд ч ер нь тэгж ойлгодог болсноос голын татам, үерийн ус урсдаг жалга сайрыг хааж хашаа, барилга байшингаа барьж эхэлсэн байх аа.
Гэтэл Нийслэлийн хот, төлөвлөлт судалгааны институтэд Улаанбаатар хотыг 2020-2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байдаг юм. Энэ бол Улаанбаатар хотыг хөгжүүлэх зургаа дахь ерөнхий төлөвлөгөө гэж хэлж болно. Тэгэхээр дарга нар маань төлөвлөлт байхгүй гэж яриад байдаг нь тун хачирхалтай асуудал.
XXI зуунд улсын нийслэл нь ямар ч төлөвлөлтгүй хөгжиж болох уу. Газрыг баруун, солгойгүй замбараагүй олгож, төлөвлөлтийг нь гажуудуулчихаад төлөвлөлтийн буруу гэж хэлээд сууж байгаа нь ёстой бүдүүлэг алдаа. Хот төлөвлөлтийг ганц хүн хийдэг юм биш. Цахилгаан, холбоо, цэвэр, бохир ус, үерийн хамгаалалт, барилга архитектур гээд мэргэжлээрээ улсад олон жил ажилласан зөвлөх архитекторууд, эдийн засагчид, инженерүүдийн хамтарсан баг тооцоо судалгаа хийж, яамд болон иргэд, олон нийтийн санал зөвлөгөөг авах, тусгах байдлаар хотын ирээдүйг харсан төлөвлөлтийг боловсруулдаг. Тиймээс дарга нарын яриад байгаа тийм их алдаануудыг хийгээгүй гэж би хувьдаа боддог. Надтай санал нийлэх хүн олон байгаа биз ээ.
-Үерийн гамшгаас сэргийлэхийн тулд гуу, жалганы аманд буусан айлуудыг нүүхийг хотын удирдлага байнга шаарддаг. Тэгсэн атлаа голын голдирлын дагуу газар олгох зөвшөөрөл хотын удирдлага баталж, ам ажил нь зөрсөн ийм тохиолдол олон. Үүний тод жишээ нь Сэлбэ гол дагуух “S outlet” дэлгүүр, “Авлига хороолол” гэж нэрлээд байгаа усан парк байгуулах нэрээр орон сууц барьсныг хэлж болох байх. Эдгээр болон бусад барилгыг нураахгүйгээр цаашид үерийн аюулаас сэргийлэх боломж бий юү?
-Сэлбэ голын үерийн хамгаалалтын даланг 1966 оны үерийн дараа бараг гар аргаар шахам барьсан. Түүнээс хойш хэсэгчилсэн засвар хийх замаар сэргээж байсан юм. Уг далан цаг хугацааны явцад элэгдсэн учраас сэтэрч байгаа нь энэ. Тэснэ, тэснэ гэхэд хэчнээн ч тэсэх вэ дээ. 2009 онд Улаанбаатар хотод нэлээд хүчтэй үер бууж, бас ихээхэн хохирол учруулсан шүү дээ. Тухайн үед үерийн аюултай бүсэд 2888 айл өрх суурьшиж буйгаас 919 нь үерийн шууд аюултай бүсэд байна гэдгийг дүүрэг бүрээр гаргасан юм. Энэ тоо одоогоор лав хасагдаагүй, харин ч нэлээд нэмэгдсэн биз ээ. Гэтэл ямар ч арга хэмжээ авалгүй байсаар энэ жилийн үертэй золголоо. 1.6 сая хүн амтай манай хот үерээс үерийн хооронд амьдарч байна.
Сэлбэ голын эргээр зай завсаргүй барьсан олон барилгын зоорийн давхар нь усанд автагдан шавар хуримтлагдсан байгаа. Эдгээр байшинг цаашид ашиглаж болох, эсэхийг мэргэжлийн хүмүүс үнэлгээ хийж шийдвэрлэх байх. Ялангуяа “S оutlеt” дэлгүүрийг голруу хэт шахаж барьсан, мөн усан парк барих нэрээр зөвшөөрөл авч, урьдын зуршлаар орон сууцууд барьсан нь хууль дүрэмд нийцэхгүй шүү дээ. Цаашид үерийн аюултай болон шууд аюултай бүсэд байгаа байгууламжуудыг үер усны замаас зайлуулах шаардлагатай.
-2015 онд үерийн гамшиг тохиолдвол хэрхэх вэ гэсэн судалгааг таны оролцсон багийнхан хийж байсан юм билээ. Энэ судалгааны дүн хэрхэн гарсан бол?
