Нарны аймаг дахь гаргууд, тэр дундаа дэлхийн гарваль үүслийн талаарх түүхийг өнөөг хүртэл үнэн гэж мэргэжлийнхэн, эрдэмтэн, судлаачид хүлээн зөвшөөрч ирсэн. Гэхдээ мэдээж туйлын үнэн болон худал гэж үгүйтэй адил энэ түүхийг бат нот гэдэггүй, үүнээс өөр зүйлд анхаарал хандуулдаг эрдэмтэн цөөнгүй. Тэд цэнхэр гараг хэрхэн төрсөн талаар өдгөө ч маргасаар. Түүнчлэн шинжлэх ухааны хурдацтай хөгжил, техник, технологийн үсрэнгүй дэвшлүүдийн үр дүн болох янз бүрийн нээлт, шинэ од, гараг, эрхэс илрүүлсэн зэрэг баримт, нотолгоо, тооцоолол зарим онол, хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд хүргэж буй. Энэ сэдвийн хүрээнд өдгөө олон улсын одон орон, сансар судлалын салбарынхан туйлын “хөдөлгөөнтэй” байгаа нь өнгөрсөн онд хийсэн нэгэн нээлттэй холбоотой. Тодруулбал, орчлон ертөнцийн үүслийн түүх эргэлзээтэй гэж үзэхэд хүрч байна.
Өнгөрсөн оны долдугаар сарын 12-нд НАСА асар хүчтэй нэгэн дуранг сансарт ажиллуулж эхэлсэн юм. Тэр нь 1960-аад онд НАСА-гийн тэргүүн асан Жэймс Уэббийн нэрэмжит дуран буюу JWST (“Жэймс Уэбб” сансрын дуран). Үүнийг Америкийн мэргэжилтнүүд 20 гаруй жилийн турш бүтээн байгуулсан бөгөөд өнөөгийн хувьд дэлхийн хэмжээнд сансрын ажиглалтын хамгийн хүчирхэг техникт тооцогддог. 6.5 метр голч бүхий тольтой, нийт 6.2 тонн жинтэй “Жэймс Уэбб” өртгийн хувьд ч 10 тэрбум доллар давсан нь энэ салбарын түүхэн дэх бас нэг дээд амжилт аж. Уг аппаратыг L2 тойрог замд (дэлхийгээс 1.5 сая километрийн зайд орших хоёр дахь Лагранжийн цэг) хөөргөж, байрлуулсан нь шинжлэх ухаан, технологийн түүхэнд онцгойлон тэмдэглэх том ололт болсон. JWST нь огторгуй болон сансрын уудмыг хэт улаан туяагаар тольддог. Ингэснээр их тэсрэлтийн дараах 380 мянгаас 550 сая жил хүртэлх харанхуй эрин үеийг “харах” боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл, хэдэн зуун сая жилийн тэртээх “цаг хугацаа”-г харж, дэлхийн үүслийн талаарх мэдээлэл цуглуулан, дүн шинжилгээ хийх боломж юм. Эрдэмтэн, шинжээчид энэ талаар “Хамгийн эртний, алслагдсан галактик (хоорондоо харилцан физик нөлөө үзүүлдэг одод, оддын бөөгнөрөл, од хоорондын орчин, тоосонцор, харанхуй материас бүрдэх систем)-ууд зөвхөн хэт улаан туяаны цацрагаар л бидэнд “баригддаг” бөгөөд эл дурангийн авсан зургууд маш тод байдаг нь гайхалтай. Гэхдээ эдгээрийг зүгээр зураг гэж ойлгож болохгүй. JWST-ийн өгөгдөл нь одоогийн сансар судлалын загвараас илүү олон, эртний галактикийг харуулж аль хэдийн шуугиан тарьсан. Энэ нь их тэсрэлтийн онолыг өөрчлөхөд хүргэж болзошгүй” гэж тэмдэглэжээ.
