Монголын математикийн олимпиадын хороо(ММОХ)-ны дарга Б.Батбаясгалантай ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн математикийн ангийг 1999 онд төгссөнөөс хойш сургуульдаа багшлахын зэрэгцээ дээрх хорооны даргын албыг 2019 оноос хашиж байгаа юм. Япон Улсад энэ сард зохион байгуулсан олон улсын матетатикийн 64 дүгээр олимпиадас манай сурагчид нэг алт, дөрвөн хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр 112 улсаас 30 дугаарт жагссан амжилт үзүүлсэн билээ. Ийнхүү Монголын математикч хүүхдүүд олон улсын олимпиадаас долоо дахь алтан медаль хүртсэн нь цөөнгүй хүн, тэр дундаа Б.Батбаясгалан багшийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой.
-Таны бэлтгэн оролцуулсан баг 30 дугаарт жагсан, зургаан сурагчаас нэг нь алт, дөрөв нь хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Энэ жилийн олимпиад ямар онцлогтой болов?
-Энэ жил бид өмнөх жилүүдээс илүү өргөн бүрдэлдэхүүнтэй оролцлоо. Хоёр багш, зургаан сурагч, мөн Боловсролын ерөнхий газраас хоёр төлөөлөгч явж, олимпиадын зохион байгуулалттай танилцсан. Япон руу явахаас өмнө бид Хятадад математикийн зуны зусланд 14 хоног хамрагдсан. Ийнхүү олимпиадын өмнө олон улсын сурагчидтай бэлтгэл хийсэн нь онцлог, үр дүнтэй байсан болов уу. Манай хорооныхон олон улсын олимпиадад эхний 30 байрт багтах зорилго тавьсан. Өмнө нь 40-50 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2019 оноос хойш 30-аас буугаагүй. Зорилгоо биелүүлээд явж байна. Эхний 30-д ерөнхийдөө өндөр хөгжилтэй орнууд багтдаг. Сүүлийн хэдэн жилд нэгдүгээрт Хятад, удаахад нь АНУ, БНСУ, ОХУ орсон бол Румын, Канад, Япон, Тайвань дээгүүрт эрэмбэлэгдэх болсон. Манайх шиг хөгжиж буй орон эдгээрийн дунд байхгүй. Тэгэхээр бид чамлалтгүй, сайн оролцогч гэсэн үг.
-Математикийн шинжлэх ухааны хөгжил манай улсад ямар түвшинд байна. Аль улс эл шинжлэх ухааныг өнгөлж, залуус, сурагчид нь олон улсад амжилт гаргаж байгаа вэ?
-Мэдээж урд хөршийг нэрлэх нь зүйтэй. Зуны сургалтад оролцсон багууд дунд олимпиад зохион байгуулахад Хятадын дөрвөн баг дөрвүүлээ эхний байруудад орох жишээний. Зуны сургалтыг 1.2 сая ам.доллар зарцуулж зохион байгуулсан нь хэр их ач холбогдол өгч буйн илэрхийлэл. Тиймээс ч БНХАУ-д хиймэл оюун ухаан, сансрын технологи болон бусад шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжин, тэргүүлэгч улс болж байна гэсэн үг. Манай улсын хувьд их сургууль байгуулагдсан үеэс тооцвол бид харьцангуй залуу орон. Гэсэн ч 1964 оноос олон улсын олимпиад зохион байгуулагдан, 10-аад орон оролцож эхлэхэд л манай сурагчид өрсөлдсөн, анхдагчдын нэг. Мөн улсынхаа 59 дүгээр олимпиадыг өнгөрсөн хавар зохион байгуулсан нь дэлхийд, дотооддоо 60 орчим жил хүүхдүүд маань математикаар өрсөлдөж, оюун ухаанаа сорьж байгаа хэрэг. Математикийн шинжлэх ухаан олон улсад өндөр хөгжсөн. Үүнд тухайн улсын хөгжил, шинжлэх ухааны ололт амжилт нөлөөтэй нь ажиглагддаг. Манайх өөрсдийн боломж бололцооны хэрээр хөгжүүлж байна.
-Олон улсын олимпиадын оролцогчдыг хэрхэн сонгон шалгаруулж, яаж бэлтгэдэг юм бэ?