-Үер бол байгалийн гамшигт үзэгдлийн нэг бөгөөд хотжилт суурьшлын нөлөөллөөс шалтгаалсан олон эрсдэлийг дагуулдаг юм. Улаанбаатар хотод 2009 онд хүчтэй үер болж, 1800 гаруй өрх айл усанд автан, 153 гэр урсаж, хувийн141 сууц, барилга, объектын зоорийн давхар ус, элс, шороо, шавраар дүүрэн, долоон хүн амь эрсэдсэн юм. Мөн 14 газарт авто зам, гүүр эвдэрч, цахилгаан түгээх дэд станц усанд автаж, богино холбоо үүссэнээс хэрэглэгчид олон хоног цахилгаангүй болсныг хүмүүс санаж буй байх. Үүний дараа 2015 онд Дэлхийн банкны шугамаар “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ, үерийн эрсдэлийн менежментийн стратеги” төслийг боловсруулсан.
Энэ төслөөр үерийн аюул эрсдэлийн зургийг голууд болон сайр, мөн үерийн сувгуудын хэмжээнд нөлөөллийг тооцон, усны халилтын бүсийг нарийвчлан тогтоож хэрэв 0.1 хувийн (1000 жилд тохиох үер) болон нэг хувийн (100 жилд тохиох) хангамжтай үер болоход хэчнээн хүн, хэдэн хашаа, байшин өртөж, ямар хэмжээний хохирол гарч болох, түүнээс хамгаалах байгууламжид хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай зэргийг тодорхойлсон. Гэвч хэрэгжүүлэх талаар оновчтой ажил хийгээгүй өдий хүрээд байна.
-Та сая 1966 оны үерийг дурдлаа. Тэр үер нийслэлчүүдэд ихээхэн гамшиг тарьсан байдаг. Өнгөрсөн өдрүүдэд нийслэлд болсон үер ч гамшиг учрууллаа. Ер нь үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх ёстой байдаг юм бол. Бас дараа нь үерт нэрвэгдсэн, хонгилын давхар нь усанд автсан барилгуудын чанарыг хэрхэн үнэлж, аюулгүй байдлыг нь хангадаг вэ?
-1966 оны үерийн дараа бодвол халдваргүйжүүлэлт нэлээд хийсэн байлгүй дээ. Харин 2009 оны үерийн дараа 56200 ширхэг ариутгалын бодис тарааж, үерт өртсөн гурван дүүргийн 194200 ам метр талбайд хуримтлагдаж тогтсон 4180 тн лаг шаврыг зөөж цэвэрлэн, бичиг баримтгүйболсониргэдийнхохирлыг барагдуулах, эвдэрсэнзам, гүүр, бусад байгууламжийг сэргээн засах зэрэгт маш их хэмжээний хөрөнгө зарцуулсан байдаг. Хонгилын давхар нь үерт автсан байшингуудыг хэрхэх талаар мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргана.
-Туул голын эрэг дагуу барьсан “Ривер гарден” зэрэг хотхоны хонгилын давхар байнга л усанд автсан дуулддаг. Тэнд уснаас хамгаалах, зайлуулах байгууламж хийж болдоггүй юм болов уу?
...Хотын удаа дараагийн ерөнхий төлөвлөгөөнд үерийн, зам, талбайн борооны, хөрсний усыг зайлуулах төлөвлөлтүүд хийж, хэрэгжүүлэх үе шат бүрээр нь хөрөнгө оруулалтын хэмжээг ойролцоогоор тодорхойлдог боловч мөнгөгүй гэдгээ гол болгож төлөвлөлтийн дагуу барьж хэрэгжүүлэхэд учир дутагдалтай хандсаар ирсэн...
-Өнгөрсөн хэдэн жилд усархаг борооноор хотын гудамж, зам, талбай болон барилга байшингийн зоорийн давхар усанд ихээр автагдаж байсан. Тэр үед л хүмүүс “Ривер гарден” хотхоны зоорийн давхрууд усаар дүүрдэг, өндөр хүчин чадалтай шахуургаар соруулаад дийлдэхгүй байна гэж ярьж байсныг сонссоноос биш, нүдээрээ хараагүй. Энэ хорооллыг 1966 оны үерийн дараа барьсан Туул голын үерийн хамгаалалтын далангийн дотор талд оруулж голын голдирлыг их нарийсгаж босгосон. Тиймээс одоо томоохон хэмжээний үер болоход тухайн хэсгээр үерийн ус багтаж урсана гэхэд хэцүү л байх. Хайрган хурдсанд голын болон хөрсний ус нэвчиж, байрны хонгил устай байх магадлалтай. Нэгэнт голын голдирлыг нь нарийсгаж, татамд барьсан тэр хэсгийг үерээс хамгаалах боломжгүй. Гадаадын өндөр хөгжилтэй улсууд голын эрэг, нуурын хөвөөгөөр барилга байшин их л барьсан байдаг. Хонгилын хэсэгтээ ус нэвтрүүлэхгүй тусгаарлагч тусгай зориулалтын материал хэрэглэж, бүхий л эрсдэлийг тооцон, буурь болон барилгаа маш бат бэх стандартаар барьдаг байх л даа.