Орчлон ертөнцийн түүхийг шинэчлэх хэмжээний эл том нээлтийн талаар тухайн үед дэлхийн хэвлэлүүдээр онцолж байлаа. Өнгөрсөн оны долдугаар сарын 13-нд эл төхөөрөмж огторгуйн уудмын таван өөр хэсгийг дурандаа буулгасан нь гайхамшиг болсон талаар НАСА мэдээлсэн. Үүний хүрээнд нарны аймгаас гадна орших “WASP-96b” (Германы Килийн их сургуулийн Коэл Хеллиер тэргүүтэй судлаачдын багийнхан олон төрлийн робот дуран ашиглан 2013 онд Сүүн замаас нээсэн) хийн гаргийн агаар мандлаас усны уурын шинж тэмдэг бүхий өгөгдлийг дэлхийд дамжуулсан аж. Энэ нь нартай төстэй, “WASP-96” хэмээх одыг тойрон эргэдэг асар том гараг бөгөөд дэлхийгээс 1000 гаруй гэрлийн жилийн зайд орших гаргийг сансрын дурангаар тандсан анхны тохиолдол гэдгээрээ бас их онцлог. Ингэхдээ манай нарны аймгаас гадна орших гаргаас ус илрүүлсэн. Гэхдээ энэ нь анхны тохиолдол биш бөгөөд “Хаббл” сансрын дуран сүүлийн 20 жилийн хугацаанд нарны аймгаас гадуурх олон гаргийн агаар мандалд дүн шинжилгээ хийж, анх 2013 онд тав дээр нь ус байгааг илрүүлсэн түүхтэй. Харин “Жэймс Уэбб” дурангийн тусламжтайгаар “WASP-96b”-гийн агаар мандалд үүл, манан байгааг мэджээ. Энэ мэтээр гайхамшигтай мэдээллүүдийг дэлгэсээр буй JWST дурандаа дэлхийгээс 2000 орчим гэрлийн жилийн зайд орших Vela буюу Тэнгэрийн сүм одны ордонд хамаарах “NGC 3132” гаргийн мананцрыг асар нарийвчлалтай буулгасан. Сонирхуулахад, их тэсрэлтийн дараа үүссэн хамгийн эртний галактикуудыг илрүүлэн, судлах, мөн амьдрал байх боломжит гараг хайх зорилгоор хэрэгжүүлсэн НАСА болон Европ, Канадын сансрын агентлагуудын хамтарсан төслийн хүрээнд “Жэймс Уэбб”-ийг 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Францын “Куру” сансрын буудлаас “Ariane 5” зөөгч пуужингаар хөөргөж, 2022 оны долдугаар сарын дунд үеэс ажиллагаанд оруулсан юм. Эл дуран-төхөөрөмж нь дэлхийтэй нэг шугамаар нарыг тойрон зогсолтгүй хөдөлж, 30 сая км замыг минут хагасын хугацаанд туулах чадвартай.
Ташрамд өгүүлэхэд, их тэсрэлт гэдэг нь одон орон судлал дахь орчлон ертөнцийн загвар бөгөөд одоогоор од, гаргуудын үүслийн талаарх, хамгийн өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн онол. “Википедиа”-д тэмдэглэснээр, 1929 онд Америкийн эрдэмтэн Эдвин Хаббл огторгуйн биетүүд хоорондын зай нь солонгон задрал дахь улайсалттай нь холбоотойг нээсний дараа ертөнц тэлж байгааг илрүүлсэн. Үүнээс үүдэн ертөнцийг урьд цагт илүү жижиг, нягт ихтэй, халуун байсан гэсэн таамаглал дэвшүүлсэн бөгөөд уг үзлийг батлахаар хэт нягтаршил болон өндөр температур зэргийг судлах болжээ. 1964 онд нээсэн сансрын богино долгион нь огторгуйг асар халуун төлөвөөс одоог хүртэл хөрснийг баталдаг. Сансрын богино долгионыг нээснээр их тэсрэлтийг бүрэн хэмжээгээр биш ч гэсэн ерөнхий хэлбэрээрээ ертөнцийн үүслийг тодорхойлж чадах загвар гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Их тэсрэлт нь 13.8 тэрбум жилийн өмнө болсон гэж тогтоосон бөгөөд энэ тооцоолол ойрын болон алс ирээдүйд өөрчлөгдөх магадлал өндөр ехник, технологийн энэ мэт дэвшил харуулсаар буй.