-Улсын олимпиадаас шалгарсан сурагчдаас дахин хоёр удаа сорил авч, олимпиадын дүнтэй нь харьцуулан, зургаан хүүхэд шалгаруулан, олон улсынхад оролцуулдаг. Бэлтгэлийг ММОХ-ны гишүүд болох МУИС-ийн багш нар хийлгэдэг гэхэд болно. Ер нь жилд 20 орчим хүүхэд бэлтгэн, тэднээсээ шалгаруулдаг. Бэлтгэл өдөрт олон цагаар үргэлжилнэ. Хүүхдүүд хичээлээ тарж ирээд, орой болтол л бэлтгэл хийнэ дээ. Багадаа 5-6 цаг хичээллэдэг.
-Тоонд төрөлхийн авьяастай хүүхдүүд л олон улсын олимпиадад оролцох уу?
-Мэдээж тодорхой хэмжээнд авьяастай, өгөгдөлтэй сурагчид гүнзгийрүүлж суралцан, амжилт гаргадаг. Тийм хүүхдүүдийг олж нээх, улам сайн сургахад багшийн үүрэг хамгийн чухал. Шавийн эрдэм багшаас гэдэгчлэн сайн багш нар л сайн сурагчдыг бэлтгэж чадна. Хаана, хэн гэдэг сайн багш ажиллаж байна тэндээс л шилдэг сурагч төрдөг.
-Тэгвэл манайд математикийн багшийн хүрэлцээ хэр байна. Чадварлаг сайн багш хэр олон бол?
-Зөвхөн математик гэлтгүй бүх хичээлийн багш манайд дутагдалтай, хүний нөөц хангалтгүй байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх, чанартай багш бэлтгэхэд юу анхаарах талаар салбарын яам бодлого, төлөвлөлт гаргаж буй байх. Хамгийн наад зах нь л сайн багшийн ахуй хангамж, цалин хөлсийг сайжруулж, тогтвортой бүтээлтэй ажиллуулах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Багш муу бол сайн хүүхэд байгаад ч амжилтад хүрэхгүй.
-Олимпиадын хороо хаанаас санхүүжиж, ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Хороо бол олимпиад зохион байгуулах, тоонд дуртай, авьяастай хүүхдийг нээн илрүүлэх, гүнзгийрүүлэн сургахад төвлөрч ажилладаг. Мөн олимпиадын бодлого зохион, сурагчдаа аль болох шинэлэг мэдлэгээр ханган, энд, тэнд бодогдоогүй бодлогыг бодуулах, сайжруулах зорилготой. БШУЯ-наас дотоодын болон олон улсын олимпиадад оролцох хүүхдүүдийн зардлыг шийддэг. Мөн олон улсынхаас медаль хүртсэн сурагчдад мөнгөн урамшуулал олгодог. Бусдаар бол хорооны үйл ажиллагаанд математикт дуртай хувийн хэвшлийнхэн л хамгийн чухал нөлөө үзүүлдэг юм. Манай ивээн тэтгэгч “Монлимет”, “Космо” зэрэг компанийг нэрлэх нь зүйтэй. ММОХ өөрийн гэсэн байргүй, бодлого зохиох болон бусад ажлыг хийдэг багш нар маань тусгай цалингүй л байна. Ерөнхийдөө МУИС-ийн багш нар бид л ажлынхаа голыг нугалж ирсэн. Хэрэв санхүүжилт сайтай, өөрийн байртай бол амжилт гаргах боломж өсөх байх.
-Олон улсын олимпиадаас медаль авсан хүүхдүүдийг дэлхийн нэр хүнд бүхий томоохон сургуулиуд урин, тэтгэлэгтэй суралцуулдаг. Манайхаас ч хүүхдүүд өдгөө сурч буй. Тэд мэргэжил эзэмшээд нутагтаа эргэн ирэх хандлага байна уу. Оюуны өндөр чадамжтай иргэдээ бид гадаадад алдах нь элбэг болжээ.
