БНХАУ сансар судлалд бас нэгэн чухал алхам хийж, гурав дахь буюу эцсийн “Мэнтянь” (“Тэнгэрийн мөрөөдөл”) лабораторийн төхөөрөмжийг тойрог замын “Тяньгун” (Тэнгэрийн ордон) станцтай амжилттай холбон, Т хэлбэрийн байгууламж үүсгэв. Ингэснээр тус станцад ажиллаж байгаа сансрын гурван нисэгч ойрын 10 жилд олон мянган туршилт хийх гэнэ. АНУ, ОХУ-ыг гүйцэхийн тулд тус улс сансрын хөтөлбөртөө их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байгаа бөгөөд Ангараг гарагт өөрөө явагч хэдийн буулгаж, сар луу хэд хэдэн аппарат илгээжээ. Үүний эхлэлийг удирдагч Мао Зэдун тавьж, 1957 онд ЗСБНХУ дэлхийн анхны хиймэл дагуулыг сансарт илгээсний дараахан “Бид ч бас хиймэл дагуул бүтээнэ” гэж амласан аж. Уг амлалтыг 1970 онд Хятад улс анхны хиймэл дагуулаа хөөргөснөөр биелүүлсэн бол нисэгчээ 2003 онд илгээжээ. Түүнээс хойш долоон удаа нисэгчтэй нислэг үйлдээд байна.
БНХАУ-ын сансрын мөрөөдөл тус улсын удирдагч Си Зиньпиний үед эрчимтэй хөгжиж, тойрог замд станц барихаас гадна 2029 он гэхэд сар луу хүн нисгэх төлөвлөгөөг зарлаж, тэнд байнгын суурьших зорилго тавьжээ. “Тяньгун” станцыг энэ оны эцэс гэхэд бүрэн угсарч дуусна. Энэ нь 465 тонн жинтэй Олон улсын сансрын станцаас долоо дахин хөнгөн аж. “Мэнтянь” 20 орчим тонн, бараг 18 метр урт бөгөөд жижиг ачаа даах робот гараар тоноглогдсон, бичил таталцлын шинжлэх ухаан, гидрофизикийн судалгаа явуулна. “Мэнтянь”-ий араас энэ сард нисэгчгүй ачааны хөлөг, ирэх сард нэмж гурван нисэгч тойрог замд хүргэгдэж, угсрах ажлыг дуусгах гэнэ. Ингэснээр Хятадын сансрын станц дэлхийн нам тойрог замд 400-450 километрийн өндөрт 10 жил байнгын оршин суугчидтай байх аж.