Сансар, огторгуйн түүх ийнхүү баяжиж буй энэ цаг үед бас нэгэн шинэ нээлтийн талаар “Na¬ture” сэтгүүл мэдээлжээ. Английн Шеффилдийн их сургуулийн одон орон судлаачид нарны аймгийн хязгаар захаас, тодруулбал, Далай вангийн тойрог замаас цааш орших Куйперийн бүсээс одой гараг илрүүлэн Куаоар хэмээн нэрлэн, судалж буй. 2002 онд нээсэн сансрын уг биет нь Дэлхийн ван буюу Плутон гаргийн хагастай тэнцэх гэнэ. Тодруулбал, 555 км радиустай. Түүний дагуул Вейвотын радиус нь 80 км. Тэгвэл ийм хэмжээтэй одой гараг бүслүүртэй болохыг одон орон судлаачид илрүүлэн баталснаа зарлажээ. Энэ бол сансар судлалын шинжлэх ухаанд том нээлт болов. Эл одой гаргийн эргэн тойронд нягт, нэг төрлийн бус цагариг байгаа аж. Өнөөг хүртэл Санчир зэрэг аварга гараг л бүслүүрийн системтэй гэж үзсээр иржээ. Куаоарын хувьд цагариг нь гаргаасаа харьцангуй хол байрладаг нь маш ер бусын юм байна. Цагаригийн систем нь гаргаасаа хамаагүй хол оршдогийг тайлбарлахад өнөөгийн онолуудтай зөрчилдөх гэнэ. Түүний эргэн тойрон дахь цагаригийн систем нь бие биеэсээ долоогоос олон гаргийн радиусын зайд байрладаг. Энэ нь Рошийн хязгаар хэмээн нэрлэдэг хамгийн дээд радиусаас хоёр дахин их юм. Харьцуулбал, Санчир гаргийн гол цагаригууд гурван гаргийн радиус дотор оршдог байна. Тиймээс энэхүү нээлт нь цагариг үүсэх онолыг эргэн харахад хүргэж буй талаар мэдээлжээ. Судалгааг ахалж буй профессор Вик Диллон “Нарны аймгийн цагаригийн шинэ системийг илрүүлэх нь гэнэтийн зүйл байсан. Ялангуяа хязгаараас ийм зүйл олох нь ер бусын хэрэг. Энэ нээлт гаргуудыг тойрсон цагаригууд хэрхэн үүсдэгийг илүү сайн ойлгоход тусална” гэжээ. Канарын арлуудад байршуулсан, дэлхийн хамгийн том “Gran telescopio Canarias”-д суурилуулсан өндөр хурдны дуран ашиглан уг нээлтийг хийжээ. Далай вангийн хажуугаар нарыг тойрон эргэдэг Куаоарын цагаригууд хэтэрхий жижиг, маш бүдэг учраас зураг дээр ажиглагдахгүй байсаар ирсэн гэж үзэж байна. Нарны аймагт цагариг систем харьцангуй ховор. Санчир, Бархасбадь, Тэнгэрийн ван, Далай ван гараг цагаригтай. Харин хэт одой гараг цагариган системтэйг илрүүлсэн анхны тохиолдол энэ аж.
Ташрамд сонирхуулахад, Куйпер бүс гэдэг нь тоомгүй олон жижиг селестиел биет бүхий орон зай. Эл орон зайгаас олдсон тэнгэрийн биетүүдийн хамгийн алдартай нь одой гараг Дэлхийн ван. Сансар, огторгуйн хил хязгаар болсон Куйпер бүсийг өнөөг хүртэл хангалттай судалж чадаагүй байна. Эл бүсийг судлах нь маш чухал.
Бэлтгэсэн Э.Хана