-Улаанбаатар хот бараг жил бүр үерт автаж байгаа нь ямар шалтгаанаас үүдэлтэй юм бэ?
-Үер бол байгалийн гамшигт үзэгдлийн нэг. Хэдийд, хаана болох нь тодорхойгүй. Хот бол хэзээ ч, ямар ч үер болоход түүнийг хүлээж аваад урсгаж зайлуулах үерийн хамгаалалтын найдвартай байгууламжуудтай байх хэрэгтэй. Хотыг барилгажуулах ажлыг хийхдээ үерийн хамгаалалтыг орхигдуулан Хот байгуулалтын тухай хуулийн 21.1.2 дахь “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ инженерийн бэлтгэл арга хэмжээг хангасны үндсэн дээр барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж зохицуулах”, 23.1.4-ийн “Байгалийн болон гэнэтийн осолд өртөх магадлалтай бүсэд хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлах” гэсэн заалт болон Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсгийн “Усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд барилга байшин барихыг хориглох” зэрэг заалтыг ноцтой зөрчин үйл ажиллагаа явуулж байгаагаас үерт автагдаж байна. Тиймээс хот төлөвлөлтийг зөрчиж газар олгодгийг зогсоох шаардлагатай.
-Усны газрын даргаар ажиллаж байсан З.Батбаяр олон нийтийн сүлжээнд хур борооны усыг хуримтлуулах, Хэрлэн, Орхон голын голдирлыг өөрчилж говь руу урсгах талаар үзэл бодлоо бичдэг. Ийм боломж байх уу?
-Хэрлэн, Орхон голын урсцыг ашиглахын тулд тэр голуудад 2-3 усан сан барьж, үерийн усыг түүнд хуримтлуулж, трассын дагуух сум, суурин газруудыг усны эрчим хүчээр хангах, үерээс хамгаалах, хүн, малын ус хангамж болон усалгаатай тариалан эрхлэх зэрэг олон асуудлыг цогцоор шийдэх боломжтой. Харин газрын гадаргаар суваг татаж, голдирлыг нь өөрчлөнө гэж ойлгож болохгүй. Газар доогуур далд хоолойгоор усыг нь дамжуулж хэрэглэнэ гэж ойлгох нь зүйтэй. Гадаадын олон улсад ийм байдлаар усыг алсын зайд шилжүүлэн ашигладаг. Дээрх төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ хөрөнгө маш их шаардагдана гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Нийслэлийн өнөөгийн удирдлага “Сэлбэ сэргэлт” гэдэг төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийн үр дүнд голын усны урсац сайжрах уу. Голын эхний мод, бургасын огтолж барилга барьсан. Мөн голдирол дунд нь ч олон барилга барьж, айл өрх суурьшсан нь төслийн ажилд саад тотгор учруулах юм биш биз?
-“Сэлбэ сэргэлт” төслийг усны барилгын зураг төслийн мэргэжлийн инженерүүд хийж байгаа. Төслөөр голын эхнээс Туул голд цутгах хүртэл нийт уртынх нь хэмжээнд ус зүйн тооцоогоор үерийн зарцуулгыг нэг хувийн хангамшлаар тооцож голын далангийн хэмжээ хийцийг тогтооно. Голын хамгаалалтын бүсийн хэмжээнд орж буй барилга, хашаа, байшинг нүүлгэх шаардлага гарна. Голын хамгаалалтын бүсийн хэмжээнд ногоон орчныг бүрдүүлж, зарим газарт жижиг цөөрөм, усан толио хийх юм.
Голын татам хэсгийг ойжуулснаар голын нийт урсцын хэмжээ сайжирна. Иргэд, аж ахуйн нэгжүүд хашаа, байшингаа зөөхгүй, нүүхгүй гэж төслийн ажлыг гацааж болохгүй. Харин улс орныхоо хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулж ухамсартай хандах байх гэж бодож сууна. Үгүй бол бас л дараагийн үерээр хэд дахин их хохирол амсах болно. Голын хамгаалалтын бүсийг үл ойшоож хэмжээ хязгааргүй нягт суурьшил үүсгэн барилгажуулахын хор уршгийг одоо хүмүүс ойлгож энэ удаагийн үерээс их сургамж авсан байх.