-Олон улсын олимпиадад амжилттай оролцогчдыг гадаадын нэр хүнд бүхий их сургуулиуд тэтгэлэгтэй суралцуулж байна. Манайхаас олон улсын олимпиадаас медаль хүртсэн дөрвөн хүүхэд 99-100 хувийн тэтгэлэгтэй суралцдаг. Нэг хүүхдэд 300 000 орчим ам.долларын тэтгэлэг хүртсэн гэвэл 1.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Хүүхдүүд Монголд буцан ирэх, эсэх нь сонин биш. Бид хүн төрөлхтний сайн сайхан, олон улсын хөгжлийн төлөө ажиллах дэлхийн хүмүүсийг бэлтгэж буй нь л бахархал. Цаашид дэлхийн өнцөг булан бүрт, томоохон их сургууль, судалгааны байгууллагад монгол залуус ажиллана гэсэн үг. Тэдний дэмжлэг тусламж, мэдлэг боловсролын үр шимийг бид хэзээд хүртэж болно шүү дээ.
-Эцэг, эхчүүд хүүхдүүдээ математикийн хичээлд л сайн болгох сонирхолтой. Тиймээс ч янз бүрийн байдлаар бэлдүүлж, хувийн багш хөлсөлж, сайн сургуульд суралцуулахыг эрмэлздэг. Гэсэн ч ЭЕШ-ын дүнгээс харахад тооны хичээлээр хамгийн олон хүүхэд хангалтгүй дүн үзүүлсээр байна.
-Математик бол шинжлэх ухааны хаан гэгддэг. Тиймээс тоондоо сайн суралцвал сэтгэн бодох, хөрвөх чадвар сайжрах боломжтой. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид стандартын түвшинд тооны хичээлээ ойлгоод, боломжийн дүн аваад явж болно. Өөрсдөө хичээвэл сурагчдын 70 хувь нь стандартын түвшинд математикийн хичээлээ ойлгон, хоцрогдохгүй байх боломжтой гэсэн дүн ч бий. Мөн заах арга багшийн ур чадвараас шалтгаална. Тоо бол хэцүү хичээл биш. Харин математикийн олон улсын болон улсын олимпиадад оролцоно, амжилт гаргана гэдэг өөр. Өндөр түвшний асуудал л даа.
-ММОХ-ны цаашдын төлөвлөгөөнөөс хуваалцана уу?
-Бид олон улсын олимпиадыг Монголд зохион байгуулах зорилготой. Анх оролцож эхэлсэн 10 улсын нэг гэдэг утгаараа ч танайх зохион байгуулах хэрэгтэй гэсэн хандлага ажиглагдах болсон. Ер нь хөгжингүй орнууд нь 20 жил тутам нэг удаа зохион байгуулж иржээ. Монголд2027 онд зохион байгуулах боломжтой гэж бид тооцсон ч 2026 онд урд хөршид болох учраас татгалзах магадлалтай. Харин 2029, 2030 онд зохион байгуулж болохоор санагдсан. Тиймээс ч энэ удаагийн олимпиадаас Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнүүд туршлага судалж, зохион байгуулалтыг нь судалж, бид нутагтаа зохион байгуулах боломжтой гэсэн эхний дүгнэлтэд хүрлээ. 2029-2030 он хүртэл бэлтгэх, багш, сурагчдын ур чадварыг сайжруулах хугацаа ч бас байна.
Олон улсын математикийн 64 дүгээр олимпиадаас алтан медаль хүртсэн, “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энэрэлттэй ярилцлаа.
-Математикаар хэзээнээс дагнан хичээллэв. Олон улсын болон дотоодын олимпиадад ямар амжилт үзүүлж байв?
-Нэгдүгээр ангиасаа л “Сант” сургуульд элсэн, Гантуяа багшаараа тоо заалгасан. Тэр үеэс хойш 11 жил тоогоор дагнан хичээллэсэн гэж болно. Бага, дунд ангидаа гэрийн багштай байгаагүй, аав, ээж, эгчээрээ мэдэхгүй зүйлсээ заалган, мөн сургуулийнхаа багш нартай л хичээллэж байсан. Олон улсын олимпиадад бэлтгэж эхэлснээс хойш Монголын математикийн олимпиадын хорооныхон буюу МУИС-ын багш нартайгаа гүнзгийрүүлж хичээллэх болсон. Мөн манай аав Ц.Дэлгэрдалай, ээж Б.Энхзул хувиараа хүүхдүүдэд хичээл заадаг. Эгч Д.Итгэл олон улсын физикийн олимпиадаас хүрэл медаль хүртэж байсан. Эгч маань Массачусестийн технологийн их сургуулийг төгсөн, одоо мастерт суралцдаг. Би улсын олимпиадад хоёр удаа түрүүлж, олон улсынхад дөрвөн удаа оролцсоноос хоёр хүрэл, нэг алтан медаль хүртсэн нь гэр бүл, багш нарын маань тус дэм чухал нөлөөлсөн хэрэг.
