Озоны давхаргыг хамгаалах гэсэн хүн төрөлхтний хүчин чармайлт үр дүнд хүрч, 2060 он гэхэд энэ давхарга сэргэнэ гэж НҮБ мэдэгдэв. Тус байгууллагын Байгаль орчныг хамгаалах хөтөлбөрөөс манай гаргийг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг хийн нимгэн давхарга болох озоны төлөв байдлын тухай шинэ тайлан нийтэлжээ. “Одоогийн бодлогоор озоны давхарга 2066 он гэхэд Антарктидын дээгүүр, 2045 он гэхэд Умард туйлд, 2040 он гэхэд дэлхийн бусад бүс нутагт 1980 оноос өмнөх түвшинд (озоны цоорхой үүсэхээс өмнө) хүрч сэргэнэ” гэж уг баримт бичигт дурджээ. Озоны давхаргыг сэргээснээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах боломжтойг НҮБ-ын шинжээчид тэмдэглэж байна. Озоны давхарга нимгэрэх нь дулаарлыг тодорхойлох хүчин зүйл биш ч түүнийг “идэж” буй хлор, фтор, нүүрстөрөгчийн нэгдэл нь ихэвчлэн хүлэмжийн хийтэй хамт ялгардаг.
Озоны давхарга 1970-аад оноос нимгэрч эхэлсэн бөгөөд асар том нүх үүссэнийг 1985 онд эрдэмтэд илрүүлжээ. Үүнээс хоёр жилийн дараа Монреалын протоколд гарын үсэг зурсан 46 улс озоны давхаргад хортой химийн бодисын ялгарлыг бууруулах амлалт өгсөн юм. Хожим нь энэ баримт бичгийг түүхэнд анх удаа НҮБ-ын бүх гишүүн баталсан билээ. Өдгөө озоны давхаргад хор хөнөөл учруулдаг бодисын 99 хувийг ашиглахаа больжээ. Антарктид дээр үүссэн озоны цоорхой 2000 он хүртэл эрчимтэй өргөссөнийг олон улсын хамтын ажиллагааны үр дүнд тогтоонбарьсан аж.