-Тоо сайн бодоход авьяас чухал уу, хичээл зүтгэл чухал уу. Чи өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?
-Хүүхдүүд өөрсдөө дурлаж, хичээллэвэл тооны хичээл сонирхолтой шүү дээ. Авьяас гэхээс илүү хичээл зүтгэл, сонирхол л хамгийн чухал. Манайх гэр бүлээрээ л тоо, физикт дуртай, хүүхдүүдээ дэмждэг айл учраас математикаар хичээллэх боломж бүрдүүлж өгсөн гэж боддог. Янз бүрийн цагаар л давтлага хийнэ. Цар тахлын үед өдөрт бараг 10 цаг тоо боддог байлаа. Одоо бол өдөр бүр 4-5 цаг сууж хичээллэдэг.
-Тоо бодохын сайхан нь юу вэ. Ямар үед сэтгэл хангалуун болж, өөртөө итгэх, баярлах мэдрэмж төрдөг бол?
-Олимпиадад оролцоод бүх бодлогоо бодоод дуусах мөч хамгийн гоё. Түүнчлэн бодож чадахгүй, удаан нухсан бодлогынхоо ард гарах бас л сайхан. Тоо чинь миний бодлоор спорт, бас урлаг. Байнгын хичээл зүтгэлээс гадна урлагийн бүтээл шиг гэх үү, гоё бодлого, гоё бодолт гэж байдаг юм.
-Энэ жилийн олимпиадад хэдэн бодлогыг ямар хугацаанд бодох ёстой байв?
-Олимпиадад нийт зургаан бодлого ирсэн. Хоёр өдөрт, гурван бодлогоо дөрвөн цаг 30 минутад бодох ёстой байсан. Үүнээс би нэг бодлого бодож чадаагүй. Оролцогчид бодлогоо Англиас гадна багш нараараа өөрийн улсын хэлээр орчуулуулж болдог.
-Сургуулиа төгсөөд ямар мэргэжлээр, хаана суралцах төлөвлөгөөтэй вэ. Олон улсын олимпиадын алтан медальт сурагч учраас дэлхийн нэр хүнд бүхий сургуульд тэтгэлгээр сурах боломж бий байх.
-Одоогоор их сургуулийн урилга аваагүй. Ирэх жил ч олон улсын олимпиадад оролцох боломжтой учраас тэр үед нь шийдэх байх. АНУ-ын нэр хүнд бүхий их сургуульд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр сурах сонирхол, төлөвлөгөөтэй.
-Гадаадад суралцаж төгсөөд хаана ажиллах бол. Эх орондоо ирж ажиллах бодол бий юү?
-Сайн хэлж мэдэхгүй байна.
-Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад оролцохоор бэлтгэж буй гэсэн. Бэлтгэл хэр хангав. Олимпиад хэзээ, хаана болох билээ?
-Ирэх есдүгээр сард Унгарт болно. Одоогоор би бэлтгэлдээ гараагүй байна. Манай улсаас дөрвөн сурагч оролцох бөгөөд удахгүй тэдэнтэй бэлтгэлээ хийж эхэлнэ.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Математикаас өөр дуртай хичээл, спорт бий юү?
-Мэдээлэл зүйн хичээлд дуртай, сонирхолтой санагддаг. Чөлөөт цагаа сагс л тоглож өнгөрүүлдэг дээ.
-Тооны хичээлд сонирхолтой, олон улсад амжилт гаргах сан гэсэн бодолтой хүүхдүүд цөөнгүй. Тэдэнд хандаж юу хэлэх бол?
-Математикаар хичээллэн тийм сургуульд, ийм мэргэжлээр суралцана хэмээн төлөвлөсөн, бодсон, мөн өөртөө итгэлтэй байгаа бол хичээ. Хичээхэд бүтэхгүй зүйл гэж үгүй. Мөн би гэр бүлийнхэндээ, багш нартаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Тэднийхээ тус дэмээр л тоо бодох арга, чадварт суралцсаар явна.